Замын-Үүд зангилааны дарга Ч.Сугирбаатартай өнгөрсөн ажлын ачаалал, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Цар тахлын нөлөөгөөр манай улс руу чиглэсэн импортын ачаа тээвэр урд хөршид маш ихээр хуримтлагдаж, Засгийн газар, ЗТХЯ-наас ачааны хуримтлалыг эрчимтэй татах үүргийг УБТЗ-д өгсөн шүү дээ. Энэ ажилд танай зангилааныхан маш их үүрэг оролцоотой ажилласан. Ер нь, хуримтлагдсан ачааг тээвэрлэхэд ажлын ямар зохион байгуулалт хийв?
-Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдал төдийлөн буураагүй явсаар оны эцсээр л “толгой жаахан өндийлөө”. Монгол Улсын ачаа тээврийн 70 хувийг транзит тээвэр эзэлдэг байсан. Энэ тээвэр 150 орчим хувийн буюу ашигтай шүү дээ.Гэвч ковидын хугацаанд транзит тээврийн хувийг бууруулан төр засгийн шийдвэрээр импортын ачааг 70 хувьд хүргэж тээвэрлэлээ. Дотоодод шингэдэг тээврийн эзлэх хувь ийм өндөр болчихоор бид энэ хөдөлгөөнийг зохион байгуулах шинэ гарц хайсан. Тэгтэл Улаанбаатар хотод Замын-Үүдийн тээвэр логистикийн төв шиг хүчин чадалтай газар байдаггүй. Байгаа хэд нь хүчин чадал багатай учир цөөн хэдэн чингэлэг буулгахад л талбай, зам нь дүүрчихдэг. Замын-Үүд гэхэд 2800 чингэлэг хүлээн авах хүчин чадалтай байхад Улаанбаатарт 2000-аас илүү багтдаггүй. Бид энд зөвхөн ачиж, буулгах ажил хийдэггүй. Галт тэрэг солилцоо УБТЗ-ын 16 мянган төмөр замчны нийлмэл хөдөлмөрөөр бүтэж байгаа. Хойд хилийн төмөр замчдаас авахуулаад бүх л өртөө, зөрлөгийн төмөр замчдын хөлс хүч шингэдэг. Экспортын тээврийг бид урагш нь гаргахын тулд хөдөлгөөнийг зөв зохион байгуулах ёстой. Ковидын үед урагшаа хүлээж авдаг галт тэрэгний тоо зургаа хүртэл буурсан. Өөрөөр хэлбэл, хятадын тал зөвхөн хүний гар оролцдоггүй ачааг л авна гэсэн. Тэр нь техникээр өргөөд тавьчихдаг чингэлэг гэсэн үг. Зургаан галт тэрэг болж буурсан шүү дээ. Тиймээс бүх бололцоогоо дайчлан ажиллаж хоёр сарын дараа гэхэд найм, цаашлаад шат дараатайгаар арав, 11, 12 галт тэргэнд хүрсэн. Ингэснээр өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн 14 галт тэрэг тогтмол хүлээлгэж өгдөг боллоо. Миний харж буйгаар бид тогтмол 14 галт тэрэг хүлээлгэж өгөхөд л Замын эдийн засгийн байдал тогтвортой байх юм байна гэж ойлгосон. Харин ашигтай ажиллахын тулд үүнээс илүү олон галт тэрэг хүлээлгэж өгөх болно. Цар тахлын энэ хүнд үед манай зангилааныхан яаж нэгдэн нийлж, хамтарч ажиллаж чаддахаа бүрэн харуулсан.
-Тэгэхээр олноор нь татаж авчирсан чингэлгүүдээ хэрхэн шингээж байв?
- Бүх өртөө, зөрлөгийнхөө замыг ашигласан. Импортын тээвэр хийдэг вагон манайд төдийлөн хангалттай биш. Тиймээс бид ОХУ-аас хоосон вагонууд түрээслэн хэд эргүүлсэн. Улаанбаатар дахь талбайнуудыг хурдан суллаж, чөлөөлөхөд Амгалан, Улаанбаатар, Толгойт өртөөд тухайн хувийн хэвшлийнхэнтэй нь хамтран шуурхай ажилласан. Өөр газар ч талбай нэмж гаргасан. Энэ мэтчилэн тал бүртээ эрчимтэй ажиллаж байж бид ард нь гарч чадлаа. Үндсэндээ, 2022 он бидний бэлэн байдал, ажлын чадварыг шалгасанжил байлаа. Урд өмнө нь ийм тээвэр байгаагүй. Дээр хэлсэнчлэн нийт тээврийн 70 хувь нь манай улсаар дамжин өнгөрдөг байсан болохоор бид талбайн асуудалд санаа зовдоггүй байж. Гэхдээ бид Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ-ны өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүллээ.
-Тяньжин боомтод одоо хэр олон чингэлэг үлдээд байгаа вэ?
-ЗТХЯ-наас өдөр бүр өгдөг мэдээг сонсоход чингэлгийн тоо 2000 дотор л байна. Ер нь, өмнө тус боомтыг 3200 орчим чингэлэгтэй байх нь хэвийн үзэгдэл гэж сонсож байсан. Бид ковидын үед зөвхөн Тяньжинаас гэхэд л өнөөгийн байдлаар 48 мянган чингэлэг татаж аваад байгаа. Манайд нарийн царигаар орж ирдэг 7-8 галт тэрэгний 5-6 нь транзит, хоёр нь импортын ачаа байдаг байлаа. Харин дотоодын ачааг татан авах ажил эрчимтэй өрнөхөд эдгээр галт тэрэг бүгд импортынх болсон. Уг нь, төмөр зам бизнесийн байгууллага учир ашиг орлогоо бодохоор энэ нь маш хүнд асуудал л даа. Гэвч ашиггүй ч улс орныхоо төлөө бид ажилласан.
-Энэ тээвэртэй холбоотой илүү цаг танай зангилаандих гарсан уу?
-Тэгэлгүй яах вэ, маш их гарсан. Хэдийгээр Замын хэмжээнд санхүү хүнд байсан ч ажилчдадаа илүү цагийгнь олгосон. Ер нь, бид ачааллыг давахын тулд нэмэлт зүтгүүр ажиллуулсан. Тодруулбал, сэлгээний зургаан зүтгүүр ажилладаг байсан ч долоо болгож гаргасан шүү дээ. Эдгээрээс шалтгаалж илүү цаг гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Бүр зарим үед ковидын улмаас хоёрхон ээлжтэй болж ажилласан тохиолдол ч бий. Хэзээ ч барахааргүй ажлыг яаж хоёрхон ээлжээр амжуулчихав гэж зарим нь гайхаж л байсан. Гэхдээ манайхан ажлын маш зөв зохион байгуулалтад орж ажилласны хүчинд хоёрхон ээлж үлдсэн ч нугараагүй. Ёстой хүний хүчийг бүрэн ашигласан гэхэд болно. Бизнесийн байгууллагын “Цөөн хүнээр их ажлыг амжуулна” гэсэн алтан дүрэм байдаг даа. Манайх бүр бүрэн ашиглалаа гэдэг үг ч багадахаар байсан шүү. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалт зөрчилгүйгээр ээлжийн зөв зохицуулалт хийсэн. Бид ажилтнаа ээлжээс буухад нь тосож аваад л амрах өрөөнд нь шууд оруулдаг байлаа.
-Танай хамт олон өнгөрсөн онд олон дээд амжилт тогтоосон шүү дээ. Энэ талаар?
-Тиймээ, бид аравдугаар сард 15 галт тэрэг зургаа, 16-г нэг удаа өгсөн. Арванхоёрдугаар сарын 20-нд Тээвэр зохион байгуулалтын албаны 70, 71 жилийн ой болсон. Энэ ойг угтаад Эрээн өртөөнийхөнтэй ярилцан өртөө паркуудаа аль аль талдаа суллахаас эхлэн олон бэлтгэл ажлыг долоо хоногийн турш хийж байгаад 17 галт тэрэг солилцож чадсан. Тэгэхээр бидний ойрын ирээдүйд зорьж буй тоо бол 20 галт тэрэг. Миний харснаар бол өргөн царигаар 18 галт тэрэг солилцох байх. Харин нарийн царигаар хоосон өгч байгаа галт тэрэгнээс хоёр галт тэргийг ашиглан ачаа өгөөд байвал 20-д хүрэхээр байгаа. Нөгөө талаар, хил дээр зөрлөг барьж, нарийн царигийн замаа хос болгочихлоо. Мөн Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын замыг хос болгосон. Ер нь, өнгөрсөн онд төмөр замынхаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд төмөр замчид бүгд сайн ажиллалаа. Тэр дундаа, Замын-Үүд зангилаанд Замын хэмжээний голлох бүтээн байгуулалтыг хийлээ. Замын захиргаа ч хөрөнгө хүчээ манай зангилаанд өглөө.
-Тэгэхээр энэ онд зорьсон 20 галт тэргэндээ амархан хүрэх боломжтой юм байна гэж ойлголоо?
-Ер нь, өнгөрсөн онд хүнд үед бид цөөн галт тэрэг солилцож, 27.5 сая тонн ачаа тээвэрлэсэн шүү дээ. Одоо өргөтгөл шинэчлэл нэлээд хийсэн учир галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх боломж харагдаж байгаа. Бид одоо тогтмол 14, цаашлаад 15, 16 галт тэрэг солилцоход тэмүүлнэ. 2021 онд төмөр зам 31.5 сая тонн ачаа тээвэрлэсэн дээд амжилт бий. Харин энэ онд лав энэ амжилтад түвэггүй хүрэх болов уу гэж харж байна.
-Хятадын тал манайхны тавьсан хүсэлт, шаардлагыг хүлээж авахдаа ямар байдаг вэ?
-Маш сайн хамтарч, харилцан бие биенээ хүндэтгэж ажилладаг. Ковид гараагүй үед ч хоёр талд маш нягт хяналт, хатуу дэглэм дор хариуцлага өндөртэй ажилласан. Тэгсний үр дүнд ямар ч асуудал гараагүйг төмөр замчид мэднэ. Урагшаа зүтгүүрүүд битүүмжлэгдсэн байдалтай нэвтэрдэг байсан. Бичиг баримтыг нэг л галт тэргээр явуулна. Мөн цахимаар зургийг нь авч явуулдаг байлаа.Гэтэл автотээвэрт үе үе халдвар гарлаа гээд л хөдөлгөөнийг нь хязгаарлаж байсан.
-Одоо бол нөхцөл байдал гайгүй болсон биз дээ?
-Тиймээ, одоо бичиг баримт галт тэрэг бүртээ явдаг болсон. Өмнө нь, бид агентгүй технологи хэрэгжүүлсэн. Энэ нь ковидын үед ч юм уу, онцгой тохиолдолд долоо хоног, сарын хугацаанд хийж болж байна. Харин олон жилээр тогтмол нэвтрүүлж болохгүй гэдэг нь харагдсан. Агент заавал газар дээр нь очиж асуудлыг шийдвэрлэхгүй бол вагонууд их эвдэрч байна. Тээврийн бичиг баримтын алдаа, зөрчил, дутагдал ч замаа алдсан. Дээрээс нь, техникийн нөхцөлөөр ачдаг ачаа гэж байхгүй болсон. Зүгээр л асгаад хаячихдаг. Тэгээд ороод ирсэн хойно нь бид шилжүүлэн ачих боломжгүй гээд буцаах гэхээр олон сар, жилээр ачаагаа хүлээчихсэн манай улсын нэг иргэн ачаагаа авахаар хүлээгээд зогсож байдаг. Дүрмээ барьж ажиллах гэхээр тэр иргэн хохирох гэдэг. Тиймээс буулгах ямар боломж байна гэдэг арга замыг илгээгч, хүлээн авагчтай хамтраад л олж хийдэг.
-Агентууд тэгвэл хил гарч ажилладаг хэвийн горимдоо шилжсэн үү?
-Хил гарч ажилладаг болох хүсэлтээ Эрээн хотын захиргаанд өгсөн. Хятадууд ч өөрийн агентаа нааш нь оруулж ирэн хятад вагоноо хардаг байхгүй бол болохгүй нь гэсэн байр суурьтай байгаа. Тун удахгүй шийдвэрлэгдэж агентууд маань хил гарч ажиллана.
-Үнэхээр ч төмөр замчдын хүчээр манай улс цар тахлын хүнд үеийг давлаа. Одоо хил нээгдлээ, ачаалал улам л ихсэх байх даа?
-Тодорхой хэмжээгээр нэмэгдэлгүй яах вэ. Ер нь, Монгол Улс төмөр замгүй байсан бол эдийн засаг ёстой элгээрээ хэвтээд л дуусах байсан байх. Харин төмөр замын, төмөр замчдын хүчээр л хүнд үеийг давсан шүү дээ. Гэхдээ төмөр замчид “Бид мундаг байлаа” гэж цээжээ дэлдээгүй. Харин ард түмэн, төр засаг ч тэр. “Эмнэлэг, онцгой, цагдаа, хэвлэл мэдээллийн хүчээр давлаа” гэж яриад байгаа. Би ч тэдэнд талархаж байгаа. Гэвч төмөр замыг бараг дурсдаггүй. Хүн л юм чинь тэгэхээр нь гонсойх үе гарна. Манай төмөр замчид бол маш сайн ажилласан. “Баатар төмөр зам” гэж нэрлэсэн ч болохоор байгаа.Ёстой хүйтэнд хөрж, халуунд халж, цар тахлыг сөрөн гэр орноосоо хол тусгаарлагдан ажиллаж байлаа.
-Танай зангилааны нийт ажилчдын хэдэн хувийг залуус эзэлж байгаа, мөн тогтвор суурьшил нь ямар байна вэ?
-Солонгос явах, бусад төмөр замын байгуулага руу шилжих зэргээр шилжилт хөдөлгөөн их байна. Ер нь, говийн бүсэд ажиллах нөхцөл нь өөрөө хүнд болохоор залуучууд дасан зохицохдоо хэцүү байдаг. Гэхдээ Замын захиргаанаас “Говийн төмөр замчин хөтөлбөр” хэрэгжүүлж буйтай холбоотой шилжилт хөдөлгөөн тодорхой хэмжээгээр саарсан нь ажиглагдаж байна. Замын-Үүдэд ажиллаж буй хүн цалин дээрээ 150 мянга, шугам замд ажилладаг хүмүүс 200 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг болсон. Мөн саяхан хоолны мөнгө нэмэгдлээ. Зангилааны хэмжээний төмөр замчдын 60 хувь нь залуус. Үүний дийлэнх нь шинэ ажилтан гэхэд болно. Тиймээс тэдэнд ажлын дадлага туршлага, зөв арга барил суулгахад нь анхаарах олон ажлыг хийж байгаа. Тухайлбал, ахмад, дунд үетэйгээ уялдуулан дадлагажуулан сургахад анхаардаг. Хурал зөвлөгөөнийг ч арай өөрөөр хийхгүй бол болохгүй болж. Сайныг нь магтаж, талархал илэрхийлж, урамшуулж байх хэрэгтэй. Хүн гэдэг чинь урмаар тэтгэгддэг шүү дээ. Үнэхээр магтахгүй байхын ч аргагүй. Хоёр ээлж хамтраад хийдэг байсан ачилтын төлөвлөгөөг нэг ээлж хийж байх жишээтэй. Дээд амжилт тогтоосон багийг ээлжээс буухад нь хүлээн авч баяр хүргээд боломжийнхоо хэрээр шагнаж урамшуулдаг. Тэгтэл дараагийн ээлж нь “Даргаа, бид амжилтыг эвдчихлээ” гэсээр л орж ирнэ. Шагнал урамшууллыг ч Замын захиргаа сайн өгч байгаа. “Хүн орхив, гомдоов” л гэдэг. Тэгж байтал хэд хоногийн дараа бас нэг ээлж өмнөх амжилтыг нь эвддэг. Сайхан байгаа биз.
-Үнэхээр бахархалтай байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахад амьдрах орон байр чухал. Танай зангилаанд орон сууц барих асуудал яригдаж байсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Энэ оны гуравдугаар сараас хоёр есөн давхар, 108 айлын орон сууцыг барьж эхэлнэ. Дээр нь, бодлого хөтөлбөрт тусгасан спорт цогцолбор, соёл амралтын төв зэрэг олон бүтээн байгуулалтыг хийчихвэл ажиллаж амьдрах нөхцөл сайжирна. Говийн төмөр замчдыг нутгаас нь бэлтгэх бодлого бас байгаа. Тухайлбал, сумын дунд сургуульд нь чиглүүлэх сургалттай анги бий болгосон шүү дээ. Энэ анги анхны төгсөлтүүдээ хийж, түрүүчээсээ төмөр замын мэргэжлээр суралцан ажилд орж байгаа. Энэ мэтчилэн ирээдүй гэрэлтэй байгаа.
-Тийм байна. Ачаа тээврийг нэмэгдүүлэхэд ШАА-д калмарын хүрэлцээ дутмаг байсан. Шинийг худалдан авах тухай Замын даргын үзлэгээр яригдаж байсан. Энэ ажил биелэлээ олсон уу?
-Хоёр калмар авах тендер зарласан байгаа. Замын захиргаанаас анхаараад нэг түрээсийн калмар ажиллуулж байна. Одоо нийт дөрвөн калмар ажиллаж байгаа. Дээр нь,хоёр калмар нэмээд авчихвал улам л сайхан болно. Хоёр жилийн өмнө бид маш хүнд байлаа шүү дээ. Хоёрхон калмартай, үе үехэн нэг нь эвдрээд зогсчихно. Ер нь, Замын-Үүд тал газар, салхи шуурга ихтэй учир ачиж буулгах ажлыг өөрөө явагч техникээр л голчлон гүйцэтгэх юм билээ. Энэ том том хүчин чадалтай кранууд чинь арван метр секундээс дээш салхилахад л ажил нь зогсдог. Тиймээс калмар л бидний гол ажлыг нугална.
-Нарийн царигийн өртөөг автоматжуулах ажил юу болж байна вэ. Ер нь, өнөөгийн байдлаар энэ өртөөгөөр хэдэн галт тэрэг хүлээж аваад байгаа вэ?
-Хүчин чадал нь 7.5 шүү дээ. Гэхдээ он гарсаар эхний арав хоногт гэхэд гурван удаа найман галт тэрэг хүлээж авсан. Ингэхийн тулд бас багагүй бэлтгэл ажил зохион байгуулдаг юм. Сая хос замтай боллоо. Эрээндээ бас хоёр замаар холбогдох асуудал байгаа. Бид наана нь сум тавиад салбарлуулсан л даа. Нарийн царигийнхаа өртөөнд 12 зам дээрээ дахиад хоёр зам шинээр нэмнэ. Тэгээд хамгийн гол асуудал нь төвлөрүүлэлтэд холбох ёстой. Одоо гар ажиллагаатай байгаа. Хүний оролцооттой, гар ажиллагааг багасгаж, хөдөлгөөн зохион байгуулалтыг автоматжсан системээр хийхгүй бол болохгүй. Гараар сум эргүүлж байдаг үе аль хэдийнэ ард үлдсэн шүү дээ. Замналыг бэлтгэж галт тэрэг хүлээн авч явуулдаг үйлдэл нэгхэн хүнээр л дамжих ёстой. Тэр нь өртөөний жижүүр.Гэтэл манай нарийн царигийн өртөөнд өртөөний жижүүр, дээр нь паркийн жижүүр бий. Паркийн жижүүр замналаа бэлтгээд өртөөний жижүүртээ хэлдэг, жижүүр нь машинчид команд өгдөг. Замналд ингэж олон хүн хамрагдах тусмаа л эрсдэл бий болдог. Тиймээс төвлөрүүлэлтэд холбохгүй л бол хүлээж авах галт тэрэгнийхээ тоог нэмэгдүүлэхэд ч хүнд. Гэхдээ Эрээн өртөөтэй галт тэрэгний солилцоо дор хаяж тогтмол 14 байгаа цагтЗамын маань санхүү эрс сайжирна.Замын захиргаа дээрх энэ бүтээн байгуулалтыг 2023 ондоо хийх болов уу гэж харж байгаа. Хятадын тал сэлгээ хийдэг олон замтай байснаа цөөлж, галт тэрэг хүлээн авах замуудаа нэмсэн. Цааш нь өртөө хоорондын замуудаа ч нэлээд өргөтгөөд байна.
-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын илүү өндөр амжилт хүсье!
ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД
Сэтгэгдлүүд
Цар тахлын үед маш хариуцлагатай ажилласан Замын-Үүд зангилааныхандаа талархал илэрхийлье