"Говийн төмөр замчин" хөтөлбөрийн хүрээнд говийн бүсийн салбар нэгжийн ажилтнуудад олгогдсон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар Хүний нөөцийн албаны байцаагч Д.Энхтөрөөс тодрууллаа.
-"Говийн төмөр замчин" хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөрийн хүрээнд төмөр замчдыг ямар мэргэжлээр сургаж байна?
-Замын даргын 2022 оны А/679 дүгээр тушаалаар “Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь говийн бүс дэх УБТЗ-ын өртөө, алслагдсан зөрлөг, замын хэсэгт ажиллаж буй төмөр замчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, ахуй амьдралыг сайжруулж нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн. Тус хөтөлбөр өргөжиж улмаар Замын даргын 2023 оны А/210 дугаар тушаал гарч “Говийн бүсийн ажилтнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг боловсруулж албажуулснаар говийн төмөр замчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилд давхардсан тоогоор Төмөр замын дээд сургуулийн бакалаврын эчнээ ангид элсэн суралцаж байгаа, Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаадын салбар нэгжид ажиллаж байгаа ажилтанд сургалтын төлбөрийг 50, 75, 100 хувиар бодож 613 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн.
Мөн Замын даргын 2023 оны А/864, 2024 оны Б/3/371 дүгээр тушаалаар 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилд Политехник коллежийн техникчийн эчнээ ангид элсэн суралцсан, говийн бүсийн салбар нэгжид ажиллаж байгаа давхардсан тоогоор 171 ажилтанд сургалтын төлбөрийг 50, 75, 100 хувиар бодож 243сая төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн.
2022-2023 оны хичээлийн жилд нэн шаардлагатай мэргэжлээр богино хугацааны чадамж олгох сургалтад 40 ажилтны сургалтын төлбөрийг 100 хувиар хөнгөлж 36 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Цаашид жил бүр батлагдсан хяналтын тооны 20-оос доошгүй хувийг бакалаврын хөтөлбөрт, 30-аас доошгүй хувийг техникчийн хөтөлбөрт тус тус говийн бүсэд ажиллаж буй ажилтан, орон нутгийн иргэдээс элсүүлэн суралцуулахаар болсон.
-Хөтөлбөр хэрэгжсэн нийт хугацаанд хэдэн хүнийг хичнээн төгрөгөөр сургалтад хамруулсан бэ?
-Нийт мөнгөн дүнгээр бол 898.6 сая төгрөгөөр 364 хүнийг техникч, инженер, токарьчин болон чадамжийн сургалтуудад сургасан байна.
- Сургалтын төлбөрийг ямар нөхцөлөөр хувьчлан олгож байна вэ?
-УБТЗ-д тасралтгүй 3-5 жил ажилласан бол сургалтын төлбөрийг 50 хувиар, 6-10 жилд 75 хувиар, 11-ээс дээш жилд 100 хувиар хөнгөлнө. Хэрвээ ажилласан жил нь заасан хугацаанд хүрээгүй тохиолдолд тухайн ажилтны гэр бүлийн нэг хүн УБТЗ-д ажиллаж байгаа тохиолдолд сургалтын төлбөрөө 75 хувиар хөнгөлүүлэн суралцах боломжтой.
-Нэг удаа хөнгөлөлт эдэлнэ гэж ойлголоо. Дараагийн жилд нь сургалтын төлбөрөө хөнгөлүүлэх боломж бий юу?
- Дараагийн жилд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд үргэлжлүүлэн хамруулах эсэхийг ажилтны өмнөх жилийн сурлагын амжилтыг харгалзан үзнэ. Өөрөөр хэлбэл, голч дүн нь 3.0-аас дээш үнэлгээтэй суралцсан тохиолдолд дахин зохих хөнгөлөлтийг олгож болно. Ер нь, хөнгөлөлт эдлэх ажилтныг тухайн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, дээшлүүлэх, мэргэшүүлэх шаардлага, хэрэгцээ үүссэн талаар салбар нэгжээс нь хүсэлт ирүүлсэн тохиолдолд Замын захиргаа дэмжинэ. Харин тухайн ажилтан нь сахилгын шийтгэлгүй, шийтгэл хүлээсэн бол шийтгэлгүйд тооцох хугацаа нь дууссан байх ёстой.
Түүнчлэн тус хөтөлбөрийн хүрээнд Говийн бүсийн 4000 гаруй ажилтны цалин 50-200 мянган төгрөгөөр бодитоор нэмэгдсэн. Сард олгож буй цалингийн нэмэгдлийн хэмжээ Замын-Үүдэд 150-200 мянга, Сайншандад 100-150 мянга, Чойрт 50-100 мянган төгрөг болж нэмэгдсэн.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.