УБТЗ-ын харьяа Баянбуурал амралтын дарга Д.Ганбаттай ярилцлаа.

 

-Сүүлийн жилүүдэд Баянбуурал амралтын тухай сайн жишээ олон сонсогдож байна. Саяхан, биднийг ирэхэд “Хоолны үзэсгэлэн” гараад амрагчид бужигнаж байна?

-Баярлалаа, манай хамт олон туршлагатай хамт олон шүү дээ. Би энд  ажиллаад зургаа дахь жилдээ орж байна. Муу хамт олон гэж байдаггүй. Харин муу дарга гэж бий. Манай хамт олны 70-аад хувь нь энэ амралтад 17 наснаасаа ажиллаж эхэлсэн, эндээ сэтгэл зүрхээ бүрэн шингээсэн, ажилсаг хамтач хүмүүс. Гэхдээ бидний ажлын бүтээмж бол төмөр замын байгууллагын удирдлага, хамт олонтой нягт холбоотой. Баянбуурал амралт төмөр замчид төдийгүй амрагчдад амралтын үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэхдээ манайх ашгийн төлөө байгууллага. Тиймээс манай хамт олон сүүлийн таван жилдматериаллаг баазаа бэхжүүлэхэд анхааран ажиллаж байна. Материаллаг бааз бэхэжсэн тохиолдолд үйлчилгээний соёл гарна шүү дээ. Энэ бодлогынхоо хүрээнд бид зөвшилцөж ажилласнаар тодорхой хэмжээний ахиц гарсан. Ковидын өмнө, 2019 онд түүхэндээ анх удаа 81 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ковид гарсаар их алдагдал хүлээсэн. Ялангуяа, 2021 онд хагас тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Харин 2022 онд хэдийгээр ковидын нөхцөл байдал буугаагүй байсан ч амрагчдын урсгал эрс нэмэгдэж, 352 сая төгрөгийн цэвэр ашигтай. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард бид Замын захиргаанаас цалингийн санхүүжилт авсан. Хоёрдугаар сараас нь эхлээд цалин гэж нэг ч төгрөг аваагүй. Мөн их барилга, их засварын бүх хөрөнгө оруулалтад тавигдсан төлөвлөгөөг өөрсдөө бүрдүүлсэн. Бид 2.5 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй байсан бол гурван тэрбумыг оруулсан. Энэ маань хамт олны ажлын үр дүн ч гэлээ Замын захиргаанаас манай хамт олныг дэмжиж, материаллаг баазаа бэхжүүлэхэд онцгой анхаарсны ач тус. Өнөө жил, нэгдүгээр сард орлогын төлөвлөгөө100 сая байсан бол бид 242 сая төгрөгт хүргэлээ. Хоёрдугаар сард ч давуулсан. Хийж бүтээх ажил бидэнд их байна. Хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд1 6 айлын орон сууц барих саналыг маань Замын удирдлага дэмжиж төсөвт суулгаж өгсөн. Одоо бид орлогын төлөвлөгөөг биелүүлэн ажиллаад байх боломж бий. Бид цаашид материаллаг баазаа улам өргөтгөж, амрагч хүлээж авах байраа нэмнэ. Амралтын маань өнгө төрх, үйл ажиллагаа жилээс жилд дээшилж байгаа.

-Танайхан өөрсдөө амралтын төв байраа тойруулаад авсаархан байшин  барьжээ. Ялангуяа Япон технологийн хаус их өвөрмөц юм.  Гэхдээ, танайд хуучирсан олон байшин бий?

-Манайд зуны 37 байшин нэлээд хуучирч элэгдсэн. Засварлах төсөв нь 2.1 тэрбум төгрөг болсон. Харин эдийн засгийн энэ хүнд үед бид  төмөр замаас бага зардал гаргуулах бодолтой байгаа. Саяхан тооцоо хийгээд модон байшингуудаа гадна талыг нь сайдингдаж, вакум цонх хийж, хаалгыг нь сольж, паркетан шал тавьж, шалны халаалттай болгоход 314 сая төгрөгийн тооцоо гарсан. Үүнийг 10, 20 сая төгрөгөөр нь үе шаттай засчихвал дээрх төсвийг хэмнэнэ. Тэгээд жилд орлогын төлөвлөгөөг гурван тэрбум гаруй төгрөгөөр биелүүлж, ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Өнөө цагт амрагчдын хэрэгцээ шаардлага өндөр болсон. Нийгэм хөгжиж, иргэдийн соёл нэмэгдсэн.  Үүнтэй уялдуулан тооцоо судалгаа гаргасны үндсэн дээр бид хоолны чанар, зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл, өрөөний тав тух нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан түвшинд байх зорилтыг дэвшүүлсэн. Баянбууралын хамт олон “Соёлтой үйлчилгээ, өндөр чанар” гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Засвар үйлчилгээний ажлаа  эхэлсэн.

-Нийгэмд танигдсан үйлчилгээ гэдэг их том  шалгуур үнэлэмж юм л даа.   Хамт олныг удирдаж  буй хүний хувьд таны ажлын гол зарчим юу вэ?

-Замын дарга Д.Жигжиднямаа агсан намайг томилохдоо “Та энэ амралтыг хүн бүр очиж амрахыг хүсдэг амралт болгож өгөөрэй” гэж хэлсэн. Миний баримталдаг зарчим бол хүнтэй л ажиллах. Өөрөөр хэлбэл, хамт олны хүч дээр тулгуурладаг. Тэдний санал бодлыг сонсож, сэтгэлд нь нийцүүлж, би удирдах бус удирдуулан чиглүүлж өгөх нь миний арга барил. Бидний ажилд нэвтэрч болох дэвшилттэй технологи, соёлтой үйлчилгээ хаана байна, түүнийг танилцуулж нэвтрүүлэх санал тавьдаг. Хамт олон ч маш сайхан хүлээж авдаг. Ер нь, үйлчилгээний чанараа дээшлүүлэх гэж гаднаас хүн урьдаггүй. Харин үйлчлэгч, тогооч болон бусад бүх ажилтнаа “Юу хиймээр байна вэ?” гэж асууж саналыг нь гаргуулдаг. Тэр саналыг нь би дэмждэг. Ингэж л бидний ажил явдаг даа. Улсын хэмжээнд сувилал биш зөвхөн амралт 173 байдаг юм билээ. Эдгээрээс манайх 2018-2020 он хүртэл хоёрдугаар байрт жагсаж байсан. Саяхан би Байгаль орчны яаманд очиж эрсдлийн үнэлгээ гаргуулсан. Тэнд маш олон мэргэжилтэн цугларсан байлаа. Тэгээд манай асуудлыг хэлэлцэхэд хүн бүр “Төмөр замын Баянбуурал амралттай ярих юм байхгүй. Нийгэмд танигдсан үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Эднийхийг дэмжиж төсөлд оруулах ёстой” гэхэд нь би төмөр замчдаараа, хамт олноороо үнэхээр их  бахархсан. Миний хамт олны хүч юм шүү дээ. Тэдний үгнээс их урам авч, хамт олондоо ирж дамжуулсан. Байгууллага амжилттай ажиллаад ирэхээр хүмүүс надтай холбож ярих гээд байдаг. Үгүй, Баянбуурал өөрөө 45 жил болсон амралт. Хэн ч  ирсэн, энэ байгууллагын  ажлыг нь дээшлүүлье л гэж ажиллана. Өмнөх удирдлагууд ийм, тийм байсан гэж өөлсөн үгтэй би санал нийлдэггүй. Тухайн үеийн нийгмийн байдал, эдийн засаг нь ямар байснаас л бүх юм шалтгаална. Удирдлагуудад сэтгэл байсан ч боломж нь гараагүй л байхгүй юу. Тэд суурийг нь сайн тавьсан учраас л өнөөдөр амжилтад хүрч байна.Хамт олон хүнээр дутдаггүй. Харин хүн хамт олноор дутдаг. Манай хамт олон үүнийг маш сайн мэддэг.

-Жилдээ хэдэн хүн танайд  амарч байна вэ?

-Жилдээ, давхардсан тоогоор 13 орчим мянган хүн амардаг.Өнгөрсөн жил Маркетингийн албатай хамтран хоёр удаа судалгаа хийсэн. Тэгэхэд 30 шахам хувь нь байнгын үйлчлүүлэгч болсон байсан. Энэ бол маш том амжилт. Нэг ирсэн хүн тухайн жилдээ дахин ирээд байна гэдэг нь манай үйлчилгээ таалагджээ л гэсэн үг. Бидний зорилго энэ шүү дээ. Намайг ажил авах үед нийт амрагчдын хоёр хувь нь төмөр замчин байсан бол одоо 17 хувьд хүрсэн. Цаашид ч өснө гэж бодож байгаа. Өмнө нь 1-6 сар хүртэл амрагч цөөн ирдэг байсан. Одоо энэ байдал үгүй болсон. Учир нь, манайх  Биеийн тамир спортын улсын хороо, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороотой хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Манай спорт заал Төв аймгийн хэмжээнд байхгүй стандартын шаардлага хангасан, орчин үеийн ганц заал нь. Тиймээс манай дээр шигшээ багийн тамирчид ирж бэлтгэл хийдэг. Саяхан боксын дэлхийн аваргад оролцох 32 тамирчин 45 хоногийн бэлтгэл хийгээд явсан. Тэднээс маань мөнгө, хүрэл медаль хүртлээ. Манай зааланд бэлтгэл хийсэн тамирчид амжилт үзүүлэхэд бид маш их баярладаг. Өмнө нь, олимпийн шигшээ баг таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ ирж хийгээд мөнгөн медаль хүртэж олимпийн хоёр эрх авсан. Төмөр зам маань хөрөнгө оруулалт сайн хийж, спортын дээд зэргийн материаллаг бааз бүрдүүлсний л ач гавьяа шүү дээ. Заримдаа амрагч цөөрсөн үед манай ажилчид байгууллагаа ашиг орлоготой байлгах үүднээс дор бүрдээ санаачилгатай ажиллаж, танил тал, найз нөхөд, албан байгууллагыг урьдаг. Хүн бүр сэтгэлээ шингээж ажилладагт нь би талархдаг. Ковидын үед манай хамт олон өндөр хариуцлагатай ажилласан. Хүний л амьдрал юм чинь заримд нь мах шөлгүй болох үе гарч л байсан. Тийм тохиолдолд сэтгэл зүрхээ нэгтгэн тусламжийн гараа сунгах хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулсны хүчинд ковидын үед ядарсан хүн байхгүй. Бараг ковидоор өвдсөн хүн байхгүй гэхэд болно. Тэр нь манай хамт олны цаашид тогтвор суурьшилтай ажиллах сэтгэл зүйд их нөлөөлсөн.

-Тулгамдаж буй асуудал байна уу?

-Ажилчдын орон сууцны асуудал л тулгамдаж байсан. Харин Замын дарга Х.Хэрлэн дэмжиж гарын үсгээ зурсан. Энэ нь мэргэшсэн, туршлагажсан боловсон хүчнүүд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэх үндэс болсон. Амралтаа цаашид материаллаг баазаа бэхжүүлээд төмөр замын төдийгүй гадны томоохон хурал зөвлөгөөн зохион байгуулдаг цогцолбор болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Гэхдээ эхний ээлжинд хөрөнгө мөнгө хэцүү шүү дээ. Далайд дусал нэмэр гэгчээр төмөр замынхаа санхүүд багахан ч атугай нэмэр болоод, биеэ даасан байдалтай явчих юмсан гэсэн бодлого барьж байгаа. Мэдээж зарлага гаргахгүйгээр ашиг олно гэж байдаггүй. Бид хамт олноороо “Одоо юу хийх вэ. Ямар тооцоо гарахаар байна” гэдгээ ярилцаад гаргахад Замын захиргаанаас зардлыг тухай тухайн үед нь дэмжээд өгвөл бид удахгүй биеэ даасан байдалд хүрэхэд ойрхон. Үүнийгээ бид 2022 онд харуулсан гэж бодож байна. Харин цаашид улам бататгах хэрэгтэй. Олсон ашиг орлогоос “За танай амралт тодорхой хувийг нь өөрсдөө захиран зарцуулж, хэрэгтэй газраа хөрөнгө оруулалт хий” гэдэг болчихвол сайн байна. Бидний зорилго бол амралтаа улам өргөтгөх. Яах вэ, цаг нь ирэхээр би энэ ажлыг өгөх нь тодорхой. Харин явтлаа хүрсэн амжилтаа илүү ахиулж, амралтаа өргөтгөе гэсэн бодол бий. Дээр нь ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн шингээсэн, атгасан гар шиг хамт олныг дараагийн хүнд хүлээлгэж өгнө дөө. 

-Таныг орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй маш сайн хамтран ажилладаг гэж хардаг?

-Тиймээ, хэдийгээр босоо удирдлагатай төмөр замын байгууллага ч гэлээ амралтын үйл ажиллагааг  Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн нутагт явуулж байна шүү дээ. Тэгэхээр орон нутагтай уялдаатай ажиллахаас өөр аргагүй. Төмөр замд ч нийгмийн хариуцлага гэж бий. Үүнийхээ хүрээнд манай хамт олон орон нутагтаа Хараа голд дөрвөн гүүр барьж өгсөн. Өмнө нь, энэ голоор гарах гэж үео усанд боогдож, шаварт сууна. Иргэд зүдэрдэг, машин тэрэг нь ч эвдэрдэг байсан. Одоо бол амар болсон.

Манайхан сар бүр нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварт 21-23 сая төгрөг орон нутагт төвлөрүүлдэг. Хоёрдугаарт энэ амралт орчны иргэд маш их соёлжиж хөгжсөн. Төмөр зам дагаж хөгжил ирдэг шүү дээ. Энэ тосгоны иргэд төмөр замаар зорчиж, 45 жилийн түүхтэй энэ байгууллагын үйлчилгээ, амрагчдаас соёлжиж байдаг. Ер нь, орон нутгийн хөгжилд манай амралт маш том хөрөнгө оруулж байгаа. Бид бүх хяналтын камер, гэрэлтүүлгийг тавьж, зам харгуйг засаж байна. Өдөрт хоёр цаг онгойдог байсан худгийг багийн Засаг даргатай зөвлөлдөж байж картаар усаа авдаг ухаалаг үйлчилгээтэй болгосон. Энэ мэт орон нутагтайгаа бид маш сайн хамтран ажилладаг.

-Таныг цэргийн  хурандаа цолтой хүн гэж сонсож байлаа. Өөрийнхөө тухай манай уншигчдад танилцуулбал?

-Тиймээ, би цэргийн хүн. Батлан хамгаалахын бэлтгэл хурандаа. Биеийн тамир спортын улсын хороонд газар, хэлтсийн даргаар долоон жил ажилласан. Өмнө нь, цэрэг, цагдаагаар ажилладаг байлаа. Би Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техник спортын төвийн даргаар ажиллаж байгаад энэ амралтад ирсэн.

-Төмөр замын тухай өмнө та хэр мэддэг байв?

- “Төмөр замын вант улс” л гэж их сонсож, тэгжч хардаг байв. Босоо удирдлагатай, хагас цэрэгжсэн, төмөр замчид  нь өндөр хариуцлагатай сайхан санагддаг байлаа. Дотор нь ороод илүү мэдэрсэн. Би олон газар ажиллаж үзсэн. Харин төмөр замчдын нягтрал, ажлын зохион байгуулалт маш өөр. Удирдах, удирдуулах ёс зарчим, аюулгүй байдал, шаардлага, дүрэм журам маш хатуу, маш зөв. Айл гэрээр бодвол дэгтэй, замбараатай, хүмүүжилтэй хамт олон. Олон жилийн ийм дэг журамд ажилласан хүмүүс хувийн сахилга бат нь ч зөв   замаараа үргэлжилдэг юм байна. Тэр хэрээрээ нийгэмд ч ялгарч харагддаг. Хамт ажиллахад ч амар. Гадны хүнд энэ байдал нь илүү тод харагддаг юм. Ирээдүйд Баянбуурал Монгол Улсдаа тэргүүлэх зэргийн амралт цогцолбор болно гэж бид итгэдэг. Харин манай амралтад цаашид тогтвол суурьшилтай ажиллах боловсон хүчин маш их хэрэгтэй. Миний хувьд энэ хамт олны дунд орж ирээд, ажил амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрөөж буйдаа төмөр замын хамт олноор бахархдаг.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД