Есдүгээр сар дөхмөгц “Найрамдал” цэцэрлэгийн Түвшээ багшийн ангид л хүүхдээ өгмөөр байна” гэцгээдэг сэн. Энэ яриаг сонсоод  сэтгүүлч хүний  сониуч бодол төрсөн ч уулзаж амжихгүй л явлаа. Тэгтэл ковидын үед нэг хэсэг цэцэрлэгт явах хүүхдийн тоог цөөрүүлж, олон хүүхэдтэй зарим ангийг хоёр хуваан өөр ангид түр хичээллүүлэв. Тэр үед “Найрамдал” цэцэрлэгт явдаг бага хүү маань өнөөх алдарт Түвшээ гэх багшийн ангид хуваарилагдсан байж таарав.   Ингэж анх уулзахдаа “Яасан чанга дуутай ярьдаг хүн бэ” гэж гайхсанаа нуух юун. Гэвч төдөлгүй үнэхээр л хүүхдүүдийн бүү хэл эцэг эхчүүдийн хайр хүндлэлийг хүлээсэн багш юм гэдгийг нь мэдэрсэн дээ. Олон хүүхдийг асран хүмүүжүүлэх завгүй их ажлынхаа хажуугаар хүүхэд бүрийн аав, ээжтэй цахимаар холбогдон зургийг нь явуулж, “Танай хүүхэд өнөөдөр ийм зураг зурсан. Хүү чинь ингэж хөөрхөн юм ярилаа. Та үүнд нь анхаарч дэмжээд өгөөрэй” гэхчлэн мэдээлэл өгдөг байв. Үнэндээ бид өдрийн цагаар хүүхдээ ямар хөөрхөн үйлдэл гаргасан, юу гэж хэлснийг нь мэдэхгүй шүү дээ. Харин Д.Түвшинжаргал багш шавь нарынхаа тухай аав ээжид нь дуулгаж, хайр түгээж, түүндээ баярлаж, маш сайн хамтран ажилладаг учраас л эцэг эхчүүд хүүхдээ өгөх дуртай байдаг юм байна гэдгийг өөрөө ойлгосон юм. Тиймээс багш нарын баярын өмнөхөн энэ удаагийнхаа буланд түүнийг урилаа. чвол туслах багш Б.Сүхчулуун нь угтан авч “Би туслах болсоор Түвшээ багштай хамтран ажиллаж байна. Манай багш бусдыг их хайрладаг. Миний хувьд хүнд зүйл өргөж болохгүй гэсэн эмчийн заалттай. Тэрийг Түвшээ багш маань “Чи битгий юм өргө, санаа зоволтгүй” гээд өөрөө өдөр бүр ганцаараа 46 хүүхдийн орыг зөөдөг. Би багш болохоор сурч байгаа. Энэ жил гуравдугаар курс. Ийм чадварлаг багшийн дэргэд байгаа болохоор надад сурахад илүү давуу тал болдог. Заан зөвлөж, заримдаа “Чи өөрийгөө илүү сайн дайчил” гэдэг. Ер нь, багш маань туслах болон залуу багш нарыг үйлдлээрээ л сургадаг. Хамтран ажиллахад их түшигтэй хүн дээ” гэж сэмхэн цөөн үгээр магтаад амжив. Д.Түвшинжаргал багш 1973 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, тээврийн жолооч Ц.Дашдондовын том охин болон Төмөр замын Төв эмнэлэгт мэндэлж, таван дүү дагуулжээ. Ээж нь “Найрамдал” цэцэрлэгийн анхны багш нарын нэг Я.Маам гэвэл ахмад төмөр замчид андахгүй. Түүний хүүхэд нас ээжийгээ даган тус цэцэрлэгт сурч хүмүүжсэн байна. Улмаар, нийслэлийн 46 дугаар сургуульд найм, 28 дугаар сургуульд арав төгссөн гэнэ. Тэрбээр, “1991 онд арав төгсөнгүүтээ цэцэрлэгтээ үйлчлэгчээр ажилд орж, төдөлгүй угаагч болж байлаа. Дараа нь Минчүүр багшийн туслах болсон. Тэгээд Багшийн дээд сургуулийн Хэл уран зохиолын багшийн ангид сурахаар чөлөө авсан ч нэг хичээлийн шалгалтад унангуутаа ичээд нэгдүгээр курсээсээ гарчихсан юм. Хүүхэд л байж дээ. Ингээд сургуульгүй, ажилгүй болоод гэртээ хувиараа ажил хийж, аав ээжийнхээ ажилд тусалж байтал ээж “Чи Сургуулийн өмнөх боловсролын сургуульд ор. Цэцэрлэгийн багш бол” гэж зөвлөснөөр 1998 онд элссэн. 2002 онд төгсөөд эндээ шууд багшаар ирсэн. Намайг ороход Т.Мөнхтуяа эрхлэгч байлаа. Эрхлэгчээсээ маш их зүйлийг сурсан даа. Би ээжийнхээ насаараа багшилсан цэцэрлэгт нь бас багш болсноороо бахархдаг. Энэ цэцэрлэгийн өнцөг булан, өрөө тасалгаа бүрт нь миний хүүхэд насны дурсамж бий. Гэр шиг минь л санагддаг” гэж дурсамжаа уудлав. Мөн “Ээж маань Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат. 70 гарсан сайхан хөгшин байгаа. “Хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, ойлгож харилцаж байгаарай” гэж надад захидаг.  Монгол Улсын гавьяат багш Л.Цолмон,  хмад багш Ю.Содномбалжид, Энхээ, Чимид гээд ээжийн үеийн багш нар ч их зөвлөдөг. Мөн О.Эрдэнэчимэг, Б. Амгалан гээд ахмадууд маань бий. Ахмадууд “Сүүлийн үед хүүхдүүд аав ээжтэйгээ харьцахгүй утас ухаж, цахимд их донтож байна. Мөн Монгол ардын өв уламжлал, ардын аман зохиол их орхигдлоо. Тиймээс хүүхдүүдэд хэл зүгшрүүлэлт, ёс хүмүүжлийн хичээл сайн орж өгөөрэй” гэдэг. Манай цэцэрлэг “Би Монгол хүн” төсөлт ажил нэг, хоёрдугаар сард хэрэгжүүлдэг. Ер нь, хүүхдэд мэдлэгийг бол сургууль олгочихно. Харин бид суурийг нь л сайн тавьж өгөх ёстой. Миний багад өнөөгийнх шиг ийм олон төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн байгаагүй. Багш нар өөрсдөө л бүгдийг нь хийдэг байсан болов уу” хэмээн өгүүлэв. Д.Түвшинжаргал багш нийт дөрвөн бэлтгэл анги төгсгөсөн байна. Бүгд 40-өөс дээш хүүхэдтэй байсан гэхээр 160 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлжээ. Том шавь нар нь одоо оюутан болсон гэнэ. Бүр нэг айлын дөрвөн хүүхдийг ч дараалан төгсгөсөн тохиолдол олон. Аав ээжүүд “Эгч, ахыг нь та төгсгөсөн. Одоо дүүг нь ч танд өгмөөр байна” гэцгээдэг аж. Тэр “Одооны энэ ангид олон шавийн маань дүү бий” гээд хүүхдүүдээ эхийн сэтгэл нэвт шингэсэн харцаар тойруулан харав. Энэ үед бяцхан жаалууд ээлжлэн гүйж ирээд багшийнхаа өвөр дээр сууж, зарим нь тэврүүлэх гэж тэмүүлж байлаа. Эл байдлыг хэсэг ажиглан суухдаа хэдэн жилийн өмнө “Аз жаргалаас өөрийг мэдэхгүй нялх үрсийг

Алган дээрээ энхрийлэн бөмбөрүүлж

Бусдынх гэлтгүй өөрийнхөөсөө ч илүү хайрладаг

Бурхнаас илгээсэн элч гэлтэй

Цэцэрлэгийн багш та

Цэцэгхэн үрсийн минь хайр юм аа

Унтах нойроо хугаслан

Маргаашийн жаргалыг бүтээдэг

Угтах өдрүүдийн гэгээн өглөөг

Сэтгэлийн сүүгээрээ сүлдэг

Цэцэрлэгийн багш та

Цэцэгхэн үрсийн наран юм аа...” хэмээн олон жилийн өмнө бичсэнээ санав. Үнэхээр Д.Түвшинжаргал бяцхан шавь нарынхаа багш, ээж, найз, аз жаргал, халамж хайр нь ажээ. Зөвхөн нэг биш, бүхэл бүтэн ангиар нь сурган хүмүүжүүлэхдээ хэнийг нь ч хайраар дутаахгүй нинжин сэтгэл, арга ухаан, уужуу тайван байдлыг нь хараад хэдэнтээ ч бахархав. “Хүүхэд л юм чинь зарим нь уйлна, инээнэ, баярлана, гомдоно, уурлана, дэггүйтнэ, зөрүүдэлнэ. Өнгө өнгийн л жүжиг тоглодог доо бид. Насаараа хүүхэдтэй ажилласан болохоор би өөрийгөө хүүхэдгүй орчинд ажиллаж чадна гэж боддоггүй. Энэ л миний ажиллах орчин, аз жаргал мэдэрдэг өргөө шүү дээ. Хүүхэд хамгийн гэгээн ертөнц. Бид л тэр гэгээн ертөнцөд сайхан бүхний үрийг суулгаж, Монгол Улсын ирээдүйн зөв төлөвшилтэй иргэнийг бий болгоход хичээж ажиллах ёстой. Хүний амьдралд гэр бүлийн хүмүүжил, цэцэрлэгт олсон төлөвшил маш их нөлөөлдөг юм. Хүүхдээ сайн, сайхан хүн болгохын төлөө эцэг эхчүүдтэй л би их тулж ажилладаг. Тэд ч их дэмждэг” гэх. Тэр бас өнөө цагийн цахим хэрэглээний хөгжлийн хурдад, шинэ үеийн хүүхдүүдийн сэтгэхүйд нийцэхийн тулд үргэлж суралцдаг гэнэ. Энэ тухайгаа “Сүүлийн үеийн хүүхдүүдийн сэтгэхүй асар өөр болсон. Ихэнх нь англиар ярих гээд байна. Хуучны үеийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг бараг сонирхохгүй. Хоёр настай хүүхдүүд ч утаснаас хүссэн зүйлээ үзэж чаддаг болж. Тиймээс багш хүн хүүхдээсээ дутуу байж болохгүй учир сургалтад их хамрагддаг. Хүүхдийн тухай шинээр гарсан ном бүрийг худалдан авч, чөлөөт цагаараа уншдаг” гээд хатуу, зөөлөн хавтастай олон ном үзүүлэв. Мөн “Уг нь стандартаараа нэг багшид 25 хүүхэд ногдох ёстой. Хэрэв тэр стандартаа барьж ажиллавал хүүхэд нэг бүртэй илүү сайн тулж ажиллах боломж бүрдэнэ. Гэхдээ улс орон хөгжиж байна. Цаашид цэцэрлэгийг олноор барьж, багшийн ачааллыг бууруулна гэж итгэдэг. Хойчийн зөв иргэнийг бэлтгэе гэж л байгаа бол цэцэрлэгийн үйл ажиллагаанд гол бодлогоо хандуулах хэрэгтэй” хэмээн учирлав. Түүний хэлсэн энэ үг түмэн зөв гэдэгтэй уншигч та бүхэн ч санал нийлэх биз ээ. Үнэхээр ч өндөр хөгжилтэй улс орнууд сургуулийн өмнөх боловсролдоо гол анхаарлаа хандуулж, цэцэрлэгийн багшийнх нь зиндаа дээгүүр, цалин өндөр байдгийг бид ярьдаг. Гэвч манай улсад эсрэгээрээ байдаг нь нууц биш. Д.Түвшинжаргал багш “Бидний цалин мөнгө яах вэ. Нэмэгдээд л байгаа. Хамгийн гол нь энд ирээдүйн иргэний суурь төлөвшил бий болдог юм шүү. Үүнд л анхаарах хэрэгтэй...” хэмээн давтан давтан хэлэх нь түүний шавь нарынхаа ирээдүйн сайхны төлөө сэтгэлээ хэрхэн зориулж явдгийг илтгэх аж. “Найрамдал” цэцэрлэгийн эрхлэгч Ч.Осоржамаа “Түвшээ багш манай шилдэг багш нарын нэг. Оны эхэнд “Төмөр замчны алдар” тэмдгээр шагнуулсан. Багш хүнд байх бүх чанарыг өөртөө шингээсэн хүн. Хамгийн чухал нь ёс зүй өндөртэй. Залгамж халаагаа бэлтгэх, туршлагажуулах бодлогын хүрээнд зэрэгцээ бүлгийнх нь С.Хэрлэнчимэг гэдэг залуу багштай багш шавийн гэрээ байгуулсан” хэмээн тодотгов. Д.Түвшинжаргал багш “Би Б.Дугармаа эгч, Б.Буяндэлгэр, Б.Отгонбадрал гээд олон сайхан туслах багштай хамтран ажилласан. Одоо Б.Сүхчулуунтайгаа ажиллаж байна. Ер нь, туслах багштайгаа маш сайн ойлголцож ажиллах нь чухал. Хоорондоо таарамжгүй бол болохгүй шүү дээ. Манай бусад багш нар ч сайхан. Аав минь “Хүнд дандаа тусалж бай” гэдэг болохоор би багш нараасаа хэрэгтэй зүйлийг нь харамладаггүй. Одоо Ц.Гүндэгмаа, О.Энхтуул тэргүүтэй багш нараас сурах юм ч их байдаг. Намайг цэцэрлэгийн багшийн сургуульд сурахад хичээл заасан Л.Алтансувд гэж багш бий. Одоо ч багшилж байгаа. Мэдэхгүй л зүйл гарвал багшаасаа асуудаг юм” гэв. Мөн “Би гурван хүүхэдтэй. Том хүү Японд гэр бүлээрээ амьдардаг. Дунд хүү Солонгост, бага охин одоо 12 дугаар ангид сурдаг. Хоёр ачтай. Би өөрийн хүүхдүүддээ анхаарал хандуулж байсангүй. Эцэг эхийн хуралд нь нэг ч удаа сууж үзээгүй. Хань минь л хувиараа ажил эрхэлдэг болохоор ар гэрийн бүх асуудлыг зохицуулдаг. Миний хань Ш.Энхсайхан гэж хүн бий. Намайг ойлгож, ажлыг маань дэмждэгт л өдий зэрэгтэй явна даа” гэж ярихдаа аньсага нь чийгтэв. Тэр их уяхан, нулимс ойртой хүн шиг санагдлаа.

Хэрэв би цэцэрлэгийн багш байсан бол... гэж бодож үзэв. Гэвч яг үнэндээ миний хувьд чадахгүй байх. Учир нь, олон арван хүүхдийг жигд сургаж, хүмүүжүүлнэ гэдэг амаргүй даваа юм. Аливаа хүнийг бурхан “Чи тийм ажил хийх ёстой” гээд шууд хувь тавиланг нь зураад хүн төрөлхтөнд илгээдэг гэх нь бий. Үнэхээр тэгдэг бол Д.Түвшинжаргал бурханы илгээсэн цэцэрлэгийн багш, хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэгч хүслийн од, амжилтад хүргэх эрдмийн уурхай, авьяас чадварыг нь хөгжүүлэх оюуны их ай сав ажгуу.

 

М.Наранболд