Эцэг эхчүүдийн хамгийн нандин эрдэнэ болсон энхрий жаахан үрсэд сургуулийн өмнөх боловсрол олгохоор эрдэм оюунаа харамгүй түгээдэг ачтан бол цэцэрлэгийн багш. Бид өдрийн цагаар хүүхдийнхээ ямар хөөрхөн байсан, юу гэж хэлсэн зэрэг өсөлт, хөгжлийнх нь үеийн эгдүүтэй бүхнийг цэцэрлэгийн багшаас нь л сонсдог. Ер нь, цэцэрлэгийн багшийн зөвхөн нэг биш, олон гэр бүлийн янз бүрийн хүмүүжилтэй бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй арга ухаан, уужуу сэтгэл, тэвчээрийг нь бахархахгүй байхын аргагүй. Тиймээс удахгүй болох Олон улсын багш нарын баярын өдрийг угтан энэ удаагийнхаа буланд “Найрамдал” 180 дугаар цэцэрлэгийн багш Ц.Гүндэгмааг урьж ярилцлаа.
Тэрбээр, Булган аймгийн Могод суманд айлын гурав дахь хүүхэд болон 1970 онд мэндэлжээ. Аав нь сумын эмнэлгийн жолооч, ээж нь намын үүрийн даргаар ажилладаг байж. Ц.Гүндэгмааг дунд сургуулиа дүүргэхэд аав нь “Эгч шигээ цэцэрлэгийн багшийн мэргэжил сонго” гэж зөвлөсөн байна. Энэ тухайгаа “Бидний үед аав, ээжийн үг хууль байлаа. Тиймээс аавын хүсэлтээр цэцэрлэгийн багш болсон. 1990 онд төгсөөд Булган аймгийн I цэцэрлэгээс ажлын гараагаа эхэлсэн. Тэндээ 1996 он хүртэл ажиллаад эгчийгээ даган Зүүнхараад ирсэн юм. Хүргэн ах маань Зүүнхараагийн цагдаад ажилладаг, нэр хүнд сайтай хүн байлаа. Ах намайг төмөр замын Барилга орон сууцны ангид хүүхэд асрах амралттай хүний орон тоон дээр сүү олгогчоор ажилд оруулж өгсөн юм. Гэтэл манай Хүний нөөцийн Лхагва даргын эхнэр Лхагважав нь төмөр замын “Моносхон” цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг байж таарсан. Миний мэргэжлийг сонсоод эхнэртээ хэлсэн юм билээ. Тэгтэл Үнэгтэд багшийн орон тоо байгаа, тэндээ авъя гэхэд нь зөрлөгт очоогүй юм. Төдөлгүй Лхагважав эрхлэгч тэтгэвэрт гарахдаа дараагийн О.Бадамцэцэг эрхлэгчид намайг захьсан байсан. Энэ үед хүргэн ах маань зуурдаар бурхан болж, тогтвортой ажил төрөл хийж бие муутай эгчийгээ харж хандах шаардлага тулгарсан. 1999 онд “Моносхон” цэцэрлэгийн 40 жилийн ой болох гээд дуулж, бүжиглэдэг багш шалгаруулж ажилд авна гэж дуулдлаа. Тиймээс очиж бүртгүүлэхдээ “Би дуулдаг, заагаад өгвөл бүжиглэж ч чадна. Бас хөтөлдөг” гэж хэлээд орсон. Мэргэжлийн ажлаа хийхийн тулд бүхнийг л чаддаг гэж хэлж билээ /инээв/. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд эвтэйхэн дуулчихдаг байсан л даа. Ингэж л багш болж, ойн тоглолтыг нь хөтөлж, бүхий л авьяасаа гаргасан. Энэ цэцэрлэгтээ цөөнгүй жил ажилласан. Тэгээд хүүхдүүд маань сургууль соёл бараадах шаардлага үүссэн тул 2012 онд Улаанбаатар руу шилжиж “Найрамдал” цэцэрлэгт орж өнөөг хүртэл ажиллаж байна. Секторын хүний нөөц М.Мөнхцэцэг, Ю.Содномбалжид нарын удирдлагууд миний амьдрал, асуудлыг маш сайн ойлгож, тусалж дэмжсэнд нь баярлаж явдаг” хэмээн ажил, амьдралынхаа замналыг товчхон өгүүлэв. Ц.Гүндэгмаа гурван хүүхэдтэй гэнэ. Том нь загварын чиглэлээр суралцсан ч одоо Солонгост амьдарч байгаа бол дунд хүү нь тогооч болж, мэргэжлээрээ ажиллаж буй аж. Бага охин нь уран нугаралтаар хичээллэж, гадна дотны тэмцээн уралдаанд их оролцдог юм байна. Ц.Гүндэгмаа “Үеийнхэн маань бүгд эмээ болсон. Миний хамгийн их хүсэн хүлээж буй юм бол эмээ болох” гээд инээв. Мөн “Гэхдээ би хүүхдүүддээ “Нэг насны ханиа л маш зөв сонгоорой” гэж их захьдаг” гэв.
Тэрбээр, “Хотод орж ирэх үед төмөр замчдад хөнгөлөлттэй үнээр Голден паркт орон сууц өгсөн юм. Энэ дагуу орон сууцанд орсон азтай хүн дээ би. Ер нь, төмөр замынхаа буян хишгийг маш их хүртэж байна” гэв. Түүнээс цэцэрлэгийн багш болоход анх ямар байсан талаар асуувал “Дөнгөж төгссөн, залуудаа олон хүүхэдтэй ажиллах сайхан байсан. “Моносхон” цэцэрлэгт ороход ч тийм их ачаалалтай байгаагүй. Учир нь орон нутгийн цэцэрлэгүүд хүүхэд цөөтэй
шүү дээ. Харин “Найрамдал” цэцэрлэгт иртэл ачаалал маш их. Тэр үед л би өөрийгөө хүнд ажил мэргэжил сонгож дээ гэж бодогдсон. Хэрэв залуухан байсан бол тэсэхгүй гарах байсан болов уу. Гэхдээ олон жил ажилласан, туршлага суусан хүний хувьд зохицоод л ажилласан. Одоо ч ачаалалтай гэж бодохоо больж дээ. Ер нь, хүүхдүүдтэй ажиллах сайхан байдаг. Хүүхдүүддээ бүр дасчихдаг юм. Зуны амралтаар санана, намар уулзах гэж яарна. Зарим нэгтэй нь таарвал их баярлана” хэмээн инээмсэглэв. Үнэхээр хүүхдүүддээ дасаж, тэднийгээ үгүйлдэг тухай цэцэрлэгийн багш нар ярихыг олон удаа сонссон билээ. Ц.Гүндэгмаа багш гэхэд л шавь нарынхаа заримынх нь найз, заримынх нь эгч, ээж, бүр эмээ нь хүртэл болдог гэнэ. “Хүүхдүүд маань, ялангуяа бага ангийнхан багш гэхгүй. Надаас ээж, эгч, эмээгийн хайрыг хүснэ. Тэр бүх хайрыг л би хүүхдүүдээ үзүүлэх хэрэгтэй” гэх. Мөн “Хүүхэд бүр ижилгүй. Зарим нь аргадуулж байж үгэнд ордог бол зарим нь загнуулж үгэнд ордог болсон байдаг. Зарим нь их зөрүүд. Тиймээс хүүхэд бүрийн ая эвийг олж ажилладаг. Хэрэв буруу зуршилтай хүүхэд байвал засахыг хичээдэг. Гэхдээ зөвхөн багш бус гэр бүлийн оролцоо маш чухал. Аав ээж нь яаж хүүхэдтэйгээ харилцана, яг л тэр байдлаар нь хүмүүждэг. Тиймээс би аав, ээжүүдтэй нь “Хүүхэд чинь ийм байна шүү” гэж нээлттэй ярилцдаг юм. Ер нь, албаны зүгээс, багш гэсэн өнцгөөс харьцаж, дундаа хана үүсгэхийг хүсдэггүй. Миний хувьд хүний юугаар ч үнэлшгүй амин хайртай хүүхдүүдэд нь сургуулийн өмнөх боловсролыг зөв олгохыг хичээж ажилладаг. Хүүхдүүдээ итгээд өгч буй аав, ээжүүд ч намайг ойлгож, хамтран ажиллах нь чухал шүү дээ. Залуу аав, ээжүүдэд эгч, ээж шиг нь, үеийнхэндээ найз шиг нь л харьцдаг. Эцэг, эхчүүд маань ч ойлгодог болсон” гэв. Түүний хувьд өөрийг нь удирдлагаар хангаж ажилласан, одоо ажиллаж байгаа хүмүүсээ үргэлж онцлон дурсах аж. Тухайлбал, секторын дарга нараас Г.Цолмон, Ю.Содномбалжид, өнөөгийн Л.Янжмаа... гэхчлэн төмөр замын цэцэрлэгтээ багшилж байсан олон хүнийг нэрлэв. Тэд аж ахуйн нэгж дээр ажиллаж байсан болохоор онцлогийг нь сайн мэддэг, багш нарын ажлыг ойлгож, дүгнэж, шүүмжилж, урамшуулдаг нь түүний хувьд ойлголцоход амар байсан гэнэ. Түүнчлэн, үе үеийн эрхлэгч нар нь амьдрал ахуйг нь маш сайн ойлгож, зөв удирдлагаар хангаж байдагт, мөн хамтран ажилласан үе үеийн багш, туслах багш нарынхаа хүчинд өдий зэрэгтэй яваадаа баярлаж явдгаа илэрхийллээ. Тухайлбал, “Т.Мөнхтуяа эрхлэгч багш нарынхаа ачааллыг ихэд анхаарч ажилладаг байсан. Нэг ангид хэтэрхий олон хүүхэд байхыг хүлээн зөвшөөрдөггүй, түүнийгээ ч хэрэгжүүлэхийн төлөө хичээж, 45 ба түүнээс доош тоонд барина. Бусад цэцэрлэгт нэг анги нь 50, 60 хүүхэдтэй болох үе ч байдаг юм билээ. Ер нь, хэт олон хүүхэдтэй бол багшийн ачааллаас гадна хүүхдийн хөгжилд нь ч муу. Багшийн хувьд олон хүүхэдтэй байвал үнэхээр хүнд хөдөлмөр эрхлэлт. Хүүхдүүдийнхээ дуунаас давж орилсоор байгаад хоолойн хөвч гэмтдэг. Зүүнхараагийнхаа найзуудтай нэг удаа караокед ороод дуултал “Хоолой чинь юу болчихов оо” гээд инээцгээж билээ /инээв/. Тиймээс цэцэрлэгийн багшийн ажлыг хүнд хөдөлмөрт шилжүүлээсэй гэж боддог. Цэцэрлэгийн багш хүний баруун гар бол туслах багш. Хэрэв туслах багш хүүхдэд хайргүй, харилцааны соёлгүй, буруу хандлагатай бол зөвхөн багш нь хүүхдүүдэд яаж сургуулийн өмнөх боловсрол олгох билээ. Би олон туслах багштай ажилласан. Бүгд надад маш их дэм болсон доо. Зүүнхараад Энхжаргал, Пүрэвхорлоо гэдэг туршлагатай туслах багш нартай ажиллаж байлаа” гэв. Ярилцаж байхад түүний олон дурсамж Зүүнхараатай холбоотой, үргэлж л тэр нутгийн нэрийг дурдах аж. Олон жил ажиллаж амьдарсан тус нутагт ээж нь өдгөө амьдарч, 86 хүрсэн буурал эрүүл саруул, энх тунх амьдарч байгаа гэнэ. “Залуу насны бүх найз Зүүнхараад бий. Ер нь, нутгийн хайрхан гадны хүнийг чөдөрлөдөг гэдэг үнэн байх. Эгчийг дагаж ирсэн ах дүү нар бүгд л энэ нутагт шингэсэн дээ” гэв. Ийнхүү төмөр замын 27 цэцэрлэгийн олон зуун эгэл жирийн багшийн төлөөлөл болсон Ц.Гүндэгмаа багштай цөөн хором хөөрөлдсөн юм. Тэрбээр, залуу багш нартаа бусдын хүүхдэд ээж, эгч, эмээ шиг нь байж, тэднийх нь хайрыг үргэлж үзүүлж байх хэрэгтэйг захилаа.

 

М.Наранболд