“Би дунд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Ойн ТМС-ийг төгссөн. Хөрөө рам болон модны токарь дээр ажиллах мэргэжил л дээ. Дөнгөж төгстөл аав маань 1992 оны тавдугаар сарын 1-нд намайг Замын I ангийн нэгдүгээр хэсгийн мастерын охин Т.Туул, замчны хүү П.Гансүх нартай хамт Улаанбаатар хотод дагуулан ирж төмөр замын Төв эмнэлэгт эмчийн үзлэгт оруулаад замчин болгож байлаа. Тэр цагаас хойш би төмөр замд 32 дахь жилдээ ажиллаж байна. Хэрэв суралцсан мэргэжлээрээ ажилласан бол нэг түлээчин л болох байсан биз. Учир нь, зах зээлийн шилжилтийн үед Модны үйлдвэр татан буугдсан юм. Харин аав минь миний ажил амьдралын замыг зөв залсан. Би ч их азтай хүн дээ” гэх энэ эрхэм бол Замын II ангийн 21 дүгээр хэсгийн замчин Д.Бямбабаатар. Тэрбээр, 1972 онд Завхан аймгийн Сонгино суманд Н.Дагвадоржийн долоон хүүхдийн гурав дахь хүү болон мэндэлжээ. Аав нь 1983 онд илгээлтээр УБТЗ-ын Замын I ангийн нэгдүгээр хэсэгт жолоочоор ажиллахаар болж гэр бүлээрээ  Сэлэнгэ аймагт шилжин ирсэн байна. Ээж Б.Дархижав нь мөн тус хэсэгт сумчнаар ажиллаж, үндсэндээ тэднийх төмөр замчин айл болсон түүхтэй. Д.Бямбабаатарын хувьд төмөр замчдын хүүхдүүдийн адил төмөр зам даган тоглож, аав ээжийнхээ ажилд тусалж өссөн байна. Энэ тухайгаа “Хүүхэд байхаас төмөр замын ажлын онцлогийг харж, тодорхой хэмжээнд ойлголттой болсон. Зуны цагт Замын I анги түр замчдыг цалинжуулан ажиллуулдаг байлаа. Тиймээс би наймдугаар ангиасаа эхлэн түр замчнаар ажилласан. Биднээр замын дагуу болон голоор нь ургасан зэрлэг зулгаалгах ажил хийлгэнэ. Зарим үед дэр мод солих ажилд ч тусална. Ээж, аавтайгаа хамт ажиллаж, тэднээрээ заалгаж, цалин авч их урамшдаг байлаа. Ээж минь 2003 он хүртэл 20 жил сумчнаар ажилласан. Харин аав намайг төмөр замчин болгоод нэг жилийн дараа буюу 1993 онд бурхан болсон. Хоёр ах тусдаа гарсан учир би тэр үед ээж болон гурван дүүтэйгээ гэртээ үлдсэн. Аавгүй амьдрал хэцүү юм билээ. Бүх л асуудал толгойд ирсэн дээарин” хэмээгээд дуугаа хураав.

Тус ангид 1998 онд техникчээр төгсөөд очсон Д.Отгонжаргал гэх бүсгүйтэй Д.Бямбабаатар танилцан гэр бүл болж, 2000 онд том охин нь мэндэлсэн байна. Улмаар 2001 онд Замын II ангид шилжин иржээ. “Ханийгаа дөнгөж төгсөөд очиход нь танилцаж байлаа. Төмөр замын тосгоны төмөр замчин гэр бүлийн охин. Хадам аав, ээж тухайн үеийнхээр БОС-ны II ангид ажилладаг байсан. Одоо эхнэр маань Замын II ангийн түлшний нярваар ажилладаг. Эхнэрээ дагаж хот орж ирээд Амгалан дахь наймдугаар хэсэгт замчин болж байлаа. Тэгтэл 2003 онд Улаанбаатар-2 өртөөнд 21 дүгээр хэсэг байгуулагдахад шилжиж орсон. Энэ хэсэгтээ нэг л мэдэхэд 21 жил болжээ. Эхнэр маань долдугаар хэсэгт замчнаар ажиллаж байгаад надтай нэг үе ажилласан. Ангийн захиргаа руу шилжээд 10 гаруй жил болж байна. Хоёулаа нэг байгууллагад ажиллах сайхан. Нэгнийхээ ажлыг ойлгохгүй гэх асуудал гардаггүй. Хамтдаа дэр мод солиод л явж байлаа. Манай эрчүүд эмэгтэй замчдаа аль болох хүнд зүйл өргүүлэхгүйг хичээдэг. Тэр дундаа ханьтайгаа хамт ажиллахад “Миний хань байж бай, би өргөе, би тэгье” л гэнэ. Гэсэн ч эмэгтэйчүүд маань хойш суухгүй. Саяхан замчдын цалинг нэмсэнд бид баяртай байгаа. Энэ тушаал шийдвэр гарахад нөлөөлсөн албаны дарга асан Ю.Нямжаргал, ангийн дарга Д.Алтангэрэл тэргүүтэй удирдлагууддаа энэ ташрамд талархал илэрхийлье. Мөн МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо, тэр дундаа ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан өөрөө замчин байсан болохоор замчдынхаа ажлыг маш сайн ойлгож, дэмжиж ажилладаг. Маш сайн дарга даа. Төмөр замын бүх л мэргэжлийн алба, нийт төмөр замчид нэг л зорилгын төлөө хамтран ажиллаж, хамтын хүчээр амжилт бүхнээ бий болгодог. Тэр мэргэжил нь хамгийн гол гэх юм байхгүй. Харилцан уялдаа холбоотой ажиллаж байж л ачаа, зорчигч тээврээ саадгүй явуулж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Үүнийг удирдлагууд ойлгож, замчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлсэн нь сайн хэрэг. Цаашид ч дахин нэмэх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа Замын удирдлагууд хэлж байна билээ.

Ер нь, төмөр замын минь буян их ээ. Манайх гэдэг айл төмөр замынхаа буянаар сайхан л амьдарч байна. Том охиноо Солонгос руу сургуульд явуулсан. Эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа. Дунд хүү бас сурахаар эгч рүүгээ явсан. Одоо хэлний бэлтгэлд явж байна. Бага хүү 51 дүгээр сургуулийн VI ангид суралцдаг. Хүүхдүүдээ мэдлэг боловсролтой, эх орныхоо хөгжил дэвшилд хэрэгтэй хүн болгохын төлөө бид хоёр хичээж байгаа” хэмээн хуучлав. Тэр амьдралынхаа хамаг л амжилт, жаргал, баяр цэнгэл бүхнийг төмөр замынхаа буян гэж үздэг аж. “Хүнийг ажил голно уу гэхээс ажлыг хүн голж болохгүй. Ямар ч ажлыг гартаа оруулсан хүн жаргаж хийдэг. Гэвч зарим залуус нь ажлаа, цалингаа голно. Ажлын ачаалал бүү хэл үг ч даадаггүй. Ер нь, ажлыг тарах цагаа тэсэн ядан хүлээж, шантарч хийвэл хэцүү шүү дээ. Энэ бол тухайн хүний сэтгэл зүйн л асуудал. Замчны ажил амаргүй нь үнэн. Цас, шуурга, бороо, шороотой, халуун, хүйтэн ямар ч үед гадаа зам дээр ажилладаг. Гэхдээ хэчнээн хүнд байлаа ч багаараа, хамтын хүчээр ажлаа хийдэг нь сайхан. Хийж сурсан хүнд муухай, хэцүү ажил гэж байдаггүй юм. Өдрийн ажлаа хийж, солих дэрээ бүрэн сольчхоод харьж явах жаргал шүү. Бидний зассан зам дээр олон сая тонн ачаа, олон мянган зорчигч аюулгүй зорчино гэж бодохоор ажил мэргэжлээрээ бахархдаг” гэв.  

            Тэрбээр, анх замчин болохдоо л ажлаа хурдан сурч өөрийн болгохыг хичээсэн гэнэ. Хүүхэд байхаасаа түр замчнаар ажилласан учир тодорхой хэмжээний ойлголттой болж, хэзээ ч түүртэж, шантарч үзээгүй аж. “Хамгийн гол нь ахмад замчдаас суралцаж, багшийнхаа үгийг авч, өөрөө л хичээх хэрэгтэй” гэсэн юм. Д.Бямбабаатар анхны мастер Түдэвдорж, бригадын дарга Б.Дашдорж болон замчин Мэндбаяр, М.Ганбаатар гээд олон хүнээс суралцсан байна. “Ээжтэйгээ хамт дэр их сольдог байлаа. Ээж аав хоёр үргэлж л зааж, зөвлөдөг байсан. Миний төлөө гэсэн хамгийн үнэнч, сайн багш нарын гараар орсон азтай хүн дээ” гэж бахархана. Нэг үед ажилд орж байсан, өнөөгийн Замын I ангийн нэгдүгээр хэсгийн бригадын дарга Ж.Нямцэрэн, мөн жолооч Г.Гурванбаатар нарыг дурсаж, бусад нь тэтгэвэртээ гарсан гэнэ. Мөн Замын II ангид ирсэн цагаас хамт ажиллаж буй Д.Ганболд, А.Бурмаа, Ч.Хүрэлсүх гэхчлэн үеийнхэн нь ч бий. Тэрбээр, “Манай 21 дүгээр хэсгийг анх байгуулахад Эрдэнэбаатар гэж мастер байлаа. Дараа нь Лхагвасүрэн мастер олон жил ажилласан. Лхагва мастер болон бригадын дарга Х.Долгорсүрэнгээс би их зүйл сурсан. Одоо Б.Хосбаяр гэж чадварлаг залуу мастер, бригадын дарга М.Гантулга, Л.Чулуунбаатар нарын удирдлага дор ажиллаж байна даа” гэлээ. Төмөр замчин болоод үндсэн хэсгийн ажлаасаа гадна оролцсон бүтээн байгуулалтын олон ажил түүнд бий. Тухайлбал, 2009 онд Мандал-Давааны зөрлөг хооронд уулзваргүй зам тавихад гар бие оролцсон түүхтэй. Мөн 2003 онд Улаанбаатар вокзалын хонгилон гарц дээр ажилласан гэхчлэн цонхны ажилд цөөнгүй удаа явсан байна. Д.Бямбабаатарын ах дүүс өдгөө бүгд Сэлэнгэд амьдарч, зарим нь төмөр замд ажиллаж байгаа аж. Дүү Д.Амарсайхан нь Замын I ангид замчнаар ажиллаж байгаад саяхан БАҮ-ний I анги руу шилжин жолоочоор ажиллаж буй бол ах Д.Бямбажав нь Сүхбаатар ЦХА-д ажиллаж байжээ. “Хүргэн дүү Б.Амарсайхан Сүхбаатар депод машинчаар ажилладаг. Бид жил бүр цугларч аав, ээжийнхээ буурийг эргэдэг юм. Олуулаа байх сайхан шүү” гээд инээсэн юм. Ийнхүү төмөр зам, төмөр замчдаараа бахархаж, хийж буй ажилдаа сэтгэл өндөр явдаг эрхэм хүмүүн, эгэл төмөр замчинтай цөөн хором хөөрөлдлөө.

 

М.Наранболд