УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төвийн дарга Д.Түвшинбаяртай ярилцлаа.
-Хэмжил зүйн төв үүдээ нээгээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд төлөвлөсөн зорилтуудаа бүрэн биелүүлж чадав уу?
-Хэмжил зүйн төвийг байгуулахдаа анх хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Үүнд үл эвдэх сорилт, уртын болон даралтын гэх мэт хэмжилтийн төрөл бүрээр лаборатори байгуулах зорилт байсан. Зорилт маань ерөнхийдөө бүгд биелсэн. Үүний зэрэгцээ бидний хамгийн том стратеги зорилт бол УБТЗ-д хэмжил зүйн үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийг нэгдмэл удирдлага, зохион байгуулалтаар хангах байсан. Үүний хүрээнд бид Улаанбаатар Татах хэсгийн хэмжил зүйн лабораторийг төвийнхөө харьяанд авсан. Дохиолол холбооны албаны лабораторийг авах асуудлыг хоёр жил ярьж байна. Замын удирдлагаас энэ асуудалд нухацтай хандаж байгаа. Одоогийн байдлаар, уг лаборатори нөхцөл шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ энэ лаборатори манайд шилжээд ирвэл бидний зүгээс орчин нөхцөлийг нь сайжруулаад дөрвөн ажилтныг нь тоног төхөөрөмжтэй нь оруулчих өрөө тасалгаа бэлэн байна. Гэхдээ нэг асуудал байна. Учир нь юу гэвэл тухайн лаборатори нь манай төвийн байранд ирсэн тохиолдолд технологит үйл ажиллагаа нь зөрчигдөх вий гэсэн болгоомжлол байгаа байх. Нөгөө талаар, манай төв хотын зах руу алслагдмал байршилтай учраас хүмүүс тэнд очиж ажиллах сонирхол багатай байдаг нь нууц биш. Үнэндээ би өөрийн ажилтнуудаа ч тогтвор суурьшилтай хэдэн жил ажиллуулах тал дээр толгой гашилгаад явж байна.
-Улаанбаатар Татах хэсгийн хэмжил зүйн лаборатори танай харьяанд очсноор байршил, үйл ажиллагаанд нь өөрчлөлт орсон уу?
-Үгүй, тус лабораторийн үндсэн үүрэг нь зүтгүүрийн хэмжих хэрэгслүүдийг шалган тохируулж, баталгаажуулах. Зүтгүүрийн технологит үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд деподоо хуучин хэвээр ажиллаж байгаа. Нэг ёсондоо манай Хэмжил зүйн төвийн анхны салбар гэж ойлгож болно.
-Хаврын үзлэгээр танай төвд хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын нөөцийг тодорхойлох боломжтой болсон тухай яригдсан. УБТЗ хөдлөх бүрэлдэхүүний парк хуучирсан, тээвэрт ашиглаж болох уу, үгүй юу гэдэг асуудалтай байнга тулгардгийн хувьд энэ мэдээ чихэнд чимэгтэй дуулдсан?
-Энэ жилээс эхлээд хөдлөх бүрэлдэхүүний техникийн үлдэгдэл нөөц буюу ашиглалтын хугацааг тодорхойлох ажлыг хийж эхэлсэн. Бид туршилтаар ачаа, зорчигчийн тус бүр нэг вагоны үлдэгдэл нөөц тодорхойлох оношилгоог хийсэн. Тухайн вагонууд 5.3-5.8 жил тээвэрт ашиглах нөөцтэй гэсэн дүгнэлт гарсан.
Өмнө нь энэ ажлыг гадны мэргэшсэн эрх бүхий компаниудаар хийлгэж байсан юм билээ. Ялангуяа, Зорчигчийн вагон депо зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг хангахын тул гадны компаниас ийм үйлчилгээг олон удаа авч байж. Мөн ачааны вагоны нөөцийг ч гадны байгууллагаар тодорхойлуулж байсан. Бид өөрсдөө энэ ажлыг хийж байгаа нь нэг том дэвшил. Манай төв энэ чиглэлээр магадлан итгэмжлэл авахаар Үндэсний итгэмжлэлийн төвд материалаа өгчихсөн. Тэдний ажлын хэсэг манай төвд ирж ажилласан. Манай хэд хэдэн лаборатори өмнө нь 17025-аар итгэмжлэгдсэн учраас сарын хугацаа өгсөн. Сарын дотор залруулах ажлаа хийх хугацаа гэсэн үг. Мөн 17020 гэсэн техникийн хяналтын итгэмжлэлд гурван сарын хугацаа өгсөн. Бид долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр залруулсан ажлынхаа тайлангаа өгнө. Ер нь, аравдугаар сар гэхэд бид энэ ажлын итгэмжлэлээ авчих байх. Тэр болтол бид дотооддоо энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахдаа уг ажлыг хийх эрх бүхий улсын шалгагчид, стандартын шаардлага хангасан багаж хэрэгслээр хийж гүйцэтгэж байна. Ер нь, үйл ажиллагаа нь эхлээд зургаан сар болж байж магадлан итгэмжлэл авах эрх үүсдэг юм билээ. Одоогийн байдлаар, манайхан хоёр дахь зорчигчийн вагоны нөөц тодорхойлох ажилдаа орсон байна.
-Гадны компаниар хөдлөх бүрэлдэхүүний нөөц тодорхойлуулах нь хэр өртөг зардалтай байдаг вэ?
-Гадны байгууллагуудаар нэг вагоны нөөцийг тодорхойлуулахад 3-5 сая төгрөгийн зардал гардаг байсан юм билээ.
-Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын нөөцийг ямар аргаар тодорхойлдог нь сонирхол татаж байна. Энэ талаар та манай уншигчдад ойлгомжтой мэдээлэл өгч болох уу?
-Хоёр чиглэлээр оношилгоо явагддаг. Нэгд, соронзон санамжийн багажаар оношлох арга байна. Энэ багаж нь металлын хүчдэл төвлөрүүлэлт буюу металлын үлдэгдэл соронзонг ашиглаад ядаргаанд орсон байна уу, үгүй юу гэдгийг автоматаар тооцоолж, металлын насжилтыг дотоод бүтцээр нь тодорхойлж гаргаж байгаа юм. Соронзон санамж маань үл эвдэх сорилтын багажид хамаарна.
Нөгөө арга нь үл эвдэх сорилтын оношилгоо. Үл эвдэх сорилт нь металл хийцийн сэвийг шалгадаг. Өөрөөр хэлбэл, гадна болон дотор талд нь ан цав байна уу гэдгийг шалгаж байгаа юм. Мөн гол ачааллыг авдаг арлын зузаан, нимгэн, элэгдлийг нь хэмжиж, стандартад заасан хэмжээнд байна уу гэдгийг бүгдийг нь тодорхойлно. Гагнаасан холбоос дээр үл эвдэх сорилтынхоо аргаар үзлэг оношилгоо хийнэ. Эдгээр бүх үзүүлэлтийг нэгтгэн дүгнээд тухайн вагоныг хэдэн жил ашиглах боломжтой вэ гэдэг дүгнэлтийг гаргаж байгаа юм.
-Үүнээс гадна танай төвд шинэ болон хуучин эд ангиудыг шалгуулах боломжтой гэж сонссон?
-Төмөр замын байгууллагууд металл хийцүүдээ шинжлүүлэх ажил хийлгэж байна. Жишээ нь, Замын аж ахуйн албанаас зам шинэчлэлийн ажилд ашиглаж байгаа хятад зам төмөр стандартад нийцэж байна уу, үгүй юу гэдгийг манайхаар шинжлүүлж дүгнэлт гаргуулсан. Мөн Зүтгүүрийн аж ахуйн албаны эвдэрсэн металл хийцүүд дээр дүгнэлт гаргуулдаг. Эвдрэл нь металлын ядаргаанаас болсон уу, эсвэл металлын бүтцэд нь өөрчлөлт байна уу, гадны хүчин зүйлээс шалтгаалсан уу гэдгийг шинжлээд техникийн дүгнэлт гаргаж өгдөг.
Сүүлийн үед Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанаас нийлүүлж байгаа эд ангиуд дээрээ хяналт тавья гэсэн саналыг Б.Ууганбаяр даргад тавьсан. Бидний саналыг Б.Ууганбаяр дарга дэмжиж, хүлээж авсан. Их хэмжээгээр нийлүүлэгддэг металл эд ангиудын тендерийн бичиг баримт дээр тодорхой шаардлагыг тусгаж өгч байя. Тодорхой хэмжээний сорьцыг Хэмжил зүйн төвийн лабораториор заавал шалгуулсан байх гэсэн шалгууртай байя гэж тогтсон. Эхний ээлжинд боронзон втулка дээр шинжилгээ хийгээд дүгнэлтийг нь гаргаж өгсөн. Нэгдүгээрт, металл хийцийн химийн агууламж, хоёрдугаарт, микро бүтэц, гуравдугаарт, бат бэх чанарыг нь тодорхойлж байна. Аливаа эд анги өөрийн тогтоосон норм стандарттай ирдэг. Техникийн паспорт дээрээ доторх химийн агууламжийн хувь, хэмжээ, бат бэх чанарын хязгаар нь хэд байх, сунах чадвар, урсамтгай байдал зэргийг тодорхойлсон байдаг. Манайх тухайн эд анги техникийн паспорт дээрх заасан норм нормативтоо нийцэж байна уу, үгүй юу гэдгийг судлан шинжлээд дүгнэлт гаргаж өгч байна. Энэ ажил бага ч гэсэн хийгдээд явж байна.
-Танайх энэ чиглэлээр төмөр зам төдийгүй гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломжтой юм биш үү?
-Манайх одоогоор магадлан итгэмжлэлээ аваагүй байгаа учраас гадны байгууллагад ийм үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Бид итгэмжлэлийн материалаа өгсөн, итгэмжлэлийн ажлын хэсгийнхэн манай дээр ажиллаад залруулах ажлын төлөвлөгөө гаргаж өгсөн. Түүний дагуу бид залруулсан ажлын тайлангаа хүргүүлсэн. Стандарт хэмжил зүйн газрын Техникийн хорооны хурлыг хүлээж байна. Техникийн хорооны хурлаар манайхыг итгэмжилчих юм бол бид Хэмжил зүйн төв гэдгээрээ итгэмжлэл авах юм. Урд нь лабораториудаараа итгэмжлэл авч байсан. Магадлан итгэмжлэлээ авсан тохиолдолд гадны байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх бүрэн боломж бий.
Жишээ нь, барилгын компаниуд манайд арматур шинжлүүлэхээр хандсан. Барилгын стандарт ярьж байгаа энэ цаг үед стандартыг хангах гол зүйл энэ хэмжил зүйн оношилгоо юм. Магадлан итгэмжлэлээ авсан тохиолдолд үйл ажиллагаагаа тэлэх зах зээл байна гэж харж байгаа.
Мөн итгэмжлэлээ авчих юм бол итгэмжлэлийн хүрээнд дурдагдсан хэмжих хэрэгсэл, багажуудыг шалгаж баталгаажуулах боломжтой болно.
-Танайх багаж тоног төхөөрөмж, ажиллах хүчний хувьд хэр байгаа вэ?
-Замын санхүүгийн байдлаас болоод хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг хасах шаардлага гардаг. Хэмжил зүйн төвийн үндсэн үүрэг нь хэмжих хэрэгслээ шалгаж баталгаажуулах шүү дээ. Гэтэл үзлэг оношилгооны багажуудыг худалдан авах ажлыг хойшлуулсаар өнгөрсөн жил буюу 2023 оноос үл эвдэх сорилтын тодорхой хэмжээний багажуудаа авч чадсан. Ингэснээр бид үл эвдэх сорилтоор оношилгоогоо хийж эхэлсэн. Ер нь, УБТЗ-ын хэмжээнд шалгалт баталгаажилтад хамрагдах 400-500 өргөх механизм, даралтад сав, багаж хэрэгсэл байна. Нэг ёсондоо төрөл бүрийн кран, домкрат, даралтад сав, уурын зуухны даралтад сав гэх мэт.
Бид судалгаа хийгээд энэ жил 75 даралтад сав, өргөх механизмд үзлэг оношилгоо хийхээр ажиллаж байна. Гэхдээ хүн хүчний хувьд дутагдалтай байгаа. Манайх дандаа хэмжих хэрэгсэл, шалгалт, тохируулга, баталгаажуулалт хийдэг ажилтнуудтай. Оношилгоо сорилт хийдэг хоёрхон ажилтантай. Гэтэл үл эвдэх сорилтын оношилгоо нь багийн ажиллагаа шаарддаг. Ажлын хэмжээнээс хамаараад 2-4 хүн ажиллах шаардлага үүсдэг. Тийм ч учраас Замын даргын үзлэгийн комисст бид үл эвдэх сорилтын нэг инженер, хоёр операторын орон тоог нэмж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Бид одоогоор байгаа нөөц боломжоо ашиглаад өөр ажил эрхэлдэг ажилтнуудаа явуулж байна. Ажлын байрны тодорхойлолтод нь “Шаардлагатай үед үл эвдэх сорилтын оношилгоо хийнэ” гээд тусгаад өгчихсөн учраас ийм байдлаар ажлаа явуулж байна. Ер нь, манай ажилтнуудын ихэнх нь үл эвдэх сорилтын нэгдүгээр түвшний эрхтэй. Нэг ёсондоо үл эвдэх сорилтын багаж дээр ажиллах операторын үүргийг гүйцэтгэж, үзүүлэлтүүдийг тэмдэглэж аваад 2-3 дугаар зэрэгтэй ажилтанд өгч дүгнэлт гаргуулдаг гэсэн үг.
-Ингэхэд танайхыг үл эвдэх сорилтын чиглэлээр Монголдоо анхдагч үйл ажиллагаа явуулж байгаа төв гэж сонссон санагдах юм?
-Тиймээ, манайх одоогоор Монгол Улсдаа үл эвдэх сорилтын багаж тоног төхөөрөмжийг шалгаж, баталгаажуулдаг цорын ганц байгууллага. Үүгээрээ бид бахархах ёстой. Бид эхлээд дотооддоо ашиглагдаж байгаа 40 гаруй багажийг шалгаж баталгаажуулалтад хамруулсан. Итгэмжлэгдээгүй ч гэсэн. Яагаад гэхээр манайд анхны улсын шалгагч нар нь байна. Монголд өөр ийм эрхтэй улсын шалгагч байхгүй гэсэн үг. Ер нь, үл эвдэх сорилтын багаж шалгаж тохируулж, баталгаажуулах эрхтэй улсын шалгагчаар дөрвөн хүн бэлтгэсэн. Манайд одоо тэднээс хоёр нь ажиллаж байна. Энэ хоёр ажилтан маань Монгол Улсын анхдагч үл эвдэх сорилтын III түвшний улсын шалгагч нар. Дүгнэлт гаргах, стандарт боловсруулах эрхтэй. Өнгөрсөн оны сүүлчээр соронзон бөөмийн сорилтын чиглэлээр итгэмжлэлээ авсан. Соронзон бөөмийн сорилтын багаж тоног төхөөрөмжийг шалгаж, баталгаажуулах эрхтэй гэсэн үг. Хэт авианы чиглэлээр итгэмжлэлээ авахаар материалаа өгчихсөн. Одоо хуйларсан гүйдэл, доргионт оношилгоотой болох талаар яригдаж байгаа. Гэхдээ доргионт оношилгоо УБТЗ-д хэрэглээ ихтэй ч багаж нь цөөн байдаг. Цөөн багажийг баталгаажуулахын тулд их хөрөнгө зарах хэрэгтэй юу гэдэг асуудал бас бий.
Манай хэмжил зүйн төвийн үл эвдэх сорилтын лабораторид энэ оны тавдугаар сард Ази-Номхон далайн орнуудын итгэмжлэлийн хороо (APAC) болон Үндэсний итгэмжлэлийн төвийн төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, лабораторийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгсөн.
Энэ жил дулаан хэмжих хэрэгсэл буюу эсэргүүцлийн термометрийг шалгаж баталгаажуулах ажлыг эхлэх гээд бэлтгэж байгаа. Багаж нь бэлэн, хүнээ сургаж бэлтгэнэ.
Үүнээс гадна манайх даралтын манометрыг шалгаж баталгаажуулж байгаа. Бид уурын зуух болон илчит тэрэгний манометрүүдийг шалгаж баталгаажуулж байсан бол одоо хүчилтөрөгчийн манометрийг шалгаж баталгаажуулахаар тоног төхөөрөмжийг нь авсан. Гэтэл УБТЗ-д хүчилтөрөгчийн манометрүүдийн хугацааг нь дуусгаад шууд шинээр сольдог юм байна. Үүнийг яаж шийдэх вэ гэж асуудал байна. Уг нь, энэ ажлыг бид хэрэгжүүлж эхэлбэл эдийн засгийн хэмнэлт гарах юм. Манайх бас вагон жин баталгаажуулдаг. УБТЗ-д нийтдээ 15 вагон жин байдаг. Хувийн хэвшил болон бусад төмөр замуудад нийлээд 70 вагон жин байдаг. Эдгээр вагон жингийн шалгалт баталгаажуулалтыг манай төвийн улсын шалгагч, техникч хоёр л хийж байна. Монголд ганцхан манайх хийдэг.
Төмөр замын царигийн өргөн болон өндөрсөлтийг хэмжигч ЦУП төрлийн ажлын эталоныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн шалгаж, баталгаажуулж эхэлсэн гээд яривал олон шинэ ажлыг хийж эхэлсэн.
-Ер нь, танай төвийг анх байгуулагдахад ийм байгууллага хэрэгтэй юмуу гэх хүн ч байсан. Одоо эргээд харахад танай үйл ажиллагаа УБТЗ-д эдийн засгийн хэмнэлт гаргах, бас гаднаас ашиг орлого олох боломжтой санагдлаа. Энэ талаар та өөрийн дүгнэлтийг хэлэх хэрэгтэй байх?
-Манай УБТЗ ХНН тээврийн үйл ажиллагаанаас орлого, ашиг олдог бизнесийн байгууллага. Тиймээс ч салбар нэгжүүдийг орлого, ашигтай ажиллахыг шаарддаг болов уу. Эдийн засгийн үр ашгийг ганцхан мөнгөн дүн, орлогоор хэмжих нь учир дутагдалтай. Тэр тусмаа манай төвийн хувьд ашиг орлого олохоос илүү ГТХАБ-ыг найдвартай хангахад бидний үйл ажиллагаа чиглэдэг.
Өнөөдөр УБТЗ-д оруулж байгаа эдийн засгийн үр ашгийг ГТХАБ-ыг хангахад үзүүлж буй нөлөө, гадагшаа урсаж байсан мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэж байгаа зэргээр авч үзвэл тодорхой тоо гарна. Жишээ болгож, би хэдэн хэмжих хэрэгсэл дээр ярья. 2023 онд бид 1002 төмөр замын зориулалтын тусгай хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтын ажлыг хийсэн. Хэрвээ эдгээр тусгай хэмжих хэрэгслийг ОХУ-ын хэмжил зүйн лабораториуд руу явуулсан бол зөвхөн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгын зардалд 4 798 322 рубль буюу 174 802 870 төгрөгийг зарцуулах байсан. Бид өөрсдийн нөхцөлд эдгээр 1002 хэмжих хэрэгслийг 71 294 246 төгрөг буюу ОХУ-д хийлгэх зардлаас 103 508 624 төгрөгөөр бага зардлаар шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтад хамруулсан байна. Мөн үл эвдэх сорилтын 145 багажийг ОХУ руу явуулж шалгалт баталгаажуулалтад хамруулсан бол зөвхөн шалгалт баталгаажуулалтын зардалд жил бүр 98000 рубль буюу 3 570 140 төгрөгийг зарцуулахаар байна. Мөн тээврийн зардал, хоног хугацаа гээд шууд болон шууд бус зардал гарна. Энэ төрлийн багаж төхөөрөмжийг ОХУ руу шалгалт баталгаажуулалтад явуулахад 3-6 сар болдог судалгаа байдаг. Энэ хугацаанд засварын үйл ажиллагаанд доголдол үүсэж, чанаргүй бүтээгдэхүүн гарах магадлал өснө.
Нөгөө талаар, Хэмжил зүйн төв маань магадлан итгэмжлэлээ авчихвал орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ер нь, Хэмжил зүйн байгууллага төсвөөс санхүүждэг. Орлого олбол төв байгууллага юмуу, Шадар сайдын зөвшөөрлөөр орлогоороо ажлын эталон материаллаг баазыг бүрдүүлээд, сайжруулаад явдаг юм билээ.
Манай хамт олон орлого олох чиглэлээр чамгүй олон ажил зохион байгуулсны үр дүнд 2023 онд нийт 7141 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, 44 тоног төхөөрөмж, металлын сорьцод үл эвдэх болон эвдэх сорилтын аргаар үзлэг оношилгоо хийж, нийт 692 403 036 төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Үүнийг 2022 онтой харьцуулахад 362 915 504 төгрөгөөр илүү орлоготой ажилласан байна. 2023 онд бид гадны байгууллагад үйлчилгээ үзүүлж, 166 131 492 төгрөг олсон.
-Бусад төмөр замууд танайд хандах юм уу? .
-“МТЗ” ТӨХК, “Монголиан транс ложистик” ХХК, “Бодь интернэшл”-ийн “Инкон” ХХК, “Тавантолгой” ТӨХК, мөн вагон жинтэй компаниудтай гэрээ байгуулж ажиллаж байна.
Мөн төмөр замын үйл ажиллагаа эрхэлдэггүй бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлуудыг хийж байна. Иргэний нисэхийн үндэсний төвийн хэмжил зүйн лаборатори гэж байдаг. Тэр лабораторийн нээлттэй хаалганы өдөрлөгт манай төвийнхөн урилгаар оролцсон. Зарим чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсан. Тус лабораторийн дарга нь манай төвийн үйл ажиллагаатай ирж танилцсан.
“Эрдэнэт” үйлдвэрийн Хэмжил зүйн товчооныхонтой бас нягт холбоотой ажиллаж байна. Тэр товчооны дарга нь манай төв дээр хэд хэдэн удаа ирсэн.
Саяхан УБТЗ-ын хэмжээнд хэмжил зүйн оношилгоо, сорилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажилтнуудынхаа төлөөллөөс бүрдүүлсэн багийг “Эрдэнэт” үйлдвэртэй танилцуулсан.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
Б.Гүнжинлхам