УБТЗ-ын Хэмжил зүйн төвийн дарга Д.Түвшинбаяртай ярилцлаа
-“Дэлхийн хэмжил зүйн өдөр” -ийг тохиолдуулан танай хамт олон ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Дэлхийн хэмжил зүйн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 20-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай Хэмжил зүйн төв байгуулагдсан цагаасаа эхлэн тус өдрийг тохиолдуулан тодорхой ажлуудыг төлөвлөн, зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд “Дэлхийн хэмжил зүйн өдрийг угтан зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж, Замын ерөнхий инженер С.П.Старцеваар батлуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний хүрээндТЗДС-тай хамтран үндсэн ангийн төгсөх оюутнуудын дунд Хэмжил зүйн үйл ажиллагааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Мөн ТЗДС болон Политехникийн коллежийн багш нарын төлөөллийг Хэмжил зүйн төвийн үйл ажиллагаатай танилцуулж, ажил хэрэгч ярилцлага өрнүүлсэн. Түүнчлэн, “УБТЗ-ын хэмжил зүй, үл эвдэх сорилт, оношилгооны ажилтнуудын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, салбар нэгжийн хэмжил зүйн үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа асуудлын талаар хөдөлгөөнтэй шууд холбоотой үндсэн албадын илтгэл танилцуулгыг сонсож, хэлэлцсэнийг та бүхэн мэднэ. Мөн УБТЗ-ын хэмжил зүй, үл эвдэх сорилт, оношилгооны ажилтнуудын ур чадварын II тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Одоо УБТЗ-ын хэмжил зүйн нэгжид ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад хэмжил зүйчдийг Хэмжил зүйн төвийн үйл ажиллагаандаа урьж, тэдний ажил, амьдралын туршлагаас суралцах ажлыг зохион байгуулж байна. Тэмдэглэлт өдрийг угтсан төлөвлөгөөт ажлынхаа хаалтын өдөрлөгийг энэ сарын 19-нд “Ган зам” паласт зохион байгуулахаар төлөвлөж байна.
-УБТЗ ХНН тусдаа бие даасан Хэмжил зүйн төвтэй байх ямар бодит хэрэгцээ шаардлага тулгарсан бэ?
-Монгол Улсын Хэмжил зүйн тухай хуулийн 3.1.10-д “Тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг Хэмжил зүйн мэргэжлийн байгууллага гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Ер нь, салбар бүр тодорхой эрх авсан Хэмжил зүйн мэргэжлийн байгууллагатай байж болно гэсэн агуулга л даа. Аливаа салбар бүхэн өөрийн ажлын онцлогт тохирсон өөр, өөр хэмжих хэрэгсэл, оношилгоо, сорилтын багажуудыг ашигладаг. Энэ бүх хэмжих хэрэгслийг дан ганц Стандарт хэмжил зүйн газрын /цаашид СХЗГ гэх/ Хэмжил зүйн лабораториудад шалгалт тохируулга, баталгаажуулалт хийхэд багагүй хүндрэл үүсдэг байсантай холбоотойгоор энэ асуудлыг хуульчилж өгсөн байх гэж би боддог. УБТЗ-ын хувьд өөрсдийн үйл ажиллагаанд ашиглагддаг хэмжих хэрэгслийг СХЗГ болон салбар нэгж дээр үйл ажиллагаагаа явуулдаг хэмжил зүйн лабораториудад илгээж, шалгалт тохируулга, баталгаажуулалт хийлгэж байсан. Гэвч эдгээр ажлыг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагатай болгож, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах шаардлага зайлшгүй тулгарсан. Ялангуяа, үл эвдэх сорилтын багажуудыг Монгол Улсад шалгаж баталгаажуулдаггүй. ОХУ руу явуулж шалгалт баталгаажуулалтад хамруулдаг байсан. Энэ бүх ажлыг төмөр зам өөрөө хийдэг болох асуудлыг өмнөх Замын удирдлагууд хөндөж тавьснаар манай төв байгуулагдсан гэж хэлж болно.
-Нэг жилийн хугацаанд танай хамт олон ямар ажлыг амжуулав. Ажлын үр дүн хэр байв?
-Манай төв 2022 онд байгуулагдсанаасаа хойш давхардсан тоогоор төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй болон автоугсарааны 634 ширхэг хяналтын загвар /шаблон/-д шалгалт баталгаажуулалт хийж, уртын 82 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулгыг хийгээд байна. Мөн үл эвдэх сорилтын 180 багажинд засвар тохируулга, шалгалт баталгаажуулалтыг хийсэн. Түүнчлэн, хэмжил зүйн үйл ажиллагаа явуулдаг салбар нэгж дээр хэмжил зүйн дунд шатны хяналтыг явуулж, давхардсан тоогоор 27 салбар нэгж хамрагдаад байна. УБТЗ болон гадны төмөр замын 61 вагон жинг шалгалт баталгаажуулалтад хамруулж, МТЗ” ТӨХК, Зорчигчийн вагон депо, Дохиолол холбооны I, II, III анги, Баянтүмэн тасгийн динамометрийн 68 түлхүүрийг баталгаажуулсан. Үл эвдэх сорилтын I түвшний эрх олгох болон сунгах сургалтыг таван удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 250 гаруй ажилтан хамрагдсан. 15 жилээс дээш ашиглагдаж байгаа авто болон гүүрэн кранууд, илчит тэрэгний болон суурин даралтат саванд үзлэг оношилгоо хийх, хугарсан зам төмрийн металлын шинжилгээг хийж, дүгнэлт гаргах гэхчлэнгээролон ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн Замын даргын тушаалаар Улаанбаатар татах хэсгийн Хэмжил зүйн лабораторийг төвийнхөө мэдэлд авлаа. Ингэснээр механик хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг зөвхөн улсын шалгагчийн эрх бүхий манай ажилтнууд хийж гүйцэтгэх юм. Энэ нь УБТЗ-ын хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлын хүрээнд хийж байгаа ажлын нэг. Цаашид бид Дохиолол холбооны лабораторийн хэмжил зүйн ажилтнуудыг шилжүүлж авах ажлыг судалж байна. Манай үл эвдэх сорилтын лаборатори 2022 оны Хөдөлмөрийн уралдаанд “Шилдэг цех, тасаг”-аар шалгарсан. Энэ нь манай хамт олонд маш их эрч хүч, урам зоригийг хайрласан.
-Танай хамт олны цаашдын зорилго?
-Бид төвийнхөө алсын харааг “Зам, тээврийн салбарын Хэмжил зүйн оношилгооны төв болох” гэж тодорхойлсон. Үүнд хүрэхийн тулд бид өмнөө тавьсан олон зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Юуны өмнө үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр нэмэгдсэн ажил үйлчилгээнүүдийг олон улсын MNS ISO17025 стандартын дагуу магадлан итгэмжлүүлэх. Энэ ажлын хүрээнд бид массын хэмжлийн, хүч хатуулгын, эвдэх сорилтын лабораториудыг шинээр магадлан итгэмжлүүлэх, уртын хэмжлийн лаборатори болон Улаанбаатар татах хэсэгт байрлах Хэмжил зүйн лабораторийн итгэмжлэлийн хугацааг сунгах бичиг баримтуудыг бэлэн болгож, Үндэсний итгэмжлэлийн төвд хүсэлтийн хамт хүргүүлээд байна. Мөн энэ жилийг “Менежментийн нэгдсэн тогтолцоог баталгаажуулах жил” болгон зарласантай холбогдуулан ISO9001 “Чанарын удирдлагын тогтолцоо” , ISO45001“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гэрчилгээ авахаар ажиллаж байна.
-Зөвхөн УБТЗ гэлтгүй Монгол Улсын хэмжээнд хэмжил зүйн салбарын хэрэгцээ шаардлага өндрөөр тавигдаж байгаа гэж би хувьдаа боддог. Танай төвийн хувьд мэргэшсэн боловсон хүчний хүрэлцээ хангамж хэр хэмжээнд байна вэ?
-Манай төвийн ажилтнууд нь ОХУ-ын хэмжил зүйн сургалтын байгууллага болон СХЗГ-ын хэмжил зүйн үйл ажиллагаа явуулах эрх авах сургалтуудад хамрагдаж, үл эвдэх сорилтын 2,3-р түвшний эрх, шалгалт тохируулгын болон улсын шалгагчийн эрх авсан. Мөн төвөөс зохион байгуулагдаж байгаа Үл эвдэх сорилтын сургалтад хамрагдаж I түвшний эрх авсан ажилтнууд бий. Үүнддавхардсан тоогоор,үл эвдэх сорилтынI, II түвшний ажилтантус бүрхоёр,III түвшний ажилтаннэг, үлэвдэх сорилтын улсын шалгагч хоёр, уртын хэмжлийн улсын шалгагч, даралтынхэмжлийн улсын шалгагч тус бүр хоёр, хөдөлгөөний үзүүлэлтийн хэмжлийн улсын шалгагч нэг,хүчний моментын улсын шалгагч нэг, уртын хэмжлийн шалгалт тохируулгын инженер, цахилгааны хэмжлийн шалгалт тохируулгын инженер, дулааны хэмжлийн шалгалт тохируулгын инженер тус бүр нэг ажиллаж байна.
-Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах шаардлага ч тулгарах байх. Үүнд хэр бэлэн байна вэ?
-Маш зөв асуулт. Аливаа байгууллагын оршин тогтнох үндэс нь мэргэшсэн, чадвартай боловсон хүчин гэж миний хувьд боддог. Бидний хувьд2023 оны Замын гадаад сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд зөвхөн ОХУ ч биш Хятад, Энэтхэг зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад ажилтнуудаа хамруулахаар тусгасан. Цаашдаа хэмжил зүйн ажилтныг хэд хоногийн сургалтаар бэлтгээд байх уу, эсвэл хэмжил зүй, үл эвдэх сорилтын мэргэжлийн ангид сургаж бэлтгэх үү гэдгийг бодох л ёстой. ОХУ-ын Зам харилцааны их сургуульд үл эвдэх сорилтын анги бий болсон гэж сонссон. Хуучин ЗХУ-ын үед Украины Одессын Жин хэмжүүрийн сургуульд манай улсын хэмжил зүйн ажилтнуудын ихэнх нь бэлтгэгдсэн байдаг. Гол асуудал нь хэмжил зүйн чиглэлээр цаашид тууштай ажиллах хүмүүсийг сонгож, сургаж, мэргэшүүлж, дадлагажуулж авах нь чухал байна. Сургалтад сууж, зохих эрхийг авчихаад цөөн жил ажиллаад өөр ажилд шилжих тохиолдол гарч байна. Хэмжил зүй гэдэг уг нь нарийн мэргэжил. Бэлтгэгдсэн мэргэжилтнээ ажлын дөртэй, ажил явуулах эрхтэй болгочихоод алдана гэдэг байгууллагын хувьд маш том хохирол юм.
-Хэмжил зүйн салбарт орчин цагийн дэвшилтэт техник технологиуд нэлээд ихээр шаардагдах болов уу. Танай бааз суурь өнөөгийн нөхцөлд хэр хэмжээнд байна вэ?
-Сүүлийн хэдэн жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ганцхан Монгол төдийгүй дэлхийн олон улс орны эдийн засгийн байдал муудсан. Манай төв яг энэ эгзэгтэй үед байгуулагдаж байлаа. Замын удирдлагын зүгээс санхүү, эдийн засгийн байдал хүнд байсан ч манай төвийн үйл ажиллагаанд шаардлагатай багаж төхөөрөмж, ажлын эталонуудыг худалдан авахад дэмжлэг үзүүлж, Замын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж ирсэн. 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан зарим багаж төхөөрөмжийг худалдан авах тендер амжилтгүй болсныг эс тооцвол манай төв нь уртын хэмжлийн лабораторид Хэмжлийн универсал микроскоп, эвдэх сорилтын лабораторид металлын механик шинжийг турших төхөөрөмж, металлын бүтэц тодорхойлох микроскоп, металлын химийн агууламж тодорхойлох спектрометр, үл эвдэх сорилтын лабораторид соронзон бөөмийн сорилтын багаж баталгаажуулахад шаардлагатай миллитесламетр гэсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Үйл ажиллагаагаа хоёр дахь жилдээ явуулж байгаа гэхэд бас боломжийн хэмжээнд хүрсэн гэж ойлгож байгаа. 2022 оны аравдугаар сард Манай төвийн үйл ажиллагааг өргөтгөх асуудлаар Замын техник эдийн засгийн зөвлөлийн хурал хуралдаж, энэ асуудлыг дэмжсэн бөгөөд өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг үе шаттайгаар төлөвлөгөөнд тусгах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу эхний ээлжинд шаардлагатай байгаа багаж тоног төхөөрөмж, ажлын эталоныг худалдан авах хөрөнгийг 2023 оны төлөвлөгөөнд нэмэлтээр суулгаж өгөх хүсэлтийг Замын дарга Х.Хэрлэнд уламжилсан. Замын дарга “Төлөвлөлт эдийн засгийн албанд боломжтой үед шийдье” гэж цохсон. Бид энэ асуудал нааштайгаар шийдэгдэх байх гэж харж, горьдож сууна.
-Танайд УБТЗ-ын үндсэн үйл ажиллагаанаас гадна захиалгын ажил гүйцэтгэх боломж бололцоо хэр байгаа вэ?
-Уг нь манай төвийн үндсэн үйл ажиллагаа бол УБТЗ-ын салбар нэгжийн хэмжил зүйн үйл ажиллагаанд хяналт тавих, ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, оношилгоо, сорилтын багажуудад шалгалт тохируулга, баталгаажуулалт хийх замаар хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн юм. Гэтэл анхнаасаа орлого олох байгууллага болгочихсон. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч гадны байгууллагын захиалгыг хийж гүйцэтгэх шаардлагатай болоод байна л даа. Одоогоор манайхан гадны төмөр замын вагон жин болон уртын хэмжлийн хэмжих хэрэгслүүдийн шалгалт баталгаажуулалтыг хийж байна. Мөн 2022 онд “Монголиан транс ложистик” ХХК-тай хэмжил зүйн чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 онд тус компаний 101 ширхэг уртын хэмжих хэрэгсэл, үл эвдэх сорилтын таван багажийг шалгаж баталгаажуулсан. Долоон зүтгүүрийн агаарын 14 ерөнхий сав болон дөрвөн суурин даралтат саванд үзлэг оношилгоо хийж өгсөн. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн уртын хэмжлийн хэмжих хэрэгслүүдэд шалгалт баталгаажуулалтыг хийсэн. ОХУ-ын “Коломны илчит тэрэгний үйлдвэр”-ийн төлөөлөгч ирж динамометрийн түлхүүрээ шалгалт баталгаажуулалтад хамруулсан гээд гадны байгууллагын захиалгаар ажиллах боломж хангалттай бий. Гол нь манайд хандаж байгаа байгууллагууд “Лаборатори нь магадлан итгэмжлэгдсэн байх ёстой” гэдэг шаардлагыг бидэнд тавьж байгаа юм л даа. Одоогийн байдлаар манай төвийн уртын хэмжлийн лаборатори болон Улаанбаатар татах хэсэгт байрлах Хэмжил зүйн лаборатори магадлан итгэмжлэлтэй. Би дээр дурдсан даа. Одоо үлдсэн лабораториудаа итгэмжлүүлэх хүсэлтээ Үндэсний итгэмжлэлийн төвд өгөөд байна гэж... Хэрвээ эдгээр лабораториуд нь итгэмжлэгдэх юм бол бид гадны байгууллагын захиалгаар тасрахгүй, орлого ч тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх гэж бодож байна. Түүнээс гадна манай төв Маркетингийн албатай хамтран хэмжил зүйн төвийнхөө үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг эрчимтэй хийж байна. Үүний үр дүн ч бас эхнээсээ гарч байна.
-Олон улсын төмөр замуудын салбарт хэмжил зүйн салбар хэрхэн хөгжиж байна вэ?
-ОХУ-ын төмөр замуудын хувьд Хэмжил зүйн салбар бол тэргүүлэх салбарын нэг гэж хэлж болно. Төмөр замын салбар болгон өөрийн хэмжил зүйн төвтэй, тэдгээр төв нь салбар нэгжид үйл ажиллагаа явуулдаг хэмжлийн нэгжийг шууд удирдлагаар хангадаг. Хэмжил зүйн төвийн дарга нь тухайн төмөр замынхаа ерөнхий хэмжил зүйчийн үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь, бидний сайн мэдэх Дорнод Сибирийн төмөр замын ерөнхий хэмжил зүйч нь тус төмөр замын хэмжил зүйн төвийн дарга байна. ОХУ болон бусад орны төмөр замд хэмжил зүйн гүйцэтгэх үүргийг нэлээд дээгүүр тавьж өгсөн байдаг. Учир нь хэмжил зүй гэдэг бол төмөр замаар зорчиж байгаа зорчигчийн аюулгүй байдал, тээвэрлэж байгаа ачааны бүрэн бүтэн байдлыг хангахад шууд нөлөөлдөг юм байна. Тухайн төмөр замуудын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, тасралтгүй байдлыг хангах, төмөр замын бүхий л засвар үйлчилгээнд мөрдөгдөж байгаа стандарт, нормативыг хэрэгжүүлэхэд хэмжил зүй, оношилгоо, сорилт чухал үүрэг гүйцэтгэдэг учраас хэмжил зүйн салбар нь анхаарал хандуулах салбарын нэг мөн.
-Танай төвийн хувьд хамгийн том бэрхшээл нь юу болж байна вэ?
-Аливаа ажлыг хийхэд, тэр тусмаа анх удаагаа хийж байгаа ажилд том жижиг саад бэрхшээл багагүй тохиолддог. Манай төвийн хувьд ялгаагүй бид үүнтэй нүүр тулаад л явж байна. Тэглээ гээд манай хамт олон айж, бэргэж, ажлаа хаяж явсангүй, хамтдаа бэрхшээл саадыг давж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлнэ гэдэг итгэлтэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг нь надад урам өгч байдаг юм. Яг үнэндээ төвийн үйл ажиллагааг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудал “толгойн өвчин” болж байна. Замын 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд манай санал тусгагдаагүй. Шаардлагатай багаж төхөөрөмжөө авч чадахгүйн улмаас нөгөө олох орлого маань бас байхгүй болно шүү дээ. Энэ асуудлыг Замын холбогдох удирдлагууд маань нааштай шийдэж өгнө гэсэн итгэлтэйгээр, байгаа боломжоороо л манай хамт олон зүтгэж байна даа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.Дэлгэрхишиг