Замын аж ахуйн албаны их засвар хариуцсан инженер Д.Төгсжаргалаас энэ жил үер уснаас сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар тодрууллаа.
- Жил бүрийн хавар шар усны үерээс урьдчилан сэргийлэх, зам байгууламжийг үер уснаас хамгаалах ажил төлөвлөж, гүйцэтгэдэг. Өнөө жилийн шар усны үерийн эрсдэлтэй үе өнгөрч байна гэхэд болно.Энэ оны хувьд хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны хооронд, мөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд хоёр удаа гол зам болон салбарласан замуудад тууш үзлэг хийхдээ нийт 1616 хиймэл төхөөрөмжид үзлэг, шалгалт хийсэн. Уг үзлэгээр 250 хиймэл төхөөрөмжийн оролт, гаралтыг цэвэрлэж, хэвийн болгосон.Ер нь, хаврын шар усны үерийн болон зуны бороо хуртай улиралд төмөр замын байгууламжийг арчлах тухай Замын даргын тушаал жил болгон гардаг. Энэ оны гуравдугаар сарын 22-нд Замын даргын А-291 тоот тушаалаар зуны улиралд үер усны үзлэг шалгалтыг хэрхэн зохион байгуулах, нөөцийн материалуудыг яаж бэлтгэх, үер усны улиралд ажиллагсдын хөдөлмөр зохион байгуулалтыг хэрхэн хийх зэргийг тусгадаг. Өнөө жил үер усны чиглэлээр 13 заалттай төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөний гүйцэтгэл 88 хувьтай байна.
- Болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлын үед хэрэглэх нөөцийн материалуудын бэлтгэр хэр хангагдсан бэ?
-Үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангахдаа хөдлөх бүрэлдэхүүнд нөөцийн материал ачиж өртөөдөд байрлуулдаг. Энэ жил Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Чойр, Сайншанд өртөөнд тус бүр нэг вагон нөөц дэр мод, мөн Сүхбаатар, Зүүнхараа гэх мэт томоохон өртөө, зангилаадад нийт 25 вагон үерийн нөөцийн чулууг тавцант вагонд, 22 вагонд хайрга шороог ачиж бэлэн байдлыг хангасан.
-Өнөө жил ус зайлуулах хоолой, гүүр шинээр барих уу?
-Жил бүр төмөр замын дагуу хийгдсэн ус зүйн тооцооллын дагуу хиймэл байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үер уснаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэмэлт төхөөрөмж буюу хоолой, гүүр барих ажлуудыг төлөвлөн, гүйцэтгэдэг. Өнгөрсөн онд л гэхэд зургаан газар шинээр төмөр бетон хоолой барьсан. Энэ жилийн хувьд таван газар барих төлөвлөгөөтэй байгаа.
Одоогоор, санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдээгүй байна. Шийдэгдвэл бид зураг төслөө хийгээд гүүр хоолойгоо барина.
-Үерийн ус зайлуулах нэг хиймэл төхөөрөмж барих төсөв хэд орчим байдаг бол...?
-Тухайн хоолойн загвар, хэмжээнээс шалтгаална. Өнгөрсөн жил бид 2х2.5 м–ийн төмөр бетон хоолой барихад өртөг нь 200-250 сая төгрөг болж байсан.
-Замын аль хэсэг үерийн эрсдэл өндөр байна гэж үздэг вэ?
-2000-аад оны эхээр Японы зээлийн хөрөнгөөр хойд замд буюу Сүхбаатараас Багахангай хүртэл үер уснаас хамгаалах байгууламж барих төсөл хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнд хойд хэсэглэлдээ хиймэл төхөөрөмж гүүр хоолойн асуудал харьцангуй сайн болсон. Сүүлийн жилүүдэд говийн хэсэглэлд ялангуяа, Багахангайгаас урагш хэсэгт зам үерийн нөлөөлөлд автах тохиолдлууд гарч байгаа. Манай албанаас сүүлийн 10 жилээр үер угаагдлын судалгаа гаргасан. Тэгэхэд долдугаар сард замын хойд хэсэгт, наймдугаар сард замын урд хэсэгт бороо түлхүү ордог. Үүнтэй уялдуулаад бид ажлын зохион байгуулалтаа хийж байна.
Дээр нь, Цаг уур орчны шинжилгээний газартай жил болгон гэрээ байгуулан,цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээ авдаг. Цаг уурын мэдээгДаваа, Лхагва, Баасан гарагт буюу долоо хоногт гурван удаа авдаг. Зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны хооронд хоёр хоног тутам цаг агаарын мэдээ авч ажилладаг. Үүнтэй уялдуулаад үерийн эргүүл томилох болон урьдчилан сэргийлэх ажлуудаа төлөвлөж, хийдэг.
Б.Гүнжинлхам