“Би багадаа “Аавын ажил хамгийн чухал” гэдэг хүмүүжлээр өссөн. Миний аав нэг ч удаа ажлаасаа хоцорч, ажлаа тасалж байгаагүй, архи, тамхи хэрэглэдэггүй хүн” гэж бахархан өгүүлсэн бүсгүй бол Замын мэргэжлийн аварга” П.Чинтуяа юм.
Тэрбээр, УБТЗ-ын БОС-ны албанд ашиглалтын инженерээр ажилладаг. Харин түүний аав Ч.Пүрэвдорж Замын IV ангид жолооч, ээж Б.Төмөрдолгор нь Дохиолол холбооны III ангид залгагчаар ажиллаж байжээ. Үүнээс гадна түүний хоёр талын өвөө, эмээ, мөн гурван дүүгийнх нь хоёр нь төмөр замчин гээд яривал энэ айлынхан гурван үе дамжсан төмөр замчид ажээ.
Бүсгүй цааш нь ярихдаа “Миний аав хүүхдүүд рүүгээ муухай харж, чанга дуугарч үзээгүй. Биднийг хайранд бөмбөрүүлж өсгөсөн дөө. Бид ажил хэрэгч, хариуцлагатай байхыг аав, ээжээсээ үлгэрлэж өссөн. Манай гэрийнхэн бүгд л бүхнээс түрүүнд ажил, ажил... гэдэг улс /инээв/. Ер нь, гэр бүлийн орчин гэдэг хүний ажил хөдөлмөр эрхлэх гол нөхцөлийг бүрдүүлдэг гэж боддог. Ар гэр нь найдвартай, амгалан тайван бол хүн ардаа санаа зовохгүй ажлаа сайн хийнэ шүү дээ” хэмээсэн юм.
Б.Чинтуяа ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр 2008 онд төгсөж, дараа жил нь Сайншанд дахь БОС-ны III ангид их засварын мастераар ажлын гараагаа эхэлжээ. Улмаар их засварын инженерээр ажиллаж байгаад 2012 оноос БОС-ны албанд их засварын инженерээр дэвшин иржээ. Тухайн үед БОС-ны албаны дарга А.В.Десятов говийн өртөө зөрлөгүүдэд, их барилгын ажил хариуцан “хөдөө хөхөрч, гадаа гандах”-ыг үл хайхран чин сэтгэлээсээ хичээн ажиллах залуу инженерт итгэл хүлээлгэн албанд ажиллах санал тавьсан нь тэр.
П.Чинтуяаг дунд сургуулиа төгсөхөд хөдөлмөрийн зах зээлд барилгын инженер их эрэлттэй мэргэжил гэгдэж байсан учраас энэ мэргэжлийг тэр эргэлзэлгүй сонгожээ. Харин их сургуулиа төгссөн жил нь дэлхийн эдийн засгийн хямрал гэгч “нөмөрч” хаа сайгүй хүнд байсан цаг үе. Гэхдээ тэр хямрал удаан үргэлжилсэнгүй. Түүнийг 2009 онд БОС-ны III ангиас ажлын гараагаа эхлэхэд эдийн засгийн хямралын дараах сэргэлт эхэлж, залуухан инженер бүсгүйн сурсан мэдсэнийг сорих их ажил угтжээ. Инженерийн диплом өвөртөлсөн турьхан бүсгүйг БОС-ны III ангийн дарга Ганболд их засварын мастераар томилжээ. Түүнд хариуцуулсан хамгийн анхны том ажил Чойр дахь Машинч нарын амрах байрны их засвар байв. Хуучин барилгын төлөвлөлтийг бүрэн өөрчилж, дотор ханануудыг нурааж, шинээр барих, дотор, гаднах бүхий л засварыг иж бүрнээр нь хийх ажил даалгасан нь “анхны шалгалт” байсан гэхэд болно. Бүсгүйн удирдлагад ажиллах хамт олны дийлэнх нь нас тогтсон ах эгч нар байв.
П.Чинтуяа “Их засварын мастер гэдэг барилгын талбайгаас холдох эрхгүй ажил. Манай барилгачдын дийлэнх нь надаас насаар хамаагүй ах, эгч хүмүүс. Гэхдээ маш чадварлаг, сайн хамт олон байсан. Тэр гайхалтай хамт олныхоо хүчээр олон том ажлын ард амжилттай гарсан нь намайг мэргэжилдээ ахьж дэвшихэд их нөлөөлсөн гэж боддог. Нөгөө талаар, манай ангийн Ганболд дарга маш ажил хэрэгч, гайхалтай удирдагч байсан. Тэр хүнээс их зүйлийг сурч мэдэж авсан. 2010 онд бид Замын-Үүдэд анхны ипотекийн 66 айлын орон сууцыг барьж байлаа. Байнга л томилолтоор шугам замаар явж ажиллана. Тухайн үед ганц бие байсан тулдаа л болж байсан даа. Харин манай барилгачид үр хүүхэд, ар гэрээ орхиод л хэдэн сараар шугам замд ажилладаг байсан. Тэр ах эгч нарынхаа дэргэд би шантарч болохгүй шүү дээ. Төмөр замын барилгачдын ажлын онцлог нь тэр л дээ. Би бүр бүтэн жил гэртээ харих завгүй томилолтоор ажиллаж билээ. Хэрэндээ хичээж ажилладгийг минь үнэлсэн юм болов уу, А.В.Десятов дарга надад албанд ажиллах санал тавьснаар би энд ирсэн. 2012 он манай албаны хувьд их бүтээн байгуулалтын жил байсан. Барилгын гурван анги маань тус бүрдээ 24 айлын хоёр сууц барьж, нэг жилд зургаан орон сууц ашиглалтад өгсөн барилгачдаараа тэгэхэд маш их бахархаж байсан.
Орон сууц ашиглалтад өгөх маш гоё. Шинэ байранд орох гээд төмөр замчид маань тавилгаа эртнээс бэлтгэчихсэн байдаг. Тууз хайчилж, түлхүүр гардуулангуут л төмөр замчид маань, хүүхэд, хөгшид нь гээд том багагүй нүүр дүүрэн мишээл тодруулан юмаа зөөж байгааг харах үнэхээр гоё. Тэр бол барилгачдын маань хувьд хамгийн сайхан мэдрэмж байх. Бид өөрсдөө шинэ байранд орсон юм шиг л догдолцгоодог. Хүний амьдрах орон байр дулаан, тохитой байх маш чухал. Миний мөрөөдөл бол төмөр замчдаа бүгдийг нь тохитой, дулаахан байранд амьдруулах. Өнгөрсөн жилүүдэд надад очиж үзээгүй өртөө зөрлөг, орж үзээгүй барилга байшин бараг үлдээгүй дээ.
Манай алба гол зам дагуух барилга байшингаа хариуцдаг. Үндсэндээ зургаан аймаг, хоёр хот, 20 сумыг хамарсан газар нутагт үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийт 116 өртөө зөрлөг дэх 753 байшин барилгыг хариуцдаг гэсэн үг. Үүнээс 496 сууцны барилгад 1651 өрх амьдарч байгаа. Энэ 496 байшингийн 283 нь ердийн галлагаатай. Бараг 45 орчим хувь нь 1960 оноос өмнө баригдсан. Маш их засвар үйлчилгээ шаардлагатай. Миний хүсэл бол шугам замын жижиг өртөө, зөрлөгт ажилладаг төмөр замчдынхаа амьдралын нөхцөлийг сайжруулах. Ихэнх орон сууц маань дулааны алдагдал ихтэй. Төмөр замчид маань өглөө хүйтэнд босоод галлачихаад ажилдаа явдаг ч орой хүйтэн гэр л угтана шүү дээ. Би 15 жил их засварын чиглэлээр ажиллахдаа яавал энэ асуудлыг шийдэх вэ гэж боддог байлаа. Одоо ч бодсоор...
Галлагаатай байшинг цахилгаанаар халдаг болгохсон гэж сүүлийн арваад жил бодсон, ярьсан. “Цахилгаан халаалт тавихаар төмөр замчдад төлбөр нь хүнд тусна. Тэгэхээр цахилгаан халаалтын зардлыг нь УБТЗ даадаг байвал...” гээд ярихаар л хүмүүс намайг бүтэшгүй мөрөөдөлтэй гэж шоолдог байсан.
Тэгэхэд нь би “Яагаад болохгүй гэж...” гэнэ. Юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг юм байна. Энэ намраас миний өнөөх бүтэшгүй мөрөөдөл дэмжигдээд Замын даргын үзлэгийн өмнө бид Долоодын хөндийн зургаан айлын байшинд иж бүэн засвар хийж дулаан алдагдлыг нь багасгаж байгаад цахилгаан халаалт тавьсан. Одоо цахилгааны төлбөрийн хэдэн хувийг УБТЗ, хэдэн хувийг ажилтан төлөх вэ гэдгийг шийдэх байх. Үзлэгийн үеэр Замын нэгдүгээр орлогч дарга очиж үзсэн. Энэ төсөл дэмжигдэх магадлалтай яваа.
Би энэ жилийн дөрөвдүгээр сараас ашиглалтын инженерээр ажиллаж байна.
Энэ ажил надад маш их таалагдаж байгаа. Учир нь 1600 гаруй төмөр замчин өрхийг яаж тав тухтай амьдруулах вэ гэдэг бодлогыг боловсруулахад өөрийн хувь нэмрийг оруулах боломж бүрдсэнд баяртай байна.
Барилгын дулаан алдагдал бага байх тусам халаалтын зардал бага гарна. Гэтэл манай хуучин байшингууд дулаан алдагдал ихтэй байгаа. Цаашдаа гурван анги дээрээ дээрх төслийг туршиж үзэхээр ажлаа төлөвлөсөн байгаа.
Мөн манай албанд галлагаатай 12 айлын гурван сууц бий. Энэ сууцуудыг халаалттай, цэвэр, бохир усны шугамтай болгох ажил бий” гээд инженер бүсгүй өөрийн тав, арван жилээр төлөвлөсөн ажлуудыг харуулж, бодож санаж яваа зүйлээ бараг л нэг амьсгаагаар ярив. Тэр энэ ажилдаа дуртай гэдэг нь нүднийх нь харцнаас илт.
П.Чинтуяа “Би мөрөөдөх дуртай. Мөрөөдлөө хүмүүст ярихаар зарим нь шоолдог л юм. Гэхдээ миний мөрөөдөл эхнээсээ биелээд байгаад маш баяртай байгаа. “Замын мэргэжлийн аварга”-ын шагнал гардуулах үеэр Замын дарга “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо хэлэхэд нь маш их баярласан. Би хэдэн жилийн өмнө Эрдэнэтийн ГОК, Оюутолгойд цалинтай ээж гэдэг хөтөлбөр байдаг юм байна. УБТЗ маань ийм хөтөлбөр хэрэгжүүлэхгүй юм байхдаа гэхэд зарим хүн “Бүтэшгүй юм мөрөөдлөө. Чи тэгвэл Эрдэнэт, Оюутолгойд ажилд орооч” гэж л байсан. Гэтэл тэр бүтэшгүй гэсэн мөрөөдөл өнөөдөр биелчихсэн байна шүү дээ. Тэгэхээр бүх юм цаг хугацаатай гэдэгт бүр итгээд байгаа. Миний төмөр замчдаа дулаан, тохитой, сайхан байшинд амьдруулах хүсэл бага багаар ч гэсэн биелж эхэлж байна гэж харж байгаа. Тиймээс улам л урам зоригтой ажиллаж байна даа” гээд инээв.
Мөн тэрбээр БОС-ны албаны хэмжээнд байгаль орчинд ээлтэйгээр төсөл хөтөлбөрүүд боловсрогдон зарим нь туршигдаж хэрэгжиж байгааг ярианы далимд дурдлаа. Жишээ нь, энэ онд Шивээговь зөрлөгт саарал усыг ашиглах цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан. Эхний ээлжинд саарал усаар мод бутаа усалж байгаа гэнэ. Ийм нэгэн гэгээн мөрөөдөлтэй, төмөр замчдаа гэсэн халуун сэтгэлтэй инженер бүсгүйтэй цөөн хором хөөрөлдлөө. Түүнд “Төмөр замчдынхаа төлөө хичээгээрэй, бүсгүй минь. Мөрөөдөл чинь биелэх болтугай” гэж урам нэмээд гарч ирсэн билээ.
Б.Гүнжинлхам