Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнтэй төмөр замын аюултай бүсийн хэмжээнд зонхилон гардаг хэрэг зөрчлийн шийдвэрлэлтийн тухай ярилцлаа.

- Тээврийн прокурорын газрын үндсэн үйл ажиллагааны талаар хоёул яриагаа эхлэх үү?

- Монгол Улсад прокурорын байгууллага үүссэн түүхэн замнал 1930 оноос эхтэй.Үүнээс 25 жилийн дараа буюу 1955 онд БНМАУ-ын Cайд нарын зөвлөлийн есдүгээр сарын 6-ны өдрийн  422 дугаар тогтоолоор УБТЗ-ын прокурорын газар мөрдөн байцаагч, галч, зарлага гэсэн орон тоотойгоор байгуулагдсан. Ингээд, УБТЗ-ын хэмжээнд хууль дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэйгээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Товчхондоо. Манай байгууллагын үүсэж, хөгжих үндсэн шалтгаан хийгээд өнөөг хүртэлх үйл ажиллагааны чиглэл УБТЗ ХНН-тэй салшгүй холбоотой явж ирсэн.

-Эдүгээ танай байгууллага тээврийн салбарыг бүхэлд нь хариуцсан өргөн хүрээний статустай болж өргөжжээ?

-1993 ондУБТЗ-ын прокурын газар нэршлээ өөрчилж, Тээврийн прокурорын газар болсон. Ингээд ИНЕГ-ийн хэмжээнд үйлдэгдсэн хэрэг зөрчлийг мөн хариуцахаар болж цар хүрээ нь өргөжсөн. Эдүгээ манай байгууллага улсын хэмжээнд дагнасан прокурорын газрын чиг үүрэгтэйгээр ажилладаг цорын ганц байгууллага. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн зам тээврийн салбартай холбоотой хэрэг зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж, түүнд нь бид хяналт тавьдаг. Мөн дээр нь, төмөр зам болон ИНЕГ-ийн хэмжээнд гарсан хэрэг зөрчлүүдэд хяналт тавьж, тухайн хэргүүдийг дараагийн шатанд буюу шүүхэд шилжүүлж ажилладаг. Түүнээс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй нягт уялдаатай ажилладаг. Тухайлбал, бага насны хүүхдүүдийг зам тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шторк бэлтгэн цацах, ном товхимол тараах материал хүргүүлэх, ЕБС-ийн сургуулиудад эцэг эх болоод сурагчдад хандсан яриа таниулга хийх гэхчлэнгээр нийгэмд нөлөөлөх зорилт бүхий олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

-Танайхаар шийдвэрлүүлж байгаа гэмт хэрэг зөрчлийн хэдэн хувь нь УБТЗ-тай холбоотой байна вэ?

-УБТЗ-д гарсан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Төмөр зам дахь цагдаагийн газар хүлээн авч шалгаж байгаа. Гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах үйл ажиллагаанд нь манай байгууллага хяналт тавьдаг. Өнөөдрийн байдлаар, төмөр замын объектод гарсан гомдол мэдээллээс гэмт хэргийн чанартай нь харьцангуй цөөн. Тээврийн прокурорын газар 2023 оны эхний гурван сарын байдлаар Төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, ЗТХЯ-ны төмөр замын тээврийн болон автозамын хяналтын улсын байцаагч, УБТЗ-ын гэрээт гал түймрийн улсын байцаагч зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны нийт 329 зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

-Төмөр замын объектод гарсан хэрэг зөрчлүүд хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэгддэг вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлд Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих гээд нэг бүтэн бүлэг бий. Дотроо задраад зургаа, долоон хэсэгтэй. Зонхилон үйлдэгдэж байгаа нь  14.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан төмөр замын аюултай бүсэд нэвтрэх, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн тав дахь хэсгийн 5.3-т заасанчлан “Малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд орсон” гэсэн хоёр зөрчил Төмөр замын объектод гарсан нийт зөрчлийн 80-90 хувийг эзэлдэг. Мөн дээр нь, Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “Төмөр замын нийтлэг дүрэм, багц дүрэм зөрчсөн” зэрэг зөрчлүүд үлдсэн хэсгийг нь эзэлж байна. Энэ хүрээнд Төмөр зам дахь цагдаагийн газар зөрчлийн шинж чанартай мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулан гурав хоног шалгаад дараагийн шатанд нь шилжүүлдэг. Тухайн хэрэг зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтнууд нь ЗТХЯ-ны улсын байцаагч нар. Бид тэдний шийдвэрийн биелэлтэд хяналт тавих журмаар ажилладаг.

- Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл  нийгмийн аль хүрээнд илүү гардаг вэ?

-Төмөр замын тээврийн тухай хууль зөрчсөн гэмт хэрэг зөрчлийг бид хагас болон бүтэн жилээр нь судалж үздэг. Судалгааны дүнгээс ямар хүмүүс ийм төрлийн гэмт хэрэг зөрчилтэй холбогдоод байна вэ гэдэг нь тодорхой харагддаг. Нарийвчилж үзвэл эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд төмөр замын аюултай бүс рүү орсон тохиолдлууд бий. Дээр нь, хөдөөнөөс орж ирсэн иргэд төмөр замын дэр мод, зам төмрийг сонирхох гэж очоод галт тэрэг яаралтай тоормос хийсэн тохиолдол ч гарсан. Хамгийн нийтлэг зөрчил нь өөрийгөө хянах чадваргүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүстэй холбогддог. Ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад төмөр замын гарам дээр галт тэрэг яаралтай тоормос хийлгэж, мөргүүлж дайруулсан тохиолдол зонхилдог. Хайхрамжгүй байдлаасаа ч болж ийм төрлийн зөрчилд холбогдож байна. 2022 онд манайд 210 зөрчлийн хэрэг нээж, хяналт тавьсан. Үүнээс 170 гаруй нь Төмөр замын тээврийн тухай хууль зөрчсөн тохиолдол байсан бол 30 хувь нь төмөр замын гармын аюулгүй байдалтай холбоотой байх жишээтэй. Төмөр замын гармын аюулгүй байдалтай холбоотой хэрэг зөрчил жин дарж байна гэж ойлгож болох юм.

-Олон улсын хэмжээнд төмөр замын аюултай бүсэд үйлдэгдсэн хэрэг зөрчилд оногдуулах шийтгэл нь нэлээд хатуу байдаг юм билээ. Харин манай улсын хэмжээнд хариуцлага тооцох тогтолцоо нь харьцангуй хөнгөн хэлбэрт хамаардаг учраас энэ төрлийн хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна гэж үзэх нь бий?

-Олон улсын жишигт “Төмөр замын салбар өөрөө улсын онцгой объект” гэсэн тодорхойлолт нийтлэг мөрдөгддөг. Ялангуяа өндөр хөгжилтэй орнууд төмөр замын салбараа улсын онцгой объектод хамруулж үздэг учраас түүнд хамаарах хууль дүрэм, хариуцлагын тогтолцоо нь маш чанга. Манай улсын хувьд ЗХУ, БНМАУ хооронд байгуулсан 1949 оны гэрээгээр УБТЗ-тай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт мөрдөгдөж байгаа. Тус гэрээний хүрээнд ХНН буюу үндсэндээ компанийн дүрмээр л яваад байгаа юм. Компанийн дүрэм мөрдөгддөг байгууллагыг улсын онцгой объектод хамруулах аргагүй шүү дээ. Төмөр замын гарам дээр тээврийн хэрэгслийн жолоочийн хайхрамжгүй үйлдлээс болж галт тэрэг яаралтай тоормос хийлгэлээ гэж бодоход 25.000 төгрөгөөр торгох төдий л арга хэмжээ авч байна. Хариуцлагагүй үйлдлээрээ өөрийн болоод галт тэргээр зорчиж яваа олон мянган хүний амь нас, хэдэн сая, тэрбумаар хэмжигдэх үнэтэй ачаа барааны аюулгүй байдалд заналхийлж байгаа хүмүүсийн “толгойг илээд” байгаа учраас хууль дүрмийг хэрэгжүүлэхгүй, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна. Жолоочид түр зогсолтын акт тавилаа гэж бодоход минутаасаа шалтгаалаад 100 мянган төгрөг хүртэлх торгууль бичигдэх жишээтэй. Гэтэл яаралтай тоормос хийснээс УБТЗ-д  нэлээд их алдагдал гардаг. Тиймээс хариуцлагын тогтолцоог илүү өндөрсгөж, торгууль шийтгэлийн арга хэмжээг нэмэгдүүлж өгөөч гэдэг саналыг төмөр замын салбарын холбогдох мэргэжилтнүүд байнга тавьдаг. “Төмөр замын гармын аюулгүй байдал” зөвлөгөөнөөс ч энэ тухай санал гарсан. Энэ бол эргэж харах ёстой асуудал шүү дээ.

-Өнгөрсөн хугацаанд тантай тохиолдож байсан төмөр замын салбартай холбоотойгоор хамгийн өндөр хэмжээнд шийтгэгдсэн ямар төрлийн гэмт хэрэг гарав?

-Намайг УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст ажиллаж байх үед буюу 2000 онын эхээр гурван машинчийн хэрэг Улсын дээд шүүхэд хэлэлцэгдсэн юм. Багахангай өртөөний орчимд галт тэрэг унасан асуудалтай холбоотойгоор гурван машинч хуулийн хариуцлага хүлээж 2-3 жилийн хорих ял шийтгэгдсэн. Тэр л миний мэдэхийн Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн үйлдлээсээ болж хамгийн өндөр шийтгэл хүлээсэн тохиолдол юм даа. Ер нь, төмөр замын ажилтнууд өөрсдөө хэрэг зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй гардаг. Зам дээр засвар хийх, хориг хашааны доторх зэрлэг өвсийг шатааж байх үедээ галт тэрэг яаралтай тоормос хийлгэх тохиолдол мэр сэр бүртгэгдсээр ирсэн. Тэгэхээр төмөр замчдынхаа хариуцлагыг дээшлүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг тодорхой үе шаттайгаар хийх хэрэгтэй. Социализмын үед төмөр замчид “Сахилга бат хоёр дахин чухал” гэсэн уриалга дэвшүүлээд л маш өндөр зохион байгуулалттай ажилладаг. Хүмүүс нь ч ухамсартай, хамгийн наад зах нь ах захаа хүндэлдэг байлаа. Тэр үед Төмөр замын тээврийн тухай хуультай  холбоотой хэрэг зөрчил бараг бүртгэгддэггүй байсан. Гэтэл соёлт нийгэм хэмээх тодорхойлолттой цаг үетэйгээ бид хаана хаанаа хөл нийлүүлж чадахгүй байна.

-Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөрлөгөөс эхлээд нийгэмд нөлөөлөх, ард иргэдийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрөлт арга хэмжээг УБТЗ-аас жил бүр авч хэрэгжүүлдэг. Хөндлөнгөөс дүгнэхэд үүний үр дүн нь хэр гарч байна вэ?

-Миний бие анх удаа л УБТЗ-аас зохион байгуулж байгаа нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо. Тухайн зөвлөгөөнөөр дэвшүүлж байгаа шийдэл, санаачилгыг харахад төрийн байгууллагууд хоорондоо нягт уялдаад, бие биенээ дэмжээд явбал тодорхой үр дүн гарах юм байна гэж дүгнэлээ. Ялангуяа, Түнхэл өртөө орчмын төмөр замын гарам дээр гэмт хэрэг зөрчил гарах нь ихсээд байгаа. Энэ чиглэлд бүх талаар хамтран ажиллахад бэлэн. Нэг танхимд суугаад ярилцаж байснаас газар дээр нь очиж ажиллаад шаардлагатай арга хэмжээг дор дор нь хэрэгжүүлээд явбал илүү үр дүнтэй. Замын хойд чиглэлд харьцангуй гайгүй. Харин урд чиглэлд мал, амьтан, тээврийн хэрэгсэл дайрагдах тохиолдол их гараад байгаа нь ажиглагддаг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

ЯРИЛЦСАН Б.ДЭЛГЭРХИШИГ