Сүүлийн үед Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)-ийг хөгжүүлэх, төмөр замын Зүүн коридорын талаар нэлээд ярьж, бичиж байна. Үүнтэй холбоотойгоор Эрээнцав-Чойбалсангийн төмөр хэзээ, хэрхэн баригдсан түүхийг сөхөж үзлээ. Тун сонирхолтой юм. Дорнод аймагт манай улсын хамгийн анхны өргөн төмөр замыг барьж ашиглаж эхэлсэн төдийгүй тус аймаг хамгийн урт нарийн төмөр замтай байжээ. Ингээд өөрийн олж мэдсэнээ хуваалцмаар санагдаад үүнийг бичив.
Нэг. Эрээнцав-Баянтүмэн (өнөөгийн Чойбалсан)-гийн төмөр замыг одоогоос 85 жилийн өмнө буюу 1939 онд барьж ашиглалтад оруулсан байдаг. Гэтэл Наушки-Улаанбаатарын төмөр замыг 1949 онд барьж дуусгасан. Энэ үүднээс авч үзвэл манай улсад өргөн царигтай төмөр зам ашиглаж эхлээд 85 жил болж байна.
1939 оны хавраас Халх голын орчим Зөвлөлт-Монголын болон Япон-Манжуурын цэргийн хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, улмаар наймдугаар сарын сүүлээр томоохон тулалдаанаар дууссан. Уг зэвсэгт мөргөлдөөнд хоёр талаас ихээхэн зэвсэг техник, хүн хүч оролцсон тул тэдний хангалтын асуудал аль аль талдаа чухал байсан нь мэдээж. Хэрэв Японы тал ойролцоох Хайлаар, Рашаантын төмөр замын өртөөнөөс хангалт хийх бололцоотой байсан бол Улаан арми Транссибирийн төмөр замын Борзя өртөөнөөс 650-700 километр зам туулж, хангалт хийх нь ихээхэн хүндрэлтэй байв.
Наушки – Улаанбаатарын өргөн төмөр зам 1947 онд ашиглалтад орсон. |
Уг тулалдаанд ороход ЗХУ-ын талаас 18 мянган тонн их бууны сум, 6.5 мянган тонн нисэх онгоцны бөмбөг, 15 мянган тонн шатах, тослох материал, 7.5 мянган тонн түлээ түлш, дөрвөн мянган тонн хүнс, бусад төрлийн ачаа мөн дөрвөн мянган тонныг тээвэрлэх шаардлагатай гэсэн тооцоо хийсэн байна. Дээр нь мэдээж цэрэг, техник тээвэрлэх шаардлага үүсжээ. Үүнээс үүдэн БНМАУ, ЗХУ хоёр улсын Засгийн газар Борзя өртөөнөөс Баянтүмэн хүртэл 324 км их даацын биш өргөн царигтай төмөр замыг нэн яаралтай барихаар шийдвэрлэжээ. Уг төмөр замыг барихад урьдчилан ямар нэгэн зураг-төсөл хийгээгүй гэдэг.
Мэргэжлийн цөөн хэдэн хүнээс бүрдсэн баг төмөр зам өнгөрөх маршрутыг газар дээр нь тогтоогоод 1939 оны долдугаар сарын 31-нд газар шорооны ажлыг шууд эхлүүлэн арваннэгдүгээр сарын 1-нд дуусгажээ. Энэ хугацаанд 1.3 сая шоо метр газар шорооны ажил хийснээс 700 мянга гаруйг нь гараар, үлдсэнийг нь техник ашиглан гүйцэтгэсэн байна. Уул даваа, гол мөрөн багатай, дээр нь харьцангуй зөөлөн хөрстэй нь газар шорооны ажлыг хурдан хийж дуусгахад нөлөөлсөн байна. Төмөр зам барихад цэргийн хоёр хороо, барилга замын нэг батальон, хоёр мянган гэрээт ажилчин, гурван мянган хоригдол оролцжээ. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зориулж дөнгөж үйлдвэрээсээ гараад байгаа цоо шинэ “ЧТЗ” маркийн 50 трактор, “ЗИС-5” маркийн 50 ачааны машин, гурван тонны даацтай 30 ачааны машин, “Булуу тэрэг” буюу ГАЗ-АА маркийн 30 машин, 100 самосвал хуваарилан ирүүлж байсан тухай архивын баримт байна. Ингээд нийтдээ 324 км урттай, 11 зөрлөгтэй өргөн царигийн төмөр замыг календарийн 96, ажлын 76 хоногийн дотор барьж дуусгажээ. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 4.2 км зам тавьсан байна.
Борзя өртөөнөөс Баянтүмэнд анхны галт тэрэг 1939 оны арваннэгдүгээр сарын 7-нд буюу Октябрийн хувьсгалын 22 жилийн ойн өдөр ирсэн байдаг. Төмөр замыг ашиглалтад өгч байгаатай холбогдуулан ямар нэгэн жагсаал цуглаан, баяр ёслолын арга хэмжээ болсон тухай мэдээлэл олсонгүй.
Уг төмөр замыг Халхын голын тулалдаанд ашиглаж чадаагүй ч 1945 оны чөлөөлөх дайнд бүрэн хэмжээгээр ашигласан байна.
Зөвлөлтийн цэрэг Баянтүмэн өртөөнөөс хөдөлж байгаа нь. 1945 он.
Соловьевск-Баянтүмэнгийн 239 км төмөр замыг 1956 оны тавдугаар сард Өвөр Байгалийн төмөр замын захиргаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн мэдэлд шилжүүлжээ. 1990-ээд оны эхээр манай улсаас Зөвлөлтийн цэрэг гартал энэ төмөр зам ачаалал ихтэй байв. Чойбалсангаас Москва хүртэл зорчигчийн вагон (Улаан-Үдэд Улаанбаатар-Москвагийн галт тэрэгтэй нийлдэг) тогтмол явдаг байсан гэх юм билээ. ОХУ-ын шадар сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан А.Л.Кудрины аав нь 1960-1970-аад оны заагт Чойбалсанд ажиллаж байсан тул багадаа Москва-Чойбалсангийн хооронд төмөр замаар аялж байсан тухайгаа аавд минь дурсаж ярьсан байдаг. Ер нь, энд цэргийн болон энгийн маш олон орос хүн амьдарч байжээ. Тэдэн дотор Зөвлөлтөд болоод Орос оронд олонд танигдсан цөөнгүй хүн төрсөн байх юм. Тухайлбал, Зөвлөлтийн телевизийн нэвтрүүлэгч, нэрт аялагч Ю.А.Сенкевич 1937 онд тухайн үеийн Баянтүмэнд төрсөн бол “Иванушки интернэшнл” хамтлагийн дуучин Олег Яковлев 1969 онд Чойбалсанд төрсөн байх жишээтэй.
Чойбалсангаас Зөвлөлтийн танк ачсан цуваа хөдөлж байгаа нь.
Баянтүмэн төмөр зам. 1990 он.
Хоёр. Одоо манайхны тэр бүр сайн мэдэхгүй нэгэн төмөр замын талаар өгүүлье. Энэ бол Баянтүмэн-Тамсагбулагийн 281 километр урттай, 750 мм-ийн нарийн царигтай төмөр зам. Уг замыг барих шийдвэрийг анх ЗХУ-ын Батлан хамгаалахын ардын комиссариат болон Зам харилцааны ардын комиссариат 1939 онд гаргасан байна. Улмаар, 1942 онд ЗХУ-ын Батлан Хамгаалах Хороо (дайны үед шийдвэр гаргадаг гол байгууллага) тусгай тогтоол гаргаснаар ажил нь эхэлж, тухайн ондоо багтаан барьж дуусжээ. Зөвхөн цэрэг-байлдааны зориулалттай баригдсан энэ зам 1945 онд милитарист Японы эсрэг дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнээс хойш ашиглагдахгүй байж байгаад 1962-1963 онд зам төмрийг нь хуулж аваад аймгуудыг холбосон телефон утасны шонгийн хөл хийж ашигласан нь одоо ч бий.
Улз – Баянтүмэн - Тамсагбулагийн нарийн төмөр замын газрын зураг.
Гурав. Бас нэгэн төмөр замын талаар өгүүлэх нь зүйтэй байх. Дээрх газрын зургийг хараад байхад Баянтүмэн буюу одоогийн Чойбалсангаас Баян-Уул сумын Ульханы Улз гол (Ульдзя гэж оросоор бичсэн байна) хүртэл 222 километр нарийн төмөр зам зурсан байх юм. Энэ замын даланг барьж эхлээд дуусгаагүй орхисон бололтой. Нутгийн хөгшчүүл болон төмөр замынхнаас асуувал сайн мэдэх байх. Надад олдсон мэдээллээр бол янз бүрийн хуягт техник, бусад зэвсэг, их бууны сум үйлдвэрлэхэд вольфрам хэрэглэдэг юм байна. ЗХУ-д түүнийг зөвхөн Кавказад олборлодог байжээ. Дэлхийн II дайны үед буюу 1942 онд уг орд бүхий газрыг германы цэргүүд эзэлсэн учир дайнаас өмнө Монголын Дорнод аймгийн нутагт зөвлөлтийн геологичдын олж илрүүлсэн вольфрамын орд газрыг ашиглахаар шийдвэрлэж, уг замыг яаралтай барихаар төлөвлөөд байжээ. Гэхдээ Улаан арми эзлэгдсэн орд газар бүхий нутгаа германчуудаас чөлөөлсний зэрэгцээ ЗХУ АНУ-аас “ленд-лиз”-ээр вольфрам их хэмжээгээр авах болсон тул төмөр замын барилгын ажлыг зогсоожээ. Нөгөө талаар, бас Ульханаар дамжуулан Чита хотоос Баянтүмэн хүртэл автомашинаар Зөвлөлтийн цэргүүдийн хангалт хийдэг байсан гэх баримт байна.
Дөрөв. “УБТЗ” ХНН-ийн харьяа Баянтүмэнгийн нэртэй энэхүү төмөр зам, түүний хамт олон ачааны урсгал, ачаалал буурсан хэдий ч өөрийн үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Өнөөдөр Эрээнцав-Чойбалсанг холбосон төмөр замаар ОХУ-аас манай зүүн бүсийн хэрэгцээний нефть бүтээгдэхүүн, бусад ачаа, харин манай талаас бага хэмжээгээр нүүрс, хааяа жонш тээвэрлэдэг юм байна.
2016 онд батлагдсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт “Төмөр замын Зүүн коридор (Борзя - Соловьевск - Эрээнцав - Чойбалсан - Хөөт - Бичигт - Шилийн гол (Зүүн хатавч) - Улаанхад - Чаоян - Жиньжоу (Паньзинь)-ын төслийг хэрэгжүүлж эхлэх” гэж заасан. “Зам дагаад хөгжил” гэдэг. Төмөр замыг дагаад ойр орчмын сум нутаг хөгжиж хүмүүс ажилтай, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй болж орлого нэмэгдэнэ. Цаашлаад Европ, ОХУ-аас БНХАУ-тай хийх худалдаа тээврийн шинэ гарц бий болж Зүүн бүс төдийгүй Монгол Улс түүний өгөөжийг хүртэх болно. Мөн манай ашигт малтмал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зорилтод зах зээлд нь хүргэх шинэ гарц нээгдэнэ. Энэ бүхнээс үндэслээд Баянтүмэнгийн төмөр замын шинэ түүх тун удахгүй эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Зүүн бүсэд Оросын Алс дорнод, Хятадын зүүн хойд бүс нутагтай интеграцид орох боломж бий.
Х.Алтай