Өнөө жилийн усны өдрийг "Өөрчлөлтийг хурдасгая" уриан дор тэмдэглэж байна. Хүн амын ундны усны хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг онцлон Төв эмнэлгийн ХАБЭА-н инженер, Анагаах ухааны доктор Д.Баярмаатай ярилцлаа.
-УБТЗ-ын ундны ус хангамжид төвлөрсөн бус ус хангамжтай өртөө, зөрлөг, хэсэг олон байдаг. Энэ бүс нутаг, хэсгийн онцлог юу вэ?
- Гүний худаг, усан сан, булаг шандын ус зэрэг нь төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр юм. Тэдгээрийн хүний эрүүл мэндтэй холбоотой онцлог гэвэл Зарим бүс нутагт усны чанар, найрлага нь стандартын шаардлагад нийцээгүйн улмаас халдварт бус нутагшмал өвчний шалтгаан үүсдэг. Мөн гүний худаг, усан сангийн барилга байгууламж, инженерийн хийцлэлийн битүүмжлэл алдагдсан тохиолдолд халдварт өвчин үүсгэгч усанд орох, үржих, хүн амын дунд усаар дамжсан халдвар тархах, хөрсний бохирдол, хайлсан цас, мөс, үерийн ус нэвчих, ашиглалтын явцад хурдан бохирдох зэрэг эрсдэлтэй.
- Төмөр зам дагуух газрын доорх усны чанар ямар бол?
- Төмөр замын дагуух зурвас газрыг хойд, урд шугам зам, төвийн хэсэг гэж гурав ангилдаг. Эдгээр бүсэд газрын доорх усны чанар, найрлага өөр байдаг. Тухайлбал, хойд шугам зам болон төвийн хэсэгт газрын доорх усанд эрдэсжилт, хлорид, сульфатын агууламж стандартад заасан хэмжээнээс бага байхад урд шугам замд дээрх элементүүд болон фторын агууламж их байдаг. Сүхбаатараас Чойр өртөө хүртэл замчдын унд, ахуйн усны эх үүсвэрт гүний худгийн ус ашигладаг бол Сайншандаас Замын-Үүд хооронд зөөврийн ус ашиглаж байна.
-Иргэд найдвартай ус хэрэглэхийн тулд юуг анхаарах вэ?
-Худаг, усан сангийн барилга байгууламж, хамгаалалтын бүс нь эрүүл ахуйн шаардлагыг хангасан, мал амьтан орох боломжгүй, эх үүсвэрийг тогтмол цэвэрлэж арчилдаг байх ёстой. Иргэд ус авахдаа бохирдуулахаас сэргийлэх болон шланк, ховоо зэргийг газар тавихгүй зөвхөн худаг, усан сангийн дотор талд өлгөж хадгална. Мөн ус авах, хадгалах сав чухал. Усны сав нь хийц материалын хувьд усанд уусах хортой элемент агуулаагүй, хүний биед хоргүй, хүнсний зориулалтаар хэрэглэхийг зөвлөсөн тэмдэглэгээтэй байх ёстой. Үүнээс гадна тухайн эх үүсвэрт усны шинжилгээ тогтмол хийлгэж хэвших хэрэгтэй.
-Сүүлийн үед ус цэвэршүүлэгч өргөн хэрэглэх болсон. Ус цэвэршүүлэгч сонгохдоо юуг анхаарах ёстой юм бол?
- Эхлээд усаа магадлан итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлж, ямар өөрчлөлт, бохирдол байгааг тодорхойлуулна. Хэрэв усанд зэв, механик хольц байгаа бол бол sediment буюу цаасан шүүлтүүр, хлорын агууламж өндөр бол рre сarbonбуюу нунтаг нүүрсэн шүүлтүүр, нянгийн бохирдол илэрсэн бол UF membrane-хэт ягаан туяа бүхий шүүлтүүр, зөвхөн тааламжгүй үнэр, амтыг шүүхэд post carbon буюу шахмал нүүрсэн шүүлтүүр бүхий төхөөрөмжийг тус тус сонгон хэрэглэнэ. Шүүлтүүрээ зөв сонгосон бол усыг шүүх явцад шүүлтүүрээр дамжих усны урсгалын хурдыг тохируулах, шүүлтүүрийг үйлдвэрлэгчийн заасан хугацаанд солих болон тогтмол цэвэрлэх хэрэгтэй.
- Уснаас шалтгаалсан ямар өвчлөлүүд байдаг вэ?
Уснаас шалтгаалсан өвчлөлийг халдварт болон нутагшмал өвчин гэж ангилдаг. Ус нь гэдэсний халдварт өвчнүүд, хижиг, холер зэрэг олон өвчин дамжуулах хүчин зүйл болдог. Мөн агуулагдаж байгаа элементээс шалгаалан хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулах, биеийн арьс хуурайшиж хогжруутах, загатнах зовиур илрэх, харшлын гаралтай арьс салстын өвчлөл, хүнд металлын агууламжаас үүдэн төв болон захын мэдрэлийн системийн өвчлөл, полиневрит гэх мэт хүний эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг олон судалгаагаар баталсан байдаг.
-Усны зохистой хэрэглээний талаар?
-Хүн бүрийн биеийн жин, өндөр өөр байдаг. Иймээс биеийн жингийн кг тутамд 30 мл-ээр тооцож, өдөрт уух усныхаа хэмжээг тооцоолно. Тодруулбал, 60 кг жинтэй хүн 1.8 литр ус ууна гэсэн үг. Мөн хоол идэхээс 30 минутын өмнө ус уухаа зогсооно. Учир нь, хоол идэхдээ шингэн зүйл уух нь ходоодны хүчлийг саармагжуулж, хоол шингээх үйл явцыг удаашруулдаг. Тиймээс хооллосноос хоёр цагийн дараа ус уух нь тохиромжтой. Мөн өлөн элгэн дээрээ уух уснаас бусдыг нь нэг дор залгилж уухгүй, балга балгаар уух нь зөв юм.