Гадаад харилцааны яамны Хилийн хэлстийн дарга Д.Болдоос төмөр замуудын хил холболтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын хилийн зурвас дээр Ханги-Мандал болон Тавантолгой-Гашуунсухай гэсэн хоёр төмөр зам тулаад ирсэн. Хятадын талтай хил холболтоо хийх ажил хүлээгдэж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд хил холболтын ажлыг урагшлуулахад ямар ахиц гарган ажиллаж байна вэ?

-2020 оны есдүгээр сарын 15-нд БНХАУ-тай  байгуулсан Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол, Хятадын хооронд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт байгуулахаар тусгасан. Боомтын хэлэлцээр бол суурь хэлэлцээр гэж явдаг. Энгийнээр хэлбэл, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ гэсэн үг.

2022 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үед Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хилийн цэг буюу солиболцлыг тохирох Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Энэ нь тусдаа хэлэлцээр болж гарсан. 2022 оны наймдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалаар эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын техникийн нөхцөлийг тохирохоор болсон. Эхлээд цэгээ тохирно гэдэг нь яг энэ солиболцлоор төмөр замын шугам явна шүү гэдгийг хэлж байгаа юм. Дараа нь тохирсон цэгийн дагуу ямар техникийн нөхцөлтэй байхаа тохирно. Өргөн, нарийн царигийн аль нь байх, хаана нь ачиж буулгах терминалаа байгуулах уу, ямар хугацаанд холбох уу гэдгээ тохирсон хэлэлцээрийг өнгөрсөн наймдугаар сард байгуулсан гэсэн үг.

Одоо Гашуунсухайт төмөр замын хилийн холболтын ажлыг Монголын талаас Тавантолгой төмөр зам компани хариуцаад  ажиллаж байна. Манай яам тус компанийг удирдамж чиглэлээр хангаж, Хятадын холбогдох байгууллагуудтай харилцахад байнга дэмжлэг үзүүлж байна. Тус компанийг удирдах төрийн захиргааны төв байгууллага нь Зам, тээврийн хөгжлийн яам. Хилийн төмөр замын бүтээн байгуулалт хэдэн км байх, ямар зураг төслөөр хийх, нарийн, өргөн цариг хэрхэн зөрөх, ачиж буулгах байгууламж хаана байгуулагдах, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх зэргийг Зам, тээврийн хөгжлийн яам болон Тавантолгой төмөр зам тодорхой мэдэж байгаа.

-Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр бол тодорхой болчихсон юм байна шүү дээ?

-Тийм ээ. БНХАУ-тай суурь эрх зүйн тохиролцоо хийгдсэн. Одоо хэрэгжүүлэх, бодит ажил болгох ажил хүлээгдэж байна.

-Ханги-Мандал хилийн төмөр замын солиболцлын цэг, техникийн нөхцөлийг хэзээ тохирох вэ?

-Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг монголчууд өөрсдөө бүтээн байгуулсан. Одоо Хятадын Мандал боомттой холбох ажил хүлээгдэж байна. Ханги-Мандал боомтын суурь эрх зүйн тохиролцоог хийхээр Хятадын талд саналаа тавиад явж байна. Ерөнхийдөө нааштай хариу өгч байгаа. Суурь эрх зүйн тохиролцоог хийхийн тулд хамгийн түрүүнд хоёр улсын хооронд байгуулсан Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт Ханги-Мандал боомтыг нэмж оруулах ёстой. Энэ асуудлыг 2023 оны эхний хагас жилд багтаан Хятадын талтай суурь эрх зүйн түвшинд гэрээ байгуулах зорилт тавин ажиллаж байна. Уг асуудлаар Хятадын талтай байнга уулзалт хийж, өндөр түвшний харилцан айлчлалын ярианы сэдэв болсоор байгаа.

-Арванэгдүгээр сарын сүүлээр Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалаар Ханги-Мандалыг холбох хилийн цэгээ тохирчихлоо гэсэн агуулга явсан шүү дээ?

-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манай талаас албан ёсоор санал тавьсан. Хятадын талаас “Холбох боломжтой төмөр замын боомтуудаа даруй холбоод явъя, бид идэвхтэй хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн. Энэ бол дээд түвшиндээ нааштай хариу өгсний илрэл. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө бидний хийх ёстой ажил үлдсэн. Тэр үүднээс эл асуудлаар Хятадын талтай тасралтгүй хамт ажиллаж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: iToim