Эрдэнэт өртөөний Тооцооны хэсгийн эрхлэгч Д.Мөнхжаргалтай тус өртөөний ачаа тээврийн талаар цөөн хором ярилцлаа.

 

-Танай өртөөний хувьд зэсийн баяжмал ачдагаараа онцлогтой. Өнөөгийн байдлаар ачаа тээврийн хэмжээ ямар байна вэ?

 

-Тиймээ, манай өртөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн ачааг тээвэрлэдгээрээ онцлогтой. Жилд тус үйлдвэрээс 10 мянган вагон зэсийн баяжмал ачдаг. Энэ оны эхний дөрвөн сард 3017 вагон зэсийн баяжмал ачсан. Гэрээгээр хоногт 27, сард ойролцоогоор 792 вагон ачдаг. Молибден гэхчлэн бусад ачилтыг “Монлогистик”, “Ачит ихт”, “Эрдмин” зэрэг зуучийн компаниуд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зам дээрээс гүйцэтгэдэг. Харин зэсийн катодыг ачиж буулгах талбайгаас ачиж байгаа.

 

-Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ачаа тээврийн хэмжээ буурсан гэж сонслоо. Юунаас болов?

 

-Өнгөрсөн оны эхний дөрвөн сард бид 19.5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Энэ оны мөн хугацаанд 13.8 тэрбум төгрөгийн орлоготой байна. Өөрөөр хэлбэл, өмнөх оныхоос 5.7 тэрбумаар буурлаа. Шалтгаан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмал 114 вагоноор буурсантай холбоотой. Мөн экспортын ачилтын нүүрс 410 вагоноор буурсан. Өнгөрсөн онд экспортын нүүрс зургадугаар сар хүртэл ачсан бол энэ жил байхгүй.

 

-Зэсийн баяжмалын ачилт юунаас болоод буурсан юм бол?

 

-Гарцаасаа шалтгаалж зарим сард төлөвлөгөөгөө бууруулдаг. Өнгөрсөн онд гарц нь сайн байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн өөрсдөө анализ хийж үзээд сар бүр ачилтын төлөвлөгөө гаргаж ажилладаг юм. Зарим сард 800 гаруй вагон ачсан бол заримдаа 700, бүр 600 руу ч буурах үе бий.

 

-Жил ирэх тусам тээвэрлэлт нь нэмэгдэж буй ачаа байна уу?

 

-Зэсийн катодыг 10 жилийн өмнө тээвэр зуучийн зөвхөн “Эрдмин” ХХК сард 10-20 чингэлэг ачдаг байлаа. Гэтэл одоо 7-8 зууч ажиллан сард 50-80 чингэлэг ачдаг боллоо. Молибден ч нэмэгдсэн. Тээвэр зуучууд нь олон болсонтой холбоотой эдгээр тээвэрлэлт нэмэгдсээр байна.

 

-Буулгалтын хувьд ямар байна вэ?

 

-Манай өртөөнд голдуу хувь хүмүүсийн ачаа буудаг. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн тоног төхөөрөмж, тэсэлгээний материалууд ОХУ, БНХАУ-аас их ирж байна. Барилгын улирал болсон учир цемент зэрэг барилгын материал бууж байгаа. Гэвч өмнөх үеэ бодвол барилгын материалын буулгалт эрс буурсан. Учир нь, цементээ Хөтөлөөс авдаг болсон. Түүнчлэн, хүмүүсийн амьжиргааны түвшинтэй ч холбоотой буулгалт багассан гэж харж байгаа. Өмнө нь, нэг компани нэг вагон авдаг байсан бол одоо 3-4 компани нийлж нэг вагон авдаг болсон. Шарын голоос хоногт 2-3 галт тэрэг авдгийн 50 хувь нь ДЦС болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн нүүрс байдаг. Ер нь, манайх хоногт тогтмол 2-3 хос галт тэрэг боловсруулж байна.

 

-Танай ачилт буулгалтын талбайн хүрэлцээ, ачиж буулгах техникийн бүрэн бүтэн байдал гайгүй юу?

 

-Чингэлгийн талбайн хүрэлцээний хувьд хангалттай. 10-20 вагоны багтаамжтай. Харин краны эдэлгээний хугацаа дууссан. Энэ нь л жаахан хүндрэл үүсгэж байгаа. Тодорхой тонны хязгаарлалт тавиад акт тогтоосон. Зэсийн катодын хэмжээ ихэссэн болохоор манай ачиж буулгах талбайн ачаалал их нэмэгдсэн. Гэвч бид яаж ийгээд зохицуулаад л явж байна.

 

-Та энэ өртөөнд хэдэн жил ажиллаж байна вэ?

 

-Би 1993 онд Төмөр замын техникумыг төгсөөд шууд Эрдэнэт өртөөнд ирж ажиллаад 31 жил боллоо. Үүнээс 29 жилд нь тооцооны оператораар, сүүлийн хоёр жилд нь эрхлэгчээр ажиллаж байна.

 

М.Наранболд