“Арми намайг хүний үг сонсдог, бас хүнд үг хэлж чаддаг болгосноос гадна бусдыг захирах, бусдад захирагдах, удирдах, удирдуулах ёс, тэсвэр хатуужил гээд их зүйлд сургасан” хэмээн уулзсан эрчүүд бахархан ярьсан юм. Эр цэргийн албанд 18 настай мордож, эх орны өмнө тангараг өргөсөн байлдагч явсан надад ч энэ бахархал явдаг болохоор тэдний маань энэ үг миний сэтгэлд тун чиг ойрхон буусан билээ. Үнэхээр, цэргийн алба бол эр тэсвэр хатуужлийн сургууль гэж боддог доо.
Д.Отгонбаяр: Цэргийн хүмүүжил эр хүнд маш их хэрэгтэй
Салхит Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн гал унтраах ажлын удирдагч:
-Би 1969 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 1988 онд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангид хоёр жилийн цэргийн алба хаасан. Миний хувьд отрядын байлдагчаас цол ахисаар ахлагч цолтой халагдаж байлаа. Ангидаа очоод 45 хоногийн курсээ төгсөөд түрүүч цол хүртэж, заалны зааварлагч гэсэн тушаал дээр ажилласан. Дараа нь, ахлах түрүүч цолтой болж Аж ахуйн ротын жагсаалын дарга байсаар 1990 онд халагдахад ахлагч цол өгсөн. Цэргийн алба сайхан шүү. Үг даах, тэсвэр тэвчээр, хатуужилтай, зөв хүмүүжилтэй байхад сургадаг юм. Эр хүний жаргал цэргийн албанд л байдаг. Өнөөдөр миний ажлын амжилт, өдий зэрэгтэй яваа маань цэргийн алба хаан хүмүүжиж, захирах захирагдах ёсонд суралцсантай холбоотой гэж боддог. Арми намайг хүмүүжүүлсэн.Цэргээс халагдаж ирээд Баянхонгор аймгийн Гал түймэртэй тэмцэх газарт ажилд орж гал сөнөөгчөөс салаан захирагч хүртэл ажилласан. 2002 онд амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод шилжин ирээд Толгойтын IV цахилгаан станцын Гал унтраах 18 дугаар ангийн гал сөнөөгчөөр нэг жил ажиллаад Төмөр замын Салхит дахь Цэрэгжүүлсэн хамгаалах ангид орсон доо. Анх паркийн харуул болж хоёр сар ажиллаад 2003 ондоо Гал унтраах ажлын удирдагч болж, өнөөг хүртэл энэ албан тушаалдаа ажиллаж байна. Цэрэгжүүлсэн хамгаалах ангийнхан хагас цэргийн зохион байгуулалттай, жагсах, ёслох гээд бүгд армитай ижил шүү дээ. Ер нь, цэргийн алба хаасантайгаа гэвэл цэргийн байгууллагад би 35 жил болж байна. Ажил дээр цэргийн алба хаасан, хаагаагүй хүний ялгаа их харагддаг. Цэргийн алба хаасан залууст ажил даалгахад цаг тухайд нь ягштал биелүүлнэ. Үүрэг хариуцлагаа илүү ухамсарладаг. Гэтэл цэрэгт яваагүй хүн амархан шантарч, ажлын ачаалал, үг даахдаа бага. Зарим нь ажлаас хойгуур суудаг. Тиймээс шинэ үеийн залуустаа хандаж хэлэхэд хийж буй ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ, эзний ёсоор ханддаг байх хэрэгтэй. Мөн үг дааж, тэсвэр хатуужилтай байж, энэ ажил миний амьдралын баталгаа шүү гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Сэтгэл зүрхнээсээ ажил хийвэл үр дүн нь удахгүй гарч, аяндаа амжилт өөрийг нь дагаад эхэлдэг. Би хариуцлага гэдгийг насаараа л гол зарчмаа болгон ажиллаж байна. Ингэснээр гурван удаа албаны аварга ажилтан болж байлаа. Энэ нь хийж буй ажилдаа эзэн байсны л ач гэж боддог.
Б.Сэвжиддорж: Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхах сайхан шүү
Дархан Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн харуулын дарга:
-Би 1985-1988 оны сүүлчийн гурван жилийн цэрэг. Тухайн үед эхний нэг жилдээ Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 229 дүгээр ангид бага даргын курс төгсөөд сүүлийн хоёр жилээ Зүүнбаянгийн 0149 дүгээр ангийн зенитийн хороонд хаасан. Завханых учир анх говьд очоод амаргүй санагдажбайсан. Гэхдээ олон аавын хүүтэй мөр зэрэгцэн, цэргийн дуу аялаад, оройн тоонд алхаж явах сайхан шүү дээ. Өөрөө хүсэж явсан болохоор ямар ч бэрхшээл тулгарсан даваад л гардаг байлаа. Харин хүчээр татагдсан, гэрээсээ хол гарч үзээгүй, айлын эрх танхи хүүхдүүд цэрэгт очоод их хэцүү байх шиг харагддаг. Гэвч нэг л мэдэхэд бүгд тушаалын дор ярс хийтэл алхаад л, анх ирж байсан залуус танигдахгүй сайхан эрчүүд болсон байдаг.Цэргийн алба хүнтэй зөв харилцах, хүндлэх, мэндлэхээс авахуулаад олон зүйлийг сургадаг.Ер нь, цоглог, сэргэлэн байж, хувцсаа живхийтэл цэвэрхэн сайхан өмсөж, биеэ зөв авч яваа залуус олон эрсийн дундаас тодроод л гараад ирдэг. Миний хувьд 016 дугаар нэгтгэлд сургалтаа онц төгсөж түрүүч цолтойгоор ангидаа очоод тасгийн дарга, дараа ньсалаа орлогч болж байлаа. Тэгээд зургаан сарын дараа ангийн хүнсний түгээгч болсон.
Ер нь, цэргийн алба хаасан хүн хаана ч өөрийгөө асуудалд оруулчихалгүй амиа аваад явах чадвартай болсон байдаг. Хүний үг даадаг, хатуужилтай, харилцааны соёлтой болдог. Гурван жилийн хугацаанд их юм үзнэ шүү дээ. Жаахан дорой, ноомой явбал бусдад дээрэлхүүлнэ. Дээд оны ах нараас суралцана, бас хааяа шанаа ч авчихна.Тухайн үед оны ялгаа их байлаа.Өөрөө хал цэрэг болоод ирэхээрээ дүү нартаа заавар зөвлөгөө өгч, сургах багш нь болдог юм.
Цэрэгт нэг ондЗүүнбаяндалба хаасан н.Ганхуяг гэдэг найз маань Дархан татах хэсэгт насаараа ажиллаад энэ жил тэтгэвэртээ суусан. Цэргийн онжавтайгаа төмөр замын хоёр байгууллагад ойрхон олон жил ажиллаж, нөхөрлөж байна. Миний хувьд уг нь цэргээс халагдаад Тосонцэнгэл сумын Мод бэлтгэлийн комбинатад томилогдож байлаа. Тэгээд 1999 онд энэ байгууллагадаа ирж ажилд орсноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна даа. Энэ дашрамд албаныхаа хэмжээний бүх ангийн эрчүүддээ удахгүй болох Монгол цэргийн баярын мэнд хүргэе.
Н.Батмөнх: Би ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл хийгээд тэмцээнд ордог
Сүхбаатар Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн паркийн харуул Н.Батмөнх энэ сарын 5-нд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны УАШТ-ий эрэгтэйчүүдийн -120 кг-ын жингийн суултын төрөлд 315 кг-ыг өргөснөөр Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Тиймээс Монгол цэргийн өдрийг угтан түүнтэй ажил, амжилтынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Юуны түрүүнд улсын дээд амжилтыг эвдсэнд баяр хүргэе. Пауэрлифтингийн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв?
-2018 оны намраас эхлэн энэ спортоор хичээллэсэн. Анхны улсын аваргадаа 2019 онд орж гурван мөнгөн медаль хүртэн спортын мастерын болзол хангаж байлаа. 2020 онд мөн оролцож гурван медальхүртэж,2021 онд бэртэлтэй байсан учир жаахан тааруу оролцож хоёр медаль авсан. Улмаар өнгөрсөн жилийн тэмцээнд гурван төрлөөрөө оролцож суултын төрлөөр улсын дээд амжилтыг тогтоосон. Энэ жил мөн суултын төрлөөр өмнөх амжилтаа эвдсэнээр нийлбэр дүнгээрээ олон улсын хэмжээний мастерын болзол хангалаа.
-Дээд амжилтыг өмнөхөөсөө хэдэн кг-аар давуулав. Босож буйг чинь харахад дахиад ч цаана нь нөөц байх шиг санагдсан?
-Өнгөрсөн жил би 305 кг-аар дээд амжилт тогтоож байсан. Харин энэ онд 315 буюу 10 кг-аар давууллаа. Үүнээс илүүг шунаж өргөөд болзолдоо хүрэлгүй алдчих вий гэж эмээгээд 10-аар л ахиулсан юм. Хэрэв алдвал хэцүү шүү дээ.
-Та цэргийн алба хаасан уу?
-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынх. Цэргийн дүйцүүлэх алба хаасан. Учир нь тухайн үед эмээгээ хардаг байсан болохоор сум орон нутгаас харж үзээд дүйцүүлэхээр хаалгасан юм. Эмээгээ бурхан болсны дараа Улаанбаатар хотод очин улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшийн удирдлагад “Алдар” спорт хороонд харьяалагдан үндэсний бөхөөр 4-5 жил бэлтгэл хийсэн. Тэгээд эхнэр хүүхэдтэйгээ нутагтаа ирэн бэлтгэл хийж байгаад Сэлэнгэ аймгийн 2016 оны наадмаарначин цол хүртсэн.
-Тэгэхээр Сүхбаатар Цэрэгжүүлсэн хамгаалах ангид сүүлд орсон байх нь ээ?
-Тиймээ, энэ байгууллагадаа 2017 оноос хойш ажиллаж байна. Хагас цэргийн зохион байгуулалттай газар шүү дээ.Би паркийн харуулаар ажилладаг. Хилийн өртөө болохоор их ачаалалтай. Тооцож үзтэл нэг ээлжинд гарахдаа бид 15-20 км алхаж, 300-400 орчим вагон дээр гарч шалгадаг юм билээ. Анх ажилд ороход хамгийн залуу нь байсан бол ах нар жилд хэд хэдээрээ тэтгэвэрт гарсаар одооби насаар дээрээсээ тав, зургаад орж байна. Нэг л мэдэхэд олон дүүтэй боллоо /инээв/. Би Замын аварга шалгаруулах монгол бөхийн наадамд 2017 онд түрүүлж байлаа. Миний энэ амжилт Цэрэгжүүсэн хамгаалалт, онцгой байдлын түүхэнд анх удаа түрүүлсэн тохиолдол болсон. Тэгэхэд аймгийн заан Б.Болдбаатар үзүүрлэсэн.
-Ээлжиндээ 15-20 км алхаж, 300-400 вагон дээр гардаг гэхээр ачаалал их юм байна. Энэ их ажлын хажуугаар бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Өөрийн хүсэл зорилго болохоор яаж ийгээд л зохицуулдаг. Уг нь, бэлтгэлээ сайн хийж, маш сайн амарч, бүтэн нойртой хонож байж л хүч орон амжилт гаргадаг спорт. Гэвч би ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл хийгээд тэмцээнд ордог. Бусад тамирчид ямар нэгэн байгууллагын дэмжлэгтэй, бүтэн жилийн турш тасралтгүй бэлтгэл хийдэг юм билээ. Гэхдээ би өөрөө сонирхолтой спортоороо хичээллэж байгаа учир тулгамдсан асуудлаа юунд ч нялзаахыг хүсдэггүй. Энэ бол миний л асуудал шүү дээ. Энэ дашрамд албаныхаа нийт бие бүрэлдэхүүнд 70, 71 жилийн ойн мэнд хүргэе.
-Танай удамд хүчтэй хүн олон байв уу?
-Нагац эмээгийн удамд Даншигийн заан Жантав гэж хүн байсан гэдэг. Айлын төхөөрөх гэж байсан хязаалан үхэр алдуураад давхитал шийрдэж барьж унаган дарж байгаад идшийг нь хийж өгсөн гэх түүхийг сонсож байлаа. Өнөө цагт гэвэл нагац ахын хүү миний үеэл самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, аймгийн арслан Б.Золбаяр гэж сайхан залуу байсан. Мөн нагац эгчийн хүү нь байлдааны самбын анхны дэлхийн аварга, ОУХМ С.Орхонбаатар байна. Энэ мэт манай удамд спортын хүмүүс цөөнгүй бий.
-Баярлалаа, танд илүү их амжилт хүсье!
М.НАРАНБОЛД