Хүсэл мөрөөдөл гэдэг хүний нүдэнд үл үзэгдэх жигүүр юм. Тэр л жигүүрээ дэлгэн өөрийн хүссэн зорьсондоо хүрсэн хүн олон. Харин зарим нь тэр жигүүрээ хумин хэнд ч хэлэхгүй, сэтгэлийнхээ хаа нэгтээ хав дарсаар яваа юм шиг санагддаг.
Энэ удаад урьсан зочин маань тэрхүү жигүүрээ дэлгэн хүссэн, зорьсон бүхнээ биелүүлж яваа ажээ. Тэрбээр, хүүхэд байхаасаа багш болохыг мөрөөдөж, дунд сургуулиа дүүргэн МУИС-д элсэн оржээ. Оюутан ахуйн таван жил хоёр нийгмийн заагт таарч, юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байсан ч, 1993 онд их сургуулийн диплом өвөртөлсөн залуухан багш Төв аймгийн Зуунмод хотод төрөлх сургуульдаа багшлахаар очиж байжээ. Энэ тухай ярихдаа өдгөөгөөс 31 жилийн өмнө нойтон алчуураар зүлгүүлсээр шил шиг гялайж хоцорсон хуучин хүрэн самбарын өмнө ууган шавь нартаа хичээл заагаад зогсож байсан цаг саяхан мэт санагдах дурсамжаа сэтгэлийн гүнээсээ уудлан хүүрнэв. Энэ бүсгүй бол УБТЗ-ын Хууль зүйн албаны хуульч, Замын мэргэжлийн аварга Даваахүүгийн Мөнхжаргал юм.
Тэрбээр, төрөлх сургуульдаа найман жил гаруй хугацаанд багш, сурган хүмүүжүүлэгчээр ажиллажээ. Амьдралд хөлөө олох шалгуурт он жилүүдэд тэрбээр хувийн байгууллагад хэсэг хугацаанд ажиллаж үзэв. Ажил нь түүнээс хууль эрх зүйн мэдлэгийг шаардах болжээ. Ийнхүү ажил, амьдралаас урган гарсан зайлшгүй шаардлагыг тэрбээр өмнөө зорилго болгон тавьж, “Отгонтэнгэр” их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцжээ. Эхэндээ тэр хоёр дахь мэргэжлээ амьдралын хэрэгцээ шаардлага хэмээн бодож, юутай ч хууль эрх зүйн наад захын мэдлэгтэй болъё гэж зорьж байв. Харин суралцах явцдаа мэргэжилдээ шунан дурлаж эхэлжээ. Тэр дундаа шүүх болон иргэний бусад харилцаанд иргэдийн эрх ашгийг хамгаалах боломжтой энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ би хүмүүст бага ч атугай тус хүргэх боломжтой юм байна гэж боджээ. Ийнхүү 2011 онд сургуулиа төгсөж, төгсөгчидтэйгөө хамтран хуулийн зөвлөгөө өгөх компани байгуулан хамтран ажиллаж байжээ.
Д.Мөнхжаргал “Санамсаргүй гэмээр тохиолдлоор “УБТЗ-ын Хуулийн албанд хуульч ажилд авна” гэсэн зараар ирж ажлын ярилцлагад орсон. Тухайн үед “Энэ том байгууллага над шиг хүнийг ажилд авах болов уу даа” гэж итгэл муутайхан л байсан. Ярилцлагад орсны дараа хариу өгөөгүй бараг сар гаруй болсон тул дотроо намайг сонгоогүй юм байна гэж бодоод явж байтал нэг өдөр утасдаад “Гурав хоногийн дотор ажилдаа орох боломжтой юу” гэсэн. Ингэж 2015 онд Улаанбаатар төмөр зам гэх их айлын өндөр босгыг давж, төмөр замчдын эгнээнд хөлж тавьж байлаа. Хуулийн алба маань орос даргатай, туршлагатай хуульчидтай байсан. Тэдний дэргэд би өөрийгөө их чамлаж байсан шүү. Гэхдээ итгэлийг нь алдахгүй юмсан гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ер нь, хүмүүс бид өдөр тутам ажил амьдралын их сургуулиас суралцаж л явдаг шүү дээ. Мэргэжлийн хувьд ч суралцсаар л явна” гэлээ.
Ташрамд дурдахад, УБТЗ-ын Хууль зүйн алба 2005 онд анх байгуулагджээ. Түүнээс өмнө УБТЗ нийгэмлэг хуулийн ганц зөвлөхтэй байсан юм. Д.Мөнхжаргалыг анх ажилд ороход Хууль зүйн алба үүсэн байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгож байв. Тухайн үед даргын хамт зургаахан орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байжээ. Харин одоо Хууль зүйн алба нийт 16 орон тоотой ажиллаж байна.
Д.Мөнхжаргал “Анх ажилд ороход ажлын ачаалал маш их. Бид тал тал тийш самгарддаг байсан. УБТЗ дан ганц тээврийн үйл ажиллагаа явуулдаггүй, нийгмийн бүхий л чиглэлд үйл ажиллагааг хавсран явуулдгаараа онцлог байсан. Сургууль, цэцэрлэг, барилга, соёл урлаг, эрүүл мэнд гээд маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдгийг нь ажилд ороод л мэдэж, гайхаж байлаа. Тэгэхэд л УБТЗ-ыг хэвлэлээр “Вант улс” гэж бичдэг байсан нь аргагүй юм гэх бодол төрж байсан даа. Үйл ажиллагааны цар хүрээ өргөн байхын хэрээр хуульчдын судалж мэдэх хууль, эрх зүйн акт олон, тэр ч хэмжээгээр ажил өрнөнө. Харин сүүлийн жилүүдэд албаны хүн хүч нэмэгдээд хуульчид маань чиглэл чиглэлээр мэргэшээд ажилладаг болсон. Миний хувьд суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан хуульч гэсэн орон тоон дээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, Зам, Зүтгүүр, Вагоны аж ахуйн албад, тэдгээрийн салбар нэгжүүдийн үйл ажиллагааны хүрээнд хийж буй гэрээ хэлэлцээр, бусад эрх зүйн актуудыг хянах, авлага барагдуулах зэрэг ажлыг хариуцаж байна” гэж ажлын онцлогоо тайлбарлалаа.
Түүнтэй ярилцахаар бид нэлээд хэдэн удаа санал тавьж, сар гаруйн дараа цаг товлон уулзаж буй нь энэ юм. Тиймээс ажлын нэг өдөр нь хэрхэн өнгөрдгийг сонирхлоо. Тэр “Ер нь, цаг зав маш хомс доо. Өглөө ажилдаа ирээд суудлаасаа босох завгүй гэрээгээ хянана, албан бичигт хариу өгөхийн тулд холбогдох дүрэм журмыг судална, шүүхийн үйл ажиллагаанд оролцоно гээд л дуусахгүй шүү дээ. Нэг гэрээ хянахад л тухайн гэрээтэй холбоотой бүх мэдээлэл баримт материалыг судална. Түүний дараа гэрээнд оруулах засварын талаар зөвлөгөө өгнө. Ер нь, гэрээ хянагдаад, засагдаад, бэлэн болох хүртэлх шат дамжлага 2-3 удаа явагдана шүү. Замын удирдлагын хэмжээнд болж байгаа шуурхай, осол гологдол, тайлант шалгалтын хуралд хуульчид оролцдог. Өдөр тутам ирж байгаа албан бичигт хариу өгөх, хууль зүйн санал дүгнэлт өгөх гэх мэт. Дээр нь авлага, өглөгтэй холбоотой шүүх хурлуудад байгууллагаа төлөөлж оролцдог. Шүүхээр хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлүүлээд байгууллагынхаа талд шийдвэр гаргуулаад ирнэ гэдэг бидний ажлын үр дүн. Манай хуульчид авлага, өглөгтэй холбоотой олон маргааныг шүүхээр нийгэмлэгийн талд шийдвэрлүүлж байсан. Тэр утгаараа манай алба үүсэн байгуулагдсан цагаасаа нийгэмлэгийнхээ санхүүгийн үйл ажиллагаанд тодорхой хувь нэмрээ оруулаад явж байгаа.
Хуульч хүний мэргэжлийн онцлог бол аливаа зүйлийг баталгаа, нотолгоон дээр үндэслэн дүгнэлт хийдэг. Тийм ч учраас юм болгонд баримт нотолгоо шаарддаг. Тэр нь бусад хүмүүст их төвөгтэй санагддаг юм шиг байгаа юм. Гэрээ хянахад л “Хурлын шийдвэр нь хаана байна? Төсөв нь хаана байна. Хэн шийдвэр гаргав. Хэн гүйцэтгэж байгаа юм?” гэх мэт... Тэгэхээс ч аргагүй. Үүнийг ажилтнууд хийх ажилд нь Хууль зүйн алба саад хийгээд байгаа юм шиг ойлгодог. Ер нь, хүмүүс гэрээ хянана гэдгийг ерөөсөө гурван хуудас хэвлэж аваачаад уншуулчихна гэсэн ойлголттой явдаг. Ямар учраас энэ гэрээг, хэний шийдвэрээр хийж байна вэ гэдэг үндэслэлийг тогтоогоод, түүний хүрээнд хянаад шалгаад, зөвшөөрөл өгдөг. Бүр цаад утгаараа бид өөрсдийг нь хамгаалахын тулд ажиллаж байгаа юм шүү дээ. Гэрээг ямар нэгэн байдлаар алдаа дутагдалтай байгуулснаар ямар үр дагавар гарахыг таашгүй.
Намайг 2015 онд анх ажилд орж байхад Хууль зүйн албаар хянуулахгүй аж ахуйн нэгжүүд өөрсдөө гэрээ байгуулаад, бүртгээд явчихсан тохиолдол их байсан. Тэндээс үүдэлтэй гэрээний маргаанууд маш их гарч байсан. Гэрээ гэж үзэхэд хэцүү, хэн дуртай нь очоод гарын үсэг зурчихсан, наад захын гэрээний ерөнхий нөхцөлийг хангахгүй байх жишээтэй. Одоо бол гэрээг нэгтгэн хянах бүртгэх ажил тодорхой шатанд ахиц дэвшилттэй болсон гэж боддог. Мэдээж алдаа дутагдал байж болох ч цаашид өсөн нэмэгдэх нийгмийн харилцаанд дээрх үйл явцыг хэрхэн хуульд нийцүүлэн явуулах вэ гэдэг л бидний зорилго. Манай албаны үйл ажиллагаа бол байгууллага болон ажил олгогчийг төлөөллийг хэрэгжүүлэн нийгэмлэгийнхээ эрх ашгийг хамгаалах юм шүү дээ” гэлээ.
Д.Мөнхжаргалын хийсэн ажлуудаас ганц жишээ дурдахад 2020 оноос эхэлсэн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын хүрээнд авто замтай огтлолцсон төмөр замын гармын өргөтгөл шинэтгэлийн ажлыг гүйцэтгэгч гурван компанитай УБТЗ туслан гүйцэтгэгчээр оролцон гэрээ байгуулж бүтээн байгуулалтад оролцжээ. Тухайн гүйцэтгэгч гурван компанитай гэрээ байгуулахаас эхлээд гэрээний гүйцэтгэлтэй холбоотой шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэн дуусах хүртэлх хугацаанд тэрбээр биечлэн ажиллажээ. Эндээс гэрээний үндсэн төлбөрөөс гадна алдангиар 300 орчим сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулжээ. Ер нь, хуульч хүн өөрийн хийсэн ажлын эцсийн үр дүнг хартлаа хэдэн сар байтугай хэдэн жилийг ч ардаа үдэх тохиолдол гардаг гэсэн юм.
Харин түүнийг хуульчийн мэргэжил нь аливаа асуудлыг заавал нягталдаг зуршилтай болгожээ. Гэрийнхнээсээ хүртэл аливааг ахин дахин асуудаг гэмтэй гэнэ. Тэр өөрийгөө “Яг л нөгөө “Лавлаа Даш” гэдэг шиг...” гэж тодорхойлоод инээмсэглэв. Харин чөлөөт цагаараа уран зохиолын ном, шүлэг яруу найраг уншиж тархиа амраахыг чухалчилдаг аж.
Эцэст нь, тэрбээр “Цаг хугацаа хурдан юм даа. УБТЗ гэх их айлын үүдийг сөхөн төмөр замчдын эгнээнд орж ирснээс хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Одоо “УБТЗ” гэсэн бүхэн сэтгэлд өөриймсөг дотно санагддаг. Галт тэрэг явж байхыг харах цаанаа л нэг сайхан. Ганц би ч биш намайг энд ажилд орсноос хойш манай гэр бүлийнхэн ч УБТЗ-ын талаар мэдээ гарсан ч анхаарал хандуулдаг болчихсон. Сайн, сайхан мэдээ сонсвол баярлана. Заримдаа сошиалд таагүй мэдээ гарах юм. Тийм үед ингэж бичээд байхдаа яахав дээ гэж цухалдана. Ганц би биш төмөр замчин хүн бүрийн сэтгэл адилхан байх аа. 16 мянган ажилтан, тэдний ар гэрийг даагаад явж байгаа энэ том байгууллагаар бахархахгүй байх аргагүй л дээ ” гэлээ.
Ийм нэгэн эгэлхэн төмөр замчин-хуульч бүсгүйтэй ярилцлаа.
Б.Гүнжинлхам