ЦХОБА-ны орлогч дарга Д.Гантөмөрөөс намрын хуурайшилтын үед гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг Замын хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар тодрууллаа.
-Хавар, намрын улиралд гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Энэ үед төмөр замчид галын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ?
Монгол Улсын Ойн тухай хуулийн 3.1.17 дахь заалтад жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-оос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл түймрийн аюултай үе гэж үздэг. Тиймээс намрын хуурайшилтын зөвлөгөөнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга буюу Замын гал түймэртэй тэмцэх комиссын орлогч даргаар удирдуулан аравдугаар сарын 03-ны өдөр явуулж алба, хэлтэс, төв салбар нэгжүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өгч, биелэлт, үр дүнд хяналт тавьж заавар, зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Төмөр замчид хэд хэдэн зүйл дээр онцгой анхаарах хэрэгтэй. Тухайлбал,
-Өнжмөл болон хатсан шар өвс, ургамлыг шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдлийг дагуулж байгаа тул өнжмөл болон хатсан шар өвсийг цэвэрлэхдээ шатаах арга хэрэглэхгүй байх!!!
- Ахуйн хог хаягдлыг шатаахгүй байх!!!
- Ой, хээрийн бүсэд татсан тамхи, асаасан чүдэнзний гал, цогийг бүрэн унтраах!!!
- Ой, хээрийн бүсэд ил гал гаргаж, гал түлэхгүй байх!!!
- Өртөө, зөрлөгийн ажилчдын орон сууцны галын аюулгүй байдлыг хангаж, барилга байгууламж, хашаа саравчинд ойр ил задгай цогтой үнс нурам, хог хаягдал асгаж, байрлуулахгүй байх!!!
- Цогтой үнс нурмыг шатдаггүй материалаар хийсэн тагтай саванд хийх!!!
- Хөдлөх бүрэлдэхүүний галын аюулгүй байдлыг хангаж, яндангийн оч баригч тогтмол шалгаж хөө, тортог үүссэн тухай бүрд нь цэвэрлэж байх!!!
- Цахилгааны дамжуулах оруулга, цахилгаан сүлжээний утсыг стандартын дагуу угсрах ажлыг мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэх !!!
- Пийшин, зуухны янданг тогтмол хөөлөх, битүүмжлэл, бүрэн бүтэн байдлыг хангах !!!
-Угаарын хийн хордлогод өртөх эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс айл өрх бүр угаарын хий мэдрэгч байрлуулж, ашиглалтын бэлэн байдлыг хангах, зай цэнэгийг иргэн, ажилтан өөрөө хариуцаж сольж хэвийн ашиглах !!!
- Айл өрх бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл /гал унтраагуур байрлуулан, ашиглалтын бэлэн байдлыг хангах.
- Ой, хээрийн түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулан, сэрэмжлүүлж хэлмээр байна.
-Салбар нэгжүүдэд галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг танайхаас тогтмол хийдэг. Энд нийтлэг дутагдал юу байна вэ?
-Батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтаар УБТЗ ХНН-ийн алба, хэлтэс, төв, салбар нэгжид давхардсан тоогоор 183 удаа үзлэг шалгалт хийсэн. Үүнд нийт 224 объект, 451 айл өрх хамрагдаж, давхардсан тоогоор 1624 зөрчил дутагдал илрүүлэн арилгуулах талаар салбар нэгжүүдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлэн байцаагч нар мэргэжлийн зөвлөгөө зааврыг салбар нэгжийн 939 ажилтанд өгсөн.
Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:
1. Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03-ийн заалт цахилгаан тоног төхөөрөмжид хэт ачаалал үүсгэх, хоёр өөр маркийн тэжээлийн кабелиар угсралт холболтыг хийдэг, цахилгаан монтажийг хамгаалалтын бүрхүүл төгсгөвчгүй угсарсан дутагдал нэлээд хувийг эзэлж байна.
2. Аж ахуйн нэгж байгууллага барилга байгууламжид зайлшгүй байх гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл MNS 5566:2020 иж бүрдэл дутуу, ашиглалтын шаардлага хангахгүй дутагдлууд байна.
3. Пийшин зуухны залгаа хэсэг, хана цуурсан, шавар унасан, битүүмжлэл алдагдсан, яндан хөөлөөгүй, галлагааны хэсэгт хамгаалалтын төмөр байхгүй, үнс нурам асгах тагтай төмөр сав, хувин хангалттай биш байгаад хяналт шалгалтын явцад дутагдлыг засуулах, бүрдүүлэх, харьяа салбар нэгжид мэдэгдэх арга хэмжээ авч байгаа боловч бүрэн засагдахгүй байгаад анхаарах шаардлагатай байна.
-Төмөр замчдын галын аюулгүй байдлын талаарх мэдлэг, гал түймрийн үед ажиллах чадвар дадлын түвшин ямар байгаа бол?
-Энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр Замын даргын А/802 тоот Галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай тушаал гарсан. Тушаалын VII хавсралтаар ажилтны мэдвэл зохих 10 цагийн сургалтын программыг баталсан, өнөөдрийн байдлаар манай албанд ирсэн хүсэлтийн дагуу 59 салбар нэгжийн 1012 ажилтанд галын аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах танхим болон дадлагын үзүүлэх сургууль зохион байгуулсан. Мөн хуурайшилттай холбогдол бүхий найман төрлийн сэрэмжлүүлэг, зурагт материалыг (600 ширхэг) хэвлүүлэн тараасан. Одоо аж ахуйн нэгжүүд “Ган зам пресс” төвд байгаа ухуулга сурталчилгааны материалыг захиалан авч ажилтнууддаа тараах шаардлагатай байгаа. Үүний зэрэгцээ бид батлагдсан төлөвлөгөөний дагуу хамтарсан гал унтраах тархалт, тактикийн сургууль /бодит байдалд ойртуулсан/-ийг зангилаад, томоохон салбар нэгж, үйлдвэрлэлийн байранд хийж байна.
-Хамгийн ойрын жишээгээр өнгөрсөн хавар Баянтүмэнд гарсан ой хээрийн түймрийн улмаас УБТЗ багагүй хохирол амссан. Ой хээрийн түймрийн эрсдэл өндөртэй ямар өртөө зөрлөгүүд байна вэ?
-Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын 18-ны байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий, Завхан, Говьсүмбэр зэрэг 13 аймгийн 38 суманд 88 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар нийт 442 мянга орчим га талбай өртсөн байна.
Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар 132 удаагийн ой хээрийн гал түймэр гарч 555.443.400 га талбай түймэрт өртөж, нийт 10.950.000.000 төгрөгийн байгаль экологийн хохирол учирсан байдаг. Дорнод аймгийн газарзүйн онцлог тал, хээрийн бүсэд хамаардаг. Тухайн орон нутгийн хойд чиглэлийн Баян-Уул Баяндун, Дашбалбар, Чулуунхороот зэрэг дөрвөн сумдын нутгаар ОХУ, зүүн болон зүүн урд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг нь жил бүр хавар, намрын хуурайшилтын улиралд хил дамнан гарах ой, хээрийн гал түймэрт өртөх өндөр эрсдэлтэй, гал түймрийн эх үүсвэр гарсан үед унтраахад гал унтраах хүн хүч, техник хэрэгслийн хүрэлцээ муу байдаг учир бид судалгаа хийсний үндсэн дээр Замын гал түймэртэй тэмцэх комиссын даргын шийдвэрээр 60 тоннын багтаамж бүхий усны цистерн вагонтой болгох, тоноглох ажлыг эхлүүлсэн.
-Танай албаны хэмжээнд галын галт тэрэг, автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлын хувьд ямар түвшинд байна вэ. Техник технологийн шинэчлэл хийх шаардлага хэр байгаа вэ?
-Бид “Галын галт тэрэгний ажиллах заавар“ баталсан тушаалыг 2021 онд шинэчлэн Замын даргын А-332 тоот тушаалыг одоо мөрдөж байгаа. Төв, хойд, урд гэсэн хэсэглэлд II зэрэглэлийн гурван галын галт тэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Галын галт тэрэгний мотор насос нэлээдгүй хуучирч, элэгдэлд орсон, зорчигчийн буюу бидний гол тоног төхөөрөмж байрлуулж гал унтраах үйл ажиллагаа явуулдаг вагонууд ашиглалтын хугацаа дууссан тул Улаанбаатар галын галт тэрэгний зорчигчийн вагоныг 404 дугаартай зорчигчийн вагоноор сольж тоноглосон. Цаашид бид Замын техникийн комиссоор батлуулсан 2022 - 2032 он хүртэл хийгдэх стратеги төлөвлөгөөндөө оруулан мотор, насосыг сүүлийн үеийн хүчин чадал сайтай төхөөрөмжөөр бүрэн шинэчлэхээр 2024 оны төсөв төлөвлөгөөндөө оруулаад байна. Цаашид үе шаттайгаар хүчин чадал, техник хэрэгслийг шинэчлэн сайжруулах арга хэмжээг авч ажиллана.
-Хүн хүчний хувьд хүрэлцээтэй юу?
-Анги салбарууд гал түймрийн дуудлагаар гарч ажиллах үед нэг ээлжиндээ хоёр гал сөнөөгчтэй ажилладаг. Гал түймрийн аюулын зэрэглэл болон үйлчлэх хил хязгаараар нь MNS 6412:2013 стандартаар нэг ээлжинд дөрвөн гал сөнөөгчтэй ажиллах шаардлага байдаг. Бид мөн энэ асуудлыг шийдэж IV зэрэглэлийн ангийн түвшинд дүйцүүлэхээр стратеги төлөвлөгөөндөө тусгаж байгаа.
-Замын хэмжээнд цаашид галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр зайлшгүй хийх тулгамдсан асуудал байна уу?
-Төмөр замын зурвас газар буюу торон доторх өвс ургамлыг одоо мөрдөгдөж байгаа хуулийн 27.4.Төмөр замын зурвас газарт байгаа мод, бут, өвс, ургамал нь тээврийн аюулгүй байдалд саад учруулахаар бол төмөр замын байгууллага тэдгээрийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох, хадах, түймэр гаргахгүйгээр шатаах зэргээр аюулгүй байдлыг хангана гэж заасны дагуу жил бүр хавар, намар шатаах арга хэрэглэн цэвэрлэдэг байсан бол энэ оны долдугаар сарын 07-ний өдөр батлагдсан хуулинд энэ заалт тусгагдаагүй байгаа. Иймд бид ирэх оноос төмөр замын зурвас газрын мод бут, өвс ургамлыг шатааж цэвэрлэх боломжгүй болсныг анхаарах хэрэгтэй.
Цаашид Замын алба, замын анги хэсгүүд өвс ургамлыг ургуулахгүй байх бусад дэвшилтэд арга, технологи, хадах цэвэрлэх техник хэрэгслийг нэмэгдүүлэх арга хэмжээг одооноос төлөвлөн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг хэлмээр байна. Ингээд сэрэмжлүүлэг, санамж, зөвлөмжийг олон хүнд түгээж урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж хамтарч ажиллахыг хүсье. Төмөр замчдын ажил үйлс нь өөдрөг, ган зам зурайж галт тэрэг жирийж байхыг хүсэн ерөөе.
Б.Гүнжинлхам