Цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны орлогч дарга Д.Гантөмөртэй ярилцлаа.
-Юуны өмнө ЦХОБА-ны 70 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Энэ оны төлөвлөгөөг хэрхэн биелүүлэв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ямар байна вэ?
-Манай албаны бие бүрэлдэхүүн түүхт 70 жилийнхээ ойг ажлын өндөр амжилтаар угтаж байна. Энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө эхний гурван улирлын байдлаар 83 хувийн биелэлтэй байгаагаас 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр, 70 хувийн гүйцэтгэлтэй зургаа, хугацаа болоогүй гурван ажлыг төлөвлөгөөт хугацаандаа бүрэн гүйцэтгэхээр ажиллаж байна. Эдгээр ажлуудыг тоон үзүүлэлтээр нэгтгэн хүргэе. Харуул хамгаалалтын чиг үүргийн дагуу оны эхний арван сарын байдлаар өссөн дүнгээр 7954 аяллын маршрутаар 203639 ачаа вагоныг хоорондын замд, 547936 вагоныг паркийн зам дээр хамгаалалтад авсан бол 188958 нүүрстэй вагоныг хамгаалан ажиллалаа. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоорондын замд хамгаалалттай тээвэрлэсэн ачаа 3912, паркийн зам дээр хамгаалалтад авсан вагон 17553 нэгжээр тус тус өсөж харин паркийн зам дээрх нүүрстэй вагон 36099 нэгжээр буурсан. Суурин харуулууд байгууллага, обьектод 6513 иргэн, 2321 авто тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалган нэвтрүүлж, харуул, хамгаалалттай дөрвөн гүүрээр 2350 галт тэргийг зөрчилгүй өнгөрүүлснээс гадна гүүрийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 1513 удаа хийж, зам, гүүрийн 206 ажилчдыг гүүрээр нэвтрэхэд хяналт тавилаа.
Мөн Галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах бэлэн байдлыг хангуулах, төмөр замчдын галын хэргийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд олон ажил гүйцэтгэв. Төмөр замын салбар нэгж, объектуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг 352, айл өрхөд 1691, гүйцэтгэлийн шалгалтыг тус бүр 134 удаа хийж, гал түймэр гарч болох 4453 зөрчил дутагдлыг илрүүлснээс газар дээр нь 1517 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулах талаар 66 мэдэгдэл, 342 акт бичиж, давхардсан тоогоор 754 аж ахуйн нэгж байгууллагын галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрт 2894 заалт бүхий үүрэг өгсөн. Өнгөрсөн онтой харьцуулхад үзлэг, хяналт шалгалтын тоо өссөнөөс илэрсэн зөрчлийн тоо нэмэгдлээ. Уг зөрчил, дутагдлыг цаг хугацаанд нь арилгуулах арга хэмжээг шат дараатай авч ажилласнаар гарч болох галын үүсвэр, гал түймрийн тоог бууруулсан. Түүнчлэн, Замын ерөнхий инженер, Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын сар, улирлын чиглэлийн цахилгааны дагуу анги, салбарын дарга, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нар 129 удаагийн сургалтыг харьяа аж ахуйн нэгж байгууллагад явуулж 4074 ажилтан хамрагдсан. Үүнээс гадна 3060 ажилтанд 356 удаагийн яриа таниулга, заавар зөвлөмж өглөө.
Цаашлаад, гал унтраах хэсгийн бие бүрэлдэхүүний болон салбар нэгжийн инженер техникийн ажилтан, албан хаагчдын гал унтраах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхээр гал түймэр унтраах тархалтын, тактикийн зэрэг дадлага сургуульд тогтмол хамруулж байна.
-70 жилийн ойг тохиолдуулан танай алба олон ажил хийсэн байх. Мөн цаашдын бодлого чиглэл, ойрын зорилтоо ч тодорхойлсон болов уу. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?
Албаны хэмжээнд хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэй боловсон хүчнээр эгнээгээ өргөжүүлэх, орчин үеийн машин, техник, багаж, зэвсэглэмжээр хангах чиглэлээр дунд, урт хугацааны төлөвлөгөөг Замын техникийн комиссоор оруулан батлуулсан. Уг ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ. Мөн орчин үеийн, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, объектын камерын хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Цахим харуул” хөтөлбөрийг боловсруулан Замын удирдлагад танилцуулсан. Уг хөтөлбөрийн эхний ээлжинд жишиг цахим харуул хамгаалалтын системтэй ангиар Замын-Үүд цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийг сонгоод байна. Улмаар, тус ангийн найман пост болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын өртөөний зам парк, объектын хяналтыг бүрэн камержуулан цахимаар 24 цагийн турш хянаж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хамгаалалт, хяналтын үүргийг гүйцэтгэх юм. Энэ ажлын хүрээнд теле камер суурилуулах ажлын техникийн нөхцөл, хийгдэх ажил, суурилуулах материалын жагсаалтыг Дохиолол, холбооны III ангитай хамтран гаргасан.
-Энэ онд танайх ЦХОБА-ны хэмжээнд ажлын хувцсыг шинэчилсэн. Өмсөхөд биед эвтэйхэн байна гээд танайхан ам сайтай байна билээ. Харин зэвсэг, техникийн хувьд хэрхэн шинэчлэв?
-Замын даргын А/210 тоот тушаалын дагуу бие бүрэлдэхүүний өдөр тутмын хувцсыг шинэчлэгдсэн загвараар захиалж, хангалт хийлээ. Цаашид, ёслол хүндэтгэлийн хувцсыг батлагдсан загварын дагуу 2024 оны зуны хувцасны хангалтаар бүрэн хангана. Үүнээс гадна 2022, 2023 онд галын даралтын 165 хоолой, 49 холбох тотго, нэг сеткэн тор, өндөр даралтын ус соруулах хоёр хоолой болон дөрвөн цацруулагч, гал унтраах хөөс үүсгэгчээр ажиллах хоёр хошуу, 2500 литр галын хөөс худалдаж аваад байна. Мөн шуурхай ажиллагаанд зориулж "УАЗ Фургон" автомашин, "Форд-17R" маркийн бууны 2100 сум, энгэрийн хоёр камер, тусгай зориулалтын хамгаалалтын 256 хос бээлий, хутга, мэснээс хамгаалах 113 хос бээлий, борооны 200 цув, 90 резинэн, 108 цахилгаан бороохой болон гав, гар чийдэн тус бүр 123 -ыг шинээр авлаа. Цаашлаад, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Улаанбаатар татах хэсгийн суурин харуулын постын байрыг хамтран шинээр барьж ашиглалтад орууллаа. Мөн хамгаалалтын ажилтны өвөл, зуны хөдөлмөр хамгааллын хантаазны загварыг шинэчилж, шинэ загварын 999 хантаазыг олгоод байна.
Албаны хэмжээнд одоогийн байдлаар 526 хяналтын камераар харуул хамгаалалтын хяналтыг явуулж байна. 2022 онд 181, 2023 онд 85 камерыг аж ахуй нэгжийн обьектод шинээр суурилуулсан.
-Хүний нөөцийн хувьд ямархуу байна?
Хүний нөөцийн хомсдлоос сэргийлэхийн тулд бид харуул хамгаалалт, гал унтраах хэсгийн бие бүрэлдэхүүний нөөц боловсон хүчнийг бэлтгэх, гал, харуул хамгаалалтын чиглэлээр хөрвөх чадвартай болгоход анхааран ажиллаж байна. Энэ чиглэлээр 2022, 2023 онд Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвтэй хамтарсан сургалтад 45 алба хаагчийг хамруулснаас гадна ДХИС-тай хамтарч найман удаагийн сургалт зохион байгуулж 304 алба хаагч, иргэнийг хамрууллаа. Ийнхүү хүний нөөцийн асуудал дээр анхаарч ажиллаж байгаа ч хөдөө, орон нутагт ажиллах сонирхолтой залуус цөөн байна. Нэмж хэлэхэд, Монгол Улсад төмөр замын тээвэр хурдацтай хөгжиж, үүнийг дагаад ачааны урсгал, төрөл нэмэгдэж байна. Иймд чингэлэг тээврийн хамгалалтыг цахимжуулах шаардлага үүсэж байгаа юм. Цаашлаад, харуул хамгаалалтын үйл ажиллагаа, тээвэрлэгдэж байгаа ачаа болон тээрвэрлэлтэд оролцож байгаа хөдлөх бүрэлдэхүүний галын аюулгүй байдал яригдах нь зүй ёсны асуудал юм. Бусад төмөр замууд энгийн харуул хамгаалалтаар чиг үүргээ хангаж байна. Цаашид нэгдсэн тогтолцоонд шилжиж, төмөр замын технолгийн харуул хамгаалалт, гал унтраах үйл ажиллагааг хангасан цогц бүтцийг бий болгох шаардлагатай гэж үзэж байна.