Зорчигч тээврийн албаны дарга Д.Пүрэвсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ярилцлагаа танай албаны ажлын үзүүлэлтээс эхлэх үү?
-Баярлалаа. Манай хамт олон өнгөрсөн 2022 онд нийтдээ 2.3 сая зорчигч тээвэрлэж, галт тэрэгний тасалбар худалдаалалтаар 28.4 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Мөн тээвэрлэлтээр 13 мянган тонн тээш тээвэрлэж 2.8 тэрбум төгрөгийн, цай сахар, цагаан хэрэглэлээр 3.1 тэрбум төгрөгийн, зорчигчийн вагонуудын түрээсээр 630.3 сая төгрөгийн орлогыг тус тус бүрдүүлж ажилласан.
-Цар тахлын хүнд үе өнгөрч хэвийн горимд шилжсэнтэй холбоотойгоор хүндрэл бэрхшээл багасч байна уу.Олон улсын суудалд явдаг үйлчлэгч нарыг мэдээж хөдөлмөр зохион байгуулалтаар зохицуулж байгаа байх?
-Тиймээ, Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд цар тахлын хүнд үе байсан боловч Төмөр замын удирдлагууд оновчтой удирдлага зохион байгуулалтаар хангасны үр дүнд УБТЗ-ын хамт олон энэ хэцүү цаг үеийг амжилттай даван туулж чадсан. Одоо хэвийн горимоор ажиллаж байгаа ч тухайн цаг үеийн зорчигчийн урсгалаас шалтгаалан вагоны үйлчлэгч нарын хувьд хөдөлмөр зохион байгуулалттай ажиллаж байна. Вагоны үйлчлэгч нарыг олон улсын галт тэрэгний вагоны үйлчилгээнд Замын даргын баталсан журмын дагуу сонгон шалгаруулж түр хугацаанд томилон явуулдаг. Гэвч заавал олон улс, орон нутаг гэж ялгахгүй шаардлагатай бол томилгооны хугацаандаа орон нутгийн галт тэргэнд ажил үүргээ гүйцэтгээд явдаг тул ямар нэгэн хүндрэл гардаггүй. Одоогоор зөвхөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлд манай галт тэрэг долоо хоног бүрийн ням гарагт аялж байна. ОХУ-ын РЖД-ийн галт тэрэг долоо хоногт хоёр удаа аялж байгаа. Харин дөрөвдүгээр сард зорчигч урсгал орон нутгийн галт тэргэнд нэмэгдэж эхлэх үед вагоны үйлчлэгч нар дутагдаж эхэлсэн. Учир нь, зуны тээвэрлэлт эхлэхээс өмнө үйлчлэгчдээс 80 хүнийг амраасан. Мөн өвчтэй байгаа 50 гаруй, захиргааны чөлөөтэй 10 гаруй хүндээр 25 хүний орон тоо дутуу ажилласан зэргээс шалтгаалсан. Дутуу байгаа орон тоон дээр сонгон шалгаруулалтаар ирэх хүнгүй байна. Учир нь, заавал ПТК-ийн вагоны үйлчлэгчийн ангид суралцаж, төгссөн байх шаардлага тавигддаг. Гэхдээ Замын удирдлага тухайн нөхцөл байдлыг ойлгон дэмжиж вагоны үйлчлэгч нарт илүү цагийн мөнгийг олгох, Төмөр замын дээд сургуулийн II курсийн болон энэ жил төгсөх вагоны үйлчлэгчийн ангийн оюутнуудыг дадлага хийх үеэр нь дадлагажигчаар ажиллуулахаар зөвшөөрсөн нь маш их нэмэр болсон. Одоо бид илүү цаг гаргахгүй ажиллахын төлөө хөдөлмөр зохион байгуулалт хийж байна.
-Зорчигч тээврийн салбар нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн хугацаанд алдагдалтай явж ирсэн. Одоо харин үнэ тариф тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа нь тухайн алдагдлыг тодорхой хэмжээгээр бууруулах байх, тийм үү?
-УБТЗ-ын алдагдлыг манай зорчигч тээврийн тариф хямд байгаа шалтгаанаас болж өнгөрсөн онд 61 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. УБТЗ нийгмийн хариуцлагын хүрээнд маш хямд тээвэрлэлт хийж ирсэн. Миний бодлоор энэ алдагдлыг төр засгаас тодорхой хэмжээгээр татаас өгч дэмжих ёстой гэж боддог. Нийтийн зорчигч тээврийн автобусны үйлчилгээний байгууллагууд алдагдлаа манай улсын төсвөөс татаас авч бууруулдаг юм билээ. Гэхдээ Замын дарга Х.Хэрлэн сүүлийн жилүүдэд шийдвэрлэж чадахгүй байсан олон ажлыг урагшлуулж улмаар зарим тарифыг нэмснийүр дүнд нь энэ их алдагдал тодорхой хэмжээгээр буурсан.Энэ оны эхний таван сарын байдлаар 911 мянган зорчигч тээвэрлэж 18.5 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байна. Өнгөрсөн оны эхний таван сарын байдлаар 804 мянган зорчигч тээвэрлэж, 7.8 тэрбум төгрөгийн тасалбарын борлуулалтын орлого бүрдүүлэлт хийсэн байж. Тарифаа 50 хувиар тариф нэмсэн ч алдагдал буурна гэж шууд хэлэхэд арай эртдэнэ гэсэн үг. Одоо Замын удирдлагууд төмөр замчдынхаа цалинг дахин нэмэхээр тооцоолж байна. Зорчигчид илүү тав тух үйлчилгээний чанарыг шаардаж люкс вагон болон купей вагоноор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна. Үнэ дагаад чанар гэдэг учраас бид ч зорчигчдынхоо эрэлт хэрэгцээнд нийцсэн цагаан хэрэглэл, хөнжил, дэр, цай-сахар гэх зэрэг зэхэлтийг бүгдийг шинэчилж эхэлсэн. Энэ нь буцаад л зардал нэмэгдэж байгаа шүү дээ. Тийм болохоор олон төрлийн үйлчилгээний болон цалингийн зардал нэмэгдэх учраас 2023 оны ажлын үзүүлэлтээр л хэдэн хувь алдагдал буурах нь тодорхой харагдах байх.
-Зорчигч тээврийн шинэчилсэн тариф хэзээнээс бүрэн мөрдөгдөх вэ?
-2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн зорчигчийн галт тэрэгний үнэ тариф 50 хувь нэмэгдсэн. Дахин 50 хувиар нэмэх асуудлаар УБТЗ ХНН-ийн ШӨХТГ-ын удирдлагатай уулзалт хийсэн. Үүний үр дүнд энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 01 дүгээр тогтоолын хавсралтаар зорчигч тээврийн тарифыг 50 хувиар индексжүүлэхээр болсон. Одоогоор хэзээнээс тасалбарын үнэ тариф нэмэгдэх тухай албан ёсны мэдээлэл ирээгүй байна.
-Эдийн засгийн алдагдалгүй ажиллах хэмжээнд очтол хэдий хугацаа шаардахаар байна вэ?
-Төлөвлөгөө эдийн засгийн албаны хамт олон энэ талаар тооцоо судалгаа хийж байгаа байх. Гэхдээ Замын дарга төмөр замын алдагдлыг тэглэхийн төлөө,төмөр замчдынхаа цалинг нэмэхийн тулд гутлынхаа улыг элэгдтэл хөөцөлдөж яваа гэдгийг Замын Нийгмийн асуудал хариусан орлогч дарга А.Батболд хаврын үзлэгийн үеэр төмөр замчдад тодорхой ярьсныг та бүхэн мэднэ. Удахгүй сайхан үр дүн гарна гэдэгт манай хамт олон итгэлтэй байгаа.
-Зорчигчийн вагоны насжилт эцэстээ тулж байна. Ойрын хугацаанд парк шинэчлэлийн чиглэлээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Зорчигчийн вагон депо өнөөдрийн байдлаар 255 вагоны парктай. Эдгээр вагоноос 71 нь 0-27, найм нь 28-33, 73 нь 34-39, 88 нь 40-49, 15 нь 50 жилээс дээш насжилттай байна. MNS6466:2016 стандартын дагуу ашиглалтын хугацаа дууссан нь 184 вагон буюу нийт паркийн 72.15 хувийг эзэлж байна.“Вагоны үечилсэн техникийн үзлэг, үйлчилгээ ба засвар. Ерөнхий шаардлага’’MNS 6466:2023 стандартын 6.15 дахь заалтад /Ашиглалтын хугацаа дууссан вагоныг тээвэрлэлтэд дахин ашиглахдаа техникийн сорилт, оношилгоо хийх итгэмжлэл, батламжтай байгууллагаар гаргуулсан техникийн тодорхойлолт, дахин ашиглах нөөцийн баталгаажуулалт, мэргэжлийн ажлын хэсгийн техникийн иж бүрэн үзлэгийн дүгнэлт зэргийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нэг удаа олгож болно/ гэж заасныг үндэслэн ашиглалтын хугацаа дууссан вагонуудыг вагон депогийн засварын салбарын чадварлаг хамт олон маань 2013 оноос хойш сэргээх их засварыг нийт 35 вагонд хийж насжилтыг дунджаар 8-10 жилээр уртасгсан. 2022 онд “Зорчигчийн вагонуудын техникийн нөөцийн эрсдлийн үнэлгээ’’-г 255 вагонд хийхэд: “Вагоны паркийн техникийн нөөцийн дундаж суурь эрсдэл 4.05 буюу их. Систем эд ангийн техникийн байдлын дундаж эрсдэл 2.65 буюу дунд. Үнэлгээнд хамрагдсан нийт 255 вагоноос 16 нь буюу 6.2 хувь нь маш их эрсдэлтэй” гэж гарсан.Мөн 192 вагон буюу 75.5 хувьнь их.17 вагон буюу 6.6 хувьнь дунд,30 вагон буюу 11.7 хувь нь бага эрсдэлтэй гэж тогтоогдсон. Тэгэхээр вагон паркад яаралтай шинэчлэлт хийх шаардлагатай нь харагдаж байгаа биз.Энэ ч утгаараа зорчигчийн вагоны парк шинэчлэх зорилгоор УБТЗХНН-ийн 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд:2020 онд 43, 2025 онд 24, 2030онд 12 вагон шинээр авах төлөвлөгөөтэй байгаа ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалж өнөөдрийн байдлаар 2014 оноос хойш нэг ч зорчигчийн вагон шинээр худалдаж аваагүй байна.Энэ ондзорчигчийн зургаанвагон шинээр худалдан авахаар төлөвлөж тендер зарласан ч оролцогч байхгүйгээс эхний тендер амжилтгүй болсон. Учир нь, зургаан вагон авахын тулд 11.5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь үнийн өсөлтөөс шалтгаалж хүрэлцэхгүй байгаа бололтой. Одоо дахин тендер зарлана.
-Хэрэглэгчид үйлчилгээнээс тав тух, өнгө үзэмж гээд өндөр шаардлага нэхэх болж. Энэ нь ч зүй ёсны шаардлага шүү дээ?
-Бид зорчигчдынхоо шаардлага хэрэгцээнд тулгуурлаж шинэчлэлт хийж байгааг дээр дурдсан. Замын тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан бидний ажлыг анхааралдаа авч дэмжиж байгаагийн үр дүнд олон ажлыг шинээр санаачлан хийж байна.Зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сайжруулах зорилгоор нийт 13400 цагаан хэрэглэл, 1998 хөнжил шинэчилсэн. Өнөөдрийн байдлаар галт тэрэгний зөөлөн эдлэлийн 70 гаруй хувийг шинэчлээд байна. Мөн 12300 цагаан хэрэглэл, 1450 хөнжлийг Олон улсын галт тэрэгний зэхэлтэд нөөцлөөд байна. Цаашид зарим ажлыг үе шаттайгаар сайжруулах болон шинэчилнэ. Үүнд,
-
Нүхэн гарцад урсдаг шат эсвэл лифт хийх ажлын техникийн шийдлийг гаргах;
-
Тасалбар худалдаалах төвийн нэг хоёрдугаар давхрыг засварлах;
-
Зорчигчийн өндөрлөсөн тавцанг, засварлах;
-
Төв буудлын өнгө үзэмж, гэрэлтүүлгийг сайжруулах;
-
Зорчигчийн галт тэрэгний зөөлөн эдлэл болон цагаан хэрэглэлийг бүрэн шинэчлэх;
-
Зорчигчийн галт тэрэгний үйлчилгээнд гаргаж байгаа унд /цай, кофе/-ны нэр төрлийг олшруулж, сонголтыг нэмэгдүүлж, хэрэгцээнд нийцсэн багцын үйлчилгээг нэвтрүүлэх;
-
Тасалбар худалдаалалтын автомат киоск-терминалын тоог нэмэгдүүлэх;
-
Вагоны үйлчлэгч нарын дүрэмт хувцасны загварыг үндэсний хэв маягт оруулах.
-
Нэг удаагийн цагаан хэрэглэлийг Олон улсын зорчигчийн галт тэрэгний үйлчилгээнд нэвтрүүлэх талаар судлах;
-
Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлийн багцын (шүдний сойз, саван, улавч г.м) үйлчилгээг зорчигчийн галт тэрэгний люкс болон тасалгаат вагонд олгох зэрэг зохион байгуулалт, бүтээн байгуулалтын шинж чанартай ажлыг шат шатанд нь хэрэгжүүлээд явна. “Урт аялалд уйдаахгүй’’ төсөл хэрэгжүүлнэ. Энэ нь зорчигчийн галт тэрэгний аяллын үед сүлжээ харгалзахгүй тусгай серверийн тусламжтайгаар бүрэлдэхүүний хэмжээнд тасралтгүй дотоод орчин үүсгэж зорчигчийн хүсэлтээр төлбөргүй, төлбөртэй кино, контент болон бүх төрлийн интертаймент мэдээ мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.
Мөн зарлан мэдээлэх LED дэлгэц – урсдаг самбар, чанга яригч, Media сервер, wifi цацагч, 3G,4G модем, GPS байрлалт тогтоогч (вагоны гүйлт хянах программ), камераар тоноглох, тогтмолоос хувьсах гүйдлийн хувиргагч, цэнэг баригч суурилуулах, Тогтмолоос тогтмол гүйдлийн конвертер суурилуулах, галын дохиоллоор тоноглох, суух дугаарыг гэрэлтдэг самбараар тоноглох, вагонуудад USB оролт хийж байршуулахг.м төлөвлөсөн олон ажлыг хийнэ.
-Танай хамт олон зорчигчийн вагоны тохижилтыг өөрчлөн тоноглож байгаагаас гадна сая инновацийн өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ талаар тодруулна уу?
-“Монголд зочилох” жилийн хүрээнд болон зорчигчийн вагоны түрээсийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 518 дугаар вагоныг салон болгож тоноглосон.Мөн өртөө зөрлөгүүдэд ажиллаж байгаа төмөр замчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд болон төмөр зам дагаж суурьшсан орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг хийх зориулалтаар “Хөдөлгөөнт оношилгооны вагон’’-ыг шаардлага хэрэгцээнд нь тааруулж эмнэлгийн зориулалтаар тоноглож тохижуулсан. Манай инновацийн багийн чадварлаг хамт олон 2022 онд замын хэмжээнд ШБАЗ-ын уралдаанд тэгүүлэн, Замын захиргаанаас өргөмжлөл мөнгөн шагнал гардсан. Мөналбаны хамт олныг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Оюуны өмчийн газраас“Хүндэт өргөмжлөл’’-өөр шагнаж урамшуулсан амжилттай байгаа.Энэ нь тус газраас УБТЗ-ын аж ахуйн нэгжид олгож байгаа хамгийн анхны “Хүндэт өргөмжлөл” юм билээ.
-Үйлчилгээний ажлын хамгийн гол ноён нурууг гардан гүйцэтгэж буй ажилтнууд авч явдаг. Тэдний мэдлэг боловсрол, харилцаа хандлагыг чадавхжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Албаны харьяа салбар нэгжүүдийн үйлчилгээний ажилтнуудадзориулж англи хэлний анхан шатны сургалт, тусгай үйлчилгээ шаардлагатай иргэдтэй харилцах дохионы хэлний, мөн “Харилцаа хандлага, үйлчилгээний соёл’’, “Хувь хүний хөгжил’’зэрэг сургалтыг зохион байгуулж байна. Мөн нисэх буудал, банк, CU-ийн үйлчилгээний ажилтнуудын үйлчилгээний соёлыг судалж,үүний үр дүнд “Зорчигч тээврийн үйлчилгээний ажилтнуудын харилцан ярианы дэглэм’’ боловсруулж нийт үйлчилгээний ажилтнууддаа танилцуулж хэвшүүлэх ажлыг хийж байгаа.
-Галт тэрэгний үйлчлэгч нарын ажлын нөхцөл, ахуй хангамж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Зорчигчийн вагон депогийн ҮЭ-ийн даргаар ажиллаж байсан Б.Чинбатын гаргасан санаачилгыг Замын орлогч дарга Д.Амарбаясгалан дэмжиж вагоны үйлчлэгч нарын галлагааны нэмэгдэлхөлс 3500 төгрөгийг 10000 болгож нэмэгдүүлсэн. Вагоны үйлчлэгч нарын өвчлөлийг бууруулах зорилгоор хуучин ажиллаж байсан сувиллыг буцаан авч сэргээхээр судалж байна. Үйлчлэгч нарын ажлын нөхцөлийг сайжруулах зорилгоор 286 дугаар галт тэргэнд цэвэрлэгээ зэхэлтийн бригадыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн ажиллуулж байна. Энэ нь тус галт тэрэгний вагоны үйлчлэгч үндсэн депогоос цэвэрлэгээ, зэхэлт хийхгүйгээр аялалд гарч ажиллахаар болж байгаа гэж ойлгоход болно. Цаашдаа Сайншанд өртөөний захиргаатай хамтран эргэлтийн өртөөнд цэвэрлэгээ зэхэлтийн бригадыг ажиллуулж болох талаар судалж байна.Энэ нь амжилттай болбол 286-р галт тэрэгний вагоны үйлчлэгч нар онгоцны үйлчлэгч шиг ажиллах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Тэгвэл вагоны үйлчлэгч нарын аяллын хугацаа багасч, гэртээ амрах цаг нь ихэснэ. Мөн вагоны үйлчлэгчийн орон тоо дутмаг байгаа байдал багасах давуу талуудтай.
-Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Энэ чиглэлээр танай алба хэрхэн ажиллаж байна вэ?
-“Монголд зочлох жил’’-ийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 02 тоот албан даалгавар гарсан. Тус даалгаврын дагуу УБТЗ ХНН энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын 26 зүйлтэй төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөний дагуу холбогдох ажлуудыг шат дараатай хийн гүйцэтгэж байна. “Монголд зочлох жил’’-ийн хүрээнд УБТЗ-ын зорчигч тээврийн чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар дурдвал, өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд ОХУ-ын төлөөлөгч нарт зориулсан форумд, мөн ЗТХ-ийн сайд БОАЖ-н сайд, Хилийн боомтын сайдболон Монгол Улсын тур операторууд оролцсон уулзалтад Зорчигч тээврийн алба оролцож, ОХУ-ын тур операторуудад танилцуулга хийж, санал бодол солилцон ажилласан. Мөн УБТЗ-ын АЖТ-тэй хамтран манай алба аялал жуулчлалд зориулж“Хүүхдийн галт тэрэг-Санта клаус’’ -ыг нэг удаа (32 хүүхдийг эцэг эхийн хамт), “Нарны галт тэрэг’’-ийг нэг удаа (668 зорчигч тээвэрлэсэн), “Хүүхдийн төмөр зам-Дархан хоттой танилцуулах” танин мэдэхүйн аяллыг зургаан удаа /10 вагон/ тус тус аялуулсан.Мөн захиалгат галт тэрэгний аяллуудыг шуурхай зохион байгуулж байна.Зорчигч үйлчилгэг сайжруулах зорилгоор зорчигчдын дунд явуулсан судалгааг үндэслэн Эрдэнэт, Замын-Үүд чиглэлд салон вагон аялуулж байгаа нь зорчигчдын талархлыг ихээр хүлээсэн ажил болж байна.Мөн Замын-Үүд, Эрхүүгийн чиглэлийн галт тэргэнд зоогийн вагон холбон аялуулж байна.“Вагон түрээс’’-ийн мэдээллийг олон нийтэд хүргэж ажилласнаар зорчигчдын талархлыг хүлээж 2022 онд нийт 630 сая 86 мянган төгрөгийн орлоготой ажилласан. Төв буудал, Тулгуур өртөөнд ‘’Welcome to Mongolia’’ стикер байршуулах болон үйлчилгээний бүх мэдээллийг Монгол, Англи хэлээр орчуулан байршуулж байна. Мөн Олон улсын харилцааны зорчигчийн вагонд “Welcome to Mongolia” Стикер байршуулах ажлуудыг хийж байна.Төв буудлын зорчигчийн хүлээлгийн танхимд ч LED TV үнэ тариф, чиглэлийн мэдээллийг Монгол, Англи хэлээр орчуулж байршуулж дууссан. Төв буудлын цагдаагын ажилтнуудын өрөө болонээлжийн ахлах ажилтан VIP өрөөний хаалга, хаягийг шинээр сольсон.Зорчигчийн аюулгүй байдлын талаас дотор байрлах хогийн савнуудыг стандартад нийцүүлэн шилэн болгосон. Хүүхдийн өрөө-булан хэсгийг шинээр тохижуулсан.Мөн тусгай үйлчилгээ шаардлагатай иргэдэд зориулж кассанд дохионы цагаан толгой, хөнгөлөлттэй үнийн тариф байршуулсан зэрэг зорилтот ажлуудыг дурдаж болох юм.Цаашид төлөвлөгөөний дагуу хийх ажилолон бий.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Б.Дэлгэрхишиг