Энэ удаагийн зочин хоймортоо "Пунцоглин" хийдийн ловон лам Ц.Түвдэнноровыг урьж ярилцлаа.
- Намрын дунд сарын шинийн нэгний бэлэгт өдөр тантай ярилцах болсон нь ерөөлтэй хэрэг гэж бэлгэшээж байна. Таныг төмөр замын унаган хүүхэд гэж сонссон. Хүүхэд нас хамгийн сайхан лурасмжийг хадгалдаг шүү дээ?
-Тиймээ, би төмөр замын тосгоны хүүхэд шүү дээ. Би монгол хүн сансарт ниссэн өдөр төмөр замын эмнэлэгт төрсөн. Өвөө, ээж маань төмөр замчин хүмүүс байсан болохоор тэр л дээ. Миний өвөө Ч.Цэвээндорж 1956 онд Сайншандын өртөөнд ажилд орсон гэдэг. Сүүлд Улаанбаатар өртөөнд ирээд найруулагчаар ажилласан. Харин ээж маань Ариун цэврийн станцад хортон шавьж устгах ариутгагч хийдэг байсан юм. Тэгэхээр би гурав дахь үеийн төмөр замчин болж таарч байгаа хэрэг. Манайх өвөөгийнхөө уг гарлаар бол Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат айл. Би аавынхаа нутгаар Булган аймгийн харьяат. Харин төрсөн газраараа бол Улаанбаатар, нарийвчилбал төмөр замын унаган хүүхэд юм. Багаасаа өвөөгөө дагадаг, өвөөгийн жаал байлаа. Бага ангидаа 38 дугаар сургуульд сурч, улмаар дунд ангидаа 20 дугаар сургууль руу шилжсэн. Харин дөрөвдүгээр ангиасаа сургуулиасаа гараад лам болсон юм. Энэ нь 1990 оны тавдугаар сарын 08-ны өдөр, билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн найман буюу бурхан багшийн тойн болсон өдөр өвөө маань намайг хөтөлж аваачаад лам болгосон доо.
- Өвөө тань яагаад ийм шийдвэр гаргасан юм бол?
- Өмнөговь аймаг лам хуварга олонтой. Өвөө маань үлгэр домог их ярьж өгнө л дөө. Ялангуяа, Чойжид дагинын туужийг тогтмол хэлнэ. Багаас маань бага багаар ном цээжлүүлсэн болохоор шашны ном сургаалыг сонирхох, цаашлаад хүнийг хайрлах, настныг хүндлэх сэтгэлийн үндэс суурийг тавьж өгсөн гэж боддог юм. Намайг дөрөвдүгээр ангиа төгсөхөд албан ёсоор хуваргын дүрийг асаасан. Тухайн үед Энэтхэг улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Бакула Ренбүчи багш маань морилж, сургуулиа үүсгэн байгуулсан. Тэр сургуульд анхны 15 хүүхдийг шалгаруулж авах үед Энэтхэг Улсын Элчин сайдын яаман дээр очиж шалгуулсан юм. Өвөө тийм шалгаруулалт болох нь гэдгийг сонины зараас олж хараад намайг хөтлөөд явсан нь тэр. Шалгаруулалт олон шаттай явагдсан. Шалгуулж явсаар тэнцэж, тэндээ шашны бага сургуулийн боловсрол эзэмшсэн дээ. Улмаар, 1993 оноос Гандантэгчилэн хийдийн Цогчин ангид үргэлжлүүлэн суралцсан. Харин төмөр замынхаа Пунцоглин хийдэд 1999 онд ирсэн юм. Тэр цагаас хойш суралцаад л явж байна даа. Энэ ташрамд дурдахад, манай хийдийг төмөр замчид, тэр дундаа Зүтгүүрийн албанаас төрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ...Дашдорж, машинч Галбадрах, Сосорбарам гуай гээд олон сайхан хүмүүс үүсгэн байгуулсан. Хийдийн анхны санг Содном гэж лам тавьж байсан бол дараагийн санг Эдийн засгийн албанд ажиллаж байсан олонд шатарчин нэрээрээ танигдсан Цэрэндорж гуай тавьж байжээ. Анх бол одоогийн Хүүхдийн секторын Сурагчдын дотуур байрны урд 1990 онд дөрвөн ламтайгаар гэрт үйл ажиллагаагаа эхэлж байсан гэдэг. Ийн ажиллаж байгаад 1993 онд Бакула Ренбүчи багш морилж, Пунцоглин гэдэг нэрийг хайрласан. Пунцоглин гэдэг нь хотлоор чуулах гэсэн утгатай үг л дээ. Зон олноороо цугларч байхыг бэлгэдэж энэ нэрийг өгсөн. Одоо бол хийдийг маань уг нэрээр биш ард түмний өгсөн нэрээр нь буюу Төмөр замын хийд гэхэд мэдэхгүй хүнгүй болж дээ.
-Та бүхэн төмөр замчдынхаа ажил үйлс, амьдрал ахуйг тэгшитгэх ямар үйлийг хийдэг вэ?
-Манай хийдийн үйл ажиллагааг Замын үе үеийн удирдлагууд дэмжсэн. Өнөөдөр ч Х.Хэрлэн даргатай Замын удирдлагууд ган замчдынхаа төлөө ном хуруулж, маш их анхаарч байна. Төмөр замын тээврийн тасралтгүй, аюулгүй байдлыг хангахад бид албан ажлын зүгээс хичээнгүйлье, харин та бүхэн авралдаа багтаана уу гэсэн зарчмаар бидний хамтын ажиллагаа маш сайн уялдаатай байдаг. Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх шугам зам дагуу ажиллаж, амьдарч байгаа төмөр замчид маань гэр бүлтэйгээ нийлээд хэчнээн хүн байгаа билээ? Тэднийхээ ажил үйлс, ар амьдралын сайн, сайхны төлөө жилдээ дөрвөн удаа том хурал хурдаг. Энэ нь улирал бүрийн дунд сарын 29-нд хурж хэвшсэн гэсэн үг. Саяхан хурсан намрын сарын хурлаараа Намсрайн бумба, Гонгорын бумба тэргүүтэй сахиусны нандин тахилга хурсан. Эдгээрийг нийт төмөр замчдынхаа үйлсийг тэгшитгэж, барцад саадгүй байлгах зорилготой хурдаг юм.Төмөр замын мэргэжил бүр өөр өөрийн онцлогтойг бид мэднэ. Тэгвэл эмнэлгийн салбарынхан Манал бурхан тэргүүтнийг, замынхан Говийн лха, хөдөлгөөнтэй холбоотой ажилладаг төмөр замчид Жамсран сахиус тэргүүтнийг тахина гэхчлэн ажил мэргэжлийн онцлогтоо тохирсон бурхан шүтээн, ном судартай. Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүд жил бүрийн сар шинээр байгууллагынхаа номыг уншуулдаг уламжлал тогтсон. Тухайлбал, Улаанбаатар өртөө, АБТЭМА, Улаанбаатар татах хэсэг, АТҮТ зэрэг байгууллагууд энэ уламжлалаа хадгалж байгаа.
-Бурхны шашин хүнийг зөв, зөөлөн явдал мөртэй явах замыг сургадаг. Тэр замд яаж хүрэх вэ?
-Алив юманд тогтсон таалал гэж байдаг. Энэ тухай ямар ч ном сударт заагаагүй нэг үгээр хэлэхэд байхгүй гэсэн үг. Жишээлбэл, тавгийн идээг бид сондгой тоогоор жаргал, зовлон ээлжилж байна гэж сэтгээд сондгой тоогоор өрдөг. Харин яг ингэж өрнө гэж бичсэн ном судар байхгүй. Харин дээр үеэс уламжилж тогтсон байдаг. Монгол хүн бэлгээрээ, төвд хүн шидээрээ, хятад хүн хонжоогоороо гэж хуучны үг бий. Эндээс харахад монгол хүн үйл бүхнийг бэлгэддэг. Орчин цагт ч бид юм бүхнийг сайн сайхнаар бэлгэдэн ерөөдөг шүү дээ. Хуучин цагийн өвгөд хөгшид хүнийг муулдаггүй байсан. Санаанд хүрэхгүй үед ч юмуу тааламжгүй сэтгэгдэл төрлөө гэхэд “За яахав ээ, яахав” гэхчлэн өнгөрдөг байлаа шүү дээ. Энэ ярианаас санаанд орсон нэг сонин тохиолдол гэвэл хийдэд ирээд удаагүй байхад над дээр нэг хөгшин ирлээ. Социализмын үед дарга байсан бололтой тэр хөгшин “Нүдэнд дулаахан хүү байна” гэж танилцсан юм. Түүнээс хойш надаар сан тавиулаад, гэртээ аваачиж хоол унд өгөөд л тэр өвөө намайг өөрийнхөөрөө л хайрладаг байлаа. Би өөрийнхөө өвөөд хуулийн байгууллагаас тэтгэвэртээ суусан ийм хүнтэй танилцсан гэдгээ хэлэхэд хэн гэж хүн бэ гэхээр нь нэрийг нь хэлтэл аан тиймүү гээд л өнгөрсөн юм, тухайн үедээ. Ингэж явсаар нөгөө хөгшин маань өнгөрч, би толгой дээр нь хонх дуугаргаад ажил явдлыг нь дуусгалаа. Түүнээс хойш хэд хоногийн дараа өвөө надад “Тэр хүн бол өвөөг нь Японы тагнуул гэж арван жил шоронд хорьж байсан. Харин өөрөө ч мэдэлгүй хүүтэй минь ирж танилцаж дээ. Аливаа юмны барилдлага гэж энэ юм даа” гэж хэлсэн юм. Сайн муу нийлж сав дүүрдэг орчлон учраас бид урьдын үйлээ л эдэлж байгаа хэрэг гэдгийг одоо л би гадарлаж байна. Бурхны шашинд дээд тав, бага тав буюу арван ухаан бий. Бидний сайн мэдэх одон орон судлал, шинжлэх ухаан зэрэг нь бага таван ухаандаа багтдаг. Тэгэхээр бурхны шашин ямар агуу юм бэ гэхээс өөр үг олддоггүй юм. Бурхан багш ч “Миний шашныг таньж мэдэхийн тулд эхлээд судал, ойлго, нягтал” гэсэн. Ер нь, бурхан гэж юу юм, шашин гэж яг яадаг юм зэргээр асуулт гардаг. Тэгвэл бурхныг хаа холоос эрж хайх хэрэггүй. Бурхан гэдэг нь санскрит хэлнээ бурха, төвд хэлээр санжаа харин монгол хэлнээ төгсөрч, гэгээрч, гэтэлгэсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхээс энэ биеийг авч төрөхдөө нисванис буюу уур мунхаг, атаа омог, хүсэл шунал тэргүүтэй 84 мянган муу сэдлийн гэмийг тээж ирдэг гэдэг. Шуналаас юу үүсэлтэй, уураас юу үүсэх вэ гээд. Тэдгээрийн гэм бүрийг тэвчиж гэгээрэлд хүрсэн нь бурхан юм. Тиймдээ ч сургаал номлолыг зөв таньж чадсан нь бурхан болдог гэдгийг бурхан багш айлдсан.
-Манайд шашны олон урсгал орж ирсэн. Тэр хэрээрээ орчин үеийн залуусын шашинд хандах хандлага өөрчлөгдсөн. Энэ талаар таны бодол?
-Ямар ч хүн насан туршдаа танин мэддэг. Орчин үеийн залуусын хувьд бол танин мэдэхүйн ухааны асуудал. Хуучин цагт бол бидэнд таниулаад, тайлбарлаад, ойлгуулаад өгдөг өвгөд байлаа. Ингэвэл яадаг юм, яагаад болдоггүй юм гэх эрэл хайгуул мухар сүсгээр эхэлдэг бол танин мэдэх тусам энэ бүхний хариулт нь бурхны сургаал дээр байдаг. Нөгөө талаар, залуу хүнд би ч юмуу хэн нэгэн ийм болно, тийм болно гэх нь утгагүй. Цаг хугацааны аясаар амьдрал бүхнийг үзүүлээд хүмүүжүүлээд явна. Хүн нас ахих тусмаа амьдрал үзэж, зовлон туулаад бүхнийг ойлгоод эхэлдэг. Идэр залуу насанд бол ингэж ч болохгүй тэгж ч болохгүй гэхээр итгэхгүй шүү дээ. Одоо цагт хүмүүс асуудлыг шүүн тунгаахгүйгээр шууд ярих болсон. Хэн нэгний талаар ярилаа гэхэд тухайн хүнийхээ амьдралаар амьдраагүй, тэр хүн шиг бодоогүй, ямар зовлон эдэлж байгааг нь мэдэхгүй мөртлөө өмнөөс нь шүүдэг, дүгнэдэг болсон нь маш буруу юм. Бурхны шашинд хүний орчлонд дөрвөн том зовлон байдаг гэж заасан. Төрөх, өвдөх, өтлөх, үхэх гэж. Энэ зовлонг бид бүгд туулна. Тиймээс хүүхэд залуус маань хүнээс үг сонсож, түүнийгээ тунгааж чаддаг байх нь чухал гэж би боддог.
-Бурхны шашны эхлэл итгэлээс үүсдэг гэдэг. Цаашлаад, хүний явдал мөр, үйлийн үрийн талаар бурхны шашинд дэлгэрэнгүй заадаг. Та энгээр тайлбарлаж өгнө үү?
-Бурхны шашин ч гэлтгүй бусад шашнууд өөр өөрийн итгэлийн орон зайтай. Тухайн хүн итгэл үнэмшлээрээ сонгосон шашнаа шүтдэг. Би гэхэд буддын сургаал номлолыг дагадаг, бурхны шашинтай хүн. Бурхны шашинд үйлийн үрийн талаар номлосон. Бид энэ орчлонд ирэхдээ л үйлийн үрээр ирсэн. Урд насны буянаар хүн төрлийг олж төрлөө гээд цаашлаад урьдын буянтай байж явдал үйлс бүтнэ, урт насалж удаан жаргана гэхчлэн. Мөн сайн үйлс хийхээр ажил үйлс бүтэж, дэлгэрнэ гэж номлосон. Бурхан багшийн сургаал номлолыг хамгийн энгийнээр тайлбарлавал, чи сайн үйл бүтээвэл төрөл тутамдаа сайн явна, муу үйл хийвэл муу зовлонг эдлэх шалтгаан болно гэж байгаа юм. Түүнээс биш, ямар нэгэн хилэнц түйтгэр үйлдэж байгаад ямар нэгэн бурханд итгэж наминчилахад хийсэн муу үйл нь арилна гэсэн үг биш. Зөв явдлын мөрөөр л сайн сайхан байх талаар бурхан багш номлосон байдаг. Зүгээр суугаад зөвхөн бурханд итгээд гэгээрэлд хүрэхгүй. Харин явдал мөрөө зөв байлгаснаар гэгээрэлд хүрнэ. Цаашлаад бурхны хутаг олох хэмжээний гэгээрэлд хүрэхийн тулд шашин номыг судлахыг заасан. Бурхан багш “Чи энэ насандаа хэн байгаа нь урьд насны явдал мөр, дараа төрөлдөө хэн болох нь энэ насны явдал мөр” гэж айлдсан шүү дээ. Тэгэхээр явдал мөр гэдэг агуу зүйл.
Урьд урьдын сайн ерөөлөөр бид аав ээж, хань ижил, найз нөхөдтэйгээ учирдаг. Орчлонд хүн гурван зүйлийн үрээр хоорондоо учирдаг гэнэ. Эхнийх нь сайн ерөөлийн үр. Энэ нь тоолшгүй галавт ерөөл тавьсны үр. Дараагийнх өр төлөөс гэж байна. Гуравт нь өш хонзон. Замбуулинд энэ гурван замаар л хүмүүс хоорондоо учирна. Наад захын жишээ гэхэд гадаадад явж байгаад гадаад хүнтэй инээмсэглээд зөрөх ч урд насны сайн ерөөлийн л үр. Зарим хүмүүс хоорондоо таардаггүй нь ч үүнтэй холбоотой. Гэхдээ сайн ерөөлийн үр нь урд насандаа ерөөл тавиад энэ насандаа учирч байгаа юм биш. Тоолшгүй олон хязгааргүй тооны он жилийн өмнөөс сайн ерөөл тавьсны үрээр энэ цаг хугацаанд учирч байгаа хэрэг. Бас нэг жишээ гэхэд насаараа нэг нэгнээ хайрласан эхнэр нөхөр байлаа гэж бодъё. Хоорондоо хэзээ ч муудалцаж байгаагүй, дараа төрөлдөө эргээд уулзахын ерөөл тавьдаг байлаа гэхэд энэ хоёр маань дараа төрөлдөө мэндлээд зөрөх хэмжээний л ерөөлтэй. Тэгэхээр бид аав ээж, хань ижил, үр хүүхэдтэйгээ учирч байгаа маань тоолшгүй тооны ерөөл тавьж байж уулзаж байгаа хэрэг гэж бурхан багш номлосон. Мөн хүн болж төрнө гэдэг маш ховор боломж гэдгийг монголчууд зүүний үзүүр дээр юнгэр будаа тогтохтой зүйрлэдэг. Юнгэр будаа гэдэг нь шар будаанаас жижиг будаа. Түүнийг зүүний үзүүрт тогтооно гэдэг бэрх, бараг л боломжгүй. Тиймээс эрдэнэт хүний биеийг олж, дайн дажингүй амгалан оронд төрөөд эрүүл саруул амьдарна гэдэг үнэхээр их хувь заяа байгаа биз. Ийм өндөр хувь заяагаар хүн болж төрсөн ч бие биедээ атаархах, бусдаас алдаа хайх зэрэг сөрөг авир гаргадаг. Тэгвэл бурхны шашинд зовлонгийн шалтгаан чинь тэр шүү гээд заасан байдаг.
-Лам хүн уран илтгэгч байх нь бий. Тухайлбал, Д.Чойжамц хамба монгол хүн, эх орон, уламжлалын талаар оюутнуудад лекц уншдаг. Тантай ярилцаж байхад ч ийм чанар ажиглагдлаа. Бурхны ном сургаалыг ард иргэдэд ойлгоход хялбар энгийнээр тайлбарлаж өгөх нь лам хүнд байх чухал чадвар юм гэж санагдаж байна?
-Тэгэлгүй яахав,орчин цагт бурхны шашныг түгээн дэлгэрүүлж, ач холбогдлыг сурталчлан таниулж байгаа олон эрдэмтэн мэргэд төрсөн. Зөвхөн монгол орноор хязгаарлагдахгүй дэлхийн буддын шашинт лам нарын манлай болж буй олон монгол хүн байна. Энэтхэгт л гэхэд Халимаг, Төвд, Энэтхэг зэрэг улсын дөрөв таван мянган шилдэг лам бий. Гэтэл тэнд олон монгол хүн эрдэм ухаанаараа цойлж байна. Бурхан багшийн сургаалыг зөв таниулах нь чухал. Нэг асуудлыг хүмүүс өөр өөрийнхөөрөө янз бүрээр харж болно. Хүн хүний дотоод сэтгэлийн мөн чанар нь өөр учраас тэр. Багшийн эрдмийг таньж сур гэж бурхны шашинд заадаг. Таньсан эрдмээ шүт гэж байгаа юм. Аав ээжийнхээ, найз нөхдийнхөө нэг сайн чанарыг таньж мэдээд тэр чанарыг нь дээдлээрэй гэж байгаа юм шүү дээ.
- Таныхаар хайр гэж юу бэ? Бид хайрлах ёстой бүхнээ үнэхээр хайрлаж чаддаг болов уу?
Товчоор хэлэхэд, хайр гэдэг хүний сэтгэлээс гарах хамгийн том бэлэг. Гэтэл бид нэгнээ хайр найргүй шүүмжилдэг. Наад захын жишээ гэхэд цахим ертөнцөд ийм явдал маш их. Сүүлийн жилүүдэд зөвхөн манайд гэлтгүй дэлхий даяар цахим хэрэглээ эрчимтэй хөгжлөө. Гэтэл энд нэг нэгнээ хэтэрхий их шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь түрүүн хэлсэн хүний мөн чанарыг тод таниулж байна гэж би боддог. Өөрөө юу ч хийдэггүй залхуу хүн л бусдын хийснийг шүүмжилж, цаашлаад гутааж байгаа хэрэг. Хайрыг бид мэдэрдэггүй юм шиг санагддаг. Мөнгө нь дуусахаар ч юмуу баясал нь дуусахаар хайргүй болно гэж байхгүй. Хэрэв ийм бол хайр биш байгаа юм. Орчлон дээр жаргал ч бий, зовлон ч бий. Тухайлбал, гуйлгачин хүнд юм өгөхдөө шидэж өг, эс тэгвэл буяныг чинь авна гэсэн бодол бий. Үнэндээ бол үгүй шүү дээ. Бүр тухайн хүнийг тэврэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид дээдийн буян болох өглөг өгч байгаа нь эрхэм юм.
Түүнчлэн, бурхны шашинд бардах буянаас мартах буян илүү гэж заасан байдаг.Би буян хийчлээ гээд зургаа авахуулаад цацах нь буян биш юм. Буруу сэтгэлээр хийвэл буян биш, түүнийгээ мартаж чадвал буян болдог байх нь. Бидний нүдэнд харагдаж, гарт баригддаггүй сэтгэлд оршдог шүтээн гэж бий. Тэр л шүтээндээ итгэж, сүсэглэж, танин мэдснээр хайр улам дэлгэдэг гэж боддог.
- “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэгтэй та санал нийлэх үү?
-. Гадна талаасаа цэмбийгээд байгаа бүхэн сайн хүн гэж байгаа юм биш. Тэр хүний явдал мөр, удам угсаа чухал. Эд материалын биш сэтгэлийн том ухааныг суулгаж байгаа хүнийг хамгийн сайн түвшний хүн гэдэг. Тийм айлтай ч худ ураг болохыг эрхэмлэдэг. Хамгийн энгийнээр хэлэхэд, эцэг эхээ хайрлаад сурсан хүн хэнийг ч хайрлаж чадна. Багаасаа ширүүн дориун зан авиртай болж өссөн, аав ээжийгээ тоодоггүй, бусдыг өөрийн өмч мэт хардаг хүн орчлонд олон бий. Тийм хүнээс жинхэнэ хайр, энэрэнгүй сэтгэл гардаггүй. Залуу насыг мөнхийн мэт бид бардаж явдаг. Гэтэл бурхны шашинд хүний амьдрал, амь мөнх бус шүү. Нэг л агшинд усны хөөс хагарах лугаа адил хэврэг. Ялангуяа монгол хүн уужуу сэтгэлтэйдээ ч тэрүү өглөө иднээ гээд хоол цаашаа тавьдаг. Хятад хүн бол энэ талд өөрөөр ханддаг. Үхэл, мөнх бусыг байнга санаж байвал бусдыг хайрладаг. Хүний орчлонд хоромхон цаг хугацаанд ирсэн болохоор нэгнээ хайрлаж энэрэх нь хамгийн эрхэм болохыг бурхны сургаалд заасан. Бид үр хүүхдээ багаас нь бусдаас дутах ёсгүй гэсэн зарчмаар хүмүүжүүлбэл цаагуураа хүүхдэдээ омог суулгаж байдаг. Би, би гэсэн тийм омог. Гэтэл чи бусадтай адилхан л хүн, харин сайн сайхан үйлийг хийж, хөдөлмөрлөж чадвал л амжилтад хүрнэ. Гэхдээ бусдаас илүү гарлаа гээд омог бардам болж болохгүй. Өөрийгөө таниснаар бусдадаа туслаарай гэдгийг сургаж хүмүүжүүлснээр хүний амьдралын зарчим эхэлнэ шүү дээ.
-Бурхны шашны нэг чиглэлээр дагнан сурахад 20-30 жил зарцуулдаг. Тэгэхээр бурхны ном үзээд барахгүй мэт санагдаж байна. Оройд нь гаршгүй энэ номыг үзэхийн сайхан нь юу болохыг ярилцлагын төгсгөлд хэлж өгнө үү?
-Тиймээ, бурхны шашныг үзэж судлахад оройгүй. Анх багштай учраад үсэг заалгаснаас эхлээд дэс дараагаар нь номоо үздэг. Монгол хүмүүс бол багшийгаа маш их дээдэлдэг. Багш, шавийн арав арван эрдэм гэж бий. Энэ бүхнээ судалсаар гүн ухааныг үзэж эхэлдэг. Гүн ухааныг 20 жил судалж байж бурхны номын эхний шатыг дүүргэж гэвш болдог. Цааш нь гавж, лхарамба болно гээд үргэлжилнэ. Би бол одоо сураад л явж байна. Бурхны шашны номоос нэг хуудсыг нь бүрэн эргүүлээгүй сурч байна гэсэн үг. Бурхны сургаал ном гэдэг тийм л агуу.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Бурхан номын үйл нь дэлгэрч байхын ерөөлийг өргөе!
Б.Золжаргал
Сэтгэгдлүүд
Гүн ухаан яум