Хөлийн голын дэнжид хөр цас ханзарч, хөндий тал бараантан, гол горхи хоржигнон хавар цаг хэдийнээ айлчилжээ. Цар тахал нүүрлэсэн хоёр жилд төмөр замчдын хөл татарч, нам жимхэн өвөлжиж, хаваржиж, зусаж, намаржсан энэ дэнжид өнгөрсөн Баасан гарагийн өглөө эртлэн авто машинууд багшралдаж, амьтан хүн үймж, хээтэй хэдэн асар боссон нь хавь ойрд харагдаагүй сонин содон үйл явдал гэлтэй...

Урин цаг ирсэн ч хавар авхай аашаа тавьсангүй үе үе шороо тавьж, тэнгэр бүүдгэр ч тэнд хуран цугласан дайчин эрсийн сэтгэлд нар мандсан хэвээр. Хэдэн жил бие биесээ хараагүй залуус уулзалдан тэврэлдэж, нэгэндээ амжилт хүсэх агаад асрын хаяанаас дайчин эрсийн сэтгэлийг хөглөж, цөсийг хөөргөх цэрэг эх орны сэдэвтэй дуу хөгжим хангинах авай.

Энэ бол ЦХОБА-ны уламжлалт “Марш тактикийн тэмцээн” Хөлийн голын дэнжид уламжлал ёсоор эхлэхэд бэлэн болсон дүр зураг.

Тус албаны бүх анги салбарын дайчдын бэлэн байдал, цэрэгжилт, тэсвэр хатуужлыг сорьдог уг арга хэмжээ дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөлөөгөөр хоёр жил завсарласан тул туршлагатай дайчдын хувьд хүсэн хүлээсэн өдөр бол шинэ залуу дайчдын хувьд цоо шинэ үйл явдал нүднийх өмнө жирэлзэн өнгөрч буй нь тодхон. Энэ жилийн тэмцээнд тус албаны харьяа Цэрэгжүүлсэн хамгаалалтын 11 анги, салааны 12 баг тамирчид хүрэлцэн ирсэн байв.

Тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ албаны дарга Ц.Ариунбат энэ онд тус алба үүсэн байгуулагдсаны 70, 71 жилийн ойн хүрээнд, спортын олон төрөлт цуврал тэмцээнүүдийг зохион байгуулж буйгаа онцлон дурдаж байлаа.

Марш тактикийн тэмцээн буудлагаар эхэлж, дайчид цэцээ шалгалаа. Энэ удаад тус албаны хэмжээнд шинээр хангалтад өгсөн Форд-17R маркийн гар буугаар буудлагын тэмцээнийг зохион байгуулснаараа онцлог байв.

Түүний дараа баг тамирчид найман км-т гүйхийн зэрэгцээ товлосон цэгүүдэд өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэхээр хоорондоо найм найман минутын зайтай гараанаас гарцгаалаа. Дайчид гараанаас гарч эхний цэг дээр гал унтрааж, түүний дараа саадыг давах, гүүрэн дээгүүр гарах, өргөст тортой саадан доогуур мөлхөх, гир өргөх, хорт утааны баг өмсөх, утаат цэгээр нэвтрэх, гранат шидэх зэрэг даалгаврыг гүйцэтгээд барианд орох хүртлээ гол гатлах, шавар шавхай туулах зэрэг чамгүй саад бэрхшээлийг туулах аж.

Баг тус бүр зургаан хүнтэй бөгөөд барианд багийн тамирчид бүгд орсноор оноо дүгнүүлэх байв. Тиймээс марш тактикийн тэмцээн бол багийн ажиллагаа голлодгоороо онцлогтой аж. Тэмцээний явцад дайчид бие биенийхээ дутууг нөхөж нэг л хүн шиг сэтгэл, зүтгэл нэгддэгээрээ онцлогтой аж. Даалгаврууд гүйцэтгэх явцдаа багийн нэг л гишүүн алдаа гаргахад багийн бүх гишүүд торгуулийн тойрог гүйх тул нэг нэгэндээ дэм болох туслах зэргээр барианд хамт орохыг л зорьж байна.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон 12 баг тамирчдаас 11 баг барианд бүрэн багаараа орж, нэг л баг оноо дүгнүүлж чадсангүй. Учир нь тус багийн гишүүний эрүүл мэндийн байдалд ноцтой асуудал тулгарсан тул ийнхүү нэлээд дээгүүр амжилттай явсан ч оноогоо тэглүүлсэн нь харамсалтай.

Ер нь, марш тактикийн тэмцээний талбар хатуудаа хатуу ажээ.

Ийнхүү тэмцээний шилжин явах цомыг энэ удаад Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн нэгдүгээр багийнхан хүртэж, Зүүнхараа Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн дайчид мөнгөн медальтай нутаг буцлаа.

Өглөөн нарнаар эхэлсэн дайчдын тэмцээн хаврын нар таширласан хойно дуусаж, тэмцээний ялагчдын уухайн түрлэг, гуулин хөгжмийн танил ая орчныг хөглөсөн тэр нэгэн өдөр ийнхүү түүх болон үлдлээ.

Дараа жилийн тэмцээн даанч хол санагдах ч “даагаа нэхэх” дайчдын сэтгэлд өдөр өдрөөр ойртсоор...

 

Б.Гүнжинлхам