“Найрамдлын зам” сонинд 1978 онд ажилд орж, “Өдтэй бичиг”, тэгээд “Ган зам” нэртэй болсных нь дараа 1995 он хүртэл ажиллаж байсан ахмад сэтгүүлч Д.Дашзэвэгийг энэхүү ойн баярын дугаартаа урьж ярилцлаа.

 

-Та манай сонинд ирэхээсээ өмнө Монголын радиод байсан гэдэг. Радиогийн аль редакцид ажиллаж байв?

-Бичиг хэрэгт нь ажиллаж байсан л даа. Би сэтгүүлчийн оройн курсэд суралцсан л хүн шүү дээ. Аав, ээж төмөр замчин болохоор төмөр замд элэгтэй байлаа. Тэгээд л “Найрамдлын зам” сонинд бичээчээр ирсэн. Тэр үед редакц өнөөгийн ТЗДС-ийн хажуугийн байрны доод хонгилд байрлаж байсан. Эрхлэгч С.Чойжав гуай, нарийн бичгийн дарга Л.Хайдав, гэрэл зурагчин Ц.Лувсанцэрэн, сэтгүүлч Л.Бямбаа,  С.Ламжав нарын хүмүүс ажиллана. Би 1981-1986 он хүртэл Захидал харилцаа хариуцсан утга зохиолын ажилтан хийж, уншигч, идэвхтэн бичигчдээс ирсэн захидлыг боловсруулан сонинд нийтэлж,шаардлагатайд нь хариу захидал илгээнэ. Захидал маш их ирнэ. Сэтгүүлч, идэвхтэн бичигч бүгд бичлэгийн шагнал авдаг байсан болохоор мэдээгээ оруулцгаах гэж хичээнэ. Сонины зай талбай хүрэлцэхгүй шүү дээ. Заримыг нь нийтлэх боломжгүй бол яагаад болохгүй байгаа тухай тайлбар захидал илгээдэг. Редакциас үе үе идэвхтэн бичигчдийн зөвлөгөөн зохион байгуулдаг байсан. Тэгээд би 1987 оноос төмөр зам хариуцсан сурвалжлагч болсон.

-Хамт ажиллаж байсан сэтгүүлч, мөн идэвхтэн бичигч нараа дурсвал хэн хэн гэж хүн байв даа?

-Дээр хэлсэн сэтгүүлч нарын дараа Б.Доржсүрэн, Ж.Нямдорж, Л.Цэвээндорж нар ажилласан.Сүүлд УИХ-ын гишүүн болсон Т.Ганди хүртэл манай сонинд хэсэг хугацаанд ажиллаж байсан шүү дээ. Идэвхтэн бичигч гэвэл гэрэл зургийн сурвалжлагч Ч.Дорж гуай, мөн Салхитын  Х.Чойжилжав, Авто тээврээс Б. Артур,  Сүхбаатарын Т.Даяндорж, Вагон депогийн  Б.Очирбат, Сайншандын н.Балжинням  гээд хүн олон байсан. Одоо заримыг нь санахгүй байна. Манайх Тээврийн яамны сонин болоход төмөр зам, авто тээвэр, авто зам, нисэх гээд чиглэл бүрээр нь хариуцсан сурвалжлагчтай болж билээ. Олон газрын мэдээлэл багтаахын тулд их товч бичицгээнэ.

-“Найрамдлын зам” сониныг уншиж үзэхэд тухайн үедээ төмөр замдаадэг журам сахиулж, ажлын чанар дээшлүүлэх, үзэл суртлын гол зэвсэг байсан юм билээ?

-Тийм шүү, сонинд муугаар цоллуулсан бол үр дүнгийн шагнал, урамшуулал хасагдаж, арга хэмжээ авхуулна. Намын хороо, Хэрэг эрхлэх газар ч шүүмж бичихийг дэмжиж, мөн тушаал шийдвэрүүдээ нийтэлдэг.Тогтмол булангуудад ГТХАБ голлож, зорчигч үйлчилгээний соёл, шуурхай байдал, ажлын чанар орно. Төмөр замын Намын хороо, Ардын хянан шалгахын хамтарсан шүүмжлэлийн нүүр гардаг байлаа. Тэр шүүмжлэлийнх нь мөрөөр бид шаардах хуудас явуулдаг. Тухайн нийтлэлийг үр дүнд хүртэл араас нь их хөөцөлдөнө. Гэхдээ төмөр замчид бусад байгууллагыг бодоход хариуцлага маш өндөртэй л дөө. Одоо ч тэр байдал нь хэвээр байх.

-“Найрамдлын зам” сонин “Өдтэй бичиг” болоход та хэрхэн хүлээж авч байв?

-С.Цэрэндорж эрхлэгчийн үед редакц биеэ даая гэх яриа болж,  “Өдтэй бичиг” болсон. Ардчилал олон үйлдвэр үйлчилгээний газрууд хувьд гарч байсан үе шүү дээ. Миний хувьд редакцийнхаа бодлогыг л дагасан. Үүнд төмөр замын удирдлагууд төдийгүй төмөр замчид дургүй байсан. Тэр нь ч аргагүй. Төмөр замын талаарх мэдээлэл нь багасаж, нийтлэлийн өнгө аяс нэлээд задгайрсан л даа. Манай редакцид сэтгүүлч, зохиолч Ж.Заяабаатар, О.Содномпил нар байлаа.Мөн Н.Энхцэцэг, Г.Алтантогос нарын сэтгүүлч охидажилладаг байсан юм. Бид асуудал хөндсөн, эрэн сурвалжилсан зүйлс их бичсэн. Би гэхэд л нийтийн тээвэрт халаасны хулгайч нарыг, тэнэмэл хүүхдүүдийг дагаж сурвалжилга хийж явлаа. Мөн хойд хөрш рүү ганзагын наймаачдыг сурвалжлах гэж Новосибирск, Омск хүртэл явсан шүү дээ

-Маш сонирхолтой ажиллаж байж. Сурвалжлах далимаараа та бас “гахай” чирсэн үү?

-Үгүй ээ, чадахгүй юм чинь /инээв/. Галт тэргэнд хүн гэж пиг дүүрэн чихнэ. “Нарлаг Монгол”-ын вагон өртөөн дээр зогсмогц хүмүүс шуугилдаад л дайрчихна. Хүчтэй, чадалтай нь ороод хүч муутай нь үлдэнэ.Би ч нэг удаа Омскт галт тэргэндээ сууж чадалгүй үлдэж билээ. Одоо тэр үеийг төсөөлөөд бодоход яг л дайны үе шиг санагдаж байна. 1990-ээд он ч хэцүү жилүүд байсан даа. Дотоодын галт тэргэнд ч ялгаагүй. Энд тэндгүй л архи уусан согтуу наймаачид, тэнэмэл хүүхдүүд. Монгол орон сүйрэх гэж байгаа юм шиг л санагддаг байсан. Бид сурвалжилгадаа тийм байдлыг бичдэг байлаа. Энэ байдлаар гурван жил ажиллаад байтал Р.Раш дарга сониныг буцаан авч “Ган зам” болгож, эрхлэгчээр нь Ж.Нямдаш гуайг томилж билээ. Ингээд эргэж эмх цэгцэндээ орж, салбараа түлхүү бичдэг болсон.Эгч нь сониныхоо түүхэн дэх гурван нэрийн дор сэтгүүлчээр ажиллаж, 1995 онд гарсан. Гэхдээ “Ган зам пресс”-ийнхээ Ахмадын хороонд бүртгэлтэй, өнөөг хүртэл сонинтойгоо үргэлж холбоотой ойр явна даа.

-Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе!

 

ЯРИЛЦСАН Б.ГҮНЖИНЛХАМ