УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө танд УБТЗ ХНН-ийн түүхт 75 жилийн ойгоор Монгол Улсын “Гавьяат тээвэрчин” цолоор шагнуулдсанд баяр хүргэе.

 

-Баярлалаа. Замын удирдлага болон Монгол Улсын төр засгаас бидний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлсэнд манай хамт олон бүгд маш их баяртай байна. Энэ шагнал ганц миний гавьяа биш, манай баг хамт олны хичээл зүтгэлийн үнэлгээ гэж бодож байна. Нөгөө талаас, биднийг цаашид Монгол Улсынхаа төмөр замын тээврийн нүүр царай болсон зорчигч тээврийн үйлчилгээг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэн нэр төртэйгөөр авч яваарай гэсэн төр засгийн хүндтэй бөгөөд хариуцлагатай даалгавар гэж ойлгож байгаа.

 

-УБТЗ ХНН-ийн хэмжээнд “Менежментийн нэгдсэн тогтолцоо”-г хэрэгжүүлэх зорилтын хүрээнд танай алба энэ онд Чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001 стандартын дагуу нэвтрүүлэн хэрэгжүүлж гэрчилгээгээ авсан. Энэ туршлагаасаа хуваалцана уу?

 

-Туршлага гэж юу байх вэ. Менежментийн тогтолцоог хэрэгжүүлээд, тэр нь аль хэдийн байгууллагынх нь соёлын нэг хэсэг болоод төлөвшчихсөн бусад байгууллагатай харьцуулахад манайх дөнгөж л “хөлд орж” байна шүү дээ. Гэхдээ л энэ хүртэл бас олон юм үзэж тууллаа. Юуны түрүүнд нийгэмлэгийн хэмжээнд менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээг мэдэрч, санаачилгыг анхлан гаргаж, ажил хэрэг болгохын төлөө уйгагүй хичээн ажиллаж байгаа Техникийн бодлого, стандартчиллын алба болон бүх талаар дэмжсэн Замын дарга, удирдлагууддаа талархаж байна.

Гэхдээ хэлэхээс аргагүй зарим зүйлс байна. Энэ тогтолцоог хэрэгжүүлэхэд удирдах ажилтнуудын манлайлал гүйцэтгэлийн түвшинд хаа хаанаа дутмаг байх шиг санагддаг. Замын хэмжээнд харьяа бүтцийн нэгжүүдтэйгээ баталгаажуулалтад бүрэн хамрагдсан цор ганц алба бол манайх. Гэсэн хэдий ч дарга нар асуудалд зайнаас хандсан хэвээр л байна.

Хөдлөх бүрэлдэхүүнтэйгээ жишиж хэлбэл менежментийн тогтолцооны хөдөлгүүр нь удирдах ажилтнуудын манлайлал, харин явах анги нь нийт ажилтны оролцоо байдаг гэдгийг тэдэнд ухааруулж, асуудлаас зайлсхийх бус нүүр тулж шийдвэрлэж ажиллах ухамсрыг л суулгахаар зорьж байна даа.

 

-Уучлаарай, албаны даргын хувьд бүх эрх мэдэл танд байгаа. Тушаалаа гаргаад үр дүнг нь шаардаад ажиллахад л болох юм биш үү. Асуудал юунд байна?

 

-Энэ тийм ч энгийн зүйл биш л дээ. Нийгэмлэгийн уламжлалт удирдлагын тогтолцоо “босоо” зарчимтай гэдгийг бид бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, аливаа чиг үүргийг тодорхой албан тушаалтнуудад багана баганаар нь хариуцуулж удирдсаар ирсэн. Энэ нь ч зүйтэй, манайх шиг нүсэр бүтэцтэй байгууллагын хувьд үүнээс оновчтой арга хэлбэр үгүй л болов уу.

Бусад бүтцийн нэгжүүдэд стандарт хэрэгжүүлж буй байдлыг судлаад үзэхээр яг энэ зарчмаараа “Менежментийн нэгдсэн тогтолцоо” гэдэг шинэ багана үүсгээд, орлогч дарга томилоод ч юмуу тодорхой хүмүүст хариуцуулж, бусад дарга нар нь түүнд огт хамааралгүй яваад байна. Үүнийг буруу гэх нь хаашаа юм, гэхдээ олон стандарт зэрэг тавиад ирэхээр явуургүй загварчлал л даа.

Манай систем бол арай өөр, амжилтад хүрсэн томоохон компаниудын туршлага дээр суурилсан. Гол онцлог нь, ажил хариуцна гэдэг тухайн ажилд хамаарах асуудлуудыг бүхэлд нь хариуцаж, өдөр тутмын ажлаа стандартаар тогтоосон шаардлага, хэм хэмжээний хүрээнд удирдан, зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулж ажиллах тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл менежментийн тогтолцооны стандартууд дахь гүйцэтгэлийн чиг үүргүүдийг босоо удирдлагын баганууд дээрээ хэвтээ удирдлагын зарчмаар суулгаж өгсөн гэсэн үг.

Мэдлэг туршлагаа хуваалцаач гэж хүссэн болохоор жаахан дэлгэрүүлье. Жишээлбэл, манай албаны болон харьяа бүтцийн нэгжүүдийн дарга, орлогч дарга, ерөнхий инженер, хэлтэс, тасгийн дарга, ажил удирдагч нарын ажил юунаас эхлэх ёстой вэ гэхээр тус тусын хариуцсан салбар нэгжийн түвшинд одоогийн болон ойрын ирээдүйн төлөв байдлаа шинжиж ойлгохоос эхэлнэ. Миний ажилд гадаад орчноос хэрхэн нөлөөлж болох, дотоодод ямар давуу, сул талууд байна. Тэдгээрийн магадлал, эерэг сөрөг нөлөөлөл нь хэр вэ. Бид яаж ажиллавал ямар үр дүнд хүрэх вэ? гэх зэргээр бодож тунгаах ёстой юм. Ингэхдээ бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ажилтнуудын эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, байгаль орчин, эрчим хүч, хүний нөөц гээд бүхий л хүчин зүйл, нөхцөл байдлыг иж бүрнээр авч үзэх ёстой.

Цаашлаад энэ онд хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрэв, юун дээр алдаж, онов гэж дүн шинжилгээ хийгээд, ирэх онд ийм зорилтод хүрэх боломжтой гэдгээ тогтооно. Дараа оны ажлаа төлөвлөж, хэрэгжүүлж, хянаж, сайжруулаад явах ёстой юм л даа. Уг нь их энгийн.

Хаана хаанаа ингэж ажиллавал бидний хамаг цаг зав, “нерв”-ээ бардаг өдөр тутмын “гал унтраах” асуудлууд бүрмөсөн үгүй болдоггүй юм аа гэхэд ядаж л цөөрнө. “ISO”-гийн гол зарчим нь энэ шүү дээ. Асуудлыг үүссэн хойно нь тэвдэж, хамаг хөрөнгө хүчээ барах бус урьтаж хараад, угтаж шийдвэрлэх. Үүнийг л “удирдах ажилтны манлайлал” гээд байгаа юм шүү дээ.

Тэгэхээр дарга нарт энэ ухамсар, хандлага, ур чадварыг суулгаж, хэвшил болгоно гэдэг тушаал захирамж гаргаад шийдчихдэг зүйл огт биш байгаа биз. Ний нуугүй хэлэхэд би өөрөө ч яг ингэж ажиллаж бүрэн чадахгүй, хичээн суралцаж л явна.

 

-Миний мэдэхээр танай алба болон харьяа бүтцийн нэгжүүдэд ч  менежментийн тогтолцоо хариуцсан баг, ажилтнууд бий. Дарга нар нь бүх асуудлаа хариуцаад явчихвал тэдний үүрэг оролцоо хэрэгтэй юу?

 

-Систем гэдгийн утга учир нь энэ л дээ. Би өөрийн гар утсан дээр жишээ аваад ярья. Миний утсанд 100 гаруй аппликейшн ажилладаг. Үүнийг байгууллагынхаа нөхцөлд буулгавал менежментийн нэгдсэн тогтолцоо гэдэг маань Android үйлдлийн систем, харин байгууллагын чиг үүргүүд нь аппликейшнууд гэж ойлгож болно.

Тэгэхээр тогтолцоо хариуцсан ажилтнууд үйлдлийн системийн хөгжүүлэлтээ, харин чиг үүрэг хариуцсан дарга нар  тус тусын аппликейшний хөгжүүлэлтийг хариуцдаг гэсэн үг.

 

-Одоо хоёулаа ирээдүйнхээ талаар ярилцъя. Та албаны даргын хувьд төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээний хөгжлийн хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ?

 

-Сайхан асуулт байна. Энэ онд бид албаныхаа алсын хараа, эрхэм зорилгыг шинэчлэн тодорхойлсон, үүнээсээ эхлэх нь зүйтэй байх.

Манай алсын хараа “Тээврийн ухаалаг үйлчилгээг нутагшуулах”, харин эрхэм зорилгоо “Зорчигч тээврийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх” гэж тодорхойлсон.

Мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж, ухаалаг технологи, хиймэл оюун ухаан хүмүүсийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болж буй цаг үед төмөр замын тээврийн бүхий л үйлчилгээг “ухаалаг” болгохын төлөө тэмүүлэх ёстой. Үүний тулд бид зорчигч тээврийн үйлчилгээгээ дэлхийн жишигт бага ч болов ойртуулахын төлөө, цаашлаад тэдэнтэй хөл нийлүүлэн зэрэгцэн алхахын төлөө зорьж ажиллах ёстой.

Бид сайхан зүйлийг мөрөөдөөд, бодит хэрэгцээ, хэр хэмжээгээ тооцолгүйгээр “агаараас” баахан ажил авч төлөвлөөд байвал үр дүн гарахгүй, дэмий л хүмүүсээ “махлаад”, хөрөнгө зардлаа цацаад дуусна. Тэгэхээр бүх зүйлд шинжлэх ухаанчаар хандаж, бүхий л шийдвэрийг судалгаа, тооцоолол, дүн шинжилгээний үр дүнд суурилж гаргах шаардлагатай.

Харьяа бүтцийн нэгжүүд маань тус тусын хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагын судалгааг, төв буудлын үйлчилгээний хувьд хагас жил тутам, зорчигчийн галт тэрэгний үйлчилгээний хувьд улирал тутам авч дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зорчигч, үйлчлүүлэгчид биднээс чухам юу хүсэж байна. Одоогийн үйлчилгээний юунд нь сэтгэл дундуур байна. Бид юуг сайжруулах шаардлагатай вэ гэдгийг тодорхойлж, ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлээд хэвшсэн.

Үүний үндсэн дээр бид багагүй амжилтад хүрсэн. Энэ онд манай албаны 30 жил, нийгэмлэгийн 75 жилийн ой тохиосныг ч хэлэх үү, хийсэн бүтээсэн зүйл бол арвин шүү. Бүр алинаас нь эхэлж ярихаа мэдэхээ болиод байна (инээв).

Гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид болон жирийн иргэдийн хувьд хамгийн эхний сэтгэгдэл төрүүлдэг газруудын нэг нь тухайн хотын вокзал. Манай Зорчигч үйлчилгээний төв буудал бол Улаанбаатар хотын нэрийн хуудас гэж бид ойлгож, технологийн ололтууд болон гадаад улс орнуудын үйлчилгээний сайн туршлагуудаас нэвтрүүлэхийг зорьж байна.

Тухайлбал, 11 банктай хамтарч вокзалын бүх үйлчилгээнд төлбөрийн “QPay” системийг нэвтрүүлсэн, цахим тасалбар худалдаалалтын “eticket.ubtz.mn” вэб сайт, “ubtz tasalbar” аппликейшнд цахимаар буцаалт хийх модулийг нэмэлтээр суурилуулсан. Мөн тасалбарын киоск машинуудын тоог нэмж, кассын нэгдүгээр давхарт таван машин шинээр суурилуулж, программ хангамжийг нь монгол, англи хэлээр үйлчилгээ авах боломжтой болгон хөгжүүлж, лавлагаа, тусламжийн бүх мэдээллийг QR кодоор авах боломжтой болгосон. Цаашид хиймэл оюун ухаанд шилжүүлэх төсөл хэрэгжиж байгаа гээд технологийн ололтуудыг аль чадахаараа л нэвтрүүлж байна.

Вокзалын биет гэрлэн хаягийг шинээр сольж, хүлээлгийн танхимд LED TV, зорчигчийн тавцангуудад мэдээллийн урсдаг самбар байршуулж, тээшийн хуучин модон барилгыг засварлаж, төвийн шугамд холбуулан маш тохитой болгосон. Тэндээ зөвхөн тээшийн үйлчилгээ бус зорчих болон тээшийн тасалбар аль алиныг бичдэг нэг цэгийн үйлчилгээг шинээр нээлээ. Мөн хүүхдийн өрөөг тохижуулж, VIP хүлээлгийн өрөөний үүдний хэсгийг шинэчлэн тохижуулсан, хог хаягдлын менежментийн хүрээнд ангилан ялгах боломжтой хогийн савнуудыг байршуулж, бүх орц гарцыг хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэд бие даан зорчих боломжтой налуу замаар тоноглож, бүх зам талбайд тэгшилгээ хийсний зэрэгцээ тэдэнд зориулж бүх хаалгыг гүйдэг болгосон. Хонгилон гарцыг олон улсын стандартад нийцүүлж 13⁰ налуутай урсдаг замаар тоноглож байна. Хүүхэдтэй эхчүүдэд зориулсан тусгай өрөөг тохижуулсан гээд зорчигч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад чиглэсэн олон ажлыг дурдаж болно.

Гадаад дотоодын жуулчид, иргэдийн Монгол Улсыг үнэлдэг дараагийн шалгуур нь зорчигчийн галт тэрэгний үйлчилгээ.

Бид зорчигчийн галт тэрэгний үйлчилгээний MNS 5876 стандартаа орчин цагийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлуулан мөрдөж байна.

Стандартын тохирлыг хангах ажлын хүрээнд энэ онд бид зорчигчийн цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийг 100 хувь шинэчилж чадсан нь том ололт. Түүнчлэн, цай кофены сонголтыг нэмэгдүүлж, зургаан төрлийн сонголттой болгосон. Аяганы загварыг шинэчилж хэмжээг томруулан, халдаггүй материалтай, цалгиж түлэгдэхээс хамгаалсан тагтай болголоо. Мөн зорчигчийн вагонуудын пиктограмм тэмдэглэгээнүүдийг стандартын дагуу шинэчлэн нэг загварт оруулж, зорчигчдод зориулсан мэдээллийг QR кодоор авах боломжийг бүрдүүлсэн. “Старлинк” технологийн интернэт үйлчилгээг зорчигчийн галт тэрэгний хоёр бүрэлдэхүүнд нэвтрүүлсэн, цаашид бүх бүрэлдэхүүнийг хамруулна. 276, 273 дугаар галт тэргэнд люкс вагон аялуулж эхэлсэн. Бүх чиглэлийн галт тэргэнд өндөр настан, жирэмсэн болон хүүхэдтэй эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр купег гаргаж зориулалтын сунадаг ор, бусад хэрэглэлээр тоноглосон. Ганцаар зорчиж буй эмэгтэй зоригчдод зориулсан тусгай купе гаргаж холбогдох өгөгдлүүдийг тасалбарын программд нэмэлтээр тусгуулсан гээд олон ажлыг дурдаж болно.

Үүнээс гадна үйлчилгээний ажилтнууд руу чиглэсэн “CS 11-0568:2024 Зорчигч үйлчилгээний ажилтны ёс зүй ба харилцааны хэм хэмжээ” байгууллагын стандартыг шинээр боловсруулж, СХЗГ-аар батлуулан мөрдүүлж байгаа. Мөн вагоны үйлчлэгчийн дүрэмт хувцасны загварыг шинэчлэх ажил туршилтын шатандаа орсон. Галт тэрэгний ажилтнуудын ажил амралтын дэглэмийг оновчлох ажлыг үе шаттайгаар хийж байгаа.

 

-Нийгэмлэгийн болон албаны ойгоо угтаж ямар ажлууд хийсэн бэ?

 

-Ойн хүрээнд бид ажилтнуудынхаа ажлын орчин нөхцөлийг сайжруулах, салбар нэгжүүдийн чадамжийг бэхжүүлэхэд голлон анхаарлаа. Үүнд зорчигч үйлчилгээний төв буудалд цас цэвэрлэх машин худалдан авч, амрах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж зургаан өрөөг шинээр тохижуулсан. Зорчигчийн вагон депод төмөр замчин эмэгтэйчүүдэд зориулсан сувилал байгуулахаар ажиллаж байна. Хос дугуй, Тэргэнцэр засварын цехүүдийн барилгыг холбогдох шаардлагуудад бүрэн нийцүүлэн засварлаж, угсрах цехийн “А“ блок буюу будгийн байршлуудыг будгийн тоосонцор үндсэн цех рүү тархахаас хамгаалсан автомат хаалтуудаар тоноглолоо. Галт тэрэгний ажилтнуудын цагийн тооцооны программ хангамжийг ERP системд шилжүүлсэн зэрэг ажлуудыг энд нэрлэж болно.

Түүнчлэн, зорчигчийн вагонуудыг LED гэрэлтүүлэг болон байгальд ээлтэй давхар шаталтат зуухаар тоноглох, галт тэрэг, вагонуудыг депогийн нутаг дэвсгэрт 380В-ийн цахилгаан эрчим хүчээр халаах төслүүд хэрэгжээд явж байна. Мөн дизель вагон угсрах, хос дугуйн бүрэн магадлагааны чадамжийг бий болгох төслүүд боловсруулалтынхаа шатанд явж байна.

 

-Зорчигч тээврийн тарифыг нэмсэн ч хасах баланстай хэвээр байгаа гэж сонссон. Энэ олон ажлыг хийхэд багагүй төсөв хөрөнгө зарцуулсан нь тодорхой. Албаны даргын хувьд та ямар бодолтой байна вэ?

 

-Манайхны зарим нь одоо хэр нь УБТЗ төрийн байгууллага уу, бизнесийн байгууллага уу гэж их асуудаг. “УБТЗ” ХНН бол төрийн өмчийн оролцоотой бизнесийн байгууллага. Бизнесийн байгууллагын зорилго бол үр ашиг шүү дээ.

Менежмент хэрэгжүүлээд байгаагийн утга учир ч үүнд л оршиж байгаа юм.

Өнгөрсөн онд үндэсний стандартаар батлагдсан төмөр замын байгууллагын менежментийн тогтолцооны “ISO 22163” стандартад “Чанар хангагдаагүйн зардал” буюу “QDC” гэсэн ухагдахуун байгаа. Энэ нь бид нөхцөл байдлаа бүрэн шинжилж эрсдэлээ зөв тооцож, шаардлагаа зөв тодорхойлж, хянаж, сэргийлж ажиллаагүйгээс бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг хангаагүй, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулсан, түүнчлэн эрчим хүчээ зохистой зарцуулаагүй, хүний нөөцөө хөрөнгө гэж хараагүйгээс болж байгууллагад учирсан нэмэлт зардлууд буюу хохирлын хэмжээг хэлээд байгаа юм. Бид үүнийгээ хэмжиж, тооцоолоод сурчихвал зардлаа өөр нүдээр харж, шинжлэх ухаанчаар сэтгэж, бодитойгоор бууруулж ажиллах боломжтой.

Нөгөө талаас чанар сайжрахын хэрээр борлуулалт нэмэгддэг нь зах зээлийн хууль. “Хугарлын цэг” буюу “BEP” гэсэн нэг ухагдахуун бий. Энэ нь бид ямар хэмжээний борлуулалт хийж байж зардлаа нөхөх вэ гэдэг тэнцлийн цэг. 2024 онд энэ үзүүлэлт 2.2 сая зорчигч гэж гарсан. Бид үүний төлөө зорьж байна.

Тэгээд бас л жаахан шүүмжлэлтэй зүйл ярихаас өөр арга алга. Захын ТҮЦ ажиллуулж буй хүн өнөөдөр “Бизнесийн төлөвлөгөө”-тэй байхад 30 жилийн түүхтэй манай албаны хувьд өнөөг хүртэл “урсгалаараа” явсаар иржээ. ISO хэрэгжүүлж байж л үүнийгээ ухаарлаа.

Тэгэхээр бидний хувьд үйлчилгээний чанар сайжирч байгаа юм чинь зорчигч урсгал нэмэгдэх ёстой гээд л горьдож “залбираад” суугаад байж яав ч болохгүй. Төмөр замын зорчигч тээврийн зах зээл угаасаа жилээс жилд агшсаар байгаа. Тийм болохоор хугарлын цэгээсээ давж, ашигтай ажиллахын тулд юун түрүүнд зах зээлээ тэлэх буюу зах зээлийн цоо шинэ сегментүүд рүү “довтлох” шаардлагатай байна. Үүний тулд бид инноваци шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг гаргаж, хэрэглээг бий болгох бодлого баримталж ажиллах нь зүйтэй. Харин ингэхийн тулд бидэнд бизнесийн төлөвлөгөө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бизнес загварчлалаа тодорхой болгож, стратегиа зөв сонгож, нарийн хэмжилт тооцоолол, иж бүрэн дүн шинжилгээтэй ажиллаж чадвал зорчигч тээврийн ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж харж, зорьж явна даа.

 

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 

М.Наранболд