ТЗДС-ийн дотуур байрны жижүүр, Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” Дашдоржийн Ариунболдыг “Хобби” буландаа урилаа.

 

-Таныг амьтан тэжээх хоббитой гэж сонссон. Өөрийн хоббиныхоо тухай манай уншигчдад сонирхуулна уу?

-Би ер нь, бага байхын амьтанд хайртай хүүхэд байсан. Гадаа гарвал нохойн гөлөг олоод тэврээд авна. Аав минь ЭХУХ-ийн I ангид монтёроор ажилладаг байсан юм. Нэг өдөр аавыг цайны цагаараа ирэхэд нь би бас л гадаа нохойн гөлөгтэй тоглож байхгүй юу. Тэгэхэд аавтай хамт ажилладаг орос мэргэжилтэн Анасов ах “Чи хүүгээ гэрт нь амьтан тэжээлгэ” гэсэн гэдэг. Тэгээд Анасов ах манай ахад аквариумын загас бэлэглэсэн. Тэр үед би нэгдүгээр ангид байсан. Амьтан тэжээх маань тэр үеэс эхэлсэн дээ.  1989 онд том ах маань нэг овчарка авчирч өгч, түүнээс хойш би нохойноос салаагүй дээ. Тухайн үед гэртээ нохой тэжээдэг айл ховор. Байрны хүүхдүүд нохойгоо байрныхаа подволд тэжээдэг байсан.

Эмээгийнх рүүгээ зуны амралтаар Дорноговь руу яваад ирэхдээ янз бүрийн гүрвэл авчраад аквариумд хийгээд л гэрэл тавиад л, өт хорхой түүж хооллоод тэжээж үзнэ. Тэжээхгүй амьтан байхгүй. Гэрийнхээ нэг өрөөнд битүү тавиур хийгээд дүүрэн аквариумтай байсан даа.

-Таныг монгол нохойн анхны үржүүлгийн газрыг байгуулсан гэж сонссон. Монгол нохойг онцолж үржүүлэх болсны учир юу байв?

-Монгол нохой бол уугуул амьтан. Хамгийн сүүлийн үеийн олдвор, судалгаагаар хүн нохойг 16 мянган жилийн өмнөөс гаршуулж тэжээж эхэлсэн болов уу гэж үздэг.

Хаад, ноёдын булш хэрэгсүүрээс нохойн яс олддог. Мөн хүн чулуун хөшөөний доод хэсэгт хэвтэж байгаа нохойны дүрс ч байдаг. Үүнийг хойлоглох гэж ярьдаг юм билээ. Ер нь, нүүдэлчин Монголчуудын хувьд нохой олон мянган жилийн өмнөөс хань бараа, хамгаалагч нь байсан, аж амьдралынх нь салшгүй нэг хэсэг нь байж.

Миний хувьд монгол нохойг 2000 оноос тэжээж байна. Д.Ганболд, Б.Эрдэнэбат гэж хоёр ахтайгаа нийлээд 2004 онд “Их Монгол” монгол нохой үржүүлгийн газар байгуулсан. Тухайн үедээ хамгийн анхных нь байсан. Бид Ховд, Баянхонгор, Төв аймгаас монгол нохой авчраад үржүүлгийн газрынхаа суурийг тавьж байсан.

Ховдоос 2000 онд авчирсан Арслан гээд гөлөг маань 18 насалсан.

-Монгол нохой сүүлийн жилүүдэд ховордсон гэх юм билээ. Энэ нь ийм үржүүлгийн газар байгуулах шалтгаан болсон уу?

-2000-аад оноос монгол нохой ерөнхийдөө цөөрөөд эхэлсэн. Урагшаа, хойшоо хил давуулж их зарагдсан. Гэтэл манайхан монгол нохойгоо тоодоггүй, эсрэгээрээ гадаадаас янз бүрийн нохой оруулж ирж  тэжээдэг болсон. Яг тийм үед л монгол нохойгоогоо хамгаалах, өсгөж үржүүлэх ёстой юм байна гээд тэжээж эхэлсэн.

-Монгол нохой бусад үүлдрийн нохойноос юугаараа ялгаатай болон давуу талтай вэ?

-Монгол нохой бол Монгол нүүдэлчдийн аж амьдралд ганц зохицсон амьтан. Монгол нохойнд хийж чадахгүй ажил гэж байхгүй. Зургаа дахь мэдэрхүй нь асар өндөр хөгжсөн. Асар хүчирхэг амьтан. Монгол айл нүүдэллээд явж байлаа гэхэд нэг уулын цаанаас юу ч гараад ирэхийг мэдэхгүй шүү дээ. Тэр бүхэнд хамгаалалт хийж байна. Малаа маллана. Хотоо манана. Эзнээ хамгаална.

1980-аад онд Төв аймгийн Лүн суманд нохойн сургууль байхад албанд монгол нохойг сургаж туршиж үзэхэд маш сайн үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. Өл хоол сайн даана. Бага идэштэй. Эзэндээ огт түвэг болдоггүй. Анзаарсан бол хөдөөний айлууд нохойдоо хоол гэж угаадас л өгч байгаа харагддаг. Тэр бол шингэнийг нь л нөхөж байгаа хэрэг. Өөрөө тарвага, зурам бариад идчихнэ. Хагас зэрлэг амьтан шүү дээ.

-Малчдын хувьд хоточ нохой бол бараг өрх гэрийн нэг гишүүн шиг үүрэгтэй байдаг шиг санагддаг. Олон жилийн туршид гаршуулж тэжээсэн учраас ахуйтай нь бүрэн зохицсон байдаг юм болов уу?

-Үнэхээр тийм. Монгол нохой тэжээж үржүүлж байгаа 20 гаруй жилийн хугацаанд энэ талаар гарсан номнуудыг уншиж, мөн өөрийн ажиглалт судалгааг ч хийж байна. Судлаад үзэхээр Монголчууд нохойг гаршуулахдаа үржил селекцийг нь хүртэл бодолцож байжээ гэдэг нь харагддаг. Бусад нохойн хувьд жилд хоёр удаа, зарим нь хоёр жилд таван удаа ороо нь ордог бол монгол нохой жилдээ ганц л удаа ороо нь орж үржилд ордог. Намар орой үржилд ороод өвөл гөлөглөдөг. Гэтэл чоно өвөл ороо нь ороод хавар бэлтрэг гаргадаг.

Манайх өвөг дээдсүүд нохойг чононоос салгаж гаршуулах явцдаа орооны цагийг нь ингэж улирлаар зөрүүлснээс гадна өнгө зүсийг нь хүртэл бодож байж. Чоно саарал гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл саарал өнгөтэй нохой ч байдаг. Тийм учраас монголчууд саарал нохойг үржилд оруулдаггүй байсан. Энэ нь олон жилийн туршид явсаар монгол нохойн зүс хар, халтар голдуу болсон. Мөн шар, цагаан ноход байдаг. Энэ бол ерөөсөө монгол нохойг чононоос ялгах, ялгаатай болгох бодлого байсных.

Ерөнхийд нь харвал монгол нохойн галбир чонотой их төстэй. Биеийн анатоми нь адилхан. Чоно босоо чихтэй, хэвтээ сүүлтэй бол монгол нохой хэвтээ буюу хонин чихтэй, сүүл нь дэгээ. Чонын толгойн ясыг монгол нохойн толгойн ястай харьцуулж үзэхэд чонын гавлын яс буюу тархины эзэлхүүний хэмжээ монгол нохойныхоос арай том, хойд талын араанууд нь арай том байдаг.

-Аймаг аймгаас нохой авчирч, үржүүлдэг гэлээ. Газар нутаг, байгаль цаг уурын нөлөөнөөс шалтгаалаад аймгуудын ноход өөр өөр байдаг уу?

-Монгол орон бол өргөн уудам. Тэр хэрээрээ аймгуудын байгаль, цаг уур ялгаатайгаас шалтгаалаад нохой хүртэл тухайн нутагтаа дасан зохицсон байдаг болов уу. Гаднах дүр төрх арай өөр байна шүү. Жишээ нь, Өвөрхангайн ноход хошуу нь богино, огтордуу маягийн сүүлтэй. Баруун аймгуудын нохойн үс нь уртавтар, сахлаг. Бас говийн аймгуудын нохойн үс нь их өтгөн байх жишээтэй.

-Монгол нохойн гол шинж нь дөрвөн нүдтэй, том биетэй байдаг л гэж боддог. Дөрвөн нүд гэдгийн учрыг та хэлж өгөөч?

-Монголчууд нохойн нүдэнд их учир бий гэдэг. Монгол нохойг билгийн нүдтэй ч гэж ярьдаг. Дөрвөн нүдтэй нохой эзэндээ залбирч байдаг гэдэг. Шашны талаас нь тайлбарладаг хүн ч байдаг.

Миний анзаарснаар чоно ч дөрвөн нүдтэй байдаг. Дөрвөн нүдтэй монгол нохойтой адил ноход бол Балба, Хөх нуурын Монгол, Төвөдөд их таардаг. Чингис хааны байлдан дагуулалтын үед монгол нохой олон улс орон руу гарсан гэж үздэг.

Биеийн хувьд том, дээр нь бараан зүстэй учраас алсаас маш сүрлэг харагддаг.  Ерөнхий судалгаа шинжилгээ, стандартууд нь байдаг. Монгол нохой судлаач нарын номнуудыг уншаад судлаад үзэхээр сэрвээний өндөр, биеийн уртын ерөнхий харьцаануудыг гаргасан байдаг. Тэгэхээр монгол нохойн сэрвээний өндөр нь 65-75 см гэсэн байдаг. Гэхдээ монгол нохой яг ийм байна гэсэн хайрцагт оруулж болохгүй. Газар газрын нохдын хувьд өвөрмөц онцлог ялгаанууд байдаг гэдгийг дээр дурдсан шүү дээ. Одоо ч гадныхан монгол нохой их сонирхдог, авдаг. 1990-ээд онд их гадагшаа гарсан. Тийм учраас бид монгол нохойн удмын санг таслалгүй эх орондоо авч үлдэх ёстой гэж үзсэн учраас үржүүлгийн газар байгуулсан даа.

-Монгол нохойн талаар судлаачид ямар шинж чанаруудыг онцолсон байдаг вэ. Магадгүй гадныхны сонирхлыг татах онцлог байдаг байх?

-Монгол нохойны ноолуур нь ямааныхаас нарийн микронтой гэдэг. Цэвээнжав гуайн номон дээр монгол нохойн арьсны диц, гарах ноолуур нь эр ямааныхаас их. Нэг нохойноос бараг нэг кг ноолуур гардаг тухай бичсэн байдаг. Энэ тухай 1980-аад онд судалчихсан байдаг. Сүүлийн үед Ш.Чулуунбаатар гэдэг хүн монгол нохойн талаар хоёр ч ном бичсэн. Монгол нохойтой холбоотой арваад ном товхимол бий.

Ленинградад амьдарч байгаа Галина Яворский гэх эмэгтэй монгол нохойн дээр маш их судалгаа хийсэн. Тэр хүн монгол нохойн ноолуураар оймс нэхээд, нурууны хэлхэвч хийсэн байхад хүний бөөр өвдөхгүй гэсэн байсан. Монгол нохойноос хүнд харшил өгдөггүй. Нохойны харшилтай хүнд ч харшилдаггүй онцлогтой. Жишээ нь, манай дунд хүү нохойны харшилтай. Өөр нохойд хүрэхээр нүд амаар нь цэврүү үсэрчихдэг. Харин монгол нохойноос харшилдаггүй.

Монгол нохой байгаа орчныхоо үнэрийг гаргадгаараа бусад нохдоос өөр. Модтой газар байвал мод, өтөг бууцтай газар байвал өтөг бууц л үнэртэнэ гэсэн үг.

Зарим нохойноос эвгүй үнэртэй байдаг шүү дээ.

Монгол нохой бол малчдын сайн нөхөр. Эзэн, мал, хот хороогоо хамгаалаад араатан амьтадтай амь тавин тэмцэлддэг. Маш үнэнч, хүчирхэг гээд дурдаад байвал олон зүйлийг ярьж болно.

Олон жилийн туршлагаас харахад монгол нохой эзнээ уншаад байж байдаг шиг санагддаг. Эзэн нэг хүнд дургүй байвал нохой тэр хүн рүү шууд дайрдаг. Тухайн хүний энергийг мэдэрдэг ч байж магадгүй. Монгол нохойг би сүргийн зохион байгуулалттай гэж бодоогүй. Гэтэл 20 гаруй жил тэжээх явцдаа ажиглахад өөрийнхөө гөлөгнүүд, жингэртээ эр нохой нь хоол аваачиж өгдөг. Тулаан маш сайн хийдэг.

-Тулаан гэснээр монгол нохойн тулааны тэмцээн болдог гэж сонссон?

-Манай үржлийн газраас 2012 оноос үзэсгэлэнгийн тэмцээн зохион байгуулж, монгол нохойг сурталчилан таниулах ажил хийж эхэлсэн. Харин 2017 оноос тулааны тэмцээн хийх болсон. Зарим хүн үүнийг харгислал, нохой тамлаж байна гэж буруушаах нь бий. Энэ тийм биш. Тулаан хийлгэж байгаа нь генийг нь хадгалж үлдэх гэсэн нэг оролдлого. Монгол нохой бол хүссэн хүсээгүй чоно, араатан амьтадтай тулалдаж хот хороо мал сүргээ хамгаалж байх ёстой. Гэтэл хотод хооллочихоод байлгаад байхаар манайхаас хөдөө рүү очсон ноход хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болж байгаа нь ажиглагдсан. Тиймээс тулааны тэмцээн хийж эхэлсэн. Тулааны тэмцээн зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан. Цуврал тэмцээнүүд зохион байгуулаад хасагдах журмаар явсаар шилдэг тулаанч нохдыг улсын аварга шалгаруулах тэмцээнд оруулдаг. Тулаан айхтар цус үзсэн байдлаар явагддаггүй. Тулааны явцад ноход хуцаад гаслаад эхэлбэл шууд хасдаг.

Тулааны тэмцээн хийгээд ирэхээр нохдын дотоод хамгаалах инстект нь сэргэж байдаг. Одоо сүүлийн үед хөдөө орон нутагт манайхаас очсон ноход бол яг үүргээ биелүүлээд ажлаа төгс хийж байгаа.

-Тулаанч ноход байдаг шүү дээ. Монгол нохой тулаанч байдлаараа хэр вэ?

-2009 онд чонын эрлэг гэгддэг Дундад Азийн овчаркыг монгол нохойтой тулалдуулахад манай Арслан гэдэг есөн настай нохой ялж байсан. Тэр тулааны тэмцээн тухайн үедээ ТВ9 телевизээр ч гарч байсан. Тэндээс монгол нохойг хүчирхэг юм байна гэдгийг хүмүүс ойлгосон байх. Тэр үеэс монгол нохой сонирхдог хүмүүсийн тоо олширч, тэжээж үржүүлцгээх болсон. Монгол нохойн үзэсгэлэн наадам гэдэг зүйлийг хийж эхэлсэн.

“Их Монгол” үржлийн газар маань анх ийм тэмцээнүүдийг зохион байгуулж байсан.  2013 онд “Монгол туургатны уугуул нохой судлалын холбоо” байгуулсан. Холбоо байгуулагдаад 10 жил болж байна.

-Монгол нохой маш үнэ цэнэтэй болсон гэдэг. Гэхдээ сайны хажуугаар саар зүйлс байх юм. Нохойн хулгай гадуур их байдаг шүү дээ?

-Нэг хэсэг нохойн хулгай ихэссэн. Тиймээс энэ хулгайг таслан зогсоох ажлуудыг хийж байгаа. Нохдыг бүртгэлжүүлж, чип суулгадаг болсон. Чиптэй бол хулгайд алдсан ч олох боломж бий. Энд тэнд нохойтойгоо таарвал чипийг нь уншуулахад удмын бичгэн дээрх мэдээлэл чинь чипний мэдээлэлтэй нь яг таарах ёстой.

Нохойн удмын бичиг, гөлөгний карт гэж юм бий. Нохой гөлөглөөд эхний вакцинаа хийгээд чипээ суулгуулаад эзэндээ очихдоо гөлөгний карттай очно. Гөлөгний картан дээр үржүүлэгчийн нэр, эцэг, эхийн нэр бичигдэнэ. Мөн гөлөгний нэр ус, хүйс бичигдэнэ. Найман сарын дараа монгол нохойн хэв шинжийг хангасан байна уу гэдгийг нь хараад удмын бичиг олгох уу,  үгүй юу гэдгийг шийддэг. Удмын бичиг олгохдоо түүн дээр дээд үеүдийг нь бичнэ. Хүмүүс нохойны пасторт гээд яриад байдаг нь эрүүл мэндийн гэрчилгээ. Түүн дээр хэдийд ямар вакцин, туулганд хамрагдсан гэдгийг нь тэмдэглэдэг. Хот суурин газрын нохдыг зайлшгүй вакцин туулганд хамруулах хэрэгтэй.

-Хоёул ярианыхаа сэдвийг таны бас нэгэн хобби спорт тагтаа руу шилжүүлье. Тагтаа уралдуулна гэхээр огт санаанд буудаггүй?

-Монголд сүүлийн 7-8 жил спорт тагтааг тэжээдэг залуус олширсон байна. Би ч гэсэн сонирхоод тэжээж байгаа.

Ер нь, хүн төрөлхтөн тагтааг хэдий үеэс гэршүүлж тэжээж эхэлснийг нарийн тогтоосон баримт байдаггүй юм билээ. Бельгиэс гаралтай гэж ярьдаг. Тагтаа бол өнө эртнээс шууданчийн үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Спорт тагтааны хамгийн анхны холын зайн уралдаан 1800-аад оны сүүлчээр Бельгиэс Парис руу 350 км-ийн зайд зохион байгуулсан гэдэг. Тэгэхэд 30 гаруй тагтаа нисгэсний 10 гаруй нь ирсэн гэдэг байхаа. Тэр цагаас спорт тагтааны уралдаан хөгжсөн гэж үздэг.

Манайд энэ спорт хөгжиж эхэлж байна.

-Тагтаагаар шуудан зөөлгөнө гэдэг их сонирхолтой санагддаг. Дайны үед шууданч тагтаа яаж мэдээг хүрэх ёстой газарт алдалгүй хүргэж байв гэдгийг бодоод олохгүй л юм?

-Тагтаагүй дайн гэж байгаагүй юм билээ. Тагтаа бол эзэндээ дасахаасаа илүү үүрэндээ, ижилдээ дасдаг амьтан юм байна. Өндөг нь хагараад ангаахай болсон газраасаа холддоггүй. Тэгэхээр үүрнээс нь авч яваад мэдээ хүргүүлэх болохоороо мэдээгээ зүүгээд явуулчихдаг юм байна.

Мөн тагтаа маш үнэнч. Хос тагтааны нэг нь үхчихгүй бол бүх насаараа хамтдаа байдаг. Тэр ч утгаараа хайр дурлал, энх тайвны бэлгэ тэмдэг болдог байх.

Хэдүүлээ бол хэдүүлээ эвтэй амьдардаг шувуу. Сард хоёр өндөглөнө. Өндгөө 16-18 хоног дардаг. Ангаахайгаа өөрсдөө хооллоно. Хорь хоноход өд сөд нь ургаж гүйцээд сар болоход ангаахай нисээд эхэлдэг. Маш хурдан үрждэг амьтан. Хос тагтаа дулааны улиралд багадаа 10 ангаахай өгдөг.

-Спорт тагтааг яаж уралдуулдаг вэ?

-Спорт тагтааны уралдаан гэдгийн утгыг би өөрөө өнгөрсөн зун үзлээ. Хоёр сартай ангаахайг эхлээд 10 км, 20 км, 50 км, 100 км гэх зэргээр нисгэж байгаад намар орой болсон хойно Чойрын цаанаас Айрагийн наахнаас тавихад үүрэндээ эхний тагтаа дөрвөн цаг нисээд ирсэн байсан. Миний ангаахай түүнээс цагийн дараа ирсэн. Тэндээс тавьчихаад машиндаа суугаад хөдлөхөөр хажуугаар машинтай уралдаад нисээд байна шүү. Бас л гоё мэдрэмж төрж байсан шүү.

Замдаа зэрлэг хээрийн шувуудтай их таарна. Эрсдэл ихтэй.

Тагтаа анзаараад байхад зам товчилдоггүй, ерөөсөө замаа дагаад л нисээд байдаг юм билээ. Урагшаа шон болгон дээр харцага, шонхор сууж байдаг. Тэр их эрсдэлтэй замыг туулаад үүрэндээ хүрээд ирэхээр нь хайрламаар шүү.

-Таныхаар хобби гэдэг зүйл хүнд ямар үр өгөөжтэй юм. Тэр тусмаа амьтан тэжээх нь...?

- Ямар нэгэн хоббитой хүн илүү хэрэггүй зүйлд цаг зарцуулдаггүй. Наад зах нь найз нөхөд дуудаад наргиж цэнгэе гэвэл надад тэгж явснаас өөрийн дуртай зүйлдээ цаг заваа зориулах нь хамаагүй дээр шүү дээ. Дээр нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд ч маш их нөлөөлдөг.

Амьтантай ойрхон өссөн хүүхэд их зөөлөн байдаг. Адаглаад хүнтэй муудахад юу юуны духанд хүрэлгүй цохиод авахгүй шүү. Хүлээцтэй, тэвчээртэй болдог шиг санагддаг. Хүний л амьдралд янз бүрийн л үе таарна. Гэр бүлийн маргаан гарахад  зарим хүн шалтаглаад архи уугаад явдаг бол би нохойныхоо үүрийг цэвэрлэнэ, тагтаагаа хооллоно. Эргээд гэртээ орохдоо аль хэдийн тайвширсан байдаг.

-Ингэхэд та өнгөрсөн онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн шүү дээ, танд баяр хүргэе?

-.../инээгээд/ Санаанд багтамгүй шагнал авчихаад таньдаг мэддэг хүмүүс гайхаад асуухаар нь би уран нугардаг юмаа гээд хошигноод байж байна.

Монгол нохойны талаар манай хамт олон хоёр баримтат кино хийлгэсэн байгаа. Мөн телевизүүдээр цуврал нэвтрүүлэг, контентууд ч гаргасан. 2019 оны тэмцээний үеэр Соёлын яамны хүмүүс ирж сонирхоод биднээс маш их зүйлийг асуусан. Тэгэхдээ Монгол Улс монгол нохойг анхаарахгүй байхад хувийн хэвшлийнхэн үүнийг авч явж байгаад талархалтай байна гэж байсан. Тэгтэл 2022 оны улс тунхагласны баяраар манай холбооны Б.Эрдэнэбат, Д.Ганболд ах, бид гурвыг “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа. Бид гурав бүр гайхлаа. Биднийг яахаараа энэ шагналаар шагнадаг билээ гээд л... Гэтэл монгол нохой чинь яалт ч үгүй Монгол үндэстний өв соёлын нэг юм байна. Бид анх ямар нэг шагнал урамшил авна гэж энэ ажлыг эхлүүлсэн биш. Гэхдээ төрийн хүртээсэн хүндлэлийг бэлгэшээж хүлээж авсаан.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

ЯРИЛЦСАН   Б.ГҮНЖИНЛХАМ