Саяхан болсон “Боомтын сэргэлт-2024” үндэсний форумын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй ярилцсанаа уншигч танд хүргэе. Тус форумд Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх, хэтийн зорилтоо хэрхэн тодорхойлж буй талаар нээлттэй ярилцсан юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн тавьсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт дагасан дэд бүтцээ хөгжүүлэх нь онц чухал болохыг дэвшүүлэн тавьсныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэр дундаас дээрх бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэд бүтэц, тээврийн салбарынхан жин дарах нөлөөтэйг цохон тэмдэглэсэн билээ.

 

-Форумд оролцогчид аль боомтод нь түрүүлж хөрөнгө оруулах вэ гэдэг эрэмбийн асуудлыг хөндлөө. Таны харж буйгаар аль боомт нь манай улсын эдийн засагт илүү үр өгөөжтэй байх вэ. Ялангуяа, боомтын сэргэлтийн үйл ажиллагаанд аж ахуйн нэгжүүдийн тэгш оролцоог хэрхэн хангах вэ?

 

-Аливаа боомтын үйл ажиллагаа тухайн улсынхаа эдийн засагтай шууд уялддагаараа онцлогтой. Тэгэхээр эдийн засгийн хөшүүрэг болсон гол бараа бүтээгдэхүүн маань юу билээ. Тэдгээрийн зах зээл нь хаана байгаа билээ гэдэг нь маш чухал юм. “Боомтын сэтгэлт-2024” форумыг саяхан МҮХАҮТ-д угтаж, хувийн хэвшлийнхэн маань хэлэлцүүлэг зохион байгуулж, жаргал зовлонгоо ярилцсан. Энэ үеэр хөндөгдсөн нэг гол сэдэв нь төр, хувийн хэвшлээс гадна судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм байна. Ялангуяа, боомтуудыг хөгжүүлэхтэй зэрэгцүүлээд нөгөө улсынхаа зах зээл, дэд бүтцийн хөгжлүүд нь ямар хэмжээнд явж байна вэ гэдгийг нарийвчлан судалж, нэг боомт руу төвлөрөх үү аль эсвэл хэд хэдэн боомтоор зэрэг зах зээлээ тэлэх үү гэдэг бодлогыг судалгааны байгууллагуудтай хамтарч хийх хэрэгтэй юм байна гэдгийг ярьсан. Жишээ нь, БНХАУ-ын хувьд л гэхэд төр засаг орон нутаг хоёрын бодлого түвшин түвшиндээ өөр байдаг.  Тиймээс тухайн бодлогуудтай нь нягт уялдуулж өгөх нь чухал юм. Үүний тулд бүтээгдэхүүнээ зах зээлд нь яаж байршуулах вэ, нэг мужаас хэт хамааралтай болгохгүйн тулд яаж тараах вэ, дэд бүтэцтэй нь хэрхэн уялдуулах вэ гэхчлэнгээр эдийн засгийн ач холбогдлыг олон талаас нь харж, түүнтэй уялдсан бодлого шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй юм шиг санагддаг.

 

-Нэн тэргүүнд хөрш орнуудтайгаа харилцан уялдаатай бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх нь чухал гэж ойлгож болох уу?

 

-Тиймээ. Манай улсын хувьд бодлого маань нэлээд удаж гардаг учраас нөгөө талынхаа тавьсан бодлогыг дагаж хийхээс өөр аргагүй болдог.  Жишээ нь, төмөр замын бүтээн байгуулалтаас харахад эхнээс нь хамтдаа бодлогоо ярьж тохиролцоод нэгдсэн шийдлээр явах боломжтой байсан. Гэвч нэгэнтээ хоцорчихсон учраас нөгөө талынхаа бодлогод орохоос аргагүйд хүрч байна. Тиймээс энэхүү судалгааны ажлуудыг зөвхөн өнөөдрийн байдалтай уялдуулж бус илүү холыг харсан байдлаар хийж байх нь чухал байна. Ялангуяа, манай улсын хойд, урд хоёр хөршийн хувьд аливаа бодлогоо өргөн далайцтай нэлээд урт хугацаатайгаар төлөвлөдөг явдаг. Тиймээс дараа дараагийн төлөвлөгөөнөөс нь хоцрохгүй зэрэгцэж явах үүднээс урьдчилсан судалгааг маш сайн хийх нь зүйтэй юм болов уу гэж харж байна.

 

-Боомтын сэргэлтийг улс төржүүлж, хэн нэгэнд давуу эрх олгохгүй байна гэсэн баталгаа бий юу. Ульхан боомтыг л гэхэд цэвэр улс төрийн тохироогоор хийлээ гэсэн мэдээлэл байна. Энэ нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх  юм биш үү?

 

-Манай улс хэрэв хангалттай хэмжээний хөрөнгө мөнгөтэй байсан бол бүх зүйлийг өөрсдийн хүссэнээрээ хийж болно. Бүх боомтоо зэрэг хөгжүүлсэн ч болно шүү дээ. Харамсалтай нь одоохондоо тийм боломж алга. Яг өнөөгийн нөхцөлд авч үзвэл боомтын сэргэлт гэдэг нь зөвхөн хүн амын тархан суурьшилт гэхээсээ илүүтэйгээр нийгмийн харилцаануудаас  бас шалтгаалж байгаа. Бүс нутгийн тухайд бол газар нутгийн байршил, хүн амын төвлөрөл, эдийн засгийн идэвхжилт  зэргээс хамааран бодлогуудаа гаргах нь зүйтэй болов уу. Ингээд бодохоор боломжтой бүх сувгаа нээнэ гэхээс илүү яавал тэнд хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх вэ гэдгийг тооцоолох нь чухал. Боомтын үйл ажиллагааг дагаад төрийн алба хаагчдаас эхлээд хүн суурьших таатай нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Энэ бүхний цаана хүний ажлын бүтээмж явж байгаа учраас түр зуурын бус нэлээд урт хугацааны бодлого төлөвлөлтийг гаргах нь чухал. Хүний захын хэрэгцээг хангаж чадаагүй атлаа тэнд хүчээр хүмүүсийг ажиллуулж, амьдруулна гэж байхгүй шүү дээ. Товчхондоо эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлыг нь харж байж боомтын эрэмбүүдийг гаргах нь илүү оновчтой гэж үзэж байна.

 

-Боомтын сэргэлт дээр төр хувийн хэвшил хамтрах ёстой гэдгийг форумын үеэр онцолж байна. Гэвч хувийн хэвшлийнхэн үнэн хэрэгтээ ашиггүй зүйл рүү орохыг хүсэхгүй. Тэгэхээр тэднийг татахын тулд төрөөс хууль эрх зүйн ямар таатай орчныг бүрдүүлэх ёстой вэ?

 

-Бид өнгөрсөн жил бизнесийн орчны судалгаа хийсэн. Энэ хүрээнд Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг тус бүрээр нь харьцуулж бизнес эрхлэгчдээс санал асуулга авсан. Үр дүнд нь дээрх зургаан бодлогоос хамгийн өндөр үзүүлэлттэй санал авсан нь “Боомтын сэргэлт”-ийн бодлого байсан. Энэ нь ч өнөөдөр нэлээд бодитой дүгнэлт байж гэдэг нь харагдаж байгаа. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал тодорхой хэмжээнд яригдаж байна. Шивээхүрэн-Сэхэ боомт дээр төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжилж, Ганцмод боомтод жолоочгүй машинаар тээвэр хийх технологийн шинэ боломжийг нээлээ. Дээр нь, саяхан Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлж, туршилтын зургаан сарын үйл ажиллагаа нь албан ёсоор нээлээ гэхчлэн бодит үр дүнгүүд байна.

 

-Энэ эрчээ алдахгүй боомтын сэргэлтүүдээ хийгээд явахад юу шаардлагатай вэ?

 

-Хамгийн гол нь төрийн бодлого нь тогтвортой, хүний шийдвэрээс үл хамаардаг, дээрээс нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш сайн байгаасай гэж хүсэж байна. Түүнчлэн, аливаа шийдвэр, бодлогыг гаргахдаа оролцогч талуудынхаа дуу хоолойг сонсдог, шаардлагатай тохиолдолд буруутай талд нь хариуцлага хүлээлгэдэг байгаасай. Жишээ нь, эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтны шийдвэрээс шалтгаалж их хэмжээний хохирол амсдаг. Тэр нь хууль ёсны дагуу шийдэгдэхгүй болохоор нөгөө их хөрөнгө оруулалт, хичээл зүтгэл талаар болдог жишээ ч мэр сэр бий. Хэрвээ дээр дурдсан суурь зарчмууд бий болчихвол төр, хувийн хэвшил аль алиндаа л ашигтай.

 

-Боомтын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажилд гадаадын хөрөнгө оруулалт татах боломж байна уу?

 

-Манай улсын боомтуудын хувьд БНХАУ болон ОХУ-аас гадна Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын баталсан УБТЗ-ын гол шугам дагуух “Бүс ба зам”  нэртэй эдийн засгийн коридор байна. Цаашлаад манай улсын боомтууд зөвхөн урд, хойд хөрш гэхгүйгээр дэлхийд гарах гарц болох юм. Тэгэхээр Монгол Улс өөрөө олон улсын боомтуудынхаа тоог нэмэх боломж, орчин нөхцөл ч нэмэгдэнэ. Энэ нь өөрөө эдийн засгийн сонирхолд тулгуурласан оновчтой шийдэл болох юм. Монголын экспортын ихэнх хувь нь овор ихтэй нурмаг ачаанууд буюу нэлээд өндөр тоо хэмжээ яригддаг учраас бага хэмжээний хөнгөлөлтүүдээс эхлээд эдийн засгийн өгөөжийн хувьд нэлээд сонирхол татахуйц дүр зураг ажиглагдаж байгаа. Энэхүү бүтээмжүүдийг сайжруулах боломж нь ч их байгаа гэж боддог. Тэгэхээр эдийн засгийн тооцоо, үр дүн талаасаа өргөн боломж бий. Нөгөө талаасаа БНХАУ бол дэлхийн улс гүрнүүдийн зорьж очдог, худалдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсдэг экспортын гол зорилтот зах зээл болсон байна. Борлуулалтын ихэнх зах зээл нь Хятадын зах зээлээс хамаардаг. Хятадад л зарж чадахгүй бол бизнес нь оршин тогтнох боломжгүй хэмжээнд хүртэл нөлөөлөгч хүчин зүйл нь болсон. Тэгэхээр бидний хувьд хөрш зэргэлдээ ойрхон байгаа боломжоо ашиглаад экспортоо хийж болох гарц бий. Гэхдээ бидний орцын хувьд ихэнхийг нь урдаас авдаг, хөдөлмөрийн нөөц ч хязгаарлагдмал байна.  Ийм тохиолдолд тодорхой хэмжээний бүтээгдэхүүний загвар, хийцээ гаргаад онцлог түүхий эдийг дотоодоос нийлүүлээд боомт, хил дагасан эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт хийж, Хятадыг чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь оновчтой. Тэр нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй. Эдийн засгийн чөлөөт бүсүүдээ зөв зохион байгуулж чадвал өөр улсуудын ч хөрөнгө оруулалтыг татах бололцоо нээлттэй. Монголын онцлогийг ашиглаад Хятадад шууд дэргэдээс нь экспорт хийх бүрэн боломжтой гэж би хувьдаа хардаг. Энэ нь өөрөө өртөг зардлыг багасгахаас эхлээд хөрөнгө оруулалтын бололцоо хангалттай хэмжээнд байгаагийн гол илэрхийлэл.

 

-Боомтын хөгжлийг эрчимжүүлэхэд гол саад болж байгаа зүйл нь юу байна вэ?

 

-Боомтын үйл ажиллагаанд хил, гааль, хорио цээрээс эхлээд олон төрлийн үүрэг чиглэлтэй төрийн байгууллагууд оролцдог учраас эдгээрийг зангидсан бодлого хамгаас чухал байгаа. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд Боомтын захиргааг байгуулж, хоорондоо харилцан уялдаатай, нэг чигт харж ажиллах эрх зүйн зохион байгуулалтыг тодорхой хэмжээнд хийж ирсэн. Дээрээс нь боомтын үйл ажиллагаанд оролцогч талуудынхаа саналыг сайтар сонсохгүй, улс төрийн нөлөөлөл нь хэт давамгайлсан байдлаар явах нь буцаад хүн ард, байгаль орчиндоо ч хохиролтой зүйлүүд гарч ирнэ. Жишээ нь, төмөр замын царигийн асуудлаас үүдэлтэй асуудал ямар их цаг хугацаа, боломжийг алдав. Ялангуяа, манайх шиг далайд гарцгүй, хуурай газраар хүрээлүүлсэн улсын хувьд нэг цент, нэг цагийг ч дэмий үрэлгүйгээр бүтээмжээ дор дор нь сайжруулаад явахгүй бол илүү их зардал, хохирол амсах эрсдэлтэй. Хаа байсан 1955 оны гэрээ хэлэлцээрт тусгагдсан ганцхан зүйл заалт л төмөр замын салбарын хөгжилд ийм гацаа үүсгэж болно гэдэг гашуун сургамжийг нэгэнт амссан учраас цаашид илүү өргөн цар хүрээгээр бодлогоо тодорхойлоод, илүү нягт нямбай тооцоо судалгаатай ажиллах нь чухал.

 

-Өнгөрсөн хугацаанд хамгийн үр дүнтэй болсон хөрөнгө оруулалтын жишээнээс нэрлэж болох уу?

 

-Өнгөрсөн хугацаанд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замаас эхлээд үр дүн сайтай нэлээд олон төсөл хөтөлбөр  хэрэгжсэн. Дээрх төмөр зам нь нарийн царигаар баригдсан учраас шилжүүлэн ачилтаас эхлээд олон талаар өртөг зардал хэмнэсэн, үр ашгийг нэмэгдүүлсэн төсөл болсныг та бүхэн мэднэ. Мөн Ганцмод- Гашуунсухайт боомтын төсөл ч цар тахлын үед төр хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтын үр дүнд орчин цагийн дэвшилтэт технологийг шингээсэн үр дүнтэй төсөл болсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Ер нь, боомтуудын бүтээн байгуулалтууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компани нь заавал улсын хөрөнгө оруулалт харалгүйгээр өөрсдөө нэлээд санаачилга гаргаж хийе гэсэн зүтгэлүүд ч гарч байгаа. Энэ мэтээр шийдлээ хүлээсэн хөрөнгө оруулалтын талбар маш олон бий. Гардан хэрэгжүүлээд явах эрх нь төр, хувийн хэвшил аль алинд нь нээлттэй.

 

-Зарим чиглэлд хууль эрх зүйн таатай орчин бүрдээгүй учраас бид ялангуяа хилийн боомттой холбоотой багагүй боломжуудаа алдаад байх шиг?

 

-Бидэнд байгалийн баялгаас гадна эдийн засгийн нэгэн том баялаг байдаг нь хууль эрх зүй. Тухайлбал, эдийн засгийн чөлөөт бүсийг дагасан бооцоот морин тойруулга, аялал жуулчлал, мөрийтэй тоглоом гэхчлэнгээр орлого олох боломжуудыг хууль эрх зүйгээр тодорхойлж өгөх хэрэгтэй.  Ер нь эдийн засгийн боломж манай улсад маш их байна. Хөрөнгө оруулалт гэдэг эдийн засгийн боломж хаана байна тэр чиглэлд урсан орж ирдэг учраас түүнийг олж харах, оновчтойгоор хөдөлгөх санаачилга, үйлдэл, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал байгаа юм.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

 

 

Б.Дэлгэрхишиг