УБТЗ-ын хамт олон “Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр”-ийг ирэх сарын 15-нд 11 дэх удаагаа тэмдэглэх гэж байна. Уг өдрийг угтан төмөр замчид жил бүр тодорхой сэдвээр аян өрнүүлдэг уламжлалтай. Энэ жил уг өдрийг угтан ямар ажил хийж байгааг Тээврийн хяналтын албаны салбар зам хариуцсан хяналтын байцаагч Д.Баттулгаас тодруулсан юм.

 

-“Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр” жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохиогддог. Энэ жил ямар чиглэлээр зохион байгуулах вэ?

-UIC буюу Төмөр замуудын холбооноос энэ жил уг өдрийг аж үйлдвэрийн гармуудын эрсдлийг бууруулах чиглэлээр зохион байгуулахаар зарласан. УБТЗ хийх ажлаа тодорхойлоод төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу гармын тооллого хийж дууслаа. Өнгөрсөн жилийн өдийд бид УБТЗ-д 256 гарам бий гэсэн тоотой явж байсан. Энэ жил гол зам болон гол замаас салбарласан салаа, салбар замуудад байгаа бүх гармыг нэг бүрчлэн тоолсон. Тооллогоор нийт 376 гарам тоологдлоо. Тоолохын зэрэгцээ гармуудад эрсдлийн үнэлгээ хийсэн. Ялангуяа, үйлдвэрийн салбар замуудад байрлаж байгаа нийтийн болон дагнасан гармуудад эрсдлийн үнэлгээ хийлээ. Үүгээр 376 гармаас 55 гарам нь маш өндөр эрсдэлтэй гарсан. Энэ гармуудын эрсдлийг бууруулах зорилго тавьсан. Үүний тулд ЗТХ-ийн сайдын 154 тоот тушаалаар баталсан гарам ашиглалтын журмаар тухайн гармуудыг зөвшөөрөл буюу объектийн гэрчилгээтэй болгох ажлыг хийж байна. Мөн маш эрсдэлтэй, шаардлага хангахгүй зарим гармыг хаах арга хэмжээг авч эхэлсэн. Өндөр эрсдэлтэй21 гармыг хаахаар эзэмшигчдэд нь мэдэгдэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж гармынхаа эрсдлийг бууруулаад ЗТХЯ-нд хүсэлтээ гаргаад, зөвшөөрөл авч байна. Одоогийн байдлаар, зургаан гармыг бүр мөсөн хөдөлгөөнд хааж, гармыг хуулж авсан.

-Салбар замуудын гарам дээр зөрчил дутагдал хэр гардаг вэ?

-2022 онд гарсан нийт зөрчлийн 70 орчим хувь нь салаа, салбар замуудын гармуудад гарсан байдаг. Гол нь, жолооч нарын хариуцлага болгоомжгүй, дүрмийн мэдлэг сул байдлаас үүссэн зөрчил зонхилдог.

Судалгаанаас харахад, салаа, салбар замууд, гол зам дээрх дохиоллын зохицуулалттай дөрөвдүгээр зэргийн гармууд дээр зөрчил, осол ихэвчлэн гарч байна. Он гарсаар галт тэрэг ойртон ирж байхад гармаар дайрч гарснаас галт тэргэнд яаралтай тоормос хийлгэсэн тохиолдол 37,гарам дээр тээврийн хэрэгсэлтэй хөдлөх бүрэлдэхүүн мөргөлдсөн тохиолдол таван удаа гарсан. Хэдийгээр хүний амь эрсдээгүй ч хөдлөх бүрэлдэхүүн болон иргэдийн эд хөрөнгөд гэмтэл учруулсан. 2023 оны гуравдугаар сард бидний ярьж заншсанаар Сонсголонгийн хоёрдугаар км-т буюу Номин худалдааны төвийн урд байх гарам дээр нийтийн тээврийн хэрэгсэл хөдлөх бүрэлдэхүүнд мөргүүлсэн тохиолдол гарсан. Аз болоход тухайн нийтийн тээврийн хэрэгсэлд зорчигч байгаагүй. Зорчигч  байсан бол олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох байлаа.

Ийм эрсдлийг бууруулахын тулд бид 2023 онд “Түр зогс-Бүү яар!” нөлөөллийн аяныг албан ёсоор эхлүүлээд байна. Зурагт хуудас,видео сэрэмжлүүлгүүдийгхийгээд явж байна.

-Жил бүр хийдэг нөлөөллийн аяны үр дүн хэр гардаг вэ?

-“Нөлөөллийн аян”-ы үр дүн өнөө маргаашдаа харагдахгүй байж болно. Гэхдээ цаг хугацааны явцад үр дүн гарна.Төмөр замын гармын тухай мэдлэгийг ард иргэд, хүүхэд залууст хүргэх ажлыг тогтмол хийж байж л үр дүнд хүрнэ.

Олон улсын Төмөр замуудын холбооноос энэ жил аж үйлдвэрийн гарам хэрэглэгчдэд чиглэсэн ажлыг зохиож байгаа гэж дээр хэлсэн шүү дээ. УБТЗ-ын хувьд салаа салбар зам дээрхгармууд бол үйлдвэрлэлийн райондбайдаг гармууд гэсэн үг. Энэ зорилтын дагуу нөлөөллийн аян маань эхэлсэн байгаа.

-Гарам дээр гарч байгаа осол зөрчлийн тоо өнгөрсөн онуудтай харьцуулахад ямар байна вэ?

-2023 оны эхний таван сардгарам дээр гарсан осол зөрчлийн тоог өмнөх онуудтай харьцуулахад өссөн. 2022 оны эхний таван сартай харьцуулахад гарам дээр автомашин байснаас яаралтай тоормос хийсэн тохиолдол 12 нэгжээр өссөн. Мөн гарам дээр хөдлөх бүрэлдэхүүнтэй тээврийн хэрэгсэл мөргөлдсөн тохиолдол дөрвөн нэгжээр нэмэгдсэн.Бүтэн жилээр авч үзвэл 2022 онд тээврийн хэрэгсэл хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөнзургаан тохиолдол гарч байсан. 2021 онд наймгарсан. Гэтэл энэ оны эхний таван сарын байдлаар таван тохиолдол болчихоод байна. Тэгэхээр бид зайлшгүй гарам дээрх эрсдлийг бууруулахгүй бол болохгүй.

-Үүний  тулд ямар ажил хийж байна вэ?

-Гарам дээрх дохио, тэмдэг тэмдэглэгээг Гарам ашиглалтын журмын стандарт шаардлагад нийцүүлэн шинэчилж байна.

Тоологдсон бүх гармын тэмдэг тэмдэглэгээгГарам ашиглалтын журмын дагуу стандартад нийцүүлэн шинэчилсэн. Энэ бол нэг том үзүүлэлт.

-Гармаас гадна төмөр замын аюултай бүсэд мал амьтан, гадны хүн нэвтэрснээс гэмт хэрэг, зөрчил гардаг шүү дээ?

-Төмөр замын аюултай бүсэд мал орохоос гадна суурьшлын бүс ихтэй цэгүүдэд гадны иргэд нэвтэрч, галт тэрэг яаралтай тоормос хийсэн, улмаар галт тэргэнд дайрагдажамь нас нь эрсдэх тохиолдлууд гарч байна.

2022 онд Тээврийн хяналтын албанаас аюултай бүсийн чиглэлээр Замын хэмжээнд үзлэг шалгалт хийгээд илэрсэн зөрчлүүдийг бууруулахын тулдтодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, Замын даргын А-436 тоот тушаалыг гаргаж, шаардлагагүй орц гарцыг хааж, технологийн чиглэлээр иргэд төмөр замын үйлчилгээ авахын тулд гаргасан нийтийн хэрэгцээний гарцуудыг албажуулсан.Энэ онд аюултай бүсийн дэглэм мөрдүүлэх чиглэлээр Замын даргын А-421 тушаал гарсан. 2023 он гараад энэ тушаалын дагуу 47 гарц хаасан. Өртөө зөрлөгийн өргөтгөл шинэтгэлтэй холбогдуулаад, мөн иргэд тээшнээс ачаа бараагаа авах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул таван гарцыг шинээр нээсэн.

Мөн гарцууд дээр стандартад нийцсэн тэмдэг тэмдэглэгээг хийсэн. Тухайлбал, зөвхөн төмөр замын ажилчид нэвтрэх технологийн гарцан дээр “Гадны хүн нэвтрэхийг хориглоно. Анхаар төмөр замын аюултай бүс”, нийтийн хэрэгцээний гарцан дээр “Анхаар! Галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжил! Төмөр замын аюултай бүс” гэсэн тэмдэг тэмдэглэгээг 100 хувь хийгээд явж байгаа.

Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдрийг жил болгон тэмдэглэдэг. Гэхдээ төмөр замын гармын талаарх мэдлэг мэдээллийг жилд ганцхан өдөр биш өдөр бүр ард иргэдэд хүргэх нөлөөллийн аян, сурталчилгааны ажлыг тогтмол хийж байх ёстой.Ингэж байж л иргэдэд учрах эрсдэл буурч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд учрах сөрөг нөлөөлөл арилах болов уу гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд гармын аюулгүй байдал, аюултай бүсийн дэглэмийг мөрдүүлэх ажил бол зөвхөн замчдын ажил биш. Энэ ажилд бүх төмөр замчдын оролцоо,цаашлаад, иргэн бүрийн оролцоо чухал. Жолооч, явган зорчигчид гарц, гармаар нэвтрэхдээ сонор сэрэмжтэй, замын хөдөлгөөний дүрэм журмаа баримталж байвал эрсдэл үүсэхгүй гэдгийг хүн бүр ухамсарлах л чухал байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Б.Гүнжинлхам