Өнгөрөгч наймдугаар сард болсон Замын IV ангийн мэргэжлийн баяраар Монгол Улсын Гавьяат тээвэрчин Дарьсүрэнгийн Сандагтай уулзаж, хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэе. Тэрбээр, УБТЗ-ын Замын аж ахуйн албанаас төрөн гарсан хоёр дахь “Гавьяат” цолтон бөгөөд төмөр замын тээврийн 39 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулснаас 31 жилд нь замын мастераар ажилласан юм.
-Сайхан намаржиж байна уу та, хоёул бага насны тань гэгээн дурсамжаас яриагаа эхлэх үү?
- Ах нь ерөөсөө л энд (Дорноговь аймгийн Эрдэнэ сум) төрж, өсөж, ажил хөдөлмөрөө эхэлж, гал голомтоо бадрааж, одоо ахмад насаа элээж явна. Би эхээс дөрвүүл. Эгчийг маань айлд өргүүлсэн болохоор би хоёр ахтайгаа өссөн юм. Бага насны дурсамж гэвэл ээж, өвөө, эмээдээ тус болж, малын зах дагаж л хүн болсон доо. Би гуравдугаар ангийн л боловсролтой хүн. Том ах Орос руу сургуульд явсан, удаах ах маань тав, би гуравдугаар ангийн сурагч байхад эмээ, өвөө хоёул зэрэг шахам тэнгэрт дэвшсэн. Ингээд л ижий минь амьдралын эрхээр арга буюу намайг сургуулиас гаргасан юм.
-Өрх гэрийнхээ гал голомтыг манаж, ээжийнхээ түшиг тулгуур болоход арай л балчирдах нас байж дээ?
-Нэг явдал Санаанаас ер гардаггүй нэг явдал бий. Цагаан сар дөхөхөөр л би ээжтэйгээ хамт борви бохисхийхгүй хөдөлнө. Тэр үед маш том дугуй боорцог хийдэг байсныг хэлэх үү 70 кг-ын нэг шуудай гурил аваад л дуустал нь боорцог хийнэ. Энэ ажил хоёр гурван өдөр тасралтгүй үргэлжилнэ. Би түлээгээ бэлтгэнэ, ээжийнхээ хайрсан боорцгийг эхнээс нь шуудайлна. Ээж бид хоёрыг тэгж мунгинаж байтал УАЗ-469 машин давхиад л ирлээ. “Дарьсүрэн гэж та юу? Гомбосүрэн даргын гэргий нь бурхан болчихлоо.Таныг яаралтай аваад ир гэлээ” гэв. Ээжийн маань төрсөн дүү нь л дээ. Ингээд нэг настай өнчирч хоцорсон охиныг нь харахаар ээж яваад өглөө. Тэр дүү маань сүүлд төмөр замчин болсон. Замын IV ангийн XII дугаар хэсэгт мастераар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан Отгонцэцэг шүү дээ. Тэр жил манайх нэгдлийн 1000 гаруй хонь маллаж байв. Дөрвөн улирал дамнаж зуд болсныг хэлэх үү, хамжаалж буусан айл маань өмнө нь мал төллүүлсэн туршлагагүй болохоор арай цөөлж, 800-г нь тасалж аваад нүүлээ. Ингээд би 200 гаруй хонь, нэг тэмээ, ганц нохойтойгоо хоцрохоор болов. Эзгүй нутагт торойж үлдсэнээс дээр гэж бодоод нөгөө айлаа гуйж, 1031 дүгээр км-ын баруунтаах Бортолгойд буугаад л аж төрсөн дөө. Орой хонио хотлуулан тэмээгээ гаднаа уяж, нохойгоо гэртээ оруулаад л унтана. Шөнө галт тэрэгний дохио чанга дуугарахад, хотонд чимээ өгөөд их сайхан санагддаг сан. Цагаан сар болох гэж байхад явсан ээж маань бараг хоёр сар гаруйн дараа буюу мал төллөж дуусах үеэр дүүг дагуулсаар ирсэн юм даг. Арван тав, зургаан настай хүүхэд гэхэд улсын хөрөнгийг дутаалгүй, хүлээж авсан хонио мэнд төллүүлсэн шүү.
- Та Монгол Улсын Гавьяат тээвэрчин хэмээх эрхэм алдрыг хүртэх хэмжээнд очтолоо хөдөлмөрлөсөн шүү дээ. Хоньчин хүү хэдийд нь төмөр замчин болов?
-1965 онд шиг санагдана. Ижийдээ нэмэр болох санаатай нэгдлийн захиргаанд очоод “Би ажилд ормоор байна” гэлээ. “Чи хэдэн настай вэ?” л гэж байна. “Арван тавтай...” гэхэд “Хөдөлмөр эрхлэхэд нас чинь арай болоогүй байна” гээд халгаасангүй. Гэтэл тухайн үед манай сумын агент байсан хүн “Наад хүү чинь тэмээ хөтлөөд явж чадах байлгүй дээ, ав, ав” гэх нь тэр. Ингээд л би цэргийн албанд татагдах хүртлээ тэмээ хөтөлсөн дөө. Халх голд цэргийн алба хааснаараа их бахархаж явдаг юм. БНМАУ-ын Баатар, Ховд аймгийн Дарви сумын харьяат Пунцагийн Чогдон, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Самдангийн Төмөрбаатар гээд хоёр баатрын гар дамжсан цэрэг шүү гээд бодохоор бахархахгүй байхын аргагүй. Тухайн үед Хил хамгаалах байгууллагын 40 жилийн ой тохиож, БНМАУ-ын Баатар Дүгэрийн Гуулин гуай манай ангиар зочилж байлаа. Хөдөөгийн малчин байрын их намбалаг төрхтэй өвгөн байж билээ. Намайг хугацаат цэргийн албаа хаагаад ирэхэд ах маань Замын бригадын даргаар ажиллаж байсан. Д.Санзайжав мастер гэхээр замынхан ахыг минь андахгүй дээ. Замын IV ангийн нэгэн үеийн бригад, мастеруудыг бүгдийг нь тэр хүн бэлтгэсэн. Эгчийн маань нөхөр Булган аймгийн харьяат н.Даваа гэж хүн Замын мастераар ажиллаж байхдаа ахыг төмөр замчин болгосон юм билээ. Ингэж л би Замын ангийнхаа алтан босгоор алхан орсон түүхтэй. Тэр цагаас хойш долоон жил замчин, үлдсэн 31 жилд нь Замын мастераар ажилласан. Би сүрхийдээ биш ээ. Хэдэн бор замчдын минь л буян юм даа.
-Замчны ажлыг залуу насны хүчээр л хийдэг гэж ярих нь олон бий. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Замчдын ажил хүнд шүү. Бидний үед техник тоног төхөөрөмж хомс. Говийн нар төөнөхөөс өмнө ажлаа алхам ч атугай урагшлуулна гээд л үүр хаяарахаас өмнө гарцгаадаг байлаа. Өнжин ажиллаад үдэш нь цүпний тэгш ус харагдахгүй болох үед л ажлаас бууна. Заримдаа чүдэнз зураад л тэгш усаа хардаг сан. Бидний залуу нас ёстой л хоёр нарны хооронд өнгөрсөн. Тухайн үеийн мастер, бригадууд төмөр замаа өнөөгийн хэмжээнд хүртэл бэхжүүлэхийн төлөө өөрийн гэсэн бүхнээ харамгүй зориулсан даа. Би бол ёстой л усан практикийн хүн. Мундаг улсуудын л буянд өдий зэрэгт хүрсэн. Ялангуяа, замын мэргэжилд “Алгаараа харж, арваараа барина” гэдэг үг хамгаас чухал санагддаг.
-Таны үеийн удирдах, удирдуулах арга барил арай өөр түвшинд байсан, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Жинхэнэ захиргаадалтын нийгэм шүү дээ. Ухамсрын шанаа авах нь хэвийн үзэгдэл. Үнэхээр буруу зүйл хийсэн бол шанаа авсан ч элдэв юм болоод байхгүй. Ер нь, манай үеийнхэн “Би энэ ажлыг дөмөгхөн шиг л хийхгүй бол аав, ээж, ах дүүгийн минь нэр муугаар дурсагдана” гэдгийг үргэлж л дотроо боддог байсан байх. Адаглаад л анх ажилд оруулсан хүнийхээ нэрийг олны дунд хөөдөхөөс чухам айна. Тэгээд ч тэр үеийн хүмүүс хүнийг загнасан ч заавал алдаа дутагдлыг нь хэлж өгнө. Яг юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй толгой түрийгүй загнаж байгаад явчихдаг хүмүүс байдаг л юм. Тэр бол хүнд юм заах, удирдах арга барил огтоос биш шүү дээ. Орчин цагийн соёлт нийгмийн залуус маань ийм бүдүүлэг арга барилаас хол байх хэрэгтэй.
-Төрж, өссөн унаган нутаг тань учраас та говьдоо илүү тогтвор суурьшилтай ажилласан байх, тийм үү?
-Зам гэж агуу юм. Тэр дундаа говийн замчид гэдэг шандас заасан хийморьтой хүмүүс. Хүнээр хүн хийнэ гэж ярьдаг даа. Дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн залуусыг төмөр замшуулж, эзэмшсэн мэргэжилд нь хайртай болгоно гэдэг их ухаан шүү. Аргадна, зэмлэнэ, сайшаана гээд ёстой л “Бөөрөнхийлнө, хавтгайлна” гэдэг шиг. Хэзээ нь хэрхэн харьцах вэ гэдгийг алхам тутамдаа бодно. Шөнө унтахаар хэвтэхдээ ч шинэ залуусын юу нь болж, юу нь болохгүй байгааг мастер хүн бодож байдаг. Түрүү үеийн хүмүүсийн хэлдэг байсан үгийг эргэцүүлэн бодох тусам ямар их ухаан зардаг байж вэ гэдгийг нь биширдэг. Наанаа ширүүлэвч буулт нь дандаа зөөлөн, зөвхөн ажлыг нь биш тухайн хүний амьдралыг нь бодож зөв зүгт чиглүүлсэн байдаг.
-Таны ажиллаж байх үед байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл их тохиолддог байв уу?
- Өнөөгийнх шиг үер усны гамшиг болоогүй ээ. 1980-аад онд шиг санагдана. Сайншандын цаахантайх Алгын гүүр усанд автсан юм даг. Тухайн үед хоорондын замд зорчиж явсан галт тэрэгний зүтгүүр нь гүүрээр гараад, арынх нь тээшний вагон унасан. Сэргээн босголтод Зүүнбаянгийн цэргийн ангийнхан дайчлагдаад оччихсон их сүртэй юм болж билээ. Замаас гарч унасан тээшний вагонд Энэтхэг билүү дээ нэг гадаад хүн байж таарсан. Гараа сарвалзуулаад л орилоод байсан. Шуудан зөөгч, аль эсвэл элчин сайдын яамны ажилтан л байсан юм болов уу. Гарт нь гавласан цүнх тасраад ойччихсон болохоор тэгж сандарсан байх. Ингэж л би төмөр зам үерийн усанд угаагддагийг анх харсан. Намайг ажилд орохоос өмнө бас тэр хэсэг усанд автаж байсан гэсэн. Энэ жил ч тэр орчимд л зам угаагдлаа шүү дээ.
-Танай ангийн мэргэжлийн баяраас анзаарагдсан нэг зүйл нь мастеруудаа хүндэлж байгаа байдал. Ангийн удирдлагын хэмжээнд ч мастерууддаа их итгэл хүлээлгэж, гаргасан санаачилгыг дэмждэг нь онцгой санагдлаа?
-Тийм шүү. Замын мастер, бригадын дарга нарыг сайн ажиглаарай. Ихэвчлэн л халзан толгойтой, нүд нь улайсан хүмүүс бий. Миний үед ч тийм л байлаа. Говийн наранд улайстлаа халсан зам төмрийг өнжин ширтэж алхана гэдэг хүсэх зүйл биш. Ажил мэргэжлийн энэхүү онцлогоос шалтгаалж л замын мастер, бригад хүмүүс эрт халцарч, нүд нь улаан болдог. Яг үнэнийг хэлэхэд, хэр баргийн хүн замын чигийг жинхэнээсээ харж чаддаггүй. Ерөнхийд нь, багцаалдаж хараад л явдаг. Яг жинхэнээсээ мэрийвэл нэг хүн өдөрт сайндаа 10 чиг л харна. Удаан чиг харахаар нүдний ухархайгаар хатгаж өвдөөд тэсэхийн аргагүй болдог. Би дөнгөж мастер болоод байсан үе. Хэрэндээ л хичээгээд байгаа боловч нэг л болж өгдөггүй. Хашир туршлагатай замын мастер өвгөчүүд замын хажууд суучихаад л “Чи тэнд дутуу харсан байна. Төдөн мм-ийн алдаа байна” гээд л загнана. Хэмжээд үзэхээр яг л байна. Чиг харсан газраа эргээд нягтална. Бас л олж харахгүй... Өвгөн мастерууд бол 50 метрийн дотор 1-2 мм-ийн зөрүү байхыг алдахгүй харна шүү дээ. Бидний өмнөх үеийнхэн ихэвчлэн малчны хотноос төмөр замчин болсон хүмүүс. Малаа хариулж явахдаа Оросуудын хийж байгаа төмөр замын ажлыг сонирхсоор түүндээ татагдаж, сүүлдээ дохиочин хийж, замын ажлыг дадлагаар л сурсан хүмүүс. Оросуудтай дохио зангаа хослуулан харьцсаар байгаад хэл сурчихсан байх жишээтэй. Хүнээ таньж, газраа мэдэхээс эхлээд Монгол хүний онцлог чанар гэдэг аль ч улс үндэстэнд давтагдахааргүй онцгой зүйл юм даа. Морио унаанд хоёрхон жилийн хугацаанд баруун Европыг дайлаар мордчихоод ирж байсан агуу дээдсийнхээ түүхтэй харьцуулбал өнөөгийн бидний үзэж өнгөрүүлсэн, одоо туулж яваа бүхэн хаана нь ч хүрэхгүй л дээ.
-Замын мастерууд ар гэртээ зориулах цаг заваар хомс байдаг юм шиг санагддаг?
-Миний алдаа гбайх даа, хүүхдүүдээ л сургууль соёлд явуулж чадаагүй юм даа. Төмөр замын ажил дундрах биш. Байнга л гэнэтийн ажил гарна. Томилолтоор явах болно. Би гэж хүн ажлын хэт хэнээтэй байсан юм уу юм бүхний түрүүнд л ухасхийнэ. Гэрээ мартсан гэсэр шиг үргэлж замд яваад байхаар хүүхдүүдийн сурлага хүмүүжил хоцрогдолгүй яах вэ дээ. Хүүхдүүдээс минь нэг нь ч дээд сургууль төгсөөгүй. Үнэндээ, би замдаа мундаг амьтан гэгдээд явсан болохоос биш хүүхдүүддээ сайн аав байж чадаагүй юм билээ. Гэхдээ яах вэ хүүхдүүд минь хувь хувьдаа өөрсдийнхөө амьдралыг болгоод л байна. Сайн ханийн минь л буян юм даа. Эр хүн амьдралдаа сайн ханьтай учирсан бол бусад зүйл аяндаа болдог. “Сайн хань хурааж, муу хань тараадаг” гэж үнэн үг шүү. Он жил улирах тусам тэнгэрт дэвшсэн ханийгаа их бодох юм...
Миний хань Төв аймгийн харьяат сувилагч мэргэжилтэй хүн байлаа. Надтай ханилснаасаа хойш замд дагаж, үр хүүхдүүдийг минь өсгөж, хүмүүжүүлж, миний арыг баттай дааж ирсэн дээ.
-Танай хүү аавынхаа мэргэжлийг өвлөсөн гэж сонссон?
-Хурдны морь удам дагадаг шиг мастерын хүүхдүүд ер нь л мастер болдог. Хүү, охин ялгаагүй. Замын мастерын зовлон жаргалыг хамгийн сайн мэддэг хүмүүс бол яах аргагүй тэдний хүүхдүүд шүү дээ. Гэхдээ хүн хүний бодож сэтгэх өөр юм хойно нэг хэсэг нь аавынхаа мэргэжлээр бахархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэхийг зорьж байхад нөгөө хэсэг нь “Аав гэж хэнхэг нь дэндсэн хүн” гэж дүгнэдэг байх. Би дөрвөн охин, гурван хүүтэй. Хүүхдүүдээ бүгдийг нь замын ангиараа дамжуулна гэж бодож явсан үе надад бий. Гэсэн ч, Дүүрэнбаяр хүү минь л миний мэргэжлийг өвлөж явна даа. Одоо Замын IV ангидаа дундын ахлахаар ажиллаж байгаа. Уг нь гурван хүүгээ замын мэргэжилтэй болгосон ч нэг нь л тогтож үлдсэн. Тэдний минь буруу ч гэж юу байх вэ. Яг үнэндээ замын мэргэжил нь хүн бүрийн дурлаад байх ажил биш. Халуунд халж, хүйтэнд даарна. Байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд замчин хүн замаа дагаад л алхаж явдаг. Бидний үе өнөөгийн цаг үе хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Дээрээс нь би өөрийнхөө хүүхдүүдэд илүү өндөр шаардлага тавьж, илүү ихийг ойлгуулахыг бодно. Дарга удирдлагаар нь загнуулна, арга хэмжээ авахуулна гээд л... Миний хүүхэд гээд эвийлж, энхрийлээд байвал юу сурах вэ, бусад хүмүүс юу гэж хэлэх вэ. Зарчмын шаардлагыг давбал төмөр замчин болно. Давж чадахгүй бол эртхэн өөр арга бодсон нь дээр. Амьдралын үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Ийм л бодолтой явдаг хүн,би.
-Та ярилцлага эхэлснээс хойш төрсөн аавынхаа тухай огт дурссангүй?
-Төрсөн аав минь лам хүн байлаа. Аав, ээж хоёр маань удаан ханилаагүй юм билээ. Аав минь бурханы номдоо шамдаж, даяанч хийж яваад сүүлд өөр хүнтэй ханилсан. Гэхдээ үргэлж уулзана. Эцгийн хайраар дутаагаагүй. Би ч аавтайгаа уулзах дуртай. Намайг очмоор байна гэхэд л аав минь өвөл, зун хамаагүй морь, тэмээ хөтөлж ирээд авдаг сан. Аавындаа байх хоёр, гурав хоногийн хугацаанд баригдахгүй хонь ямааг нь барьж, холбож өгнө. Хөгшин нь хонь, ямаагаа сааж сайхан тараг бүрнэ. Би гэрийн хаяаг шуучихаад л аавтайгаа хөзөр тоглоно. Эцэг хүний үрээ бодох ухаан гэдэг агуу юм билээ. Нэг удаа аавындаа очоод байтал холоос мундаг лам ирнэ гэв. Маргааш суудлаас буухад нь тосож авна гээд л аав минь хөгшинтэйгөө хоёул идээ будаа бэлтгээд сүйд боллоо. Тэгснээ, гэв гэнэт “Миний хүү бурхан болсон хүнээс айх уу?” гэж асуув. “Айна аа” л гэлээ. Аав өөр зүйл хэлсэнгүй. Тэр өдөр өөрийнхөө хуучин эмээлийг засаж, янзлаад л байв. Маргааш нь “За миний хүү морио унаж үзэх үү?” гэж байна. “Тэгье” л гэлээ. Нөгөө засаж янзалсан эмээлээ моринд минь тохож өгөөд л Хангинуурын даваан дээрээс намайг үдэж билээ. “За миний хүү уруу газар давхиж болохгүй. Зөөлөн шогшоод буугаарай” гээд араас ном уншаад хоцорсон... Тэгээд л аавтайгаа уулзаагүй дээ. Намайг явсны дараа нөгөө лам нь ч ирсэн юм билээ. Аав тэр хоёр 50 жил уулзаагүй дурсамжаа хүүрнэж, хэлмэгдүүлэлтийн үед баригдах гэж байсан тухайгаа хуучилж, хамтдаа ном хурсан гэдэг. Гэртээ очоод ердөө хоёрхон хонож байхад аав минь бурхан болсон тухай мэдээ ирсэн. Ер нь, хүн бага залуу байхдаа ахмад настай хүнийг үглэж байна гэж төвөгшөөдөг. Гэтэл хэлсэн үгийг нь хэзээ хойно эргэцүүлж бодох тусам ямар гайхамшигтай ухаан шингээсэн сургаал хайрласныг нь ухаардаг юм билээ. Бүхнийг өнгөрсний дараа ухаардаг нь хүн гээч амьтны төрмөл зан л юм даа.
-Монгол Улсын Гавьяат тээвэрчин хэмээх эрхэм хүндтэй цолыг гардаж авах мөчид танд юу бодогдож байв?
-Үгээр илэрхийлэх аргагүй. Баярлах шиг. Бас энэ их хариуцлагыг тэтгэвэртээ суух нь дөхсөн өвгөн би яаж даана гэж бодохоос айх шиг их сонин мэдрэмж юм билээ. Бидний залуу үед шагнал урамшуулал гэдэг зүйл “өдрийн од” шиг байлаа. Уг нь Баатар, Гавьяат гээч шагналыг нүүр бардам авах хэмжээний хөдөлмөрч хүмүүс тэр үед маш олон байсан даа. Ажил удирдагч нар эр,эм, хөгшин залуугүй бүгд орос хэлтэй. Оросууд ч манайханд их зүйлийг зааж өгсөн дөө. Би хувьдаа МУГТ Г.Вандандагва даргыг Замын дарга болоосой гэж дотроо боддог байлаа. Мэргэжлээрээ өндөр хэмжээнд бэлтгэгдсэн, УБТЗ-ынхаа онцлогийг маш сайн мэддэг. Ялангуяа, замын суурь бүтцийг бүрэн гартаа оруулсан хүн шүү дээ. Утасны харилцуур аваад Замын удирдлагуудтай маш чухал асуудлаар ярьж байсан атлаа дэргэд нь илтгэл тавиад зогсож байгаа мастеруудын нэг ч үгийг орхигдуулалгүй сонсож, ойлгосон байдаг тийм л сийрэг ухаантай, ховор ойтой хүн шүү дээ. Миний хамгийн сүүлийн дарга А.Оргодол. Ангийн дарга маань намайг гавьяаны амралтаа авах үед үргэлжлүүлэн зөвлөхөөр ажиллахыг санал болгосон. Тэгээд би хэсгийн мастерууддаа чаддаг, мэддэгээ зааж өгсөн. Ялангуяа зам төмрийн хурц гэмтэл гарсан цэгүүдэд очиж ажиллана. Жил орчим хугацаанд ажилласан. Сүүлдээ Замын хэмжээний зөвлөх болж бүх ангиар явж өөрийн үеийн ажиллаж байсан арга туршлагаасаа мэргэжил нэгт нөхдөдөө заахыг хичээсэн. Миний бусдад зааж зөвлөнө ч гэж юу байх вэ. Үе үеийн Замын удирдлага, эгэл жирийн замчин нөхдөөс минь өгсөн энэ их хүндэтгэлийн өчүүхэн хэсгийг ч болов өөрийн чаддагаараа хариулах юм сан л гэж одоо ч их боддог доо.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Б.Дэлгэрхишиг