Монгол Улсын Гавьяат тээвэрчин, ЗЗМС-ын дарга Техникийн ухааны доктор Даваадоржийн Батбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сайхан намаржиж байна уу?
-Баярлалаа. Энэ жил газар сайгүй бороо хуртай, ургац арвин сайхан зун болж байна.
-Улсын их баяр наадмаар та төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ Монголын төрд үнэлүүлсэн. МонголУлсын Гавьяат тээвэрчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг энгэртээ гялалзуулах мөчид хамгийн түрүүнд юу бодогдов?
-Би 2009-2014 оныг дуустал Замын аж ахуй хариуцсан орлогч, 2015-2018 хүртэл Суурь бүтэц хариуцсан орлогчоор, хэсэг хугацаанд Замын аж ахуйн албаны даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан гээд сүүлийн арваад жил УБТЗ- ын Замын аж ахуйтай ажил амьдралаа холбож, энэ салбарын хамт олонтой жаргал зовлонгоо хуваалцаж явна. Тийм ч учраас энэхүү өндөр дээд шагнал авсны гол үндэс нь эгэл жирийн замчдын минь нөр их хөдөлмөртэй л холбоотой. Төрийн дээд шагнал гардах торгон агшинд замчин мэргэжлээрээ бахархаж, “Ямар их хувь заяагаар энэ мэргэжлийг сонгов оо” хэмээн бодож байлаа. Төмөр замыг засаж, арчилж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг бүрэн хангах нь замчдын үндсэн үүрэг. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд төмөр замын салбарын ачааны хүнд хэсгийг нуруундаа үүрч явдаг замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин урамшууллыг нь аль болох нэмэгдүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж, ажил хөдөлмөрийнхөө тодорхой хэсгийг үүнд зориулсан гэж боддог. Нэн тэргүүнд замчдынхаа эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх нь ёстой шүү дээ. Дараа нь тэдэнд ажил үүргээ чанартай сайн хийх шаардлагыг нүүр бардам тавина.
-Замчнаас Замын орлогч хүртэл албан тушаалд дэвшиж ажиллахдаа та хэр олон саад бэрхшээлийг туулав ?
-Манай төмөр замчид ахмад үеэсээ суралцаж, тэднийхээ арга туршлага, анхаарал халамжаар энэ салбарын эд эс, залгамж халаа болдог олон жилийн уламжлалтай хамт олон. Би ч энэ л замналаар явсан. 1988 онд Москвагийн Төмөр замын дээд сургуулийг төгсөж ирээд Замын IV ангид анх хуваарилагдан очиж байв. Тус анги тухайн үеийн “БНМАУ-ийн Социалист хөдөлмөрийн ууган үйлдвэр” учраас түүгээр нь манай салбарынхан бахархдаг. Намайг ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх үед олон ч сайхан мастер, инженер ажилладаг байсан. Олон жил тогтвор суурьшилтай ажилласан хүмүүс гэдэг сургуулиа дөнгөж төгссөн шинэ залуусыг сургаж, дадлагажуулахдаа мэргэшчихсэн байдаг. Би өөрөө ийм, тийм юм сурмаар байна гэхгүй. Ахмад дунд үеийнхэн ч учир зүггүй зааж, зандраад байхгүй. Хашир туршлагатай замчин, бригадын дарга, мастерууд “Энэ нь зөв, тэр нь буруу” гэдгийг өөрийнхөө үйлдлээр үлгэрлээд явчихдаг байв. Хангайд төрж, өссөн миний хувьд шууд говийн нөхцөлд ажиллах мэдээж амаргүй. Гэхдээ хамт олны маань говийн нар шигээ халуун дулаан, элэгсэг уур амьсгал намайг өлгийдөөд авсан болохоор шантарч бэрхшээл зүйл ер нь гараагүй дээ. Зундаа хэт халуун, өвөлдөө хүйтэн, шуурга ихтэй зэрэг байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй замчид нүүр тулгардаг ч залуу насанд тэр зэргийн зүйлийг ажрахгүй дассан. Тийм л сайхан хамт олны дундаас ажлын гараагаа эхэлсэндээ баярлаж явдаг.
-Ингэхэд та төмөр замчин мэргэжлийг анх чухам ямар сэжмээр сонгосон юм бэ?
-Тухайн үеийн төр засаг Эрдэнэтээс Хөвсгөлийн чиглэлд төмөр зам тавина гэсэн бодлого барьж байсан юм билээ. Тэрхүү бодлогынхоо хүрээнд Булган, Хөвсгөл, Завханаас боловсон хүчнээ бэлтгэж байсан юмдаг уу. 1982 онд намайг Булган аймгийн 10 жилийн сургууль төгсдөг жил ЗХУ-ын төмөр замын инженерийн мэргэжлээр вагон, зам, холбоо гэсэн гурван ангийн хуваарь ирсний нэгийг нь сонгосон. Вагоны бараа ч хараагүй хүүхэд байлаа шүү дээ. Уг нь, намайг аймгийн Шүүхийн прокурорын дарга өрөөндөө дуудаад “Чи ЗХУ-д хуулийн мэргэжлээр сураач” гэсэн санал тавьж байсан. Тэр тухай ээж аавдаа хэлтэл “Миний хүү заавал шүүхийн чиглэлээр сурах гээд яах вэ. Өөр мэргэжил, боломж зөндөө бий шүү дээ” гэсэн. Би ч аав ээжийнхээ хэлснийг дагасан.
-Аливаа хүнд гэр бүлийн хүмүүжил хамгаас чухал байдаг шүү дээ. Танд аав, ээж чинь юуг захиж, сургадаг байв?
-Бид эцэг, эхээс есүүл. Зургаан хүү, гурван охинтой айлын дундах нь л даа. Аав, ээж хоёр маань Булган аймгийн Тэшиг, хуучнаар Хантай сумын харьяат. Аав минь МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн ч армийн чиглэлээр мэргэшиж, Булган аймгийн Цэргийн хэлтсийн даргаар олон жил ажилласан. Ээж эгэл жирийн ажилчин хүн. Аймгийнхаа Нийтийн ахуй үйлчилгээнд насаараа оёдолчин хийсэн. Бидний бага нас аймгийн төвдөө өнгөрсөн. Аав, ээж хоёр минь хүүхдүүддээ тэр бүр юм хэлэхгүй л дээ. Хааяа л “Өглөө эрт бос. Залуу хүн их унтаж болохгүй. Нойронд морио, чөмгөнд хутгаа гэж үг бий” хэмээн сургана. Биднийг хөдөө өвөө эмээ рүү байнга явуулж, өвс хандлангийн ажилд туслуулна. Одоо эргээд бодоход биднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх зарчмыг л баримталсан юм болов уу. Учиргүй их зааж зөвлөхгүй ч аав ээж хоёр минь хүүхдүүдээ их ажигладаг байсан шиг байгаа юм. Өглөө биднийг унтаж байхад хоёул босоод л цайгаа уух зуураа бидний хичээлийн бэлтгэлийг хэрхэн хийх, өвлийн хувцсыг хэзээ авахаас эхлээд гэр бүлийн дотоод асуудлыг тэрүүхэндээ зөвлөлдөж суудагсан.
-Ажлын гараагаа эхэлж байх үеийн алтан дурсамжуудаас санаанаас гарахгүй тод үлдсэн, сургамж авсан нь олон байдаг. Таны хувьд?
-Ямар гүнзгий агуулгатай асуултууд асууж байх юм бэ (инээв). Манай хамт олон сүүлийн хоёр жилд Замын IV ангийн хэсэглэлд их засвар хийлээ. Ажлын талбарт явж байхад анх мэргэжлийнхээ гарааг эхлүүлсэн дурсамжууд аяндаа л ой тойнд тодроод орж ирдэг. Одоо гавьяаны амралтаа эдэлж байгаа Баатарчулуун гээд замын мастер бий. Намайг нэгдүгээр хэсэгт мастераар томилогдож очиход тэр хүн их халуун дотноор хүлээж авсан. Тэр үеийн хүмүүс ер нь их даруухан. Цаад санаа нь бол “Энэ удахгүй инженер, дарга болно” гэж боддог ч байсан юм уу (инээв).”Тэг, ингэ” гээд загнаж зандрахгүй. Зам шалгахаас эхлээд дагуулж яваад л өөрөө л бүхнийг үлгэрлэж харуулна. Гэхдээ бас хөөрхөн ёж үгээр егөөднө. Амралтын өдрүүдээр мотоциклийнхээ араар сундлаад зээрэнд явна. Говийн хүмүүсийн хараа сайныг хэлэх үү. “Тэр зээрийг харж байна уу?” гэнэ. Надад юу ч харагдахгүй. 5-6 км давхисны дараа сүрэг зээрийн бараа харагдана. Энэ бүхэн чинь бас л амьдралд сургах, аливаа зүйлийн наана цаанахыг бодуулах ухаан шүү дээ. Бас МУГТ Д.Сандаг гуайн ах Д.Санзайжав гэж сайхан хүн байлаа. Надтай их дотно. Би мастераар хоёр жил ажиллаад Замын IV ангийн орлогч даргаар томилогдсон. Сайншандад албан тушаалын байранд ганцаараа амьдардаг байв. Шугам замын мастерууд маань тайлангаа өгөх үеэрээ бүгд манайд ирцгээнэ. Ганц бие надад хөнжил гудас ч ховор. “Зүгээрээ, дулаан орон сууцанд яав л гэж” гээд л гадуур хувцсаа дэвсээд унтацгаана. Санзай мастер “Хагас, бүтэн сайнд манайд очиж амраач” гэнэ. Баасан гарагийн суудлаар тэднийд очоод Ням гарагт буцаж ирнэ. Хөдөө агаар сайхныг хэлэх үү мастерындаа үд хүртэл унтана. Замчдын амьдрал ер нь цаанаа л нэг ийм элгэмсүү, элдэв өнгө, хэлбэргүй байдаг даа.
-Ялангуяа, эр хүнийг амьдраль их олон шалгуураар сорьдог гэдэг шүү дээ. Таны хувьд ч бас амаргүй шалгуурт өвдөг сөхрөлгүй давсан гэж би хувьдаа боддог?
-2014 оны наймдугаар би маш хүнд өвдөж аравдугаар сард хагалгаанд орсон. Дараа БНХАУ явж эмчлүүлээд арванхоёрдугаар сарын 31-нд эх орондоо ирсэн. Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 4-нд ажилдаа орж байлаа. Би хүнд өвчинд хэчнээн шаналж байсан ч үхлийн тухай огт бодоогүй. Хүнийг сэтгэлийн амьтан гэж ярьдаг нь үнэн юм байна даа гэдгийг тэр үед би ойлгосон. Тэр үед сэтгэл санаагаар унасан бол яагаа ч билээ, хэлж мэдэхгүй шүү дээ. Ер нь, хүн зовлон бэрхшээлтэй тулгарсан цагтаа урьд өмнөх явдлуудаа тунгааж, алдаа оноогоо дэнсэлж, дотроо бясалгаад явах нь зүйтэй юм болов уу гэж би боддог. Яаж ийгээд энэ бүхний ард би гарна гэсэн итгэлээ алдаж болохгүй.
-Эрүүл саруул байхдаа олж харж, ойлгоогүй зүйлүүдээ ч анзаарсан байх. Ялангуяа, зовсон цагт нөхрийн чанар танигддаг гэдэг шүү дээ?
-Амьдрал хэчнээн сайхныг л тунгаан боддог юм билээ. “Эмнэлгээс гарлаа л бол гэр бүлийнхэндээ сайхан хоол хийж өгье дөө” гэдэг ч юмуу. Өөрийнхөө л тухай их дүгнэж, эргэцүүлж бодсон. Хэн нэгийг гомдоосон байх вий дээ ч гэх юм уу. Алдаа гарсан бол түүндээ гэмших гэхчлэнгээр. Дотоод сэтгэлээ их чагнадаг юм билээ. Өөр хүмүүсийн тухайд бол нэг их бодоогүй дээ.
-Ажилдаа ороод нэг их удалгүй та Замын орлогч даргын албаа хүлээлгэн өгсөн шүү дээ. Энэ үйл явдал таны сэтгэлзүйд цохилт болсон уу?
-Үгүй, үгүй. Яалаа гэж. “Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна” гэдэг үгийг би дотроо байнга бодож явдаг. Дарга болчихоор л насан туршдаа дарга гэсэн үг биш шүү дээ. Би тийм зүйлд сэтгэлээр унадаг хүн огтхон ч биш. Албан тушаал бол түр зуурын л зүйл. Ажлаа солихын тухайд бол тэр үед удирдлагын шинэ баг гараад ирчихсэн байсан учраас нэг их цааргалаагүй. “Ажлаа өг” гэсэн шахалтууд ч янз бүрийн хэлбэрээр ирж байсан. Энэ байдал даамжрах тусам наанадаж миний бодсон, төлөвлөснийг дэмжихгүй. Цаанадаж миний удирдлагад ажиллаж байгаа хүмүүст ч сөргөөр нөлөөлөх учраас “Би өөрийн хүсэлтээр ажлаа өгье. Гагцхүү миний болон бусад хүмүүсийн дараагийн эрхлэх ажлыг нь санал болго” гэж хэлсэн. Цаана нь тухайн хүмүүсийн амьдрал, ар гэр байгаа учраас ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан хүмүүсийг огт ажилгүй болгож болохгүй шүү дээ.
-Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаад дунд шатанд ирэхэд зааг ялгаа хэр их ажиглагдав?
-Энэ бол миний хүлээсэн үүрэг учраас аж ахуйн нэгжийнхээ ажлыг унагахгүй. Замын их засварын чанарыг чадвал илүү түвшинд аваад явах юмсан гэсэн бодолтойгоор ирсэн. Ажлыг өмнөх түвшнээс нь бууруулахгүй авч явна гэдэгтээ ч бүрэн итгэлтэй байсан. Энд ирээд хэсэг хугацаанд ажилласныхаа дараа талийгаач Замын дарга дээр цаг аваад орж уулзсан. “Энд ажиллаж байгаад тэнд очиход ийм хүндрэлүүд байна. Үүнийг шийдэж өгөөч” гэхчлэнгээр нөхцөл байдлыг тайлбарласан. Дарга ч миний яриаг анхааралтай сонсоод, “Миний санаж бодож байгаатай чиний ярьсан зүйлүүд таарч байна. Энэ чиглэлд хийхээр бодож төлөвлөсөн зүйлүүд ч бий. Би арга хэмжээ авна” гэж хэлсэн. Төмөр замчид бид нэг л зорилготой. Гагцхүү төмөр замчдыг удирдаж байгаа хүний зорилгодоо хүрэх арга замууд нь хувь хүний зан, харилцаа, хандлагатай л холбоотойгоор өөр өөр байх нь бий.
-Та амьдралдаа сонссон үг, тохиолдсон үйл явдлуудаас чухам алиныг нь үр хүүхэддээ болоод бусдад ярих дуртай вэ?
-Нас залуудаа хүн өвдөхгүй, зовохгүй юм шиг дэврүүн явдаг. Өөрийнхөө эрүүл мэндийг хэт гаргуунд нь гаргаснаас болж хүнд өвчин тусахад гэр бүлийнхэнд минь л хүнд цохилт болж байсан даа. Харин өөрт тулгарсан зовлон бэрхшээлийг өөрөө ялан дийлсэн минь ойр дотныхондоо том урам зориг, итгэл найдвар өгсөн болов уу гэж боддог. Би хүүхдүүдээ тэр бүр сургааль айлдаад байдаггүй. Аль болох өөрөөрөө үлгэрлэхийг хичээдэг. Гол нь “Ямар ч юм хийсэн сэтгэлээсээ хандах ёстой. Эзэмшсэн мэргэжлээ гартаа оруулж авах хэрэгтэй. Ямар ч мэргэжил эзэмшсэн эзэн нь бай” гэж хааяа хүүхдүүддээ хэлдэг. Ер нь, “Хүүхдүүдээ юм хэлэхгүй байна” гэсэн шүүмжлэл л их сонсдог хүн дээ, би.
-МУГТ болно гэдэг эрхэлсэн ажилдаа эзний дайтай явж ирсний үр дүн юм болов уу. Харин амьдралдаа хэр сайн хань, сайн эцэг байсан гэж та өөрийгөө дүгнэх вэ?
-Би өөрийгөө сайн хань, сайн аав гэж хэлж чадахгүй. Яагаад вэ гэвэл төмөр замчны замналаар явахад хувийн амьдралаа тодорхой хэмжээнд золиослох ч шаардлага гардаг. Юуг нь нуух вэ. Ажил алба гэсээр өнгөрсөн хугацаанд олон зүйлийг ардаа үлдээсэн. Хамгийн наад зах нь сүүлийн 20-иод жил урин дулааны цагаар ээлжийн амралтаа авсангүй. Хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ аялж, зугааллаа, нутаг усандаа, аав, ээждээ очлоо гээд л зураг хөргөө нийтлэхэд дотроо атаархдаг. Гэхдээ тэр нь цагаан атаархал л даа. Сүүлдээ ч гэр бүл, найз нөхөд миний энэ байдалтай эвлэрдэг юм шиг билээ. “Энэ хүнтэй зуны дэлгэр цагаар хамт амаръя гэж яриад ч хэрэггүй” гэж бодоцгоодог байх. Хичээл сургууль эхэлж, бүх хүн завгүй болсон үеэр амралтаа алдаг оног авна. Ээж минь байхад очиж нэг үнсүүлдэг байлаа. Цагаан сараар бол алгасахгүй ээждээ золгоно. Дундуур нь бас ажлын зав чөлөө гаргаад жилдээ хоёр, гурван удаа очдог байв. Хөөрхий, ижий минь 2017 онд тэнгэр болсон.
-Хүнд хүчир ажлыг нугалж яваа замчидтай яалт ч үгүй өөр арга барилаар ажиллах шаардлага тулгарна биз?
-2004 онд би ЗЗМС-ын ерөнхий инженер байлаа. Тэр үед ажлын байрандаа архи уусан тохиолдол мэр сэр гарна. Тэр бүхэнд тухайн үеийн удирдах шатны нөхдүүд ер нь хатуу ярина. Наана цаана яриагүй шууд тойрхыг нь зурчихна. Би тэгээд л хэлдэг байлаа. “Та нар арай л хатуудуулаад байна уу даа. Наад хүмүүсийн чинь булчин нь тархинаасаа илүү ажиллана. Тэгээд ч олон жил ажилласан туршлагатай хүмүүстэйгээ арай өөрөөр яримаар байна” гээд л... Одооны залуус бол тэс өөр шүү дээ. Тухайнд үед бол яалт ч үгүй нэг тийм үе байсан юм л даа. Олон жил нэг салбарын хүмүүстэй харилцаад ирэхээр энэ хүн чухам хэн бэ гэдгийг хараад л гадарлах хэмжээнд очдог юм байна. Ер нь, “Би энэ ажлыг хиймээр байна” гээд өөрөө ирж байгаа хүн эргэж хургахгүй дээ. Харин дарга цэргээр яриулаад л, ар өврийн хаалга хайгаад байгаа нь бол явцгүй. Замчны ажилд яагаад ч тэнцдэггүй.
-Их засварын үеэр та ихэвчлэн ажлын талбарт л байж харагддаг. Нэг ажлыг насаараа хийхээр хамт олныхоо дун дбайхыг юу юунаас илүү үздэг юм болов уу?
-Би энэ ажлыг хийх л ёстой гэсэн үүрэг хариуцлагыг өөртөө ногдуулчихдаг юм болов уу. 2020 оны их засварын үеэр шугам замд хоёр сар гаруй байрлаж ажилласан нь миний хүсэл гэхээсээ илүүтэйгээр ажлын шаардлага юм даа. Шугам зам дагуу зорчиж явах үед хар үүл хуйлраад л бороо орвол өөрөө ч зам шалгана, замын анги руу утасдаад замаа шалгаарай гэх зэргээр арга хэмжээ авнаа, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх нь төмөр замчин бүрийн үүрэг шүү дээ. Хамт олны хувьд “Таныг ажлын талбарт байж байхад ажил аяндаа бүтээд, илүү шуурхай урагшилдаг” гэж ярих нь ч бий. Замчдын минь энэ үг надад их урам зориг өгдөг юм. Ер нь би өөрийгөө замчдынхаа агуу их хайр, итгэл сэтгэлд өлгийдүүлж яваа хүн гэж боддог. Тэднийхээ надад өгсөн энэ их итгэл найдварыг алдахгүй юмсандаа гэж хичээдэг.
-Салбарынхаа гал тогоонд буцалж яваа хүний хувьд ажил хэрэг болгохыг эрмэлзэж басхүү эмзэглэж явдаг зүйл бишгүй олон байдаг байх?
-Замын инженер хүний хувьд уулзваргүй замтай болчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй явдаг. Энэ технологийг бид өөрсдөө хангалттай хийж чадна. Энэ бол цоо шинэ зүйл биш. Туршсан, хэрэгжүүлсэн жишээ, арга ажиллагаа нь ч бэлэн байна. Санхүүгийн хувьд л дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Энэ бол Замын аж ахуйн албаны хэмжээнд том дэвшил болно. Эмзэглэж явдаг зүйл гэвэл 2011 оноос тухайн үеийн төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс байгалиас дэр мод бэлтгэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тэр нь манай замын аж ахуйд маш хүнд цохилт болсон. Түүнийг зөвөөр ойлгуулах гэж мөн ч их цаг хугацаа алдсан даа. Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай, чадварлаг хүмүүсийг нь хүртэл цомхотгосон шүү дээ. Үнэхээр ухаалаг бус шийдвэр. Балаг нь одоо хүртэл үргэлжилсээр л байна. Миний хувьд Замын аж ахуйг удирдаж байх хугацаанд тохиосон хамгийн хүнд үе тэр л байсан.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
ЯРИЛЦСАН Б.ДЭЛГЭРХИШИГ