Монгол Улсын Филармонийн уран сайхны удирдагч, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач , МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Дэлгэрсайханы Түвшинсайхантай хөөрөлдлөө.

 

 -Унасан нутаг, угаасан ус гэдэг  эцгийн нэр адил насан турш холбоотой зүйл байх юм даа?

-Тиймээ, би ээжийнхээ нутаг Хужирт суманд төрсөн л дөө. Ааваар яривал Есөн зүйлийн гаралтай. Аав  цагдаагийн байгууллагад ажилладаг хэсгийн төлөөлөгч байсан. Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж байгаад Хужиртад томилогдон очсон хойно нь ах бид хоёр төрсөн юм билээ. Тэгээд ой гарантай байхад Арвайхээр рүү шилжсэн. Гурван дүү маань Арвайхээрт төрсөн. Би 1988 онд тавдугаар ангиасаа Хөгжим бүжгийн дунд сургуульд иртлээ аймгийнхаа сургуульд сурсан.

 -Их авьяастай хүү байсан болоод л урлагийн сургуульд шилжиж дээ?

-Өө, үгүй. Авьяастай байгаагүй. Нэг л удаа урлагийн үзлэгээр ангийнхаа хоор дуунд зогсож үзсэн. Харин уран зургийн дугуйланд явдаг, их зурдаг хүүхэд байлаа. Ангийн ханын самбар, өвлийн өвгөн гээд бүгдийг нь зурна.

 -Тэгвэл зураач болох нь?

-Үгүй ээ, малчин болно гэж боддог байсан /инээв/. Хоёр талын өвөө, эмээ нар малчин болохоор би амралтаараа очиж мал хариулна. Морь унаад мал дагаад гэлдрэх дуртай. Эрэлд явбал олоод л ирнэ. Тиймээс эмээ маань “Малд нүдтэй хүүгээ малчин болгоно” л гэдэг. 1988 онд зуд ихтэй, их хүнд хавар болж билээ. Шуурч, зам даваа боогдоод л... Тэр үеэр Хөгжим бүжгийн дунд сургуулиас манай аймагт Ц.Батчулуун багш /Ардын жүжигчин, удирдаач/ хүмүүстэй очиж шалгалт авдаг юм. Аав аймгийн цагдаад мөрдөн байцаагч ажилтай ч урлагт их дуртай хүн болохоор театраас салдаггүй. Найрал дууны багш Жаргалсайхан ах аавтай нэг анги. Харин хүүтэй нь би нэг анги. Тэгсэн бид хоёрыг хоёр аав шалгуулахаар дагуулж очихгүй юу. Уг нь, тэр үед нь би хоёр ч удаа аймгийн математикийн олимпиадад орж,  аварга болчихсон. Тийм байтал урлагийн сургуульд оруулах гээд /инээв/. Би их бүрэг гэх юм уу, цагаан сараар айл хэсдэггүй, гэртээ л байх дуртай хүүхэд байлаа. Манай аймагт 300 гаруй хүүхэд шалгаад зургааг нь л сонгосны нэг нь би. Гэхдээ явахгүй гэж бөөн юм болсон ч аавын үг зарлиг шүү дээ.

-Дөнгөж тавдугаар анги төгссөн хүүхэд анх их хотын хөл, сүрд дарагдаад хэцүү байсан байх даа?

-Анх орж ирэхэд хот сайхан санагдсан. Аав маань намайг дагуулж ирсэн. Хөгжим бүжгийнхэн орос форм өмсдөг байлаа. Форм олж авах гэж аавтайгаа арав хоног хотоор явсан даа. Тэр формоо өмсөөд авахуулсан нэг зураг байдаг юм. Аавыгаа буцахад нь байшингийн булан тойртол нь дотуур байрныхаа цонхоороо хараад уйлаад үлдэж билээ. Тэгээд эхний нэг жил бол ёстой тамын тогоо шиг л санагдсан. Хийцтэй цай, гэрийн боорцог санагдаад л... Ээж маань одоо “Түвшээтэй нэг жил утсаар ярих их хэцүү байсан. Байна уу, миний хүү гэхээр л чимээгүй болчихдог” гэдэг юм. “Юу захих вэ миний хүү” гэхээр нь “Хуушуур” гэнэ /инээв/. Дотуур байранд өлсөнө л дөө. Хааяа хуушуур явуулна. Түүнийг нь гадаа модны ёроолд булчихаад хөлдүүгээр нь хадгална. Цөөн, цөөнөөр нь оруулж ирэн пааран дээр гэсгээж иддэг байлаа. Бас тор дүүрэн боорцог ирнэ. Модон авдартаа хийчихнэ. /Тэрээр бага насныхаа тухай ярихдаа нүд нь очтон гэрэлтэж, дурсамжаараа дамжин тэр үедээ оччихов уу гэмээр харагдав. Хэсэг хугацаанд бодлогоширч, үл мэдэг инээмсэглэн сууснаа/ Аймагт шалгалт өгсний дараа шалгасан багш хажуугаар чимээгүй гараад явчихаар нь тэнцээгүй байх нь гэж бодоод уйлж билээ. Олон уралдаанд ордог хүн чинь шартай байхгүй юу /инээв/. Тэгтэл багш “Энэ их дуртай хүүхэд байна” гээд. Уг нь, би тэнцсэн байсан юм билээ. Труба хөгжмийнхөд орох байтал багш намайг морин хуурын ангид оруулсан. Би ч азтай хүн шүү. Ц.Батчулуун багш анх удаа хөдөө шалгалтаар явсан нь тэр. Түүнээс хойш дэргэдээс нь салаагүй. Миний багш намын шийтгэлээр хоёр жил Баянхонгорт нутаг заагдсан гэдэг юм.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Тавуулаа. Ах Д.Гурвансайхан маань лам хүн. Хөдөө нямбанд сууж байгаа. Дүү МУСТА уртын дуучин Д.Жавхаасайхан. Тэгээд удаах дүү Д.Цогжавхлант, бага охин дүү Д.Золзаяа. Намайг морин хуураар сурч буй болохоор аав Жавхааг уртын дуучин болгохгүй юу. Аавын хар хайрцагны бодлого л доо /инээв/. Уг нь, манай удамд дуулдаг хүн байгаагүй. Тэгтэл Жавхаа л дуулдаг болчихсон.

- Морин хуур бол Монгол түмний бэлгэдлийн хөгжим шүү дээ. Анх сурахад амаргүй байв уу?

-Үнэнийг хэлэхэд, эхний гурван жил хөгжмөө  ер ойлгоогүй. Хөгжмөө тоглож сурахгүй, муу байвал багш аавд хэлчихнэ гэж боддог. Наймдугаар ангид байхдаа л гэнэт “Энэ хөгжмийг зүгээр ч нэг тоглох биш юм байна” гэж ойлгож, их дуртай болсон. Дотоод амь байдаг юм билээ. Нотыг нь бүрэн сурч, хөрвүүлж найруулахыг сонирхож эхэлсэн. Морин хуурыг мэдэрч тоглох, зүгээр нэг нот уншиж хөгжимдөх хоёр асар өөр. Одоо зарим залуус энтертайнмент тал руугаа хэт орж байна. Маяг нь ихдээд гэх юм уу даа. Бидний үед наймдугаар ангийг их чанга төгсгөдөг байлаа. Шалгалт аваад -4-өөс доош дүн авбал шууд хасдаг. Манай ангийн 30 гаруй хүүхдээс арван хэд нь хасагдаж байсан.

-Дийлэнх хүмүүс морин хуурыг уртын дууны ард, бас найр наадмыг эхлүүлэхэд л тоглодог хөгжим гэж ойлгодог шиг санагддаг. Гэвч морин хуур бол Монгол Улсыг дэлхийд таниулах маш том суваг. Та бүхэн ч энэ талд нэлээд хичээж байгаа болов уу?

-Баяр ёслолоор, айл гэрт тоглож жавар үргээнэ гэж Монголчууд үздэг. Бид бол илүү мэргэшсэн хэмжээнд тоглодог. Дэлхий ертөнцөд монгол хүнийг зөв ойлгуулахад морин хуур маш чухал. Академик тал руу нь илүү хөгжүүлэхийг хичээж байна. Тайзан дээр алхаж гарч ирэхээсээ авахуулаад суралцах хэрэгтэй. Бөгтийсөн юм гарч ирвэл муухай шүү дээ. Суухдаа ч цэх суух ёстой. Манай багш “Чи их бөгтөр байна, цэх алх” гэж шахна. Цэх болоод алхах гэхээр хөл урагшаа алхдаггүй байж билээ /инээв/. Сүүлийн үед удирдаач болж дохисоор байгаад улам л бөгтийгөөд байх шиг.

-Морин хуурын чуулга анх оюутан, сурагчдаас бүрдсэн  гэдэг байхаа?

-Тэгсэн, хамгийн бага нь долдугаар ангийн хүүхдүүд байсан.Н.Жанцанноров багшийг “Ярьдаг бурхан”, Г.Жамъян багшийг “Амьд бурхан”, Ц.Батчулуун багшийг “Үүрдэг бурхан” гэж Өвөр Монголчууд ярьдаг шүү дээ. Энэ гурав 1989 онд Өвөр Монголын Чибулаг багшийн үүсгэн байгуулсан чуулгын нээлтэд очоод ирэхдээ “Манайд морин хуурын чуулга байж болох юм байна” гэж ярилцсан гэдэг. Тэгээд ирснээсээ хойш 1992 оны эцсээр 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан 1993 оны дөрөвдүгээрсарын 16-нд нээлтийн тоглолтоо хийсэн түүхтэй. Одоо бид 35 хүний орон тоотой л байна.

-Хамгийн анх гадны улс орон руу хаашаа явав?

-Бид анх 1996 онд Улаан-Үд гарч байлаа. 20 жилийн ойгоор Ц.Батчулуун багш “Байгуулагдсан цагаасаа хойш бид дэлхийг үндсэндээ тойрлоо” гэж байсан. Тэгээд анх очсон газар гээд 2014 онд Улаан-Үд явсан. Тэр үед МУГЖ Г.Ариунбаатар ид гарч ирж байсан цаг. Бид хамт очиж байлаа.  Морин хуурын чуулгынхны  гол үүрэг дэлхийд морин хуурыг таниулах шүү дээ. 2011 онд Астанад очиход 2000 хүний танхим дүүрчихээд байтал гадна нь Казахстанд амьдарч буй Монголд төрж өссөн голдуу 2500 орчим хүн байж билээ. Багтах боломжгүй, уйлалдаад л...

-Үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох боломжгүй юу?

-Гадны улс оронд манайх шиг биш. Нэг удаа тоглолт хийхийн тулд дор хаяж хагас жилийн өмнө төлөвлөдөг. Маргааш нь тэр танхимд өөр тоглолтын төлөвлөгөөтэй байдаг. Манай улсад бол “Дахиад нэг тоглочихъё” л гэнэ биз дээ (инээв). Тэр битгий хэл, биднийг гадаадад амьдардаг Монголчуудтай ч уулзуулдаггүй. Аюулгүй байдлыг бүрэн хариуцаж буй болохоор тэгдэг юм билээ.

-Аль улсын иргэд тоглолт дээр хамгийн их сэтгэгдэл төрүүлж байв?

-Япончуудын тоглолт үзэж буй соёл, хандлага, ухамсар асар өндөр. Тэд морин хуурын тоглолтыг үзэх дуртай. Тийм ч учраас бид Японд маш олон удаа очсон. Ер нь, морин хуурын тоглолт үзсэн хүн дахиад үзмээр санагддаг. Тийм ид шидтэй, өөртөө уусгаж чаддаг, дахин татдаг хөгжим. Японд бид 1800 хүний суудалтай танхимд тоглож байлаа. Пиг дүүрнэ. Японы нэг хөгжмийн зохиолч манайд ирээд бидэнтэй хамтарч ажилласан юм. Тэр хүн тоглолт үзчихээд “Симфони найрал хөгжим шиг биш цөөхөн л хүний бүрэлдэхүүнтэй. Гэвч монгол хөгжмийн зохиолчийн бүтээл, морин хуур хөгжим үнэхээр сайхан байна. Зүрхэнд маш хүчтэй ирж байна” гэж хэлж билээ.

-Манайхан өөрсдөө энд хэр үздэг вэ?

-Филарамони, “Баян Монгол” чуулга, Морин хуурын тоглолтууд дүүрэн үзэгчтэй байдаг болсон. Харин бидэнд гадны улс орон шиг сайхан тоглолт хийх орчин алга. Мэргэжлийн нэг ч танхимгүй шүү дээ. Хөгжмийн бүтээлүүдийг зүгээр нэг том саванд тоглох ёсгүй юм. Нарийн шинжлэх ухааны үндэслэлтэй, зориулалтын акустик танхим байх ёстой. Тийм орчинд тоглолт хийхэд урамтай. Үзэгчдийн хамгийн хойно сууж буй хүн эхний эгнээнийхтэй яг ижил төвшинд хүлээж авах зохицуулалттай байдаг юм билээ. Ухамсар өөр түвшинд,тэгээд сэтгэлтэй бол манай улс ч тийм мэргэжлийн танхимтай болох боломжтой. Зориулалтын том танхимтай бол бид нэг дор олон хүнд хүргэмээр. Гэвч боломжгүй тул 250 хүнд тоглолт хийдэг.Ганц тоглолт хийх гэхээр гаднаа ч зогсоолгүй. Энэ нь цаанаа хүний эрхийг маш томоор зөрчиж л байгаа хэрэг. Улсын зүгээс “Бүтээл хий, тоглолт хий” гэж шахдаг ч боломж нөхцөл нь бодит байдалд ийм байна. Харин хөгжмийн зэмсгийг маш сайхан шинэчилж өгсөн. Одоо бидэнд сааль нь байна, даанч сав нь алга. /Энэ сэдвээр ярихад тэр их бухимдаж буй бололтой. Олон жил энэ чуулгын эд эс, амь нь болж яваа хүний хувьд аргагүй биз ээ/

-Монгол орондоо аялан тоглолт хийдэг үү?

-Өнгөрсөн жил 30 жилийн ойгоор  баруун таван аймгийг зориод Баян-Өлгий л хүрч чадаагүй. Театр нь чөлөөгүй гэсэн. Орон нутгийн иргэдэд зорьж очиж, хөгжмийн боловсролхүргэх нь зүйтэй юм. Нийтийн дуучид, хошин шогийнхон очиж тоглоод л байна. Ганц дуучин ч очоод тоглочих юм.Гэлээ гээд мэргэжлийн театртай жиших аргагүй. Урлаг бол энэ гэж ойлгуулна гэдэг тэс өөр түвшин. Дээр нь иргэдийн “Морин хуур бол зөвхөн гэрийн жавар үргээдэг хөгжим” гэдэг ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Энэ жил зүүн гурван аймагт очиж тоглох төлөвлөгөөтэй байгаа.Морин хуурын чуулга харьцангуй залуу байна.Хэрэв социализмын үед байсан бол жилд бүх аймаг, сумыг тойрчих байсан биз. Одоо бид мөнгө олох ёстой байгууллага гэж ойлгоод байж болохгүй. Хөгжмийн боловсрол, соёл иргэдэд ямар чухал юм гэдэг талаас нь харах хэрэгтэй.

- Морин хуурын чуулга залуусаар эгнээгээ хэр тэлж байна вэ?

- Залуус голдуу. Надаас ахмад ганц хоёр л хүн бий. Ний нуугүй хэлэхэд, сүүлийн жилүүдэд амьдралын боломжтой, мөнгөтэй айлын хүүхдүүдийг сургуульд түлхүү авсан. Тэд нь төгсөж ирээд “Зовж сурчихаад ийм бага цалин авах гэж үү” гээд явчихдаг. Харин жинхэнэ сэтгэлтэй залуус л үлддэг. Хэн нь ч гадагшаа гараад явбал илүү сайхан амьдрах боломжтой. Эсвэл Морин хуурын чуулгад хуурдаж 900 мянган төгрөгийн цалин авснаас Сургалтын төв байгуулбал илүү мөнгө олно. Хэдэн хүүхдэд хуур заагаад сард дор хаяж таван сая төгрөг олно биз дээ. Гэтэл уран бүтээлч хүн бол тэс өөр.  Манай залуус тийм, үнэхээр сэтгэлтэй. Зарим дарга нар энд тэнд найр наадамд хуурдуулаад, загнахад миний дургүй хүрдэг. Ер нь, хэчнээн том дарга, сайд байлаа гээд театрт ирээд зүгээр л нэг үзэгч шүү дээ. Бид зөвхөн үзэгчдэд л зориулж тоглодог. Хэзээ ч “Тэр даргад” гэхгүй. Би ч тийм юманд дургүй.

-Сүүлийн үед Морин хуурын чуулгад зориулсан шинэ аялгуунууд төрж байна уу?

-Төрж байна. Хамгийн гол нь даац алга. Өөрөөр хэлбэл, дотоод амьгүй. Эсвэл аваргууд (Ахмад хөгжмийн зохиолчдыг хэлж байна) бүх юмыг нь дуусгачихсан уу (инээв). Япончууд биднийг “Үхэж үл болно” зэрэг хуучны аялгуунуудыг тоглоход “Монгол хөгжим цаанаасаа л сүрлэг юм. Та нар дээлтэй, морьтой гараад ирчихсэн юм шиг, өмнөөс ойртоод ч байх шиг, томорч харагдаж байна” гэж хэлж байсан.

-Хөгжмийн зохиолч залуус олон байгаа ч ихэвчлэн нийтийн дууны ая л зохиодог юм шиг санагддаг?

-Нийтийн дууны аяыг та ч зохиох боломжтой. Ер нь, ая зохиогч аймаг бүрт, бараг айл болгонд байгаа биз. Удаан амьдрахгүй дууг жинхэнэ үйлдвэрлэдэг болж.Шүлгийнхээ утгыг мэдэрдэг байх ёстой. Ямар ч хамаагүй ая нааж болохгүй. Гэхдээ бүгд ч биш, сайхан дуунууд бий. Харин мэргэжлийн хөгжим бол тэс өөр. Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл... гээд цөөнгүй залуус мэргэжлийн хөгжим бичиж байна. Эдгээрээс гадна өгөгдөлгүй хүмүүс онолоор хөгжим бичиж л байдаг. Тэр нь үлдэц муутай. Танай зохиолчдын дунд элдэв шүлэг, эсвэл их урт үргэлжилсэн үгийн юм биччихээд өөрийгөө зохиолч гэдэг хүн бий биз дээ. Хөгжмийн зохиолчдын дунд ч ялгаагүй.

-Морин хуурын чуулгад зориулсан, мөн өөрийн чинь найруулсан бүтээл олон бий юу?

-Манайх урын сандаа нийт 7000 шахам бүтээлтэй. 70 орчим хувь нь миний найруулсан бүтээл. Харин зориулсан гэвэл нэлээд бий. Түүний 90 гаруй хувь нь Н.Жанцанноров багшийнх. Миний зохиосон гэвэл олон биш, 14 киноны хөгжим бичсэн. Жүжгийн 5-6, хөгжимт жүжиг гурав, мөн дан хөгжмүүд гээд бий.

-Ц.Батчулуун багш тань таныг энэ чуулгад бэлтгэж үлдээсэн. Харин та одоо хүн бэлтгэж байна уу?

-Манай Н.Жигжиддорж удирддаг. Хөгжмийн асар өндөр мэдрэмжтэй. Гарамгай морин хуурч, сайн хөгжимчин дөө. Ер нь, манайх сайн хуурчидтай. Би 1998 оноос арав шахам жил концертмейстер хийсэн. Тэр үед багш “Одоо чи удирд” гээд гаргачихсан. Удирдахыг Ц.Баатаржав багшаас сурсан. Би өөрөө хөгжим хөрвүүлэх, бичих сонирхолтой. Ц.Батчулуун багш “Миний хүү гурван жигүүртэй” гэдэг байлаа. Нэг тоглолт дээр дуулах дуу манайд байхгүй бол багш надаар бичүүлдэг. Одоо ч би гайгүй дуу байвал биччихдэг. Манай урын санд байж л байг гээд...Герман руу хөгжмийн зохиолчоор сурчихаад ирье гэтэл багш “Байгуулсан зүйлээ өөрсдөө нураах шиг гутамшиг байхгүй. Чи ийм байхад намайг хаяж явах гэлээ” гэж гомдоод явуулаагүй юм. Энэ үг нь тархинаас өнөө хэр гардаггүй. Тэр бүү хэл “Би чамайг хилээр ч гаргахгүй байж чадна шүү” гэж билээ /инээв/.Надад ямар ч их хайртай байсан юм дээ. Би Хөгжим бүжгийн байранд байж байгаад чуулга маань Филармонид нүүж ирэхэд амьдрах газар олддоггүй. Тэгээд жил шахам филармонид амьдарсан. Өглөө хүмүүс ирэхэд нь гарч гүйгээд, гаднаас ирж байгаа аятай л орж ирнэ. Сүүлдээ багш ч мэдсэн/инээв/.

-Та ч гурван сайхан багштай хүн юм. Н.Жанцанноров багш чинь хэр баргийн юмыг тоохгүй биз?

-Нэг удаа тоглолт хийхдээ урилгаа өгөөд, шууд ирүүлсэн. Тоглолт дууссаны дараа “Үгүй чи чинь, тоглолтоосоо өмнө надад сонсгоод, асуудаггүй юм уу. Бид хоёр багш шавь биз дээ. Сонслоо, хүний ч юм байна, миний ч юм байна. Гэхдээ яах вэ, чи өөрийгөө олжээ” гэж билээ /инээв/. “Өөрийгөө олжээ” гэдэг үгэнд нь маш их урам орсон. Багш Морин хуурын чуулгын тоглолт бүрийг ирж үздэг. Манайхан “Байнгын үзэгч ирлээ” л гэнэ./Багш нарынхаа тухай ярихаар нүд нь сэргээд л ирэх/. Би нийт дөрвөн удаа цран бүтээлийн  тоглолт хийсэн.

-Аав тань хүссэн мэргэжлээр нь сурсан хүүгээ хараад бахархсан байх даа?

-Аав маань 50 хүрэх гэж байхдаа, 1999 онд яг одооны миний насан дээр бурхан болсон. Дүү нартаа “Та нар азтай, аавын дэргэд олон жил хамт байсан” гэж хэлдэг юм. Би бол тавдугаар анги төгсөөд хотод ирсээр зунд л ганц, хоёр сар очно. “Гар нь эвдэрчихнэ” гээд надаар түлээ хөрөөдүүлэхгүй. Ах дүү нар “Энэ даварчихсан” гэцгнннэ /инээв/.Хархоринд анхны “Их хурд”1998 онд болоход Жавхаа цэрэгт байсан юм. Тэгтэл дарга нь наадамд ирэхдээ дүүг аваад ирлээ. Аавынх тэгэхэд Хархоринд. Би чуулгаасаа дөрвүүлээ оччихсон. Нэг их хуур, гурван хууртай. Дүү дуулаад, бид хуурдаад л... Аав маань бөөн баяр. Хөл нь газар хүрэхгүй л байж билээ /нүдэнд нь нулимс хуран хэсэг чимээгүй болов/. Ааваараа бодоход хүний амьдрал их богино юм даа . Тэгж аавыгаа бид хоёр баярлуулсан.

-Ээж тань нутагтаа амьдарч байна уу?

-Хотод байгаа. Жавхаагийн ч, манай ч тоглолтыг хүргэний ээжтэй хамт байнга үздэг. Аль хэдийнээ тасалбарыг нь авсан байдаг юм. “Ээждээ санаа зоволтгүй шүү. Наад ажилдаа сайн анхаар. Би яах вэ болж байна. Миний хүү аавынхаа нэрийг дуудуулж яваа чинь л ээжид нь сайхан” гэдэг. Дэргэдээ байхгүй ханийнхаа нэрийг тоглолтон дээр ахин дахин дуудуулахыг сонсох гэж л тоглолт бүрийг үздэг байх /бодлогошрон дуугаа хураав/. Нэг жил ээж хөдөө шинэлсэн байлаа. Ирэхээр нь очиж золгоно доо гэж бодож суутал охин дүүтэй инээчихсэн гэнэт ороод ирдэг юм. “Хүүгээ завгүй гэж бодоод” гэнэ.Дараа нь ахад санаандгүй хэлсэн юм байлгүй. Ах залгахаар нь автал “Эхийгээ өөр дээрээ очуулж золгуулдаг чи хэн бэ” гэж загнаад бөөн уур болдог юм. Ээжид ховлохолд шууд л  ахыг загначихна л даа /инээв/. Миний ээж Мягмарсүрэн гэж сайхан хүн бий. Ах маань ч эрдэм номтой хүн байдаг.

-Таны ажил, уран бүтээл, амьдрал төмөр замтай ямар нэгэн байдлаар холбогдож байв уу?

-Зорчигчийн хувиар хойш, урагш их явсан. Харин уран бүтээлийн шугамаар гэвэл филармони, хуурын чуулга нийлээд 2000-аад оны дунд үеэр тусгай хоёр вагонтой Дорноговьд гурав хоног тоглож байсан. Оройд нь вагондоо ирж амарцгаагаад ёстой сайхан байж билээ. Энэ мэтчилэн манайхыг УБТЗ дэмжиж ажилладаг байсан. Одоо боломжтой бол тусгай вагоноор явж алслагдсан өртөө, зөрлөгийн төмөр замчдад тоглолт хийх юмсан гэж боддог. Бид “Хөгжмийг хүн бүрт” гэсэн уриатай явдаг юм. Автобустай явахад “Шунхлай”, “МТ” зэрэг компаниуд шатахуунаар тусалдаг л даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

 

ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД