Замын даргын 2023 оны А-04 тоот тушаалын дагуу ГТХАБ-ыг хангах цахим е-нормативын веб болон гар утасны апп-ийг хөдөлгөөнтэй шууд холбоотой алба, төв, салбар нэгжийн удирдах, инженер, техникийн нийт 850 орчим ажилтан өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Тиймээс е-нормативын хэрэгжилт, хөгжүүлэлтийн талаар Тээврийн хяналтын албаны Вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Ц.Түмэндэлгэртэй ярилцлаа.
-ГТХАБ-ыг хангах е-нормативыг хэрэгжүүлснээр ямар давуу талууд бий болж байгаа вэ?
-Тээврийн салбарт хөдөлгөөний аюулгүй байдал нэн түрүүнд тавигддаг. Үйл ажиллагааны онцлог, цар хүрээний хувьд төмөр замын тээвэрт хөдөлгөөний аюулгүй байдал 2-3 дахин илүү түвшинд шаардлага тавигдаж, улс орны хөгжил, дэвшил, иргэд, зорчигч, тэдгээрийн олон тэрбумаар яригдах эд хөрөнгө, ачаа барааг саадгүй тээвэрлэх баталгаа бүрдэнэ. УБТЗ бол төмөр замын тээвэр, үйлчилгээний ууган байгууллага. Нөгөө талаас олон улсын чанартай үйл ажиллагаа явуулдгийн хувьд төмөр замаар үйлчлүүлэгч байгууллага, иргэдийн өмнө хүлээсэн үүргийн найдвартай байдлын баталгаа нь тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах хөдөлгөөний аюулгүй байдлын тогтолцоо юм. Төмөр замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг нь удирдах ажилтан, инженерүүдийн хийж гүйцэтгэж байгаа норматив шүү дээ. Е-нормативыг галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой үндсэн 11 бүтцийн нэгжийн удирдлага, инженерүүд хийж гүйцэтгэдэг. ГТХАБ-ыг хангахад гарч байгаа хүндрэл, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, технологийн горим, заавар, журам, тэдгээрийн биелэлтийг газар дээр нь тодорхой хугацаанд давтамжтай шалгаж, илэрсэн үл тохирлыг арилган тухай бүр сайжруулалтыг хийж, эрсдлийг удирдах явдал нь е-нормативын үндсэн чиг үүрэг.
-Цахим норматив гэдгийг УБТЗ цөөнгүй жилийн өмнөөс нэвтрүүлж, сайжруулан хэрэгжүүлж байгаа гэж ойлгодог?
-Тиймээ. Төмөр замчин бүхний өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашигладаг ТАЖ, ДХЖ, ГТХУЖ гэсэн гурван дүрэм, журам байдаг. Эдгээр журмыг бүрэн биелүүлж ажилласнаар ХАБ-ыг хангах боломж бүрддэг. Энэ гурван журамд нийцүүлэн гаргасан тушаал, холбогдох технологи горим, зааврын хэрэгжилтийг шалгах, нэмэлт сайжруулалтыг цаг алдалгүй хийх үүднээс удирдах болон ИТА-уудыг е-нормативт чиглүүлэн хяналтыг тогтмолжуулан ажилласаар өдгөө 20 гаран жил болжээ. Миний хувьд анх 2004 онд ГТХАБ-ыг хангах чиглэлээр 18 зүйл заалт бүхий нормативыг А4 хэмжээтэй дэвтрийг олж авч хайчилж, шугам татаж нэг бүрчлэн гараар бичиж гүйцэтгэдэг байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл 2-3 жилийн давтамжтайгаар өөрчлөн сайжруулж, 2014 оноос Тээвэр зохион байгуулалтын албаны санаачилгаар хагас цахим хэлбэрт шилжсэн. Акт баримтыг цаасаар хийж, фото баримтыг компьютерт давхар оруулан нормативыг гүйцэтгэж байсан. Тэгээд 2022 оноос Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн санаачилгаар хагас цахим нормативыг бүрэн цахим болгох ажил эхэлсэн. Ингэхдээ интернэт орчинд суурин болон хөдөлгөөнт төхөөрөмжөөс бүрэн ашиглах шинэ хувилбарыг УБТЗ-д нэвтрүүлэх ажлын хэсэг Замын даргын тушаалаар томилогдож, 2023 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулан өнөөгийн байдлаар е-норматив болгон ашиглаж байна.
-Е-норматив бүрэн нэвтрүүлснээр ажил шуурхай болж, цаасны хэрэглээ ч нэлээд буурсан байх?
-Бүрэн цахимжсан е-норматив нь суурин төхөөрөмжид веб хувилбараар, хөдөлгөөнт төхөөрөмж буюу гар утсанд хэрэглэгчийн өөрийн сонголтоор “IOS болон android” үйлдлийн системд бүрэн ажиллах боломжтой апп болтлоо хөгжсөн шүү дээ. Нормативын хэрэгжилтийн хувьд цаг хугацаа болон орон зайн хүндрэлгүй болж, цаасны хэрэглээ эрс буурсан. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба, салбар нэгжийн удирдлага, ИТА-уудын ажлын чиг үүргээс хамааруулан е-норматив гүйцэтгэх ажилтны тоо, нормативын заалт, давтамжийн тоог чиглэлийн албадтай зөвшилцөн цөөрүүлсэн. Мөн илэрсэн үл тохирлыг засаж сайжруулах үүрэг даалгаврын биелэлтийн эргэх холбоог бий болгосноор нормативын чанарт ахиц гарч “Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоо” бүрдэж байна. Өмнө норматив бүрд тусад нь нэг хавтас нээж цаас цуглуулдаг байсан бол одоо үгүй болсон. Дээр нь е-норматив гүйцэтгэж байгаа ажилтнууд маань бүгд юнителийн албан тушаалын болон багцын дугаартайд нь тулгуурлан тус компанид санал тавьснаар сар бүрийн үндсэн дата сүлжээнд нэмэлтээр 10 GB олгож байгаа. Энэ нь шугам замд юнителийн сүлжээ бүхий газар е-нормативыг саадгүй гүйцэтгэх боломж бүрдсэн.
-Салбар, нэгжүүдээр явж байхад ИТА-ууд их ажлын хажуугаар норматив гүйцэтгэх нь амаргүй байгаа талаар ярьдаг. Тэгэхээр гадаа ажилладаг хүмүүс норматив хийх гэж цаг их алддаг юм шиг санагдсан. Энэ талаар?
-Е-нормативт бүрэн шилжихээс өмнө 1050 ажилтан норматив гүйцэтгэдэг байсан. Тиймээс ажил албан тушаалын зэрэглэл, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааруулан гүйцэтгэх шатны ИТА-уудыг хасаж, 805 удирдах ажилтан, инженерийг хамруулсан. Мөн өмнө нь цахим нормативыг долоо хоногт 3-5 удаа хийж гүйцэтгэж байсан бол одоо долоо хоногт нэг, сард хоёр, улиралд нэг удаа гэх мэт давтамжийг нь багасгасан. Ингэснээр дээрх асуудал А-04 тоот тушаалын хүрээнд байхгүй болсон гэж ойлгож болно. Салбар нэгжийн ИТА-уудын хувьд алба, салбар нэгж нь ГТХАБ-ыг хангах хүрээнд е-норматив гүйцэтгэх ажилтнуудыг тогтоож өгч байгаа. Үүнд тодорхой хугацаанд өөрчлөлт хийх боломж дээрх алба салбар нэгжид бий. Бодлогын түвшинд улирал болон хагас жилээр ГТХАБ-ыг хангах чиглэлээр хийж буй ажлаа алба, салбар нэгжийн удирдлагын түвшинд хэлэлцэн дүгнэж, шийдвэрлэдэг маш их өгөөжтэй, үр дүнтэй удирдлагын багаар ажилладаг норматив бас бий.
-ХАБЭА-н чиглэлийн үзлэг шалгалтын нормативыг цахимд бүрэн оруулах гэж байгаа юм билээ. Энэ ажил хэзээ дуусах вэ?
-Замын хэмжээнд аюулгүй байдлын нэгдсэн нэг программтай болох үүднээс энэ оны хоёрдугаар сард е-нормативын үндсэн программ сууринд үндэслэн ХАБЭА-н чиглэлийн үзлэг шалгалтын нормативыг оруулж холболтын ажлыг хийж байна. Тавдугаар сарын 01-нээс хөдөлмөрийн аюулгүй байдлын норматив бүрэн цахимжиж эхлэхээр Мэдээллийн технологийн албаны инженерүүд төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Замын даргын энэ оны А-02 тоот тушаал Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд е-норматив хэрхэн холбогдож байгаа вэ?
-Аюулгүй байдлын соёлыг одоогийн байгаа түвшнээс ахиц гаргах, улмаар байгууллагын соёлыг төлөвшүүлэх арга хэмжээний салшгүй нэг хэсэг нь сахилгын бодлого, нээлттэй мэдээ мэдээлэл, түүнийг бүх шатанд хэрэгжүүлэх явдал гэж харж байгаа. Замын даргын энэ оны А-02 тоот тушаалын хүрээнд бид аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу е-норматив цахим программыг улам өргөжүүлж, УБТЗ-ын аюулгүй байдлын нэгдсэн платформ болгож ашиглан нийт 16000 төмөр замчнаас нээлттэй болон хаалттай мэдээ, мэдээллийг холбогдох чиглэлийн дагуу хүлээн авч хэрэгжүүлэх ажил эхлээд явж байна. Байгууллагын соёл гэдэг бол өргөн хүрээний том ойлголт боловч түүнд онцлог бренд байх ёстой. УБТЗ гэх энэ том байгууллагад улсын хэмжээнд олон түмэнд танигдсан соёл нь “цаг хугацаа, найдвартай байдал” гэж би хардаг.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд