УБТЗ-ын Дархан Татах хэсгийн харьяа Хүүхдийн төмөр замын дарга Д.Батмөнхөөс үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.

 

-“Хүүхдийн төмөр зам” сургалтын төв энэ онд хэр их зорчигчтой байна вэ?

 

-Энэ оны эхний найман сарын байдлаар бид 9080 хүүхэд, 5918 том хүн, нийт 14998 зорчигчийг хүүхдийн төмөр замаар аялуулж, гурван удаагийн захиалгат тусгай аяллыг зохион байгуулсан. Үүний зэрэгцээ Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалттай 10,11,12 дугаар ангийн 68 сурагчид батлагдсан хөтөлбөрийн дагуу зам, холбоо, ашиглалт, вагон, зүтгүүрийн мэргэжлээр онол, дадлагын нийт 240 цагийн сургалт хийж, төмөр замын ерөнхий мэдлэг сорих “АХА” тэмцээн зохион байгууллаа.

Оны эхний найман сарын байдлаар, Хүүхдийн галт тэрэгний аялал болон талбай түрээсээс нийт 80.8 сая төгрөгийн орлого олсон.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023 – 2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан УБТЗ-ын Аялал жуулчлалын төв, Хүүхдийн төмөр зам хамтарч Бямба гараг бүр захиалгат аяллыг зохион байгуулж, нийт 810 орчим зорчигчид үйлчиллээ.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтой холбогдуулан Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалттай төгсөх ангийнхны “Мэргэжил сонгох аялал”-ыг Дархан зангилаатай хамтран зохион байгууллаа. 12 дугаар ангийн 25 сурагч, багшийнхаа хамт өнгөрсөн долоо хоногт ТЗДС, Политехник коллежоор зочилж, мэргэжлийн багш нараас зөвлөгөө авсны зэрэгцээ УБТЗ-ын Түүхийн музей, Хөдлөх бүрэлдэхүүний ил музейг үзэж сонирхоод маш өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Дархан зангилаанаас энэ аяллыг зохион байгуулахад тасалбарын үнийг 50 хувиар хөнгөлсөн.

Цаашид ийм аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх талаар 18 дугаар сургуулийнхан маань санал тавьж байгаа. Энэ хичээлийн жилд бид лицей ангийн хүүхдүүдийн сургалтыг онол-дадлага хосолсон байдлаар зохион байгуулна гэж төлөвлөж байна.

 

-Төмөр замчид танай төвийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг байх. Орон нутгаас ямар нэгэн дэмжлэг бий юу?

 

-Төмөр замчдаас гадна орон нутгийнхан маань бодитой дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлт тавьснаар Хүүхдийн төмөр замын сургалтын төвийн дээврийн хуралдсан шороог даралттай усаар шүршиж цэвэрлэх ажлыг үнэ төлбөргүйгээр хийж өгсөн шүү. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй байгууллага, хувь хүмүүстэй бид хамтран ажиллахдаа баяртай байдаг.

 

-Хүүхдийн аюулгүй байдал онцгой анхаарал татаж байгаа энэ цаг үед танай төв ямар ажлууд хийж байгаа вэ?

 

-Бага насны хүүхдүүдэд үйлчилдэг орчин учраас аюулгүй байдалд онцгой анхаарч байна. Зорчигчийн өндөрлөсөн тавцан дээрээс бага насны хүүхэд унах эрсдэлтэй тул хориглох болон анхааруулах тэмдгийг хийж байрлууллаа. Мөн өндөрлөсөн тавцангийн шар зурвасын дагуу хориглох тууз байршуулсан.  Хүүхдээ авч яваа эцэг эх, асран хамгаалагч нарт байнга сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Түүнчлэн, депогийн I зам болон зүтгүүр орох хаалга дагаж үзлэгийн суваг руу борооны ус орж байсныг ус зайлуулах суваг гаргаж шийдвэрлэсэн. Мөн Сүмбэн зогсоолын зорчигчийн тавцангийн хавтан 8-15 см доош суусныг БАҮ-ний I ангид албан тоот өгч засварлуулж хэвийн болгосон.