Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга Ц.Сүхбаатартай ярилцлаа.

 

 -Сүүлийн жилүүдэд төмөр замын тосгонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцуудыг дахин төлөвлөх болсон. Үүнийгээ дагаад УБТЗ-ын эрчим хүчний шугам сүлжээнээс цахилгаан авч байсан маш олон барилгын суурин дээр орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байшин, барилга баригдлаа. Уг нь, хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгохдоо тухайн бүсэд нэмэгдэх хэрэглэгчдийн хүчин чадлын өсөлт, цахилгаан эрчим хүчний тэжээл авах шугам, дэд өртөөний ачаалал, хэтийн төлөвтэй уялдуулдаг. Гэтэл та бүхний дэд бүтцийн хүчин чадал хязгаартай. Энэ бэрхшээлийг хэрхэн даван туулж байна вэ?

-Тийм ээ. Таны хэлдгээр сүүлийн жилүүдэд төмөр замын тосгон буюу Нийслэлийн II хороолол үнэхээр их өргөжлөө. Хуучин дан болон хоёр давхар барилгууд 60 гаруй жил ашиглагдаад ашиглалтын хугацаа нь дууссан тул тэдний суурин дээр олон давхар өндөр орон сууцууд баригдсныг та бүхэн харж байгаа байх. Мэдээж, үүнийг дагаад цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж таарна. Гэхдээ бид техникийн нөхцөл хүссэн болгонд өгч чадахгүй. Тийм технологийн боломж ч тааруу. Зөвхөн манайх ч биш. Улаанбаатар хотын хэмжээнд ч ялгаагүй ийм л байр байдалтай байгаа. Харин “Их тойрог” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийг тойруулаад хэд хэдэн дэд станц байгуулсан байдаг. Тэдний төмөр замын тосгонтой хамгийн ойр нь хуучин Тээврийн товчооны дэргэд л дээ. Удирдах газрыг өргөтгөх, Диспетчерийн төвийнхөө цахилгаан хангамжийг найдвартай болгох зэргийг бодолцон ирээдүйгээ харж, дээрх дэд станцаас 10 кВ-ын оруулга татаад авсан. Хэрвээ та анзаарсан бол вокзалаас баруун тийш нийслэлийн 38 дугаар сургууль хүртэлх хуучны хоёр давхар барилгууд мөн дахин төлөвлөлтөд орж, барилгын ажил нь эхэлсэн байна лээ. Шугам сүлжээнийхээ хүчин чадал, аюулгүй байдлын үүднээс бид тухайн компаниудад албан ёсоор хандаж, хотын шугам сүлжээний “Нарлаг” дэд станцаас эрчим хүчээ татахыг санал болгосон. Ер нь, хот гэлтгүй төмөр зам дагуух хотын захын суурьшлын бүсүүдэд ч хэрэглэгчид маш их нэмэгдэх боллоо. Урагшаа Багахангай, хойшоо Баянбуурал хүртэл. Тиймээс бид хотын захын суурьшлын бүсэд Нийслэлийн шугам сүлжээнээс хэд хэдэн гаргалгаа татаж аваад байгаа. Эмээлтэд аж үйлдвэрийн парк барихтай холбоотой 35 кВ-ын дэд станц шинээр баригдсан. Тэндээс манайх гаргалгаа авч төмөр замынхаа цахилгаан хангамжийг найдвартай болгох, хэрэглэгчдийнхээ цахилгаан шугам, сүлжээний хүчдлийн чанарыг сайжруулах ажлыг хийгээд эхэллээ. Баян зөрлөгт байгуулагдсан шахмал түлшний үйлдвэрийн 35/10 кВ-ын дэд станцаас мөн оруулга авч Багахангай хүртэл явдаг байсан шугамыг дунд нь салгаж, хүчдлийн төвшинг сайжруулав. Сайншандад ч ялгаагүй. Өнгөрсөн онд 17 трансформаторыг сольж ашиглалтад оруулсан. Ингэснээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний чанар сайжирч, хүчдлийн уналт багасаж, алдагдал буурлаа.

-Ер нь, хот төлөвлөлт муугаас болоод түүнийг дагасан эрчим хүч, дэд бүтцийн шугам сүлжээнүүд оновчгүй хийгдээд байх шиг байдаг. Барилга, байшин барьж буй аж ахуйн нэгжүүдийг хараад байхад ч хөрөнгө, мөнгөндөө баригдаад аль ойр байх эрчим хүчний сүлжээнээс авах гэх мэтээр нэг шугамд хэт ачаалал үүсгэснээр найдвартай аюулгүй байдлыг нь алдагдуулаад байна уу даа гэж мэргэжлийн бус хүний хувьд харагддаг л даа. Та үүний талаар тайлбарлаж өгөөч?

 

 -Хуучин Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө гэж байв. Хоёр, гурван удаа ч засвар оруулж байсан бодлогын бичиг баримт шиг санаж байна. Түүний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гэж байгуулагдаж байлаа. Гэтэл Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжснээс хойш хотын ерөнхий төлөвлөгөө түүнийг хийдэг газрын аль аль нь алга болсон. Дагаад хот төлөвлөлт ч замбараагаа алдсан. Засгийн газрууд ойр ойрхон солигдож, тэдний томилсон төр, захиргааны байгууллагуудын удирдлагын нас ч богиносов

 

Ц.СҮХБААТАР: АЛГАДАРАМГАЗАРТЛӨНДӨРБАРИЛГАБАРЬДАГНЬ СҮЛЖЭЭНИЙАЧААЛЛЫГНЭМДЭГ

Ийм богино настай Нийслэл, хот, дүүргийн Засаг дарга нар бие биеэсээ өрссөн мэт хамжааргагүй газрын зөвшөөрөл олгодгоос болж, хотын ерөнхий төлөвлөгөөний бодлого алдагдсан гэж би хувьдаа үздэг. Алга дарам газарт л маш өндөр байшин барина. Өндөр болох тусам эрчим хүч, халаалтад зориулсан дулаан, цэвэр бохирын шугам, сүлжээ ачааллаа даахгүй хүнд байдалд ордог. Ганц төмөр замын тосгонд л ийм байгаа биш. Нийслэлийн хэмжээнд ч энэ тулгамсан асуудал болсон. Болсон, болоогүй гаражнууд л гэхэд албан ёсоор үл хөдлөх хөрөнгө болж чаддаггүй мөртлөө хот төлөвлөлтөд хүндрэл учруулахаас гадна инженерийн шугам сүлжээнд саад болоод байдаг, төвөгтэй эд. Харин сүүлийн жилүүдэд иймэрхүү асуудлыг цэгцэлж, газар чөлөөлөх болсон нь инженерийн шугам сүлжээний төлөвлөлтөд тун тустай хэрэг шүү.

-Таны хэлдэг зөв. Ганц дан байшингийн суурин дээр л 100 гаруй айлын орон сууцны барилга барьчихаад ойроор нь УБТЗ-ын шугам сүлжээнээс цахилгаан хангамжаа татах гээд зовоогоод байдаг нь асуудал л даа. Гэтэл үүний цаана цахилгааны хэрэглээ огцом өснө. Дагаад өмнө нь, авч байсан техникийн нөхцөлөө өөрчлөх, хүчин чадлыг нь нэмэх, зэрэглэлээ ахиулах гээд аж ахуйн нэгждээ нөгөө шугам сүлжээ хариуцсан газартаа ч асуудал дагуулаад байдаг бололтой юм билээ?

-Тийм ээ, энэ үнэхээр хэцүү асуудал. Жишээ нь, Амгаланд хотын шугам сүлжээний харьяаны дэд станц гэж бий. Манайд ч өөрийн өртөө, зөрлөг, технологийн орон сууц, үйлдвэрийн барилгуудаа хангах зориулалттай шугам сүлжээ байна. Гэтэл 100-хан метрийн цаадах хотын шугам сүлжээнээс татаад авчихаж чадахгүй дэргэдэх шонгоосоо авчих гээд л зүтгээд байдаг тохиолдол манайханд бишгүй дээ гарна. Үгүй тэгээд амьдрал л болсон юм хойно мөнгө төгрөгтөө л баригдаад тэгдэг байлгүй дээ гэж бодох юм. Номоороо 6/10 кВ-ын шугамаас 220-380 вольт өгч болохгүй л дээ. Заавал бууруулах трансформатор тавьдаг ёстой. Төмөр замын тосгоныг харахад л бид чинь тэр хуучин дан байшингийн суурин дээр баригдсан том чадлын хэрэглэгчдийг тэр бүр техникийн нөхцөлийг нь өөрчлөөд, холбоод байж чаддаггүй. Угаас тийм боломж ч байхгүй. Эрчим хүчний дүрмэнд заасан байдаг. Хотын шугам сүлжээнээс нэг км шугам сүлжээ татахад хэдэн төгрөг болох юм, тэр зардал мөнгийг нь цаад байгууллага шийдээд өгөхөд бидний хувьд эрчим хүчийг нь татаад өгөхөд асуудалгүй. Өнөөдөр эрчим хүчний салбарынхан техникийн нөхцөлөөс гадна, эдийн засгийн нөхцөл гэдгийг маш их ярих болсон. Бид чинь дэлхий нийтийн жишгээр чөлөөт зах зээлийн нийгмийг хөгжүүлээд 30 гаруй жил боллоо. Хөдөлбөл хөлс. Түүнээс аль нэг хэрэглэгчээс шалтгаалаад бид өөрсдийн дэд станцаа өргөтгөөд байх боломжгүй. Тийм санхүүгийн чадавх ч байхгүй гэдгийг түрүүчийн удаад хоёулаа ярилцсан. Яах вэ, УБТЗ-аас тэтгэвэртээ гараад хөдөө орон нутагт төмөр зам дагаад буучихсан хөгшчүүлд “Үгүй” гэж хэлээд байж чаддаггүй, цахилгааныг нь татаад өгчихдөг. Ер нь, төмөр зам дагасан суурьшлын бүс нэмэгдээд байгаагийн цаад шалтгаан нь өдөр бүр зорчигчийн галт тэрэг тогтсон цагийн хуваарийн дагуу аялдагт байгаа юм. Үүнийг чинь дагаад маш олон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн байдаг. Эрчим хүч, харилцаа холбоо, ус хангамж, худалдаа гээд нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдсэн. Уг нь, олон улсын жишгийг харахад, улсаас нь орон нутгийн галт тэрэгний тарифийн алдагдлыг нөхдөг. Манайд харамсалтай нь ийм тогтолцоо алга. Үнэндээ нийслэл хотын хэт бөөгнөрлийг бууруулахад иймэрхүү бодлого, тогтолцоо чухал. Та бод доо, Улаанбаатар хот дотор хоёр км хүрэхгүй газар таксигаар явах үнээр төмөр замаар 100 орчим км галт тэргээр зорчих боломжтой байна. Ийм л энгийн шалтгаануудаар төмөр зам дагуух суурьшлын бүс нэмэгдсэн, тэнд эрчим хүчний хэрэглээ өссөн гэж харагддаг.

-УБТЗ-ын эрчим хүчний шугам сүлжээ тодорхой хязгаартай. Аюулгүй байдалталаасаа иймэрхүү хязгаарлагдмал шугам сүлжээнээс том чадлын хэрэглэгчид эрчим хүч татахасуудалнь эргээд магадгүй төмөр замын үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хангахаар ажиллаж буй УБТЗ-ын аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлөх тал бий юу. Эрсдлийг та юу гэж харж байна?

 

-Их товчоор би танд харьцангуй гайгүй гэж хэлье. Монгол Улсын эрчим хүчний салбарт мөрдөж буй дүрэм журам, норм норматив гэж бий. Хүчин чадлаасаа илүү гарсан хэрэглээг угаасаа бид өгч чадахгүй. Тэгэхээр би таны асуултад ингэж хариулж болох юм. Инженерийн шугам сүлжээний аюулгүйн зай хэмжээ гэж байдаг. 35 кВ-ын шугам сүлжээнд гурван метрээс дотогш зайд айл, өрх байхыг хориглодог. 6/10 кВ-ын шугам сүлжээнд 1.5 метрээс дотогш бүр нэвтрүүлэх ч үгүй. Тэр зайнаас дотогш орж, аюулгүйн ажиллгааны дүрэм, журам хангаагүйгээс осолдсон ганц нэг жишээг хэлье л дээ. Төмөр замд аюулгүйн шугам гэж байна. Тэр бүс рүү айл өрх, албан байгууллагыг нэвтрэхийг хориглодог. Гэхдээ амьдрал баян болсон хойно тэр бүс рүү орчихсон байх мэр сэр тохиолдол гарна. Тухайлбал, 361 дүгээр км-ийн гармын ойролцоо нэг хувийн аж ахуйн нэгж хашаагаа сунгахдаа манай шугам сүлжээг хашааныхаа дотор оруулсан байсан. Уг нь, тэр хэсэг газар чинь инженерийн шугам сүлжээний халдашгүй хэсэг. Дүрэм, журам зөрчснийг нь ч бид удаа дараа сануулж, бичиг цаас өгч байсан юм, тэр үедээ. Гэтэл нэг өдөр хашаандаа самосвал машинаар нүүрс буулгахдаа тэвшээрээ манай өндөр хүчдлийн шугаманд хүрчихэж. Ингээд нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар цагдаагийн байгууллага шалгах явцад анхны авсан техникийн нөхцөлөө зөрчиж, хашаагаа сунгахдаа өндөр хүчдлийн агаарын шугамыг хашаан дотроо оруулсан байснаас энэ хэрэг үүдсэн гэдгийг тогтоосон. Баян зөрлөгт мөн крантай автомашин ажил гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж, өндөр хүчдлийн шугам унагасан тохиолдол гарсан. Азаар машин нь газардуулгатай тулдаа хүний амь эрсдээгүй.

-Эрчим хүчний шугам сүлжээнээс хулгайгаар цахилгаан татах асуудал их гардаг. Энэ нь, хэрэглээг өсгөж, тухайн байгууллагыг алдагдалд оруулах нэг шалтгаан болдог. Танай хувьд хот, хотын зах газруудаас гадна, орон нутагт төмөр зам дагуух томоохон суурьшлын бүсүүдэд ийм асуудал гарах юм уу?

-Манай шугам сүлжээнд ийм тохиолдол харьцангуй бага л даа. Яагаад гэхээр бид олон жилийн турш үүний эсрэг арга хэмжээ авсан. Эрчим хүчний хуульд заасны дагуу айл өрхөөс авдаг суурь хураамж гэж бий. Түүгээрээ бид эрсдлийн сан байгуулаад хуримтлагдсан мөнгөөр нь шугам сүлжээгээ сайжруулах ажлыг олон жил, шат дараатай хийсэн.Үүний үр дүнд гадуураа бүрээсгүй, гантай утас гэж манайхан ярьдаг даа. Тийм утаснуудаа бүгдийг нь бүрээстэй утсаар сольсон. Ийм утаснууд нь нэгдүгээрт, гэмтлийг бууруулдаг. Салхи шуурганд хоорондоо хавираад гэмтээд байхгүй. Хоёрдугаарт, таны асуусанчлан хулгай хийх нөхцөлийг үгүй болгодог. Ингэж ажилласны хүчинд манай алдагдал буурч, эрчим хүчний систем дотроо хамгийн бага алдагдалтай байгууллагаар шалгарсан юм шүү.

-Сурагчдыг цахимаар хичээллэжбайгаатай холбоотой танайхжурмаа өөрчилж, цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэдавдаг арга хэмжээгээ өөрчилсөн байсан. Үүнийг дагаадгэхүү хэрэглэгчдийн буруу зөрүү ойлголтоос гэхүү танай дээр айл, өрхийн хэрэглээтэй холбоотой ихээхэн хэмжээний авлага үүссэн гэдгийг та түрүүчийн ярилцлагадаа дурдана лээ. Харин сая Засгийн газрын ээлжит хуралдаанаар сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэхшийдвэр гарлаа. Одоо журмаа өөрчлөхүү?

-Салбар яамнаас ямар үүрэг өгнө түүнийгээ л дагана. Одоохондоо ямар нэг шийд ирээгүй учраас би танд тоймтой юм хэлж чадахгүй нь. Харин авлагаа авахын тулд хэрэглэгчдийнхээ ухамсарт илүү найдахаас өөр арга алга. Ухуулга сурталчилгаа маягтай мэдээлэл л өгч байна даа. Хэрэглэгч бүрийн холбоо барих утасны дугаараар мессеж явуулна. Гэрийн хаягаар нь бичиг хүргүүлнэ. Хуучин журмаар цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хоногоор хүү, алданги тооцдог байв. Мөн мэдэгдэл өгөөд өр төлбөрөө барагдуулаагүй бол цахилгааныг таслаад хязгаарлачихдаг байсан. Гэтэл цар тахлаас үүдээд хөл хорио тогтоож, сурагчдыг цахимаар хичээллүүлэх болсонтой холбоотой цахилгааны хязгаарлалт хийхгүй, хүү, алданги тооцохгүй байх үүргийг Засгийн газраас ЭХЯ-нд өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар бид ч салбар яамныхаа шийдвэрийг дагаад л ажиллаж байна. Гэхдээ энэ авлагатай холбоотой өр төлбөрөөс тал орчим хувь нь бидний үйл ажиллагаатай шууд бус холбоотой. Жишээлбэл, Дархан-Улаанбаатар хоорондын авто замыг засаж байгаатай холбогдуулан хэд хэдэн гармыг өргөтгөж, шинэчлэх ажлыг гадны аж ахуйн нэгжүүд хийсэн. Эднээс авах 600 орчим сая төгрөгийн авлага бий. Энэ бүхэн тооцогдсон дүнгээр тэрбум орчим төгрөгт хүрээд байгаа юм. Мөн биткойн буюу крипто валют олборлож байсан аж ахуйн нэгжүүдтэй холбоотой шүүх дээр яваа асуудал ч байна. Авлагаа бага сагаар бууруулж байгаа ч бүрэн барагдуулж гүйцээгүй л явна.

-Биткойн олборлохтой холбоотой асуудлыг манайдер нь хэрхэн зохицуулсан байдаг юм бэ. Манайдэрчим хүчний үнэ харьцангуй хямдбайдаг нь магадгүй ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тоог нэмэх, хэрэглээг хиймлээр өсгөх, хулгайгаар шугам сүлжээнд холбогдох гэх мэтээр сөрөг нөхцөл байдал үүсгээд байна уу даа?

-Ер нь, манай улсад эрчим хүчний үнэ харьцангуй хямд байдаг тухай би танд өмнө нь хэлсэн. Биткойн олборлох чинь цахилгаан эрчим хүчнээс шууд хамааралтай. Маш их цахилгаан эрчим хүч ашигладаг, ийм л үйл ажиллагаа юм билээ. Манай шугам сүлжээнд биткойн олборлодог 4-5 газар байна. Нэгдүгээрт, эдгээрийн тоог цаашид нэмэхгүй байх, хоёрдугаарт, төлбөрөө төлөхгүй байгаа газруудыг эрчим хүчээр хангахгүй байхаар тогтсон. Хуулийнхаа дагуу урьдчилсан төлбөр авч байж эрчим хүчээр хангахгүй бол энэ нөхөд чинь өөрсдөө маш их цахилгаан ашиглаад биткойн олборлож мөнгө олдог хэрнээ төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй яваад байх юм. Өнөөдөр манайд маш олон төрлийн койн зах зээлд гараад ирлээ. Энэ асуудал шүү.

-Манай улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойтой холбоотойгоор дотоодын эрчим хүчний тодорхой хувийг хангах 1-2 станц барих талаар Шадар сайд хэвлэлд мэдээлэл өгсөн. Бүр төмөр замын трасс дагуух томоохон суурьшлын бүсүүдэд хэрэглээ бий болгоно гэж тодотгосон шүү дээ. Эрчим хүчний инженерийн хувьд энэ танд хэр бодитой сонсогдсон бэ?

-Хий хий гээд шатаж л байгаа учраас утаа гарах нь тодорхой. Гэхдээ хийгээр ажилладаг цахилгаан станцууд маш бага утаа гаргадаг юм билээ. 2017 он шиг санана. Би мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад БНСУ-д очсон юм. Тэр үед бүтэн дүүрэг, мужийг эрчим хүчээр хангадаг хийн станцад очиж үзсэн. Харахад бүрэн шаталт, утаа гэх юмгүй, үл ялиг саарал зүйл яндангаас нь олгойдож байна. Тэгэхээр түлшний хувьд утаа тортог гарах нь бага, агаарын бохирдол энээ тэрээ гэвэл ашигтай байдаг юм болов уу л гэж ойлгосон. Ер нь, манайхаас бусад олон оронд ахуйн хэрэгцээнд хий бүрэн нэвтэрсэн шүү дээ. Сүүлийн үед ямар ч байшин барилгын гадна талаар хийн системийг явуулдаг технологи бий болчихсон юм билээ. Гэхдээ Монголын нөхцөлтэй харьцуулахад харьцангуй зүйл л дээ. Монгол Улс чинь 45 дугаар өргөрөгт оршдог. Эрс тэс, хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс. Шингэрүүлсэн хий чинь өвөл хөлдөнө, царцана гээд асуудал их. Түүнийг шийдэж чадвал боломжгүй зүйл шиг санагдаагүй.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

ЯРИЛЦСАН   Б.МӨРӨН