Аялал жуулчлалын төвийн дарга Ч.Мөнх-Эрдэнэтэй  цаг үеийн  ажлын  талаар товч ярилцлаа.

 

-Тус төвөөр төвөөр хэдэн жуулчин үйлчлүүлээд байна вэ?

 

-Оны эхний есөн сарын байдлаар УБТЗ-ын Аялал жуулчлалын төвөөр дамжуулан 13 удаагийн аяллаар Хятад улсын 314, дөрвөн удаагийн аяллаар ОХУ-ын 15 болон Франц улсын нэг иргэнийг хүлээн авч үйлчиллээ. Эдгээр жуулчдын олонх нь аялал жуулчлалын оргил үед буюу тавдугаар сараас хойш ирсэн.

 

-Дотоод, гадаадын ямар аялал зохион байгуулж байгаа. Эдгээр аялалд төмөр замчид хамрагдсан уу?

 

-Манайх дотоод, гадаадын аль ч аялалдаа төмөр замчдаа хамруулахыг зорьдог.  Энэ онд гадаад аяллын хувьд таван чиглэлд аялал зохион байгуулсан. Үүнд: Улаанбаатар-Эрээн- Жининь-Хөх хот-Ордос, Улаанбаатар-Эрээн-Сайхан тал халуун рашаан, Улаанбаатар-Эрээн-Жининь халуун рашаан-Мини Аватор- Хөх хот, Улаанбаатар-Эрээн-Хөх хот-Ухань- Жанжиажэ Тэнгэрийн хаалга-Аватор болон Улаанбаатар-Манжуур гэсэн гадаад аялал багтаж байгаа юм. 

Төмөр замчид маань Төв эмнэлэг БНСУ-ын Бусан хотын "Daedun hospital" эмнэлэгтэй хамтран ажиллах болсон талаарх мэдээг сонссон байх. Тэгвэл бид энэ ажлын хүрээнд арваннэгдүгээр сард аялал зохион байгуулахаар хүмүүсээ бүртгэж байна. Уг аялалд хамрагдсанаар урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд ороод зогсохгүй БНСУ-ын Бусан, Гванжу хотуудаар аялах таван өдөр, дөрвөн шөнийн  хөтөлбөр боловсруулсан. Аяллын үнэ 4980000 төгрөг. Үүнд хоёр талын онгоцны тийз, эмнэлгийн үзлэг оношилгоо, зочид буудал, өдрийн гурван хоолны үнэ багтсан байгаа. Төмөр замчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдангаа хоёр хотоор аялаад ирэх энэхүү боломжийг алдалгүй үйлчлүүлэхийг уриалж байна.  Манай төвөөс зохион байгуулдаг гадаад аялалд төмөр замчид маань хамт олноороо оролцож байна. Тухайлбал, Вагон ашиглалтын депогийн баг хамт олон долдугаар сарын 24-28-нд Улаанбаатар- Эрээн- Сайхан талын халуун рашаан- Эрээн- Улаанбаатар чиглэлд аялсан. Мөн Дотоодын олон аялал зохион байгуулж байна. Хүүхдийн төмөр замын хамт олонтой хамтран ажилласнаар Хүүхдийн төмөр замаар зорчиж, Дархан хоттой танилцах аялалд 706 хүн хамрагдлаа. Үүнээс гадна Хэнтий, Архангай аймгууд руу чиглэсэн аяллыг амжилттай зохион байгуулсан. Дотоодын аялалд төмөр замчид маань идэвхтэй оролцдог.  Жишээлбэл, АБТЭМА-ийн аялагчид долдугаар сарын 23-29-ний хооронд Улаанбаатар- Баян- Өлгий аймаг Өлгий хот- Алтай Таван Богд- Сүүн гол- Бага түргэний хүрхрээ- Өлгий хот-Улаанбаатар чиглэлд аялсан.  

 

-Ирэх оны ажлын төлөвлөгөө одооноос гарч байгаа байх. Шинээр ямар хөтөлбөр, аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар та мэдээлэл өгнө үү?

 

-Цар тахлын хүнд үеийг давсны дараах аялал жуулчлал дэлхий даяар сэргэж эхэлсэн. Бидний энэ оны ажлын үр дүн ирэх зун гарна гэж үзээд одооноос ирэх оны ажлаа төлөвлөж байна. Тэрхүү төлөвлөгөөний дагуу Солонгосын жуулчдад зах зээлээ нээж, ОХУ-ын жуулчдын тоог нэмэгдүүлэх гол зорилго тавьж байгаа. Мөн төмөр замчдынхаа аялал жуулчлалын маршрутыг зөвхөн хойд, урд хөршөөр хязгаарлахгүй гуравдагч улсууд руу аялах хөтөлбөр боловсруулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна манай төв үүсгэн байгуулагдаад 24 жил болж байгаа. Анх байгуулагдсан жилдээ Японы жуулчдыг хүлээн авч байсан түүх бий. Түүнийгээ сэргээж Япон жуулчин хүлээж авах ажлыг хийнэ гэх мэтчилэн төмөр замчдад хандсан цаашлаад ашиг орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр зорьж байна.    

 

Б.Золжаргал