Хаврын улиралд төмөр замчдын, тэр дундаа Замын ангиудын гол хүндрэл нь шар усны үер байдаг. Тиймээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хаврын эхэн сараас эхлэн хийдэг уламжлалтай. Энэ талаар Замын аж ахуйн албаны Байгууламж ба гүүр хоолойн хэлтсийн инженер Д.Одгэрэлээс дараах асуултад хариулт авлаа.
-Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?
-Төмөр замын ойролцоох цас ихээр тогтсон уулын энгэр, суваг, шуудуу, гуу жалгыг тууш зам шалгалтаар тогтоон бүртгэлжүүлж төлөвлөгөө гарган, цас ихээр тогтсон газруудын харалдаа байрлах төмөр замын гүүр, хоолой, суваг шуудуу,халиа гүйж мөстсөн гүүр, хоолойн оролт гаралтыг цэвэрлэж, ус нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг нэн тэргүүнд зохион байгуулж байна.ЦУОШГ-ын урьдчилсан мэдээнд үндэслэн дүгнэлт хийн, агаарын температур эрс нэмэгдсэн дулаан өдрүүдээр эрсдэлтэй цэгүүдэд Замын ангиуд эргүүлүүдийг томилон шалгалт хийн ажиллаж байгаа. Зайлшгүй шаардлагатай нөхцөл үүссэн тохиолдолд хүнд машин, механизм экскаватор гэх мэт техник ашиглаж суваг шуудуу татах ажлыг зохион байгуулж ажиллана.
- Хамгийн эрсдэл өндөртэй цэгүүд хаана байна вэ?
-Энэ жилийн хувьд Замын I ангийн харьяа Үнэгт-Түнх хоорондын зам, ЗамынVI ангийн харьяа Орхон-Эрдэнэт, Замын II ангийн харьяаБагахангай-Булагтай, Булагтай-Багануур хоорондын зам бусад хэсгийг бодвол эрсдэл өндөртэй, цас ихээр тогтсон газруудад хамаарагдаж байна. Өнөөдрийн байдлаар цасны 40-45 хувь нь хайлсан байна.Замчдын хувьд гүүр, хоолойн оролт гаралтыг цэвэрлэж, ус нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай. Бид ЦУОШГ-тай жил бүр гэрээ байгуулан ажилладаг. Төмөр замын дагуу ойролцоо байрлах 13 станцаар мэдээллийг авч,гурав хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээг өгч байна. Үер усны идэвхжилттэй саруудад хоёр хоногийн урьдчилсан нарийвчлалтай мэдээг авч дүгнэлт хийн ажилладаг.