Эрчим хүч, ус хангамжийн I ангийн орлогч дарга-ерөнхий инженер Д.Алтанзагастай ярилцлаа.

 

-Монгол Улсад эрчим хүчний салбар үүссэн цагаас хойшхи түүхэд УБТЗ-ын эрчим хүчний салбарынхан өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. Танай Эрчим хүч, ус хангамжийн I ангийн хувьд өнөөдөр ямар хэмжээнд хүртэл хөгжиж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

 

-Юуны өмнө Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж, хөгжсөний 75 жилийн ойн баярын мэндийг нийт төмөр замчид болон үе үеийн ахмад ган замчдадаа хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрчим хүч, ус хангамжийн аж ахуй 1967 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Замын даргын А-294 тушаалаар бие даасан тусдаа баланстай аж ахуй болон байгуулагдсан түүхтэй. Анх 148 ажилтантай байсан бол өдгөө ашиглалтын долоо, туслах үйлдвэрлэлийн таван цех, 192 ажилтантайгаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Үүний зэрэгцээ таван төрлийн тусгай зөвшөөрлийн хүрээнд төмөр замчид болон 13483 иргэн, аж ахуйн нэгжийг эрчим хүч, усаар тасралтгүй найдвартай хангадаг. Тодруулбал, шугам сүлжээний хувьд Хойт хилийн тавтын постоос Агуйт зөрлөг, Шарын гол, Эрдэнэт, Багануурын салбар замуудын ДТХ-ын байгууламжийн цахилгаан хангамж,  өртөө зөрлөгүүдийн гэрэлтүүлэг, гармын цахилгаан хангамжийг хариуцдаг. Үүнд нийт 1227 км 6, 10, 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 243 трансформаторын дэд станц, 42 хаалттай хуваарилах байгууламж, 91 км цахилгаан дамжуулах кабель шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцан төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, урсгал болон их засварыг үечлэлийн дагуу тогтмол гүйцэтгэн ажиллаж байна.

 

-Улс эх орны хөгжлийг дагаад эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, үүнийхээ хэрээр гэмтэл саатал ч гарах нь ихэссэн байх. Үүнтэй холбоотой засвар шинэчлэлийн ажил хэр хийж байгаа байна вэ?

 

-Дэлхий нийтээр эрчим хүчний хэрэглээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа. Дэд бүтцийн салбар дотроо ч эрчим хүчний салбар тэргүүнд нь явдаг. Манай байгууллагын хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэл харьцангуй бага хийгдэж байгаа. Гэтэл төмөр зам дагасан уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл болон суурьшлын бүсүүд бий болж, эрчим хүчээ манай байгууллагаас хангуулах эрэлт хэрэгцээ үүсээд байна. Манай байгууллага Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон таван төрлийн тусгай зөвшөөрлийн хүрээнд эрчим хүчээр зохицуулалттай хангах болон түгээх үйл ажиллагаа эрхэлдэг.  Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хувьд 1980-1990 онд суурилагдсан, ялангуяа цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур насжилттай, байгаль цаг уурын онцлогоос хамаарч өмхрөлт, ялзралт ихээр үүсэж байгаа. Бид цахилгаан дамжуулах агаарын шугам, трансформатор гэх мэт үндсэн тоноглолуудад эрсдлийн үнэлгээ хийж үе шаттай шинэчлэх ажлуудыг хийж байна.

 

-Танай ангийн хэмжээнд техник технологийн шинэчлэл хэрхэн хийж байна вэ?

 

-Техник технологийн шинэчлэлийн хувьд агаарын шугамын их засварын ажлыг төмөр бетон тулгуураар солих ажлыг батлагдсан төлөвлөгөө лимитийн хэмжээнд хийж байна. Бас нэг томоохон шинэчлэл бол ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажил. Энэ хүрээнд өнгөрсөн онд өөрийн эзэмшлийн бүх дэд станцыг ухаалаг тоолуураар шинэчиллээ. Ингэснээр өвөл, зуны ачааллын хэмжилтийг шууд тоолуураас мэдээлэл авч боловсруулалт хийн ажиллаж байна.

 

-Эрчим хүч хэмнэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна даа?

 

-Манайх ангийн хэмжээнд өртөө зөрлөгийн парк сум, зорчигчийн тавцан, гармын гэрэлтүүлэгт нийт 3100 орчим гэрэлтүүлэгч ашигладаг. Эдгээрийг эрчим хүчний хэмнэлттэй, гэрэлтүүлэх чадвар өндөртэй гэрэлтүүлэгчээр солих ажлуудыг хийж байна. Эрчим хүч хэмнэх, хяналтыг сайжруулах томоохон нэг ажил бол ухаалаг тоолуурын системд бүрэн шилжих. 2024 онд Шугам сүлжээний нэг хэсгийг бүрэн ухаалаг тоолуурын системд шилжүүлэхээр Эрчим хүч ус хангамжийн төвтэйгээ хамтран ажиллаж байна. Энэ ажил төмөр замын тээвэр үүсэж, хөгжсөний 75 жилийн ойн ажлын төлөвлөгөөнд орсон. Замын холбогдох удирдлагуудад танилцуулсан.

 

-Мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөц бүрдүүлэх талд тулгамдаж буй асуудал байна уу?

 

-ТЗДС болон дотоодын бусад их, дээд сургуулиудаас цахилгаан хангамжийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин цөөнгүй суралцаж төгсдөг. Гэвч тогтвор суурьшлын хувьд хүндрэлтэй байгаа.  

 

-Хүний оролцоог хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд төмөр замын салбар нэгжүүд нэлээд анхаарч ажилладаг. Энэ талд танай анги шинэ санал санаачилга, шинэ бүтээл ашигтай загвар гаргаж байгаа юу?

 

-Шинэ санал санаачилга, шинэ бүтээл ашигтай загвар гаргах талд жил бүр идэвхтэй оролцдог бүтээлч хамт олон гэж боддог. Энэ жилийн хувьд Оюуны өмчийн газрын “Хүндэт өргөмжлөл”, Тоноглол засварын цех “Бүтээлч хамт олон”, Усны засвар үйлчилгээний хэсгийн слесарь гагнуурчин Л.Раднаажамба “Шилдэг зохион бүтээгч” ажилтнаар тус тус шалгарсан. Энэ жилийн хувьд Замын захиргаанаас өндөр зохион байгуулалттай шинэ бүтээл, шинэ санааг хөхиүлэн дэмжсэн сайхан арга хэмжээг зохион байгуулсанд баярлаж талархсанаа энэ ташрамд илэрхийлье.

 

-Энэ онд хийсэн болон төлөвлөсөн их засвар, их барилгын ажлуудаасаа танилцуулна уу?

 

-УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд олон өртөө, зөрлөгийн зам паркийг сунгаж байна. Энэ хүрээнд манай ангич цахилгаан хангамж, гэрэлтүүлгийг хийж байгаа. Тухайлбал, Хангай зөрлөгийн зам өртгөтгөлийн хүрээнд 6, 10 кВ-ын модон шонгуудыг төмөр бетон тулгуураар хүчжүүлэн сольж, өртөөний парк, зорчигчийн тавцанд есөн метр өндөр гэрэлүүлэгчтэй төмөр шон суурилуулсан. Мөн Салхитын 157 дугаар км-ийн болон Дархан-2 өртөөний 127 дугаар км-ийн гармын цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын хүрээнд тус бүр 10 метр өндөр төмөр бетон тулгуур, сэлгэн залгагчтай /АВР/ ерөнхий самбар зэргийг хийсэн. Энэ мэтчилэн одоо хийж буй ажлуудыг дурдвал олон бий.

 

-Танай анги зөвхөн эрчим хүч гэлтгүй ус хангамжийн үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Шугам замд зөөврийн устай зөрлөг цөөнгүй бий. Эсвэл худагтай ч усны чанар тааруу газар ч байгаа байх. Энэ талд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

-Тиймээ, бид ус хангамжийн үйлчилгээг төмөр замчид болон иргэддээ хүргэн ажилладаг. Манай ангийн хувьд нийт 75 гүний худаг ашиглаж байна. МNS 900:2018 стандартын хүрээнд ХАБЭА-н албаны Эрүүл мэндийн хэлтсээс хагас жилд нэг удаа усны чанарын нийцлэлд хяналт тавьж ажилладаг. Мөн гүний худгуудыг ухаалаг системд шилжүүлэх ажлыг хийж байна. Өнгөрсөн онд хоёр худгийг ухаалаг системд шилжүүлсэн. Энэ онд гурван худгийг ухаалаг болгохоор ажиллаж байна.

 

М.Болд