Вагоны ашиглалтын депогийн харьяа Сүхбаатар ТҮГ энэ онд дотоод болон гадаад вагоны засвар хэр хийсэн, энэ нь өмнөх онтой харьцуулахад ямар байгаа талаар тус ТҮГ-ын дарга Д.Сайханчимэгтэй ярилцлаа.
-Энэ жил танай ТҮГ-ын ачаалал хэр байв?
-Манайх оны эхний 11 сарын байдлаар 5814 галт тэрэг хүлээн авч, 5500 галт тэрэг явуулсан. Үүнд зорчигчийн 18525, ачааны 487460, нийт 505983 вагонд техникийн бүрэн үзлэг хийлээ. Нийт 1906 вагоныг ачилтад бэлтгэж өгсөн. Салгалттай урсгал засварыг 28, салгалтгүй урсгал засварыг 40243 вагонд хийсэн. Үүнээс 11023 вагонд тоормосын тохируулга гэхэд 5853 вагоны сийгэлт арилгасан. Хилээр 2445 галт тэрэг, ачааны 103448 вагон хүлээж авсан. Хүлээж авах галт тэргэнд үзлэг хийх технологит хугацаа 120 минут байдаг ч хүн хүчнээс шалтгаалж хэтэрдэг. Харин зургадугаар сард дөрвөн орон тоо нэмэгдэж, хойноос хүлээн авч буй галт тэргэндээ долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулснаар хугацаа хэтрэхгүй болсон. Хүлээж авсан вагоноос 40978-д нь засвар үйлчилгээ хийсэн. Замын даргын энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний А/351 тоот тушаалын дагуу ачааг гэмтээхгүй, ГТХАБ-ыг хангахуйц зарим вагоныг буцаахгүйгээр хүлээж авч байгаа. Өмнө нь буцаадаг байсан. Хойш нь буцаах вагоны тоог багасгаснаар вагоны эргэлт сайжирсан. Ер нь, хүлээж авсан галт тэрэг өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн.
-Техникийн гэмтлээр буцаасан вагон олон уу?
-Өнгөрсөн онд 55 вагон буцаасан бол энэ онд 75 болсон. Дорнод Сибирийн төмөр замын ВЧД-10, Наушки ТҮГ-тай бид хамтын ажиллагааг сар бүр хийдэг тул техникийн гэмтэлтэй вагоны тоо цөөрсөн. Өнгөрсөн онтой харьцуулахад өссөн мэт харагдавч хойноос орж ирсэн галт тэрэг 32.6, вагоны тоо 33.1 хувиар нэмэгдсэнтэй холбоотой. Мөн хойш нь өгч буй галт тэрэг, вагон тус бүр 36 хувиар өссөн. Үүнийгээ дагаад бидний засварын ажил маш их нэмэгдэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар хойноос хүлээж авсан вагонд 25746 засвар хийсэн бол энэ онд 37907 болсон. Үүнд тоормосын тохируулга маш их хийдэг. Мөн агаар хуваарилагчийн суллах жолоо, боолт гайх тавьж, сийгэлт их арилгадаг. 37907 засвар үйлчилгээ гэдэг нь манай хувьд хамгийн өндөр үзүүлэлт. Вагон ашиглалтын депогийн хэмжээнд хийдэг засвар үйлчилгээний 70 орчим хувийг нь манайх гүйцэтгэдэг. Есдүгээр сард дахин дөрвөн орон тоо нэмж өгснөөр ээлжиндээ 14-үүлээ ажилладаг боллоо.
-Энэ онд хойш нь 75 вагон буцаасан гэлээ. Ихэвчлэн ямар гэмтэлтэй вагонууд байсан бэ?
-Шингээх аппаратын урд тулгуур булан хоорондын зай 50 мм хүртэл бол хүлээж авна гэж заасан байдаг. Харин 50 мм-ээс дээш гарсан тохиолдолд ихэвчлэн буцааж байна. Хос дугуйн 13 гэмтлийг буцаалаа. Үүнд дэл нь нимгэрсэн, чирэгтэй, ховхролттой, гүүшин гэмтэлтэй байсан. Мөн авто угсраа, разетка цавтай гурван вагон буцаалаа. Харин шингээх аппараттай холбоотой 17, тэргэнцрийн есөн гэмтэл буцаасан байна. Тэргэнцэрт ихэвчлэн пүрш цавтай, дутуу, гулсагчийн хайрцаг эвдэрсэн, өсгийвч цавтай байсан. Тэвшний хувьд хазайлттай, нугас төмрийн дамнуур цавтайгаас буцсан вагонууд ч бий. Түүнчлэн, тоормосны байдлаар 23 гэмтэл буцаасан. Харин гэмтэлтэй нөөц сав, тоормосны цилиндр гэх мэт хөнгөн гэмтлийг буцаалгүй хүлээж аваад засварладаг болсон.
-Засварласан вагоны тооцоог ОХУ-ын талтай хийдэг үү?
-Үүнийг саяхан Эрхүүд болсон гурван улсын уулзалт дээр Вагоны аж ахуйн албаны дарга маань хөндсөн. Тиймээс арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хийж буй ажилбаруудын үнэлгээг албаны болон Вагон ашиглалтын депогийн эдийн засагч нар гаргаж байгаа. Цаашид төлбөр тооцоог нэхэмжилж авна гэсэн үг. Өмнө нь, бид авдаггүй байсан.
-Сэлбэг материалын хангалтын хувьд ямар байна вэ?
-Вагон ашиглалтын депогоос сэлбэг материалаар хангадаг. Онцгой тохиолдолд буюу хойноос хүлээж авах шаардлагатай вагонд бид өөрсдийнхөө сэлбэгийг тавиад урагш нь явуулдаг. Түүнийгээ баримтжуулан “Бид танай вагоны авто угсрааны цоожийг солилоо” гэхчлэн ОХУ-аас буцааж авдаг.
-Ер нь, Оросын тал вагондоо үзлэг шалгалт, засварыг хангалтгүй хийдэг гэж ойлгож болох уу?
-Тиймээ, Наушки ТҮГ засварыг хангалтгүй хийдэг. Маш олон шинэ хүн авсан юм билээ. Үүнтэй нь ч холбоотой байх. Манайхаас хамтын ажиллагааны хүрээнд “Засвар хийсэн зургуудаа өгөөч. Ажилчдадаа үзүүлж, сургах гэсэн юм” гэх байдлаар харилцан ажилладаг. Манай хувьд ч энэ онд тэтгэвэрт болон ажлаас гарсан хүний оронд, мөн орон тоо нэмсэн зэргээр 24 хүн шинээр авсан. Бид хойноос хүлээж авсан вагоныг Замын-Үүд хүртэл маш хол аялуулаад буцаан авч хүлээлгэж өгөх учир өндөр хариуцлагатай ажилладаг. Үүнийгээ ч манай ажилчид маш сайн ухамсарладаг.
-Дотоодын вагоны гэмтэл ямар байна вэ?
-Манай дотоодын вагонууд харьцангуй сайн шүү дээ. Өвөл, зуны тээвэрлэлтэд бэлтгэх гээд байнга үзлэг шалгалт, засвар үйлчилгээг хийдэг болохоор тэр. Депо засварыг ч маш сайн хийж байгаа. ТҮГ-ууд эрүүлжүүлэх засвараа чанарын өндөр түвшинд хийж байна.
-Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд