Монгол Улсад зүрхний шигдээс, цус харвалт өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог байна. 100 000 хүн амд ногдох тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас бараг дөрөв дахин их гэсэн тоо баримт бий.  Хүн амын 10 хүн тутмын гурав нь  даралт ихэсдэг, тэдний долоо нь даралт ихдэж байгаагаа ч мэддэггүй байна. Иймээс  УБТЗ-ын Төв эмнэлгийн Поликлиникийн зүрхний эхогийн эмч,  АУ-ны магистр, дотрын тэргүүлэх зэргийн эмч Б.Одгэрэл цусны даралт ихсэх өвчний талаарх мэдээллийг  хүргэж байна. 

 

Хүний хэвийн артерийн  даралт  120/80 байдаг

 

Хэд хэдэн удаагийн хэмжилтээр дээд даралт 130, доод даралт 80 -аас дээш байхыг цусны даралт ихсэлт гэнэ. Хэрэв даралт бууруулах эм ууж байгаа бол даралт хэмжих үед хэвийн байсан ч даралт ихсэж байна гэж үзнэ.

 

Цусны даралт ихсэхэд нөлөөлөх хүчин зүйл

 

Даралт ихсэхэд  нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг дотор нь засагддаг ба засагддаггүй гэж хуваадаг. Засагддаггүй хүчин зүйлд гэр бүлийн түүх буюу удамшил, нас, хүйс орно. Засагддаг хүчин зүйлд хөдөлгөөний хомсдол, таргалалт, зохисгүй хооллолт, өөх тос, давс сахарын буруу хэрэглээ, архи, тамхи, стресс, чихрийн шижин, зүрх, бөөрний архаг өвчнүүд орно.

 

Цусны даралт ихсэх үед илрэх шинж тэмдэг

Толгой өвдөх, шилэн хүзүү хөших, толгой дүйнгэтэх, эргэх, дотор муухайрч нүд бүрэлзэх зэрэг шинж тэмдэг илрэх боловч шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг. Иймд даралтыг тогтмол хянаж байх шаардлагатай.

Хүн даралт ихсэж буйгаа мэдэхгүй байх тохиолдол маш их. Тиймээс цусны даралт ихсэлтийг “чимээгүй алуурчин” хэмээн нэрлэсэн.

Цусны даралт ихсэлтийн оношилгоо

Цусны даралтыг дор хаяж хоёр удаа, гурван удаагийн хэмжилтийн дундаж хэмжээ, эрсдэлт хүчин зүйлсийг харгалзан, шаардлагатай тохиолдолд 24 цагийн амбулаторийн цусны даралтын мониторингоор 24 цагийн турш даралтыг хэмжин эмч оношилно.

Артерийн даралт хэмжихэд анхаарах зүйл

 Даралтаа хэмжүүлэхээс дор хаяж 30 минутын өмнө дасгал, хөдөлгөөнөө хориглон, хэт их идэх, кофе, цай, газтай ундаа уухгүй даралтаа хэмжүүлнэ.  Хэмжилт эхлэхийн өмнө давсгаа суллан таван минут ярихгүй, сандлын түшлэг налж, хөлөө ачихгүй сууна.

Хөлийн улаар шалан дээр бүтэн гишгэж, ханцуйгаа шууна. Гарын бугалга ба зүрх ижил түвшинд байрлах ёстой.

  1. цагийн амбулаторийн цусны даралт хянах шинжилгээ

  1. цагийн амбулаторийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ.

Даралт тогтворгүй,  мөн далд даралт ихсэлтийг илрүүлэх, анх удаа эм ууж байгаа бол өөрт тохирсон зөв эмээ сонгохын тулд, хэрэв эм уудаг бол үр дүнтэй байгаа эсэхийг үнэлж эмийн тунг тогтоож улмаар эмээ өдрийн аль цагт уух нь зохимжтой вэ гэдгийг тодорхойлоход хянах шинжилгээг хийнэ. Мөн эмчид үзүүлэх үед их байдаг хэрнээ гэрийн хэмжилтээр хэвийн байх, гэрийн хэмжилтээр өндөр хэрнээ эмчид үзүүлэхэд бага байсан тохиолдолд 24 цагийн хянах шинжилгээнд хамрагдана.  Шөнө даралт хэлбэлзэх,  даралт буураад байвал мөн өгч болно.

Даралт ихсэхэд эмчлэхгүй бол олон хүндрэлүүд гарч, цаашлаад амь насанд ч эрсдэлтэй. Артерийн судсыг нарийсгаж, хатууруулахаас гадна зүрхэнд байнгын ачаалал үүсгэж, цусны эргэлтэд саад учруулдаг.

            Цусны даралтыг хэвийн түвшинд хүргээгүй тохиолдолд зүрх судасны өвчин, зүрхний дутагдал, зүрхний шигдээс, цус харвалт, бөөрний дутагдал, захын судасны хүндрэлүүд үүсэх аюултай.

Цусны даралт ихсэхэд хийх эмчилгээ

Цусны даралт бууруулах маш олон бүлгийн эм байдаг учир эмчид үзүүлж өөрт тохирсон эмийг зааврын дагуу, тогтмол уух нь маш чухал.

Даралт бууруулах эмийг тогтмол цагт уух нь эмийн үйлчлэлд илүү сайн нөлөөлдөг.

Уг эмийг уух явцад гарч байгаа бэрхшээл, гаж нөлөөг эмчтэйгээ ярилцсаны үндсэн дээр зөвхөн эмч таны уух эм болон эмийн тунг өөрчлөхийг шийднэ.

Иймээс өдөр бүр даралт бууруулах эмээ эмчийн зөвлөсний дагуу ууж, даралтаа тогтмол хянах нь зүйтэй.

 

Даралт ихсэхээс сэргийлэхийн тулд өөх тос, мах махан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, олон төрлийн хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэж, давс их агуулдаг түргэн хоол, хүнс, цай, хоолон дахь давсны хэрэглээгээ багасгах, архи, тамхинаас татгалзах, стресс бухимдлаа зөв тайлах, илүүдэл жингээ хасах, долоо хоногийн таваас доошгүй өдөр, нэг удаад 30-аас дээш минут дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.