УБТЗ бол хагас цэрэгжүүлсэн байгууллага. Тэр дундаа хөдөлгөөнчид ажлыг минут, секундээр тооцож, дүрэм журмыг ягштал мөрдөж, тэгш дүүрэн ажилладаг хамт олон. Ийм л хамт олны дунд орсон залуус хариуцлагатай, санаачилгатай бие хүн болж төлөвшдөг. Тийм мянга мянган залуусын нэг нь Баянтүмэн тасгийн дарга Д.Батмөнх билээ. Тэрбээр, хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байгаад өнгөрсөн намрын үзлэгээр Тасгийн даргаар томилогдсон юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Баянтүмэн тасгийн тээврийн төлөвлөгөө өнгөрсөн онд хэрхэн биелэв?

 

-Олон улсын экспортын ачилт 91.4, буулгалт 115.9, орон нутгийн ачаа тээвэр 80 хувь, зорчигч тээвэр 98 хувиар тус тус биелсэн. Нийт ачааны хэмжээг аваад үзвэл 101.8, орлого 138.4 хувиар биеллээ.

 

-Хүний нөөцийн хувьд хэр тогтвор суурьшилтай байна вэ?

 

-2024 онд орон тоо нэлээд дутуу байлаа. Хүний нөөцийн шилжилт их байсан. Замын захиргаа манай нийт замчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс сар бүрийн нэмэгдэл урамшуулал цалин 150 мянган төгрөгийг 12 дугаар сарын 1-нээс олгож эхэллээ. Ингэснээр өмнө нь ажлаас гарсан замчдын зарим нь эргэж орох хүсэлтээ өгсөн. Мөн Замын захиргааны энэ оны А/01 тушаалаар баталсан зорилт нүдээ олсон зөв шийдвэр байлаа. Бидний хувьд нэгж хэсгүүдээсээ оны зорилтын хүрээнд төлөвлөгөөний санал авсан. Дутуу орон тоогоо нөхөж ажиллана. Бусад газар руу шилжсэн залуучуудаас маань сүүлийн хоёр сарын хугацаанд цөөнгүй хүн эргэж ирсэн. Ер нь, говийн шинэ төмөр замд орсон хүмүүс 14 хоног ажиллан амралтын 14 хоног нь хэтрүүлбэл ирэх, явах замдаа л бараг дуусдаг юм байна. Тиймээс сурч дассан газраа, гэр бүлтэйгээ хамт байж ажлаа хийх нь илүү дээр юм гэж хэлцгээж байгаа. 

 

-Төмөр замчдын ажиллаж амьдрах нөхцөлийг дээшлүүлэхээр их барилга, их засварын багагүй ажил хийсэн байх. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-103 дугаар км буюу Замын IV хэсгийг цахилгаан эрчим хүчинд холбосон. Ирэх долоо хоногт Замын захиргааны комисс, орон нутгийн төлөөлөл хамтран ажиллаж тогтой болгоно. Одоо Хөх нуурынхан л тоггүй үлдсэн. Бусад хэсэг бүгд эрчим хүчтэй боллоо. ЭХУХ-ийн төвийн даргатай бид нарны цахилгаан үүсгүүрээр эхний ээлжинд шийдэж болох талаар ШУТИС-ийн багш нартай ярилцаж байна. Нарны эрчим хүчээр цахилгааны хуримтлал үүсгэн, үргэлж тогтой байх боломжтой юм билээ. Эрчим хүчний ойролцоох эх үүсвэрээс шугам татвал өндөр зардал гарахаар байгаа. Тиймээс нарны эрчим хүчийг ашиглах нь хамгийн зөв шийдэл гэж харсан. Зам эрүүлжүүлэлтийн хувьд гэвэл өнгөрсөн онд Замын захиргаа 16 мянга орчим төмөр бетон болон модон дэрээр хангасан. Хаврын паспортын үзлэгээр нийт 110 орчим км зам анхаарамжтай болсон. Харин дээрх дэрийг сольсноор намрын үзлэгээр анхаарамжийг буулган хэвийн болгож чадсан. Галт тэрэгний хурд нэмэгдсэн. Энэ онд модон болон төмөр бетон 20 мянган дэр өгөхөөр болсон. Эхний ээлжийн 1600 модон дэр, 4800 бетон дэрийг Багануураас татан авч байна. Газар гэсэнгүүт хаврын паспортын үзлэгээ хийн засварын ажлаа эхлүүлнэ. Төмөр бетон дэрний 10 мянган CZ бэхэлгээ авсан. Харин зам төмөр манайд нэлээд шаардлагатай байгаа. Өнгөрсөн онд гэмтэлтэй 42 зам төмөр сольсон. Замын аж ахуйн албанаас 160 ширхэг зам төмрийг ОХУ-аар дамжуулан авахаар ярилцаж байна.

Үүнээс гадна манай төмөр зам дагуух нутгуудаар хээрийн түймэр их гардаг. Энэ хүрээнд Замын захиргаанаас цистерн вагон өгсөн. Бид одоо галын вагон тоноглож, хаврын хуурайшилтаас өмнө бүгдийг бэлэн байлгахаар ажиллаж байна. Мөн би ажил авснаар хурлын танхимыг засварлаж тохижилт хийсэн. Эдгээр ажилд дэмжлэг үзүүлж буй Замын захиргаа, Замын аж ахуйн алба, ЦХОБА болон бусад албадын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

 

-Тасгийн дарга болсноор юунд илүү анхаарч ажиллая гэж төлөвлөж байна вэ?

 

-Тээврийг эрж хайн нэмэлт тээвэр хийж, орлого ашгаа нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн энэ оны зорилтын дагуу аймгийн ажил зуучлалын төвүүдтэй хамтран ажиллаж хүний нөөцөө бүрдүүлнэ. Төмөр замчдаа мэдлэг чадварыг нь дээшлүүлэх хүрээнд сургалтад хамруулахад анхаарна. Түүнчлэн, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газраас баримталж буй бодлого чиглэлийн дагуу Босоо тэнхлэгийн шинэ төмөр замаа угтан Баянтүмэн тасгийн төмөр замыг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулна. ИТХ-аар төмөр замын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн зорилтын талаар хэлэлцүүлж ажиллана. Миний хувьд олон нийтийн ажилд их оролцож, дэмжихийг хичээдэг. Тиймээс Баянтүмэн тасагтаа спортын зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Тус зөвлөл энэ оны ажлын төлөвлөгөөгөө батлуулж, гар бөмбөгийн тэмцээн энэ сарын 18-нд эхэлнэ. Цаашид сар бүр спортын ямар нэгэн төрлөөр тэмцээн зохион байгуулна. Мөн ҮЭ-ийн хороотойгоо хамтарсан төлөвлөгөө боловсруулсан. Энэ хүрээнд ажилтнуудтай уулзана. Ингэхдээ нэн тэргүүнд гэр бүлээрээ ажиллаж буй төмөр замчидтай уулзах нь чухал гэж үзсэн. Тэдний хэн нэг нь ажлаас гарахаар нөгөөх нь дагаад гардаг учир байгууллагад их том хохирол болдог юм. Тиймээс гэр бүлээрээ ажилладаг хүмүүст ямар саад бэрхшээл, тулгамддаг асуудал байна, тэрийг боломжоор нь шийдэхийг зорьж ажиллана. Ер нь, залуу гэр бүлд сургууль, цэцэрлэг, байр сав гээд тулгамддаг олон асуудал бий. Нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Ц.Хүрэлбаатар дарга байх үед манайд орон сууцны хөтөлбөр хэрэгжихээр газар нь шийдэгдсэн ч зогссон. Түүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарна. Орон сууцтай, амьдрал ахуй нь суурин болсон залуус ажлаас гарах нь бага байдаг юм билээ.

 

-Энэ онд хийхээр төлөвлөсөн томоохон ажил юу байна вэ?

 

-Замын захиргааны 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар вокзалаа бүрэн засварлахаар болсон. Цаашид гэрэлтүүлэг, камержуулалт гээд олон ажил бий. Гэхдээ энэ талд орон нутгийн хөрөнгөөс татахад анхаарна. Хамгийн гол нь бид төсөв гаргасан байх ёстой.

 

Өөрийг чинь УБТЗ-ын удирдлагууд, тэр дундаа залуучууд нь сайн мэддэг, их итгэл хүлээлгэдэг юм билээ. Харин хувийн амьдрал, гэр бүлийн чинь талаар сайн мэдэхгүй байх?

 

-Баярлалаа, би энэ нутгийн уугуул. Аймгийн I сургуулийг төгсөөд 2006-2010 онд Төмөр замын дээд сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэж, төрөлх нутагтаа томилогдон ирсэн. Эхнэр маань ч төмөр замд галт тэрэгний хөдөлгөөний диспетчерээр ажилладаг. Манайх гурван хүүхэдтэй. Аав, ээж маань Дорнод аймгийнх. Хадам ээж Г.Пагма маань Баянтүмэн тасгийн Ахмадын хорооны даргаар 20 жил ажиллаж байна. Хадам аав ч Замын ангид, тасгийн захиргаанд ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан. Миний аавын эмээ Дуран гэж хөгшин байсан. Баянтүмэний төмөр замыг ЗСБНХУ-аас 1956 онд УБТЗ-д шилжүүлэн өгч тасаг байгуулагдахад анхны эмэгтэй замчнаар ажилд орсон юм билээ. Аавын өвөө Рагчаа нь ч мөн төмөр замд ажиллаж байсан гэдэг. Энэ хоёр хөгшнөөс хойш манай удмаас хэн нь ч төмөр замчин болоогүй байсан. Харин миний бие мэргэжлийн сургуулийг нь дүүргэж, Баянтүмэн тасагт ажилласнаар манайхны төмөр замтай буцаж холбогдох хуудас дахин нээгдсэн гэхэд болно.

 

-Баянтүмэн тасагт 15 жил ажиллах хугацаандаа ямар ажил албыг хашсаар өнөөдөртэй золгов?

 

-Намайг төгсөхөд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны тухайн үеийн ерөнхий инженер Ж.Жанчив гуай “Баянтүмэнд ашиглалтын инженерийн буухиа 25 жил тасарсан. 1985 онд очсон Л.Энхболд даргаас хойш нэг ч ашиглалтын инженер очоогүй. Тиймээс чи очих хэрэгтэй” гэж зөвлөсөн. Би ч баяртай хүлээн авч төрөлх нутагтаа 2010 оны долдугаар сарын 1-нд томилогдож байлаа. Галт тэрэгний хөдөлгөөний диспетчерийг дагалдан ажиллаж, есдүгээр сард нь диспетчер болсон. Улмаар, 2011 оны аравдугаар сард Баянтүмэн өртөөний даргаар томилогдон 2019 он хүртэл ажилласан. Тухайн үед тулгуур өртөөний дарга хөдөлгөөнтэй холбоотой ачаа тээвэр, хөдөлгөөн цех, вагоны аж ахуй, вагон үзэгчид гэхчлэн хариуцдаг байлаа. Ингээд 2019 онд Хяналтын ахлах байцаагчаар томилогдон өнгөрсөн оны намрыг хүртэл ажиллаад, одоо тасгийн даргаар томилогдоод байна. Энэ бол маш том хариуцлага. Замын удирдлагууд надад өндөр итгэл хүлээлгэн томилсон учир би ч итгэлийг нь алдахгүй ажиллана.

 

-Та дээр хэлсэнчлэн ҮЭ, Залуучуудын зөвлөл зэрэг сонгуульт ажлыг хийж, төмөр замчин залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллаж амьдрах нөхцөлийг дээшлүүлэхэд чиглэсэн нэлээд ажил хийсэн байдаг. Эдгээрээс уншигчдад танилцуулбал?

 

-Би шүлэг, уран зохиол их сонирхдог. Бас зохиох гэж оролддог. Дээр нь урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулж, хөтөлчихнө. Тиймээс 2010 оноос өнөөг хүртэл тасгийнхаа шинэ жил болон тэмдэглэлт бүхий л баярыг зохион байгуулж байна. Авьяаслаг шинэ залуусыг олж илрүүлэн үйл ажиллагаандаа оролцуулдаг. ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчээр 2011 онд сонгогдсоноос хойш 2015, 2019, 2023 онд улиран сонгогдож, Залуучуудын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байна. МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо УБТЗ-ын нийт 16 мянган гишүүнээс сонгогдсон ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчээсээ оны тэргүүний сонгуультныг шалгаруулдаг. Би 2019, 2021, 2023 оны шилдэг сонгуультнаар шалгарсан. Ер нь, манай ҮЭ-ийн хороо залуусыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс тасгийн захиргаатайгаа хамтарсан олон ажлыг санаачлан хийдэг. Тухайлбал, мэдлэг сорих тэмцээн “Алтан хонх”-ыг жил бүр зохион байгуулдаг. Мөн аварга ажилтнуудаа дотооддоо төдийгүй Манжуур руу аялуулдаг. Шугам замын өртөө, зөрлөгүүдэд томилолтоор ажилладаг төмөр замчдыг амрах байртай болгож байна. Манай тасгийн байгууллагууд ойр хавьдаа цайны газаргүй. Тиймээс тулгуур өртөөндөө Залуучуудын хэсгийн сангаас зуун хувь санхүүжүүлэн өдрийн цайгаа бэлтгээд уух нөхцөлийг бүрдүүлсэн. Амрах буйдан, ширээ сандал, гал тогоо, плитка, саваас өгсүүлэн хэрэгцээт бүх зүйлсээр хангасан. Мөн Холбооны хэсэг, Зүтгүүрийн депо зэрэг байгууллагад санхүүгийн тодорхой хувийг нь шийдээд тохижуулсан. Ажилтнууд ажлын байрандаа унд уучихдаг, тухтай байх нь чухал шүү дээ. Эдгээрээс гадна би залуучуудаа чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх үүднээс Залуучуудын хэсгийн сангаасаа бүх өртөө, зөрлөг, хэсгээ биллиардтай болгосон. Өртөөний дарга байхдаа аймгийн гоц мэргэн Чинбат гэдэг ажилтныхаа санаачилгыг дэмжин тасгийн спорт зааланд “Шагайн харваа өргөө”-г 2019 онд байгуулсан. Аймгаас харваачид зорьж ирээд харвадаг байлаа. Түүнээс хойш аймагт өргөөнүүд бий болсон. Мөн Вагон музейг Замын даргын дэмжлэг, ажилчдын хандиваар байгуулсныг та мэдэх байх. Шал, дээвэр нь цоорхой вагоныг бүхий л зургийг нь өөрөө гарган засаж тохижуулаад Баянтүмэний төмөр замын 80 жилийн ойгоор нээж байлаа. Манай музейд орсон хүн Баянтүмэний төмөр замын түүхийг тодорхой хэмжээнд мэддэг болоод л гарч ирнэ. Энэ бүх ажлыг хамт олон маань маш их дэмжиж ажилласан.

 

-Эдгээрээс гадна сүүлийн жилүүдэд шугам замдаа ажилчдын орон сууц шинээр барьж, хүүхдүүдэд тоглоомын талбай байгуулсан гээд дурдвал олон ажил хийсэн байна билээ. Одоо та тасгийн даргаас гадна Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон. Төмөр замчдаа төлөөлөн хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-Улс төрийн ажлыг би тийм амархан гэж боддоггүй. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг дээ. Миний хувьд өөрийгөө энэ зарчмаар л яваа гэж боддог. Тиймээс VIII багийн иргэдийн төлөө ажил хийе гэж бодсон. Ер нь, манай энэ багт төмөр замчид, тэдний ар гэр л дийлэнх хувийг эзэлдэг учир улс төрд төмөр замчдынхаа дуу хоолой болох цаг нь болжээ гэж үзсэн юм. Энэ нутгаа хүүхдэд ээлтэй, хүн амьдрахад тав тухтай, эрүүл, аюулгүй, хөгжил дэвшилтэй болоход нь хувь нэмрээ оруулъя гэж шийдсэн. Нөгөө талаар Баянтүмэн бол УБТЗ-аасаа санхүүжиж явдаг. Үүнийг хүн бүр мэднэ. Зүүн бүсээ нефть шатахуунаар хангаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг хийдэг төмөр зам. Энэ байгууллагаа баг, сум, цаашлаад орон нутгийн засаг захиргаатай холбох гүүр нь болж ажиллана. Мөн бид юу ч хийсэн үргэлж Замын захиргаанаасаа төсөв нэхэх шаардлагагүй гэж боддог. Бид орон нутагт татвараа төлдөг. Тиймээс орон нутгийн санхүүжилтээр зарим ажлаа шийдүүлдэг болох хэрэгтэй. Энэ нь төмөр замын гэхээсээ илүү орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг хангахад л чиглэсэн ажил шүү дээ. Энэ мэтчилэн орон нутагтаа хийх ажил маш олон байна.

 

-Цаашид төрийн бодлогоор зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг барьж, Баянтүмэний төмөр зам холбогдох нь гарцаагүй. Ойрын ирээдүйд Дорнодынхон галт тэргээр Улаанбаатар ордог болно гэж би боддог. Энэ их том бодлого ажил хэрэг болох шатандаа орж байх үед төмөр замчин хүн ИТХ-д сонгогдсон нь сайн хэрэг!

 

-Баярлалаа. 2024 оны УИХ-ын сонгууль бүсчилсэн тогтолцоогоор зохион байгуулагдаж, манай бүс долоон гишүүнтэй болсон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь энэ бүсийнх гээд болохоор зүүн бүсийн хөгжил, тэр дундаа таны дээр дурдсан төмөр зам ойрын ирээдүйд эрчимтэй ажил хэрэг болох нь ойлгомжтой. Энэ нь ч миний нэр дэвших бас нэг шалтгаан байсан. Төмөр замаа мэддэг хүний хувьд орон нутгийнхаа ИТХ-д орох нь зүйтэй гэж үзсэн. Урд хөршөөс Бичигтийн хилийн цаана төмөр зам нь тулаад ирсэн байгаа. Бичигтийн хилээс 800 гаруй км яваад далайн Жинжоу боомт байдаг. Манай улсаас далайн боомттой хамгийн ойр зам бол үндсэндээ Хөөт-Бичигтээр барих төмөр зам шүү дээ. Хойд хөршөөс Забайкальскаар Манжуур руу ачаа дамжуулдаг. Гэтэл Забайкальскт ачааны маш их бөөгнөрөл үүссэн. Хэрэв манайх зүүн босоо төмөр замаа бариад, Баянтүмэний төмөр замтай холбочихвол тэр их гацаад байгаа ачаа нь манайхаар дамжин урагшаа гардаг болно. Мөн орон нутагт их бүтээн байгуулалт хийгдэж, ажлын байрууд ихээр нэмэгдэж, эдийн засаг сэргэнэ гэсэн үг. Тиймээс улс орон дээгүүрээ төмөр замын хөгжил яриад байхад орон нутгийн удирдлагын багт төмөр зам мэдэх хүнгүй байж болохгүй шүү дээ.

 

-Тийм шүү, дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

 

 

М.Наранболд