Дэлгэцийн донтолт нь бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн хүн нийгмээс өөрийгөө тусгаарлан, сэтгэл хөдлөлгүй болж хувирдаг байна.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас дэлгэцийн хэрэглээг хэдэн насанд хичнээн цаг байвал зохимжтой болохыг мэдээлсэн. Тодруулбал, зургаан сар хүртэлх нярайд дэлгэц огт үзүүлж болохгүй, харин зургаан сартайгаас хоёр ой хүртэл эцэг эх, асран хамгаалагчийн хяналт дор дүрсээ харж ярих үед л хэрэглэж болох аж. Харин 2-5 настай хүүхэд өдөрт 30 минут, сургуулийн насны хүүхэд цахим хичээлээс бусад үед аливаа дэлгэц бүхий хэрэгсэл ашиглаж дуу бүжиг сонсох, тоглох зэргийг хоёр цаг хүртэл хязгаарлах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Өсвөр нас болон насанд хүрэгчид тодорхой заасан хугацааг баримтлахгүй ч өдөрт таваас дээш  цаг хэрэглэвэл дэлгэцийн донтолт үүсдэг гэжээ. Дэлгэцийн хэрэглээ нь тархинд допамин ялгаруулж, мэдрэлийг удирдах чадварт муугаар нөлөөлж, кокайны адилаар тархины гадаргуугийн духны хэсэгт нөлөөлдөг байна.

Хүүхдийг дор хаяж нэг цаг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах, бусадтай харилцан тоглуулах, ном уншуулах, хоол хийлгэх, гэрийн ажилд туслуулах зэрэг амьдралын чадваруудыг эзэмшүүлж сургахад эцэг эхийн оролцоо маш чухал юм.

 

Хэтэрхий их цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулах нь ямар эрсдэлтэй вэ? 

 

Хөгжлийн хоцрогдол үүсдэг. 2-5 насанд хүүхдийн тархи маш хурдацтайгаар хөгждөг бөгөөд энэ үед дэлгэцийн хамааралтай болох нь хэвийн хөгжлийг саатуулдаг. Бусад хүмүүстэй харилцах харилцаа нь багасдаг тул хэлд орох нь хоцрох магадлалтай. 

Эрүүл мэндийн асуудлууд үүсдэг. Хараа муудах, таргалалт, нойрны хэмнэл алдагдах, хүзүү, нурууны өвдөлтүүд зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүсдэг.

Сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Өөртөө итгэх итгэл багасах, сэтгэл гутрал, сэтгэл түгшил зэргийг үүсгэх нөлөөтэй. Мөн хүчирхийлэл ихтэй нэвтрүүлэг үзэх, тоглоом тоглох нь зан үйлийн өөрчлөлтийг үүсгэдэг.

Цахим орчинд дээрэлхүүлэх, аюултай хүмүүсийн нөлөөнд автаж өртөх, насандаа тохироогүй мэдээлэл авах, гэмт хэрэгт өртөх гэхчлэн сөрөг нөлөөтэй.

Гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрөөх цаг багассанаар харилцаанд асуудлууд үүсч, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарладаг.

 

Дэлгэцийн хэрэглээг хэрхэн багасгах вэ?

 

Хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө дэлгэцийн хэрэглээг хянаж, үлгэрлэх нь хамгийн чухал юм. 

Хүүхдийнхээ утсыг хянадаг апп-ууд ашигла.  Хүүхдийнхээ хувийн орон зайд халдалгүйгээр насанд нь тохироогүй мэдээллийг хязгаарладаг аппликейшнуудыг хэрэглээрэй.

“Утасгүй бүс” бий болгох хэрэгтэй. Гал тогоо болон унтлагын өрөөнд дэлгэц хэрэглэхгүй байх, унтраах нь зүйтэй.

 Амьд ба цахим харилцааны ялгааг ойлгуулж,  хүн өөрөө нийгмийн амьтан тул өөд өөдөөсөө харж, биеийн хэлээр харьцах шаардлагатай бөгөөд үүнийг цахимаар хийх боломжгүй гэдгийг хүүхэддээ ойлгуулах

Өдрийн тогтсон цагуудыг дэлгэцийн хэрэглээнд зориулж,  хүүхэддээ ямар нэг ажил дууссаны дараа эсвэл тогтсон цагт тогтсон хугацаагаар хэрэглэхийг зөвшөөрч болно.

Зарим үед утсаа унтраах хэрэгтэй.

Унтахдаа утас дэлгэцээ хэрэглэхгүй унтраагаарай. Унтлагын цагаас хоёр цагийн өмнө хэрэглээг зогсооно. Дэлгэц хэвийн нойрсолтод сөрөг нөлөөтэй байдаг.

Дэлгэцний хэрэглээгээ өөр зүйлээр солиорой. Үүнд  бясалгал хийх, ном унших, найз нөхөдтэйгөө уулзах гэх мэт орно.

Олон нийтийн мэдээллийг аль болох утсаараа авахгүй байх нь зүйтэй.  Найз нөхөд, гэр бүлдээ зарцуулах тогтсон цаг гаргаж, бусдаас дэмжлэг авах нь дэлгэцээс холдоход сайнаар нөлөөлдөг.

Хүүхдээ дэлгэцийн хэрэглээгээ багасгаж байгаа тохиолдол бүрийг байнга урамшуулж дэмжиж байгаарай.