Далай тэнгист нийт 171 их наяд ширхэг хуванцар хаягдал хөвж байна гэж эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Хуванцрын хог хаягдал далайн амьтдыг үхэлд хүргэж, улмаар хүний бие махбод руу нэвтрэх бөгөөд энэ хор уршгийг арилгахын тулд хэдэн зуун жил шаардагдана гэж тооцоолсон байна. 2005 онд далайд 16 их наяд ширхэг хуванцар байна гэж тооцоолж байсан бол түүнээс хойш энэ тоо 10 дахин нэмэгджээ. Далайн хуванцар хог хаягдлын шинэчилсэн тооцоог 1979 оноос хойших мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хог цэвэрлэдэг тороор далайг самнасан судалгааны багийн ажлыг нэгтгэсний үр дүнд гаргасан байна. 171 их наяд ширхэг хуванцарт сүүлийн үед хаясан хуванцар хог хаягдал болон хуучирч, элэгдсэн хуванцрууд ч орж байгаа гэж судалгааны удирдагч, далайн хуванцар хог хаягдлын 5Gyres хүрээлэнгийн доктор Маркус Эриксен ярьжээ. Лонх, сав баглаа боодол, загас агнуурын зарим зүйл хийхэд ашигладаг нэг удаагийн хуванцар нь нарны гэрэл, механик үйл явцын нөлөөгөөр цаг хугацааны явцад элэгдэж, жижиг хэсгүүдэд хуваагддаг байна. Халим, яст мэлхий, загас, далайн зарим шувууд хуванцрыг хоол гэж андуурч идээд ходоодоо дүүргэснээр өлсөж үхдэг аж. Бичил хуванцрууд нь ундны усанд ч нэвтэрдэг бөгөөд улмаар хүний уушги, судас, тэр ч бүү хэл ихсээс ч илрүүлж байжээ. Одоогоор эрдэмтэд энэ нь хүний биед хэр хортой болохыг баттай судалж чадаагүй байна.
Эх сурвалж: ВВС