УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгын ахмад, Ахмадын холбооны “Ган эгшиглэн” чуулгын дэргэдэх “Хос уянга” хамтлагийн даралтат хөгжимчин, морин хуурч Д.Болдыг энэ дугаартаа урилаа. Тэрбээр, өнөө жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд өвгөн хуурчийн дүрийг бүтээсэн юм.

 

- Улсын наадмын нээлтээр таныг хараад их сайхан санагдаж байлаа. Морин хуур гэгч энэ сайхан үндэсний хөгжимтэй та хэчнээн жил нөхөрлөв?

-Би Архангай аймаг, Цэцэрлэг хотод төрсөн. Аав Д.Дамдинжав маань урлагийн хүн. Архангайд найруулагч байсан юм билээ. Намайг гурван настайд аав Соёлын яамны томилолтоор Сэлэнгэ аймагт шилжсэнээр миний бага нас Сэлэнгэ аймгийн төвд өнгөрсөн. Аав Мод боловсруулах комбинатын даргаар, ээж С.Самаа маань номын санчаар нь ажилладаг байлаа. Комбинатын дэргэд нь хөгжмийн дугуйлан хичээллэдэг. Намайг дунд ангид байхад Морин хуурын дугуйланд нь оруулж, Лувсандагва багшаар  морин хуур тоглохыг заалгасан. Тэр цагаас өнөөг хүртэл морин хууртайгаа нөхөрлөж байна. Монголын нэрийг дэлхийн хойморт, ЮНЕСКО-д мөнхөлсөн энэ хууртай аавынхаа ачаар холбогдсон доо. Дунд сургуулиа төгсөнгүүтээ аймгийн Соёлын ордонд морин хуурчаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Гурван жилийн цэргийн алба хааж 1979 онд халагдаж ирээд ажилдаа орсон. 1980 онд Сэлэнгэ аймгийг сурталчлах соёл урлагийн арав хоног Улаанбаатар хотод болоход аав, Ё.Балдан багш хоёр найруулсан юм. Би тэр үйл ажиллагаанд нь оролцсон л доо. Бүжгийн багшаар МУГЖ Д.Лувсандаш, найрал дууны багшаар МУУГЗ Б.Лхаваанцэрэн, хөгжмийн багшаар Г.Баасанхүү гээд мундгууд удирдаж байлаа. Би улсад 45 жил ажилласны 25 жилд нь УБТЗ-даа ажилласан.

-Таны ажлын гараа аймгийн Соёлын ордноос эхэлсэн юм байна. Дараа нь “Айзам” хамтлагт хөгжим тоглосон байх аа?

-Тиймээ, аймагтаа гурван жил ажиллаад өрх тусгаарлан Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд Үйлдвэрчний төв зөвлөлийн Соёлын ордны дэргэдэх “Айзам” хамтлагт орж хоёрдугаар даралтат хөгжимчин болсон. Нөгөө даралтат хөгжимчин нь М.Батболд шүү дээ.  Ахлагч, басс гитарчин МУ-ын урлдагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганболд “Айзам”-ын бүх дууг зохиосон. Мөн бөмбөрчин Ц.Зандраа, басс гитарчин Ч.Тамир, аргил гитарчин З.Мөнхбат дуучин О.Энхболд зэрэг олон хүн байсан. Би энэ хамтлагт бараг 1990 он хүртэл ажилласан. Тэгээд “Жуулчин” компанид орсон.

-“Жуулчин” компани дэргэдээ бас хамтлагтай байв уу?

-Гадны жуулчдад хуримын зан үйлийг харуулсан жүжигчилсэн тоглолт хийдэг 20 гаруй хүнтэй хамтлаг байсан юм. Хүргэний тал морин тэрэгтэй ирцгээж бэрээ гуйж, ерөөл хэлж, дуулж хуурдана. Би морин хуураа тоглодог. Манайхан Франц, Герман, Бельги гээд олон орноор аялж, Монгол үндэстний соёл урлаг, зан үйлийг сурталчилсан. МУ-ын СТА Сандагдорж багш маань найруулдаг байсан. Тэгж байтал зах зээлийн шуурганд өртөн “Түмэн эх” чуулгатай нийлүүлчихсэн юм. Хувцас хэрэгсэл, материаллаг баазтайгаа бид шууд шилжиж байлаа. Ингээд “Түмэн эх”-д ажиллаж байгаад УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгад 1992 онд орсон. Төмөр замын чуулга болж байгуулагдаад нэг жил л болж байсан үе. Энэ чуулгадаа тасралтгүй 25 жил ажиллаад 2017 онд тэтгэвэртээ гарсан даа.

-Төмөр замын чуулгынхан гадны орнуудад аялан тоглолт их хийдэг байсан гэдэг?

-Тийм шүү, 2000-аад оны үед нэг азтай зүйл тохиолдсон юм. Тэр нь Монголоос зөвхөн УБТЗ-ынхан   АНУ-ын Нью-Йорк хотод төмөр замаа сурталчлах соёлын өдрүүд зохион байгуулсан. Р.Раш, В.Отгондэмбэрэл, Л.Халтар дарга нараар удирдуулсан албаны төлөөлөгчидтэй чуулгаас уртын дуучин Ц.Отгонцэцэг, хөөмийч Э.Сандагжав бид гурав явж байсан. Бид цөөхүүлээ ч гэсэн,  алсын Америк оронд урлаг соёлоо толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, УБТЗ-аа амжилттай сурталчлаад ирсэн. Мөн чуулга бүрэлдэхүүнээрээ Хойд Солонгост “Хаврын баяр”-т оролцон “Алтан тагтаа” шагнал хүртэж байлаа. Мөн би Дээрхийн гэгээнтэн Далай багшийн урилгаар МУСТА хөөмийч Т.Гэрэлцогттой хамт Англид байдаг Төвдийн санд дөрвөн сар ажиллаж байлаа. Лондонд олон газарт нь очиж тоглосон.

-Хөгжмийн аялгуу бол хүнийг үндэс угсаа, хэл соёл ялгалгүй зүрх сэтгэлтэй нь ярилцдаг хэл. Гадныхан манай морин хуурын аялгууг сонсоод сэтгэл нь их хөдөлдөг юм шиг санагддаг?

-Маш сайхан хүлээж авдаг. Хялгасаар хийсэн хоёрхон утсыг бас хялгасаар хөрөөдөж хүний зүрх сэтгэлд хүрсэн аялгуу гаргадаг нь сонин санагддаг юм шиг билээ. Сонсоод, зарим нь уйлж ч харагддаг. Тиймээс монгол хүний, тэр дундаа морин хуурчийн хувьд ч сэтгэл их хөдөлдөг юм.

-Таны үед Төмөр замын чуулга өргөн бүрэлдэхүүнтэй, шинэ уран бүтээл ч их хийдэг байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Ёстой чуулга шиг чуулга байсан. Жилд дор хаяж хоёр томоохон бүтээл хийдэг байлаа. Шугам замаараа бол тасралтгүй л явж тоглолт хийж, төмөр замчдадаа урлаг соёлоор үйлчилнэ шүү дээ. Намайг анх ороход дарга нь МУУГЗ П.Дамдинжав багш байсан. Тэр цагаас хойш олон даргын удирдлага дор ажилласан даа.

-Урлагийн байгууллагыг хэр баргийн хүн удирдаж чадахгүй гэж би боддог юм. Заавал урлагийн хүн байх албагүй, харин урлагийн мэдрэмж өндөртэй байх ёстой гэж хардаг?

-Тийм шүү. Удирдлагын мэдрэмж маш чухал. Холч ухаантай, урлагийн хүмүүстэй ажиллах арга барилтай байх хэрэгтэй. Ямар ч урлагийн мэдрэмжгүй хүн урлагийн байгууллага удирдвал шууд уналтад оруулна шүү дээ. Манай чуулгын үе үеийн дарга нар бүгд л өөрийн гэсэн арга барилтай, уран бүтээлч, ажилч хөдөлмөрч хүмүүс байлаа. Манайхан “Хожгор түшмэл”, “Чоно жил” гэхчлэн жүжиг тавьдаг байсан. Тухайлбал, МУСГЗ Л.Сэнгээ дарга дуулалт жүжиг их тавина. “Амьдрал гэж галт тэрэг” гэдэг дуулалт жүжгийг нь төмөр замчид андахгүй мэднэ. Хөгжмийн зохиолчоор нь Г.Энхбаяр ажиллаж, дууг нь “Элькондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн дуулсан. Монгол Улсын Гавьяат тээвэрчин, яруу найрагч Ю.Идэрчулуун дарга чуулгад “Сибирь” гэж хамтлаг байгуулсан. Дандаа европ хөгжимтэй, голдуу орос дуу дуулна. МУУГЗ Д.Цэвээнравдан багш бид нартай хамтран баян хуур тоглодог байсан. Мөн чуулга маань ардын урлагийн “Жинчин” гэж хамтлагтай. Их бүтээлч он жилүүд өнгөрсөн дөө. МУ-ын УГЗ Н.Баатаржав багш маань хөгжмийн удирдаачаар нь ажилладаг байлаа. Одоо л нам жим болж.

-Төмөр замын чуулга Соёлын ордон болж, бүр барилгын ангийн харьяанд хүртэл нэг хэсэг орлоо шүү дээ. Харин саяхнаас эргээд чуулга боллоо. Зэрэг буурахыг нь харах амаргүй байв уу?

-Чуулга байгуулагдаад удаагүй байхад анх орж байлаа. Тиймээс тулгын чулууг нь босгоход хувь нэмрээ оруулсан хүний хувьд ямар сайхан байх билээ. Энэ чуулгыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав багш байгуулалцсан шүү дээ. Тэр үедээ “Учиртай дөрвөн толгой” гэж дуулалт жүжиг тавьж байлаа. Ер нь, ихэвчлэн дуулалт жүжиг голлож, дуучин МУСТА Т.Тэгшжаргал, Л.Уранмандах, Ц,Отгонцэцэг гээд олон сайхан уран бүтээлч ид залуухан байсан үе. Сүүлд намайг тэтгэвэрт гарахад манай чуулга Аялал жуулчлалын товчоо, Кейтеринг хоёртой хамтарсан нэг байгууллага болсон шүү дээ. Урлагийн олон сайхан алдартан төрөн гарсан гал голомт бүр барилгын ангийн харьяанд очиход сэтгэл эмзэглэсэн. Дараа нь спортын байгууллагатай холилдож, тэгсээр эргэж чуулга болоход нь их баярлалаа. Гэвч үндсэн уран бүтээлчид цөөрсөн. Одоо “Цагаан лавай” л голлоод байгаа юм уу даа гэж хардаг. Би дуучдаас дээр дурдсанаас гадна МУГЖ Б.Батболд, МУСТА Н.Дашдэмбэрэл, Х.Батмэнд, Б.Нямзагд нартай ажиллаж байсан. Хөгжимчид гэвэл М.Даваасүрэн, Д.Шүрэнчулуун, МУСТА Б.Чанцалдулам, Д.Энхболор, Б.Баатарсүх, Д.Оюунгэрэл, П.Ундармаа, Г.Сумъяарагчаа, Б.Энхбилэг, Д.Жүрмэддорж, Л.Цэвэгсүрэн, Ц.Цэрэнбат, бүжигчин Д.Өлзийбаяр, З.Батмөнх, Р.Отгонзул гээд  олуулаа байлаа. Бүгдийг нь нэрлэвэл хугацаа их орно. Энэ л сайхан хамт олныхоо ачаар би хуурын гоцлол тоглон олонд танигдаж л явлаа.

-“Айзам”-аас гадна та “Харанга”, “Хурд” хамтлагийн тоглолт болон цөөнгүй дууны клипэнд хуур тоглосон байдаг. Ялангуяа, “Харанга”-ын Лхагваагийн олон дуунд хуураа татсан байх, тийм үү?

-МУГЖ Х.Лхагвасүрэн бид хоёр гэр бүлийн найзууд, дотны нөхөд л дөө. Бүхий л дуунд нь морин хуураа тоглосон. Олон жилийн өмнө Лхагваа Өвөр Монголын алдарт хуурч Г.Чибулагаас “Морин хуур” дууг нь авч дуулан клип хийхдээ надад хуурыг нь тоглох санал тавьсан юм. Тэр үедээ бид нэгнээ таньдаггүй байлаа. Энэ дууных нь хөгжим, чимэглэл, фонаграмыг МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн И.Болоож хийсэн. МУСТА хөөмийч С.Загд-Очир бас хөөмийлсөн шүү дээ. Энэ уран бүтээлээс хойш Лхагваа бид холбогдож “Дэлхийд ганцхан наадам”, “Чингис” зэрэг олон дуунд нь морин хуураа тоглосон. “Хурд” хамтлагийн тоглолтуудад ч оролцож байлаа. Энэ бол морин хуурын маань л ач юм даа.

-Та одоо Ахмадын холбооныхоо “Ган эгшиглэн” чуулгад харьяалагдаж байна уу?

-Тиймээ. Төмөр зам маань уран бүтээлчдээ дэмждэг, хангамж, цалин урамшуулал ч их байсан юм шүү. Цаг үеийн ямар ч нөхцөлд ажилчдаа халж цөөлөлгүй авч ирсэн. Тэтгэвэртээ гарчихаад төмөр замынхаа байгууллагад ямар нэгэн аргаар дэм тус болох юм сан гэж их бодсон. Тэгээд Н.Жанчив даргатай уулзан ахмадынхаа “Ган эгшиглэн” чуулгад өөрийн саналаар орсон. Сүүлд Ю.Идэрчулуун дарга болоод мөн л “Хос уянга” гэж хамтлаг байгуулах санал бидэнд тавьж, хөгжмийн зэмсгээр хангаж өгсөн. Одоо хамтлагийнхаа соль гитарчнаар ажиллаж байна. Ахмадын холбоо УБТЗ-ын Залуучуудын зөвлөлтэй хамтран гурван үеийн уулзалтаар явахад манай хамтлаг Баянтүмэний төмөр замчид, ахмадууддаа очиж тоглолтоо толилуулсан. Мөн шугам замаар Багануур, Эрдэнэт... гэхчлэн төмөр замчдадаа үнэ төлбөргүй цөөнгүй тоглолт хийсэн. Ахмадын “Ган эгшиглэн”-д өмнө нь Төмөр замын чуулгад хамт байсан МУСТА Б.Чанцалдулам, П.Ундармаа, Д.Энхболор нартайгаа хамт байгаа. Дээр нь, МУСТА холбооны Ц.Шалсмаа, бүжигчин Ц.Энхтуяа, Зүтгүүрийн депод байсан бөмбөрчин Г.Нямаа, Замын II ангид байсан Х.Оюунханд, Хүүхдийн секторт байсан Ц.Чулуунцэцэг, мөн басс гитарчин Г.Цогт /зүтгүүр/, дуучин Ч.Оюунчимэг /өртөөний/ гээд олуулаа байна. Манайх хөгжим, дуу, бүжиг гэсэн гурван ангитай. Ах нь одоо Ахмадынхаа холбооны жижүүрээр давхар ажиллаж байна. Ингэснээр төмөр замынхаа байгууллагад бага ч гэсэн ачийг нь хариулж байгаа болов уу гэж боддог.

-Энэ жилийн улсын баяр наадмын нээлтэд та сахал зүүчихсэн хуураа тоглож  байгаа харагдсан. Зохион байгуулагчид нь наадмын нээлтэд оролцох санал тавив уу?

-Гэртээ сууж байтал утас дуугарлаа. Автал “Төр таныг дуудаж байна” гэхээр нь гайхсан. Тэгтэл “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлтэд морин хуурчид тоглох юм аа. Та оролцох уу” гэж байна. Хэдийгээр тэтгэвэрт гарсан ч гэр ахуйд хийх ажил их байгаагаа хэлтэл “Та 30 минут бодоод хариу хэлээрэй” гэсэн. Тэгээд бодож байгаад хуурдахаар шийдсэн. Яваад очтол комиссынхон нь “Та өвгөн хуурч болно” гээд хиймэл сахал хийсэн. Баяр наадмын нээлтэд мета домог зүй гэдэг агуулгыг шингээн бор, ногоон, шар, цэнхэр, улаан өнгийн мета өвгөн хуурчийг тоглуулсан юм. Өнгөний бэлгэдэл нь гал, газар, уул, ус, тэнгэр. Би улаан дээл өмссөн. Хамгийн эхлээд МУГЖ, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гуай хүүхдүүдтэйгээ гарсан. Дараа нь МУГЖ Л.Идэрбат, тэгээд Ардын жүжигчин Ч.Батсайхан, дөрөвт нь би, тавд нь МУГЖ Р.Амарбаяр, зургаад МУСТА М.Бүргэдбаатар тоглосон. Дороосоо урсдаг шатан дээр сууж ээлжлэн гарч ирээд л... Бүх үзүүлбэрийн холбоосон дээр бид хэд тоглосон юм. Ингэж л төрийнхөө баяр наадмыг нээх их хувь тохиосон доо. Ер нь, энэ жилийн нээлтийг залууст чиглэсэн сайхан боллоо гэж хүмүүс ярьж байна билээ.

-Өмнө улсын баяр наадмын нээлтэд ямар нэгэн байдлаар оролцож байв уу?

-Наадмын нээлтээр байгууллагуудын төлөөлөл тугаа барин жагсаад тойрдог шүү дээ. Төмөр замын чуулгад байхад манай хамт олон Замын шилдэг тэргүүний хүмүүсийн хамт оролцдог байлаа. Харин энэ жилийнх шиг би нээлтэд нь хуур тоглож байсангүй.

-Та олон шавьтай юу?

-Бий, бий. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байсан, одоо Хөгжим бүжгийн сургуулийн багш А.Бат-Очир, СУИС-ийн багш Б.Мөнхтүвшин байна. Мөн морин хуур, баян хуур тоглодог н.Энхбаатар гэж шавь маань бий. Төмөр замын чуулгад байхдаа дугуйлан хичээллүүлж олон хүүхдэд, бас томчуудад ч хуур тоглохыг зааж байлаа.

-Архангай таны аавын нутаг уу?

-Үгүй, аав маань Сүхбаатар, ээж Хөвсгөлийнх. Миний төрсөн нутаг гэвэл Архангай. Гэхдээ хамгийн ойр явдаг нь өссөн болохоор Сэлэнгэ юм даа. Би ер нь олон нутагтай хүн дээ /инээв/. Хүүхэд насны минь хамаг л дурсамж, найз нөхөд Сэлэнгэд бий. Харин төрсөн нутагтаа хааяа очиж амарч, баруун аймаг явах замдаа Булган ууландаа сүү өргөж, хуурынхаа аялгуугаар хүндэтгэл илэрхийлдэг. Төрсөн аймгийнхаа 100 жилийн ойг зурагтаар харсан. Сайхан болж байна билээ.

 

М.Наранболд