Cэтгэцийн эмч, сэтгэл засалч Ч.Ганцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 17 дахь жилдээ сэтгэцийн эмчээр ажиллаж байна.

                              Сэтгэл гэдэг гарт баригдаж, нүдэнд харагдахгүй хувирамтгай эрхтэн

-Сэтгэцийн эрүүл мэндийн суурь ойлголтыг энгийн үгээр товчхон тайлбарлаж өгөөч?

-Сэтгэцийн эрүүл мэнд гэж асууж байгаа нь өөрөө энэ талаарх нийтлэг өрөөсгөл ойлголтын жишээ юм. Энд сэтгэл зүй, сэтгэл судлал, сэтгэц гэж юу юм гэж ярих нь илүү ойлгомжтой болов уу. Хүний тархи хоёр тал бөмбөлөгтэй. Тэр хоёрыг холбосон дундын голтын бүс гэж байх ба үүний дээд хэсэгт сэтгэл байна гэж үздэг. Тархийг задлаад үзэхэд багана, өнчин тархи, далайн морь гэх мэт бүтэц л харагдана.Гэвч энэ бүхэн нийлээд сэтгэл юм гэсэн ойлголт өмнө байгаагүй. Харин тархи судлалын шинжлэх ухаан хөгжих явцад сэтгэл гэдэг чинь энэ хавьцаа байрладаг гэж тогтоосон. Сэтгэл гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй маш хувирамтгай. Голтын бүтэц дээшээ, доошоо, баруун, зүүн гэх мэтээр маш их хөдөлгөөнтэй байдаг учраас судлагдахуун ихтэй. Баруун гараараа бичдэг хүний баруун тархи нь сэтгэл хөдлөл ихтэй, тэр хүний уран сайхны мэдрэмжийг удирдана. Харин нөгөө талд зүүн тархи дэс дараатай, нягт нямбай, хайрцаглагдсан байна. Солгой буюу зүүн гараараа бичдэг бол эсрэгээрээ байдаг гэсэн үг.Тархи өөрөө нэг эрхтэн юмшиг боловч хоёр тал нь өөр байдаг байх нь. Голтын бүтэц нь зүүн тийшээ хазайвал тохиромжгүй, орчин тойрондоо дасан зохицохгүй, яг л ийм байх ёстой гээд орчныхоо процессийг даван туулж чаддаггүй. Баруун тал руу хазайвал эмх замбараагүй, олон юманд сатаарсан татагдсан тийм л байдал үүснэ. Тийм учраас сэтгэл хөөрөхгүй, хазайхгүй л байж баймаар.

-Тэгвэл сэтгэц гэдэг нь…?

-Тархины бусад хэсгүүд таван мэдрэхүй, анхаарал төвлөрөл, хувиарлалт, мэдээллийг хүлээн авч задлан шинжлэх, шүүн тунгааж шийдвэр гаргах дүгнэлт хийх гэх мэт сэтгэн бодох механизм сэтгэлтэйгээ нийлээд сэтгэц гэдэг ойлголтыг бий болгоно. Хүмүүс сэтгэцийн эмчтэй уулзана гэхээр эмгэгийн тухай төсөөлдөг байж магадгүй юм. Мартах, анхаарал сарних зэргээр сэтгэн бодох үйл ажиллагааны ямар нэгэн сулрал, дарангуйлал байгаа учраас л эмчид ханддаг. Хүний тархинд бодол маш эмх замбараагүй байдаг. Үүнийгээ үгээр илэрхийлээд эхлэхээр эмх цэгцтэй болно. Тэгэхээр хүн ямар үгийг сонгож ярьж, үзэл бодлоо хэрхэн илэрхийлж байгаа нь хүний сэтгэцийн асуудлын илрэл юм. Сэтгэл эвгүй, хямраад, айгаад, түгшээд, гутраад байна гэдгээ яаж ойлгуулах вэ гэдэг нь маш чухал асуудал. Шинжлэх ухаан хөгжих тусам хүний аливаа хэрэгцээнүүдийн тодорхойлолт шинэчлэгддэг. Оюун санааны хэрэгцээний гурвалжин доороосоо буюу сууринаасаа итгэх хэрэгцээ, биеэ даах, идэвхи санаачилгатай байх, даван туулах, дасан зохицох, сурах чадвар, бүтээлч чадвар гэж явсаар хамгийн дээр нь харилцааны чадвар байдаг. Хүн дээрх олон ур чадваруудыг эзэмшиж байж харилцааны хэрэгцээгээ хангах нь. Харилцааны хэрэгцээ хангагдсан хүн сурах, бүтээх, даван туулах, дасан зохицох чадвартай, өөрийгөө зөв зохистойгоор илэрхийлж чаддаг, аливаа асуудалд биеэ даасан, итгэлтэй, идэвх санаачилгатай байна. Тэгэхээр эдгээр бүх зүйл нийлээд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болно.

                                                                 Сэтгэлийн тэнхээ хязгаартай

-Сэтгэцийн эрүүл мэндэд ямар тохиолдолд асуудал үүсдэг вэ?

-Хүний сэтгэл гэрлийн хурдтай адилаар тархин дотор мэдээллээ дамжуулж байдаг. Ямар нэгэн эвгүй мэдээлэл маш хурдан биеэр тархана. Буцаад тархиндаа нэлээд өндөрт байрлалтай учир дор байгаа зүрх, амьсгал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд нөлөөлнө. Хэрвээ хүн сэтгэл санааны хямралд орох юмбол зүрх дэлсэнэ, амьсгал бачуурна, гэдэс базална. Шалгалт дөхөөд ирэхээройр ойрхон шээс хүрээд байдаг ч юмуу. Энэ үед биеийн хэмжилт хийгээд үзвэл цусан дахь сахар өсчихсөн, артерийн даралт ихэсчихсэн байна.

-Тэгэхээр сэтгэл хөдлөлөөс болж сэтгэц гэмтэж байна гэсэн үг үү?

-Таагүй зүйлс сэтгэл өвтгөх мэдрэмжийг төрүүлдэг. Айдас, түгшүүр, харуусал, ганихрал, гонсойх, ичих сэтгэлзүй бол хоруу чанар өндөртэй. Хэвийн шинж гэхдээ л хорон. Үр дагавар нь ч хорон, сэтгэлийн шархыг гүнзгийрүүлнэ. Хүн бие махбодь дээрээ хүчтэй, хүнд өвдөлтийг удаан хугацаагаар дааж явдаг хэрнээ сэтгэлийн өвдөлтийг дааж чаддаггүй. Тархи өөрөө тэрийг тэсвэрлэж чаддаггүй учраас хамгаалах механизмээ ажиллуулаад хаачихдаг.Жишээ нь, хайртай хүнээ нас барахад хүн сэтгэлийн өвдөлтийг маш хүчтэй авч шанална, харуусна, санана, үгүйлнэ, бачуурна. Гэвч энэ тархи тэвчихгүй хэсэг хугацааны дараа хамгаалах механизм ажиллаад ирэхээр нөгөө их зовлон гунигаа мэдрэхээ болиод яг эхэн үеийнх шиг сэтгэл өвдөхөө больчихно. Гэхдээ сэтгэлдээ маш том шарх авчихсан байгаа учраас дахиад нэг сэтгэлзүйн цохилт орж ирэхэд эхнийхтэй дүйцэхүйц тэсвэрлэн давж гарахад хэцүү. Хүний сэтгэлийн тэнхээ хязгаартай учраас тэрийг давж гарч чадахгүй.

-Сэтгэлийн тэнхээний хязгаарыг даваад ирэхээр сэтгэцэд өөрчлөлт орж байна гэж ойлгож болох уу?

-Болно. Сэтгэцэд өөрчлөлт ороход нөгөө сэтгэл хөдлөл дагаад л явж байдаг. Тархи судлалын шинжлэх ухаанд амьдралын хожуу үеийн сэтгэцийн хямрал гэж бий.Үүнийг хүмүүс мэдэхгүй учраас цэвэршилтийн шинж тэмдэг ойлгодог. Тэр хүн өөрөө л цэвэршиж байна гэж бодоод байхаас биш 40, 50 жилийн турш сэтгэлээ нэг ч удаа эмчлээгүй байхгүй юу. Бид хамрын ханиад хоёр гурван удаа хүрэхэд тэгсгээд эдгэчихнэ. 4, 5 дахиас эхлээд халууны эм ууж, янз бүрийн арга хэмжээ авахгүй л бол даван туулж чадахгүй. Тэгэхээр хүмүүс сэтгэлийн хувьд зөндөө олон удаа ханиад хүрсэн. Ялангуяа ээж аав, үр хүүхэд, төрсөн ах дүүс, хань нөхрийн асуудлууд хүчтэй сэтгэлийн хямралд оруулж бид сэтгэлийн хатгаа тусдаг. Уушгины хатгааг бид яаж эдгээдэг билээ.

-Тариа, шарлага хийлгэнэ, даарч хөрөхөөс сэргийлнэ…?

-Олон эмчилгээ зэрэг хийлгээд нам хэвтдэг шүү дээ. Бид сэтгэлийн хатгааг яг ингэж эмчлэх хэрэгтэй. Гэтэл бид нар сэтгэлийн хатгаагаа нэг чудаа эмчилж байгаагүй. Хар аяндаа явсаар байгаад тодорхой хугацааны дараа хамгаалах механизм ажиллаад хэвийн байдалд орсон юмшиг боловч цаанаа далд ухамсардаа зангираатай үлддэг. Сэтгэл засал, сэтгэцийн эрүүл мэнд гэдэг бол далд ухамсартаа зангираагүй байлгахын төлөө юм. Бид хоолойгоо өвдчихөөр ямар ч арга хэмжээ авахгүй яваад байдаггүй биз дээ. Тэрэн шигээ л тодорхой хэмжээний айдас түгшүүр төрөөд байвал эмчлүүлээд л явах хэрэгтэй.

-Сэтгэлийн хатгаагаа эмчлүүлэхгүй яваад байвал юу болох вэ?

-Хүндэрнэ. Сэтгэн бодох үйл ажиллагаанд өөрчлөлт орно. Мартана, эргэн санах процесс асуудалд орно. Анхаарал төвлөрөхгүй, шийдвэр гаргаж чадахгүй, өөртөө эргэлзэж хэн нэгэнд хүнд уур бухимдлаа гаргадаг. Энд сэтгэл хөдлөл бас л хамтдаа орж явдаг. Маш амархан баярлана, гомдоно, дуу сонсоод, кино үзээд уйлна.

-Хатгаа тусчих гээд байгаа хамгийн эхний дохио…?

-Сэтгэлзүйн хувьд эвгүй мэдрэмж төрөх. Миний сэтгэл нэг л эвгүй байнаа гэж хэлэх нь хангалттай үндэслэл.Мэргэжлийн хүн ингээд хэлэхэд л тэрийг чинь тогтоогоод цааш нь аваад явчихна.

-Одоо иргэдэд нийтлэг тохиолдож байгаа асуудал нь юу вэ?

-Өөрийнхөө сэтгэлийн байдлыг ойлгохгүй байна. Асуудалдаа анализ хийж харагддаггүй. Энэ бол маш нийтлэг. Тэгвэл би ганцхан жишээ ярья. Манай улс төрийн өндөр албан тушаалтнууд нэгдүгээрт өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадаагүй, хоёрдугаарт хүүхэд байхдаа дандаа ээж ааваараа заалгаж тэдний үгээр нь явсан. Тийм учраас улс орны асуудлыг өөрөө заах ёстой гэдэг байр сууринаас шийдээд байгаа харагддаг. Үүний тод жишээ нь Н.Учрал гишүүний энэ хууль. Гурван сая хүний цахим хэрэглээг хэдэн статистик тоон тулгуурлаад шийдэх гэж үзлээ. Гэтэл хүн болгоны хүсэл эрзэмзэл, хэрэгцээ юу юм бэ гэдгийг бүр огт тоохгүй.

          Хүүхэд насанд нь материаллаг хэрэгцээгээр хангачих, цатгачих

-Зөв шийдлийн тухайд…?

-Улс орон гэдгийг айлаар үзье. Таны хүүхдийн хэрэгцээ нь юу байна. Гутал хувцсыг нь аваад өгчих, дараа нь юу ярих нь уу. Хүүхэд насанд нь материаллаг хэрэгцээгээр хангачих, цатгачих. Мөнгөтэй байхад юмыг авч болдог юмаа гэдгийг ойлгуулчих. Ийм хүүхэд мөнгөгүй явахад нь найзууд нь тахиа идье, кино үзье гэхэд өнөөдөр мөнгө алга гэж хэлэхээсээ ичдэггүй. Гэтэл ихэнх хүүхэд ичдэг байхгүй юу. Тэгэхээр ичихгүйгээр мөнгөгүй гэдгээ хэлж чаддаг аргументийг, сэтгэцийн олон хувилбарыг гаргаж чаддаг чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй.

-Бид өөрсдөө ч мэдэхгүй өдөр тутмын амьдрал, үйл явцаас сэтгэцийн эрүүл мэндээ гэмтээж л байдаг байх. Энэ бүхэнд бид хэрхэн өөрийгөө бэлдэж, та нар хэрхэн эмчлэх юм бол?

-Хүн хамгийн эхлээд амьд буйдаа ач холбогдол өгөх хэрэгтэй. Би амьсгалж, зүрх цохилж, амьд байгаа учраас асуудлаа шийдэж чадна. Хэрвээ би байхгүй болчихвол намайг ямар ч мөнгөөр үнэлэгдэхгүй, дахин давтагдашгүй, хэн ч орлож чадахгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.Цаашлаад бид яавал сэтгэлзүйн бэлтгэлтэй, хямраад байгаа асуудлаа яаж шийддэг болох вэ гээд харахаар монгол хүмүүс хамгийн сайхан нөхцөлтэй байдлыг хүсч, хамгийн муу нөхцөл байдалд бэлтгэлтэй байх юмсан л гэж боддог. Сайн сайхан зүйлийн төлөө явж байгаад уналтад орж, хамгийн муу байдалд очвол яаж тэсч гарах вэ гэдэгт өнөөдрөөсөө л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэлзүйн хатуужил, даван туулах дасан зохицох процесс сэтгэлзүйн харилцааны хамгийн том хэрэгцээг хангана. Энэ нөхцөл байдал маш чухал. Сэтгэцийн тулгамдсан асуудал гэж юу вэ гэхээр хамгийн тулгамдаж байгаа хүнд хэцүү асуудлыг хамгийн богинохон хугацаанд хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашигтай шийдэхийг хэлнэ.Санаа зовоод айгаад явж байгаа ч гэсэн энэ асуудал нурчихвал яанаа гэх түгших асуудлыг шийдэнэ гэдэг сэтгэцийн тулгамдсан асуудлыг шийдэж байна гэсэн. Сэтгэц гэдэг маш өргөн хүрээний асуудал. Сэтгэцийн эмчтэй уулзлаа гэхэд сэтгэцийн эмгэгтэй уулзаж байгаа асуудал биш тулгамдсан асуудлаа шийдэж байгаа юм.

-Эмчилгээний стандарт нь?

-Тухайн асуудлаасаа болно. Орон зай, цаг хугацаа, нөхцөл байдал нөлөөлдөг.

-Манай улсад гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна гэх болсон. Энэ тухайд?

-Хүн бие болж төлөвших үндэс нь зургаан наснаас эхэлдэг. Тэгэхээр зургаан нас хүртэл энэ хүний үндэс зөв тавигдсан гэхээр эргэлзээтэй. Жаахан хүүхэд тэнгэр дуугарахад, эсвэл хорхой шавьжнаас айж тэр нь насан туршийн айдсын эмгэгт оруулчихдаг. Эсвэл өндрөөс, харанхуйгаас айдаг ч юмуу. Гэвч үүнийг эрүүл гэж үзэхээс өөр аргагүй.Энэ бол тулгамдсан асуудал, эмгэг биш. Гэхдээ асуудал биш гээд орхиж болохгүй. Хүүхэд байхаас эхлээд амьдралын бүхий явцад олон дарамтыг даван туулж, сэтгэцийн энерги урсаж байдаг ч цаана нь зангираа бий болчихдог. 40 наснаас дээш амьдралын хожуу үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал бий болдог. Зүрх, элэг, уушги сэлбэггүй учраас их бага хэмжээгээд доголдолд орж, дотоод сигнал ирнэ. Тархинд тэр нь дарамт болно. Энэ бүхнээс болоод мартана, бухимдана, сэтгэл санаа тогтворгүй болно. Амархан гомдоно, амархан баярлана, уйлна, инээнэ.

-Хүмүүс нас яваад уяхан болоод гэж ярьдаг ч үнэндээ бол сэтгэцийн асуудал юм байна шүү дээ?

-Олон удаа хатуу хөтүү зүйлийг туулсаар байгаад сэтгэлийн тэнхээ барагдаж уйлаад, уяраад, уурлаад байгаа юм. Энэ бол тулгамдсан асуудал эмгэг биш. Гэхдээ тулгамдсан асуудал эмгэгт хүргэдгийг санах хэрэгтэй. Тулгамсдан асуудал бол айсан ч, түгшсэн ч ажлаа хийгээд яваад байдаг.Харин эмгэг болоод ирвэл их төвөгтэй. Тэгэхээр манай хүмүүс сэтгэл нэг л эвгүй гэх тэр мэдрэмж төрөөд эхэлбэл эмчид хандах хэрэгтэй. Цусны даралт ихэсдэг өвчтэй хүн тохирсон эм уугаад зүгээр болчихдог. Өөрийгөө ингээд хянаад явдаг. Сэтгэцийн эмгэгтэй хүн яг үүнтэй адилхан аргатай болчих хэрэгтэй.

-Сэтгэцийн эмгэгийн нийтлэг шинж?

-Зан төрх, зан авирын өөрчлөлт. Хүлээцгүй байх, бусдыг өөрийнхөөр нь байгаагүйн төлөө тааламжгүй хандах, уурлах, хүнийг зовоож байж өөрөө тайвширдаг болчихдог. Сэтгэц их өргөн хүрээний, судлагдахуун ихтэй учраас олон онол байдаг. Зан үйлийн онолоор дүгнэх гэхээр бусад онол талаас харахад өөр. Угийн шинж чанар нь хувирамтгай учраас уншиж судалсан, олон жил ажилласан, олон хүн эмчилсэн туршлага энэ салбарын үнэт капиталд орно. Монголчууд 25 нас хүрэхэд эрийн цээнд хүрлээ гэж ярьдаг. Тэгвэл сэтгэцийн хувьд 35 насыг эрийн цээнд хүрлээ гэж үздэг. Сэтгэл засалч, сэтгэлзүйчийн хувьд ч тэр 35 нас хүрсэн, амьдарл зохиож, өөрийнхөө бүхий л асуудлыг даван туулсны эцэст хүний асуудлыг шийднэ гэж үздэг дотоод шалгуур байдаг.

-Нийгмийн сүлжээнд сэтгэлзүйч, сэтгэл судлаач, клиникийн сэтгэлзүйч гээд маш олон хүн энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг нь харагддаг. Тулгамдсан асуудал энэ хүмүүс дээр очоод шийдэгдэх үү? -Сэтгэлзүйч гарц, үнэн мөнийг олоход туслах ч эмээр эмчлэх боломж байхгүй. Эмч бол зөвлөөд, сэтгэлийг нь засаад дээрээс нь эмчилгээ өгнө.Миний хувьд багаар ажиллахыг илүүд үздэг. Сэтгэл гэдэг энэ цуллаг эрхтэн хувирамтгай хэрнээ нэг эмчтэй ажиллаад байвал нэг арга барилд орчих гээд байдаг. Тийм учраас нийлж шийдвэр гаргаж, тактик боловсруулан ажилладаг. Сэтгэцийн асуудал дээр өнөөгийн, одоогийн байдлаар гэж ярихаас эцсийн шийд гэж байдаггүй онцлогтой.

-Бид сэтгэцээ өөрсдөө үнэлж болох уу?

-Дотоод мэдрэмж нэг л тайван биш, гонсгор байгаад байвал хангалттай шалтгаан. Нэг л юманд санаа зовоод төвлөрч чадахгүй бол шууд эмч дээр оч. 

 

Эх сурвалж: peak.mn