УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн дарга Д.Оюунзултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Цар тахлын улмаас уналтад ороод байсан зорчигч тээврийн салбарын үйл ажиллагаа эргээд сэргэж байна. Гадаад, дотоодын жуулчдын урсгал ч эрс нэмэгдэх шинжтэй. Тэгэхээр энэ сэдвээр хоёул ярилцлагаа эхлүүлэх уу?

-Юуны өмнө нийт уншигч, төмөр замчдадаа энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Манай төвийн хувьд цар тахлын хорио цээр тавигдаж, энгийн горимд шилжсэнээс хойш үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлж, зорчигч урсгал ч эрс нэмэгдсэн дүнтэй явж байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд үйлчилгээний зардлыг 12 сая 982 мянган төгрөгөөр хэмнэж, орлогын төлөвлөгөөг 81 сая 231 мянган төгрөгөөр давуулан биелүүлсэн. Мөн ашиглалтын зардлыг 11 сая 711 мянган төгрөгөөр хэмнэж, нийт 301 сая 679 мянган төгрөгийн ашигтай ажиллаж байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зорчигч урсгал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа.  Үүнийг дагаад тасалбар худалдаалалтын дүн ч төлөвлөгөөнөөсөө давж биелсэн үзүүлэлт гарсан. Ер нь жил бүрийн 6,7,8 дугаар сард зорчигч урсгал нэмэгддэг.

-Дархан-Улаанбаатар хоорондын авто зам ашиглалтад орсон нь галт тэргээр зорчих иргэдийн эрэлт хэрэгцээнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх?

-Нэг үеэ бодвол хүмүүс хурдан шуурхай зорчихоос илүүтэйгээр ая тухтай, аюулгүй тээврийг илүү чухалчилдаг болсон байна. Энэ нь Дархан-Улаанбаатарын авто зам ашиглалтад орсон ч манай зорчигч урсгалд тийм ч их сөргөөр нөлөөлөхгүй байгаагаас ажиглагдаж байгаа. Ялангуяа гэр бүлээрээ хол замд зорчихдоо иргэд ихэвчлэн галт тэргийг сонгон үйлчлүүлдэг болсон. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигч урсгал ч эрс нэмэгдсэн. Тийм ч учраас Лхагва, Пүрэв, Бямба гарагт 20.30 цагаас нэмэгдлээр 44 дүгээр галт тэргийг Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялуулж эхэлсэн. Суудал үргэлж бүрэн дүүргэлттэй явж байна. Ер нь манай бүх чиглэлд зорчигч үйлчилгээний эрэлт өндөр байна.

-Тасалбарын хомсдол гарч байна уу?

-Дээр дурдсанчлан Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбарын эрэлт эрс өссөн учраас хомсдол бий болгохгүй байх үүднээс нэмэлт галт тэрэг аялуулах асуудлыг Замын захиргаанд дэвшүүлсэн. Замын удирдлагын хэмжээнд тухайн асуудлыг зөвөөр ойлгож, дэмжсэн учраас тус галт тэргийг тогтмол аялуулж байна. Үүний ч үр дүнд манай үйлчлүүлэгчдээс “Тасалбар олдохгүй байна” гэсэн гомдол ирээгүй байгаа.

-Нэг үеэ бодвол иргэд онлайн тасалбар худалдаалалтын үйлчилгээг түгээмэл хэрэглэдэг боллоо. Үүний бодит үр дүн хэрхэн гарч байна вэ?

-Бид цахим тасалбар худалдаалалтыг 70 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар онлайн тасалбар худалдаалалт 54 хувьд хүрсэн. Найм, есдүгээр сар хүртэл зорчигч урсгал буурахгүй учраас төлөвлөгөөт зорилтдоо бүрэн хүрнэ гэж харж байна. Иргэдийн хувьд ч бидний нэвтрүүлэн ажиллаж байгаа онлайн тасалбар худалдаалалтад ам сайтай байгаа. Гэхдээ манай суурин кассируудаар тогтмол үйлчлүүлдэг зорчигчид ч бий. Ялангуяа, байгууллага, хамт олноороо аялж буй хүмүүс суурин кассираар үйлчлүүлэх нь их байдаг.

-Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд танай хамт олон хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид зорчигч үйлчилгээний чиглэлээр төр болон хувийн хэвшлийн компаниудтай зарим талаар хамтран ажиллаж байна. Мөн гадаад, дотоодын зочдод зориулан зорчигч үйлчилгээний үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй танилцуулга, үнэ тариф, боршуур зэргийг Англи, Монгол хэл дээр бэлтгэн төв буудалдаа байршуулсан. Дээр нь Улаанбаатар төв буудлын “Баганат танхим”-д электрон дэлгэц байршуулснаар дэлгэцээр галт тэрэгний үйлчилгээ болон Монгол орны онцлогийг харуулсан видео шторк, галт тэрэгний ирэх, явах хуваарийг харуулах зэрэг ажлыг Маркетингийн албатай хамтран хийж байна. Түүнчлэн, “UB CUP”компанитай хамтран ажиллаж байна. Ингэснээр гадаадын жуулчид албан ёсны зөвшөөрөлтэй, найдвартай компанийн унаагаар үйлчлүүлэх, төв буудлын арын зогсоол болоод түүний ойр орчмын авто замын ачаалалд эмх замбараагүй байдал үүсэхгүй байх гээд олон талын ач холбогдолтой. Дээрээс нь “Нарантуул” зочид буудалтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Товчхондоо, гаднаас ирсэн жуулчин албан ёсны унаанд сууж, тав тухтай стандартын шаардлага хангасан буудлаар үйлчлүүлэх юм. Мөн төв буудлын дэргэд ажиллуулдаг VIP өрөөг галт тэргээр зорчигч болон үдэн гаргагчдад нээлттэй болгох үүднээс тогтмол үйл ажиллагаатай болгосон. Түүнчлэн, төв буудлын амрах байранд л ганцхан “Хүүхдийн булан” байсныг илүү хүртээмжтэй болгох үүднээс төв буудал дотроо “Хүүхдийн булан”-тай болгосон. Амрах байрандаа ч тохижилт үйлчилгээ хийлээ. Цаашид ч хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Тухайлбал, амрах байрандаа зургаан хүний өрөөг нэмэлтээр засаж тохижуулна. Төв буудлынхаа хаягийг шинэчлэн сайжруулсан, “Монголд зочлох жил” зорилтын хүрээнд гаргасан танилцуулга, сурталчилгааг үйлчлүүлэгчид олноор зорчдог газарт байршуулж байна. Гадаадаас ирсэн жуулчид ихэвчлэн “Би хаана байна вэ. Хаашаа явж, хаана очих ёстой вэ” гэдгийг сайн мэддэггүй учраас манай албан Маркетингийн албатай хамтран MAP /газрын зураг/ байршуулсан. Ингэснээр хаана очихын тулд ямар унаанд суух, хэдэн км-ийн зайд ямар ямар үйлчилгээ байгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг нэг доороос харах боломж бүрдэж буй юм. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд бүх галт тэрэгнийхээ зарлан мэдээллийг Англи, Монгол, Орос хэлээр хийж байна. Удахгүй Хятад хэлний зарлан мэдээллийг оруулна гэхчлэнгээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн ажилтнуудаа гадаад хэлний сургалтад хамруулж, албан ярианы регламтай болгож байна. АТҮТ, Аялал жуулчлалын товчоотой хамтран урд, хойд чиглэлийн авто вокзал, Хөшигтийн хөндийн нисэх буудал зэрэг тээврийн томоохон байгууллагад галт тэрэгнийхээ цагийн хуваарь тэргүүтэй мэдээллийг байршуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үнэ тарифын мэдээллийг илүү хүртээмжтэй болгоход анхаарч, ажилтнуудаа дохионы хэлний сургалтад хамруулсан, Төв буудал дотор тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан “SOS”өрөөг тохижуулсан гэхчлэнгээр үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгох чиглэлийн олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа.

-Танай төв буудлын өндөрлөсөн тавцангийн хонгилон гарцаар тусгай хэрэгцээт иргэд болон ачаа тээштэй хүмүүс зорчиход хүндрэлтэй, шат нь стандарт бус байгааг иргэд ихээр шүүмжилдэг. Үүнийг засаж сайжруулах боломжтой юу?

-Бид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Гэмтлийн акт” тогтоосон. Улмаар хонгилон гарцны шатыг стандартад нийцүүлэх ажил манай хэтийн төлөвлөгөөнд тусгагдаж, зураг төсвийг нь ч бэлэн болгосон. Одоо хэрэгжилтийн шатандаа явж байна.

-Төв буудлын үндсэн барилгыг шинэчлэх асуудал хэдэн жилийн өмнөөс яригдсан. Энэ төлөвлөгөө ямар шатандаа байна вэ?

-Шинэ вокзалтай болох асуудлаар биднээс холбогдох саналыг авсан. Гэхдээ яг одоогоор тодорхой төлөвлөгөө гараагүй байна. Уг нь  гадаад дотоодын зочид гийчдэд улсын нүүр царай болсон төв буудлаа шинэчилбэл аль аль талдаа сайхан л санагддаг. Ер нь төв буудлын маань үндсэн барилгын насжилт хэтэрсэн учраас гадна өнгө төрх, дотоод засал төдийгүй стандарт, аюулгүй байдал талаасаа ч засаж сайжруулах шаардлагатай зүйлс олон байна. Мэргэжлийн байгууллагаас тус барилгад дөрвөн ч төрлийн гэмтлийн акт тогтоосон. Ковидын жилүүдэд төв буудал маань хаалттай байсан ч одоо энгийн горимд шилжсэн учраас олон улсын зорчигчид ихээр ирж, дамжин өнгөрч байгаа. Тиймээс засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага бидний өмнө нэн тэргүүнд тулгамдаж байгаа. Замын захиргааны зүгээс бидний нөхцөл байдлыг ойлгож, боломжийнхоо хэрээр дэмжиж байгаад бид талархал илэрхийлэх нь зүйтэй.

-Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан галт тэрэг зогсолт хийх цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан уу. Ялангуяа, төмөр зам дагасан амралтын газруудаас ийм хүсэлт ирүүлж байгаа байх?

-Одоогоор зорчигчдынхоо ачааллаас хамаараад “Баянбуурал” амралтын газарт л хоёр минутын зогсолтыг гурван минут болгох зэрэг зохион байгуулалтыг хийж байгаа. Үүнээс өөрөөр албан ёсны зохион байгуулалт хийсэн зүйл алга. Бидний хувьд Аялал жуулчлалын төвийнхөнд “Манайд зорчигчид байна. Танайх боршур, танилцуулгаа англи, орос хэлээр манайд байршуул. Үүний дагуу манайхаар зорчиж байгаа жуулчдад хамтарсан үйлчилгээ үзүүлье. Бид УБТЗ гэх нэг л байгууллагад нэг зорилгын төлөө явж байгаа хүмүүс. Хамтраад ажиллая” гэсэн саналыг хүргүүлсэн.

-Сүүлийн үед зорчигч тээврийн тарифыг нэмэгдүүлсэн асуудал олон нийтийн дунд гол сэдэв болж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамгийн анх 2014 онд олон улсын зорчигч тээврийн тарифыг 15, орон нутгийнхыг 10 хувиар нэмэгдүүлж байсан. Үүнээс жилийн дараа буюу 2015, 2016 онд олон улсын тарифыг 20, 20 хувиар, 2017 онд олон улсын тарифыг 15, орон нутгийнхыг найман хувиар тус тус индексжүүлсэн. Тэгэхээр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зорчигч тээврийн тарифыг огт нэмэгдүүлээгүй явж ирсэн гэсэн үг. Үүнээс улбаалан 2022 онд УБТЗ ХНН зорчигч тээврээс 64.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Ингээд манай зорчигч тээврийн тарифыг 2023 оны долдугаар сарын 1-нээс 50 хувиар индексжүүлэн мөрдөх шийдвэрийг Ерөнхий хорооноос гаргасан. Гэсэн хэдий ч тухайн нэмэгдэл мөрдөгдөх болсноор тээвэрлэлтийн нийт өртгийн 53 хувийг л хааж байна. Нэг үгээр хэлбэл зорчигч тээврийн үйл ажиллагаанаас УБТЗ ХНН энэ онд 39 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа юм.Жишээ нь манай нийтийн вагоны үйлчилгээг сонгосон зорчигч нэг км замд 24 төгрөгөөр зорчдог байсан бол одоо 37 төгрөг болсон. Унтлагын вагоноор нэг км аялах тариф 41 төгрөг байсан бол 62 төгрөг, тасалгаат нь 93 төгрөг байсан бол 103 төгрөг болж нэмэгдсэн. Үүнийг бусад төрлийн тээврийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай харьцуулбал маш хямд байгаа.

-Танай төвийн хувьд мэргэшсэн боловсон хүчний хүрэлцээ хангамж хэр байна вэ?

-Манай ажилтнууд харьцангуй тогтвор суурьшил сайтай. Дийлэнх нь хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил мэргэжлийг эзэмшсэн ч манайхан мэргэжилдээ дур сонирхолтой, нийтэч, эвсэг хамт олон.

-Ойрын хугацаанд танай төвийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаас онцолбол?

-Тээш, түгээлт, хадгалалтын барилга маань модон каркастай. Тиймээс орчин цагийн сендивчин барилгаар шинэчилж, дотоод тоног төхөөрөмжийг нь ч орчин цагийн стандартаар тохижуулах зорилт тавин ажиллаж байна. Одоогоор шаардлагатай тооцоо, судалгааг нь хийж байна. Энэ зорилтдоо хүрснээр олон улсын нисэх буудлын тээш түгээлт, хүлээн авалт, хадгалалтын зарчмаар ажиллах боломж бүрдэх юм.

-Тээшийн үйлчилгээ танайд хамгийн бодит орлогыг авчирдаг чухал үйлчилгээ шүү дээ. Өнөөгийн үзүүлэлтээ дурдвал?

-Манай хамт олон 2022 онд тээш тээвэрлэлтээр нийт 2 тэрбум 106 сая төгрөгийн орлоготой ажилласан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нэг тэрбум 238 сая төгрөгийн орлоготой ажиллаж байна. 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр өмнөх оныхоо гүйцэтгэлийг хангалттай хэмжээнд давуулсан үзүүлэлт гарна гэж харж байгаа. Энэ төрлийн тээврийн үйлчилгээ жилээс жилд өсөж байна. Төмөр замын тээврээр ачаа тээшээ явуулах нь хамгийн хямд өртөгтэй гэдгийг манай үйлчлүүлэгчид сайн мэддэг болсон. Дээрээс нь бид “Сайн электроникс”, “Талх чихэр” зэрэг компаниудтай хамтын ажиллагаа хэрэгжүүлж, амжилттай ажиллаж байна. Цаашид ч хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

-Зорчигч тээврийн тарифыг индексжүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо буурах уу?

-Зорчигч тээврийн тарифыг индексжүүлэх шийдвэр гарсны дараа зорчигчдын тоо тодорхой хэмжээгээр буурсан дүн гардаг ч алдагдал буурч, орлого нэмэгдсэн үзүүлэлт гарсаар ирсэн. Ер нь цаг хугацаанаас илүү тав тух, аюулгүй байдлаа чухалчилдаг үзэл манай үйлчлүүлэгчдийн дунд зонхилдог учраас үнийн өсөлт үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх нь харьцангуй бага.

-Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний төрлөөсөө онцолбол?

-Өмнө нь явуулын кассируудын пос машин дээр зорчигчийн мэдээлэл гардаггүй байсан бол Мэдээллийн технологийн албаныхантай хамтарч ажилласны үр дүнд зорчигчдын мэдээг харах боломжтой болгосон. Одоогоор 100 хувь нэвтрүүлээгүй ч эхнээсээ хэрэгжээд үр дүнгээ өгч эхлээд байна.  Ингэснээр явуулын кассирууд маань буцаагдсан тасалбар, сул мест зэргийг тодорхой хардаг болсон.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

 

Б.ДЭЛГЭРХИШИГ