Ч.Дорж: Төмөр замыг хүн гэвэл зүрх нь машинч юм
“Найрамдлын зам” сонины анхны идэвхтэн бичигчдийн нэг, өнөөгийн “Ган зам” сонины үнэнч уншигч, Дархан татах хэсгийн өндөр настан Чимидийн Дорж гуайтай шинэ оны босгон дээр хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд толилуулж байна.
-Таны нутаг ус болон анх төмөр замд хэзээ орж байсан түүхээс яриагаа эхэлье гэж бодлоо?
-Би Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1933 онд мэндэлсэн. Долдугаар анги төгсөөд багшийн сургуульд хуваарилагдсан ч явж чадалгүй нэг жил өнжихдөө сум, багийн ажилд оролцох маягтай л байж байлаа. Тэгтэл хамаатны ах “Чи сургуульд явахгүй шал дэмий цаг алдаад байна. Ажилд оруулъя” гээд хоршоонд түүхий эдийн эрхлэгчийн дагалдан болгож, сумын төвд суудаг болж билээ. Би 17 настай л байсан. Гурван сарын дараа шалгалт өгөн тэнцээд жинхэлтэл намайг сургаж байсан багшийг маань аймгийн хоршоодын холбооноос өөр суманд түүхий эдийн эрхлэгчээр томилчихлоо. Тэгээд намайг эрхлэгч болгож, гурван жил ажилласан. Зуны цагт бүх л малын ноос ноолуур, өвөл болохоор арьс ширээс авахуулаад бүхий л түүхий эдийг авдаг. Хэдэн мянган тонноор нь авна. Алдаа дутагдал гаргаж, өр тооцоонд ороогүй. Гэтэл дарга нар намайг нягтлангийн курст явуулахаар боллоо. Хавраас явах гэж хөөцөлдлөө, миний ажлыг авах хүн олддоггүй. Ноос ноолуур ирсээр, бүр арваннэгдүгээр сар болов. Тэгж байж нэг багшийг эрхлэгчээр тавьж, Улаанбаатар худалдааны техникумын нягтлангийн ангид сурахаар сургуульдаа иртэл “Эхний улирал дуусаж байна. Ирэх жил л сур” гэдэг юм. Төрүүлж өсгөсөн аав ээж, тоглож наадсан бор толгод, зэргэлээ татсан тал нутгаа орхиод ирсэн хүн ингээд сургуульгүй болчихлоо. Эгчийндээ байж байгаад хавар нь нэг танилынхаа зөвлөснөөр төмөр замд хүсэлт өгч, УБТЗ-ын таван жилийн ойгоор буюу 1954 онд Зүүнхараагийн вагон депод ажилд орсон. Дандаа оросуудтай. Гурван сарын турш суудлын болон ачааны вагон зассан. Тэгээд шинээр очсон бидний 20-оод залуугаас шалгалт авч, төмөр зам дагуу бүх л өртөө, зөрлөгт тараасан. Би дөрвөн хүний хамт Мандалд вагон засварчин болж очсон. Тэнд Улаанбаатарын зүтгүүрийн бригад ирээд Зүүнхараагийнхтай солигдоод буцдаг байсан. Жилийн дараа үзэгч болоод байтал урд зам ашиглалтад орохоор болж, монгол ажилчдыг явуулж эхэлсэн. Энэ дагуу намайг ч 1955 оны арваннэгдүгээр сард Чойрын ТҮГ руу шилжүүлсэн. Очтол бүтээн байгуулалт хийж буй хүмүүс нь бүгд орос цэрэг. Өнөө 505-ынхан буюу Власовын армийнхан шүү дээ. Манай ТҮГ-ын дөрвөн ахлах үзэгч орос. Ингээд орос хүн дагалдаж вагон үзэгчээр ажиллаж байтал ахлах үзэгч нар нутаг буцаж, би ахлах болсон. 1957 оны сүүлчээр депогийн орос дарга “Одоо чамайг туслах машинчийн курст явуулна” гээд 1958 он гаргаад явуулсан. Нэг жил сурч төгсөөд Сайншандад хуваарилагдан хоёр жил туслахаар ажилласан. Орос машинч маань намайг магтаж, “Энэ Дорж хамгийн сайн ажиллаж байгаа. Одоо энэ залууг завод засварт явуулъя” гэтэл дарга нар зөвшөөрсөн. Тэгээд Сайншанддаа нэг их удаагүй ээ.
-Хаашаа шилжив?
-Эхнэр маань /А.Маруся/ анагаахын сургууль төгсөөд хотод ажиллах болсон л доо. Энэ байдлаа Замын удирдлагад дуулгатал намайг Улаанбаатар татах хэсэгт шилжүүлсэн. Даргаар нь Д.Гэсэржав /Гавьяат тээвэрчин/ гэж хүн байлаа. Хотод хоёр ажилласан л даа. Тэр үед Орос, Хятадын харилцаа муудаж, төмөр замын хөдөлгөөн багасан, ажиллах хүчний илүүдэлд орж эхэллээ. Тэгтэл Шарын голын уурхай нээгдэх болж, төмөр замаас хэдэн хүнийг Орос руу экскаваторын механикчийн курст явуулахад миний бие багтсан юм. Орост нэг жил сурч, Шарын голын уурхайд гурван жил ажиллаад төмөр замдаа буцаж ирэх гэрээтэй. Ингээд гэрээний хугацаа дуусмагц төмөр замдаа эргэн орж Шарын голын нүүрсийг Дархан руу тээвэрлэдэг болсон доо. Тэгээд 1988 онд тэтгэвэрт гартлаа л төмөр замдаа ажилласан.
-Урд хэсэглэлийн төмөр зам дөнгөж тавигдсан үед та очсон байх нь. Тэр үеийн төмөр зам, бас орос цэргүүдийн нөхцөл байдал ямар байсан талаар яривал өнөөгийн залууст сонин байх болов уу?
-Галт тэрэгний хөдөлгөөн хойд хэсэглэлээс ялгаагүй их. Харин Чойрын ТҮГ гээд маш гоё урт цагаан байшинг оросууд барьж байлаа. Аравдугаар сард халаалтын систем тавиагүй, шал нь шороогоороо байсан. Хэдэн ширээн дээр багажаа тавьчихна. Тоос шороо бужигнуулаад л орж, гарцгааж байдаг. Тэгээд орос цэргүүд өдөр шөнөгүй ажилласаар шал хийж, будаж дуусгасан. Орон сууц гэж байгаагүй. Хоёр голт вагон зам дээр тавьчихсан, том том пийшин галладаг. Бид хагас жил шахам вагонд амьдарч билээ. Оросуудтайгаа яах вэ ойлголцчихно. Дунд сургуульд үзсэн орос хэлний багахан юм, хойшоо нэг жил сурсан болон депод оросуудтай ажиллаж байсан нь нэмэр болсон. Ер нь, төмөр замын эхэн үед Замын хэмжээнд тэр чигээрээ л орос мэргэжилтнүүд байсан шүү дээ. Бид ойлголцохоос өөр аргагүй. Орос цэргүүд бол хатуу хараа хяналт дор л ажилладаг байсан. Эрхээ хасуулсан хүмүүс ямар олиг байх билээ, хөөрхий.
-Та машинч болохдоо дахин сургуульд сурсан юм уу?
-Үгүй, би ажиллаж байхдаа бие дааж суралцаад 1962 онд шалгалт өгсөн. Шөнө ном уншиж, судалсаар зарим үед үүрэглэдэг байлаа. Тэгсний хүчинд Удирдах газарт очиход арав гаруй хүн суучихсан шалгалт авч, би онц дүгнүүлж байсан.
-Ажил дээр таныг сургасан багш нар бий байх. Тэр хүмүүсээ дурсвал?
-Зүүнхараад Вагон засварын депод очиход М.Шагдар, Ц.Насантогтох гээд маш сайн хүмүүс байсан. Ц.Насантогтох нь “Актама” дууг их сайхан дуулна. М.Шагдар нь сүүлд төмөр замын Намын хорооны хянан шалгахын дарга болсон юм. Тэднээс ажилд суралцсан даа. Оросууд ч биднийг их сургасан. Хийх ажлыг маш сайн зааж, хөлс гоожсон завгүй үед арчиж ч өгнө шүү дээ. Би ихэвчлэн Украйн хүмүүстэй хамт ажилласан. Мандалд, Чойрт очиход дарга нар, ээлжийн ахлах дандаа Украйн хүн байсан. Сүүлд машинч болтол ахлах машинч маань ч бас. Гэхдээ дандаа л оросоор ярьцгаадаг. Ер нь, тэр үеийнхэн хүнийг ажил сургахын төлөө ажилладаг байлаа. Яг л эцэг эх шиг анхаарал хандуулна. Хөдөлмөрийн баатар Л.Ойдовням, Цээсүрэн дарга, гавьяат тээвэрчин Д.Дамбийбалжир мөн Гомбосүрэн, Ж.Нямдаш, гээд чадварлаг олон хүнтэй хамт ажиллаж явж дээ.
-Та өөрөө олон шавьтай юу?
-Өө, олон бий. Шарын голд арав гаруй жил ажиллахаас эхлээд олон шавьтай болсон. Гавьяат тээвэрчин Н.Хуяг-Эрдэнэ агсан миний шавь байлаа. Аравдугаар анги төгсөөд жил гаран манай цуваанд байсан. Засвар дээр ажилладаг. Намайг дагалдаж ер яваагүй ч мэдэхгүй зүйлээ дандаа надаас асуудаг, “Багшаа” гэж дууддаг байлаа хөөрхий минь. Тэгээд орос руу сургуульд явсан юм. Энэ мэт олон сайхан шавь бий. Төмөр замын тээвэр Монгол Улсын хөгжил, эдийн засгийн зүрх нь гэж боддог. Харин төмөр замыг хүн гэвэл зүрх нь машинч юм. Төмөр замын баатар, гавьяатуудын олонх нь зүтгүүрчид. Р.Раш дарга “Улсын хөгжил машинчийн кабинаас харагддаг” гэж хэлсэн удаатай.
-Та машинчаас гадна “Найрамдлын зам” сонины идэвхтэн бичигч болсон байдаг. Хүүхэд байхдаа сэтгүүл зүй, гэрэл зурагт сонирхолтой байв уу?
-Тийм сонирхол байгаагүй. Зүгээр л нэг тохиолдлоор сонины идэвхтэн бичигч болчихсон. Сайншандын депод ажиллаж байхад Лхамсүрэн гэж нэг залуу зураг авдаг, би түүнийг нь их сонирхдог байлаа. Надаар зураг авахуулж, хэрхэн угаахыг хүртэл зааж өгсөн. Тэгсээр байгаад би гэрэл зургийн сонирхолтой болсон. Улмаар оросоос гэрэл зургийн аппарат, цаас, хор зэрэг хэрэгтэй зүйлсийг нь олж ирээд өөрийн хэрэгсэлтэй болж байлаа. Ингээд 1963 оноос байгууллагын хурал, үйл явдал, хамт олны зургийг авна. Ц.Намсрайжав /Хурд хамтлагийн гитарчин Наранбаатарын аав/ гэж машинч хүн “Найрамдлын зам” сонинд гэрэл зурагчнаар ажилладаг байсан. Бид нэгнээ мэднэ л дээ. Л.Санжмятав гэж зурагчин ажиллаж байгаад явсан байсан. Тэр үед зураг дардаг хүн ховор. Ц.Намсрайжав “Чи зураг сайн авч сураад сонинд нийтлүүлж бай” гэхээр нь урамшаад депогийнхоо зурагт мэдээнүүдийг нийтлүүлж, бүр “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” зэрэг төвийн хэвлэлүүдэд өгдөг болсон /50, 60 жилийн өмнөх сонины нийтлэлүүдийнхээ хайчилбарыг үзүүлэв/. “Үнэн” сониноос зарласан уралдаанд хэд хэдэн удаа байр эзэлж байлаа. “Үнэн” сонины Дархан дахь сурвалжлагч аппаратгүй учир надаар зургаа даруулдаг байсан нь төвийн хэвлэлд ойртох гүүр болсон. Ер нь, Ц.Намсрайжавынхаа буянаар хэвлэх үйлдвэр, сониныхонтойгоо дотно нөхөрлөх эхлэл ингэж тавигдсан юм. Дараа нь, Лувсанцэрэн, Доржсүрэн, Цэвээндорж, Д.Лхагвасүрэн гээд зурагчид байсан.
-Он гаргаад сонины маань 65 жилийн ой тохионо. Та 60 жилд нь идэвхтэн бичигч гэгдэж байгаа юм байна даа?
-Тийм шүү. Миний мэдэхийн сонины ерөнхий эрхлэгч Хайдав, дараа нь Чойжав... гээд олон хүн солигдсон. Одоо ч бүгд бурхан болж дээ. Сэтгүүлчдийн хувьд ч үе үеийнхэнтэй нь нөхөрлөж явна. Өнөөгийн та хэдтэйгээ ч сайхан байна. “Найрамдлын зам”-аас “Өдтэй бичиг”, дараа нь “Ган зам” гэж өөрчлөгдөж, сониноосоо 1990-ээд он хүртэл идэвхтэн бичигчийн мөнгө авсан шүү. Сүүлд харин замын санхүүгээс болсон уу, өгөхөө больсон. Идэвхтэн бичигчдээ их дэмждэг байлаа. Өөриймсөг хандан зааж сургана, магтана, зэмлэл ч хүртээнэ /инээв/. Ер нь, төмөр замын хөгжил, бүтээн байгуулалт, үе үеийн төмөр замчдын хамаг л түүх энэ сонины шарласан хуудас бүрд бий дээ.
-Тийм шүү, сонины үнэ цэнийг мэддэг тань шиг хүн олон байгаасай. Та харин сонин хэвлэл рүү яагаад “урваагүй” юм бол?
-Ц.Намсрайжав өөр шигээ орон тооны ажилтан болгох санал тавьсан удаатай. Урвах санаа төрсөн ч чадахгүй байх гэж бодоод “Машинчаар ажиллангаа идэвхтэн бичигч байя” гэж хэлсэн. Ажлаасаа буугаад л зураг дарах ажилдаа гардаг байлаа. Тэгээд угаагаад шөнөжин суудагсан. Хөгшин маань ойлгож, их дэмжинэ. Өнөөг хүртэл арваад аппарат элээлээ. Одоо ч хөл муудаад гадуур гарч зураг дарж чадахаа байсан.
Та хүүхэд нас, аав ээжийнхээ тухай хуучлаач?
-Манайх 50 гаруй хонь, унааны хоёр морь, 60-аад тэмээ гээд мал малын захтай айл байлаа. Хүүхэд нас маань малчин айлын хүүхдүүдийн л адил өнгөрсөн дөө. Сургуулийн амралтаар аав, ээждээ тусална. Манай говь гол усгүй шүү дээ. Бороогүй үед өдөржин л худаг дээр мал усална. Аав, ээжээсээ дөрвүүлээ. Одоо ч ганцаараа үлдлээ дээ, ах нь.
-Эхнэрээ дагаж хот орж ирсэн гэсэн. Та хоёр хэдэн онд гэр бүл болов?
-1962 онд ханилсан, одоо 60 жил хамт амьдарч байна. Олон жил ханилахаар нэгнээ ёстой бүрэн мэддэг болох юм. /Энэ үед эхнэр А.Маруся нь ярианд оролцож/ “Би Булган аймгийн Тэшиг сумынх. Долдугаар ангиа төгсөөд 1958 онд анагаахын дунд сургуульд ирээд удалгүй танилцсан юм” гэв.
-Хаана, ямар тохиолдлоор танилцаж байв?
-1958 онд туслах машинчийн курст байхдаа нийтийн бүжгэнд орж яваад танилцсан. Тухайн үед энд тэндгүй л нийтийн бүжиг болдог байлаа. Манай хүн нэг бүжгэн дээр монгол дээлтэй жижигхэн шар охин таарч билээ. Харин яагаад ч юм ярилцах боломж гарч танилцсан. Маруся төмөр замын байранд машинч айлд байдаг. Тэр байранд нь надтай туслахын курс хамт төгссөн хүмүүс амьдардаг. Хотод ирээд найз нөхдөөрөө очих бүрт тааралдана. Тэгж явсаар дотноссон доо. Маруся анагаахаа 1962 онд төгсөөд төмөр замын эмнэлэгт ажилласан юм. Хань минь эмнэлэгт хүүхдийн эмч, түргэний эмчээр ажилласан. Тэгээд л 1963 оноос би хойшоо явж, Шарын голд ажиллах болсноор манай хүн ч уурхайн аваарын эмнэлэгт ажилладаг болсон. Анхны ерөнхийлөгч П.Очирбат уурхайд ерөнхий инженер байлаа. Хөвөнтэй өмд, цамц, бакалан гуталтай нөхөр л алхаж явдагсан.
-Нэгэн жарныг хамтдаа туулна гэдэг маш сайхан юм. Та хоёр хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ?
-Хоёр хүүхэдтэй, адилхан л тэтгэврийн хөгшчүүл боллоо доо /инээв/. Бага хүү Д.Бат-Эрдэнэ маань цэрэгт явж ирээд машинч болсон. Хүүгийнхээ зургаар би танай сониноос зарласан уралдаанд байр эзэлсэн шүү дээ. Хүүхэд байхдаа намайг хааяа дагаж зүтгүүрийн кабинд Дархан орж ирнэ. Нэг өдөр миний сандал дээр сууж байхаар нь зураг дарсан юм. Тэгтэл том болоод над шиг машинч болохоор нь дахиж зургийг нь дараад хамтад нь уралдаанд явуулсан нь тэр.
-Насаараа ажилласан мэргэжлийг чинь хүү нь сонгоход ямар санагдаж байв?
-Ер нь, төмөр замчин болох нь баттай байсан л даа. Цэргээс ирэхээр нь депогийн даргад хэлтэл уриалгахан зөвшөөрч, дагалдан засварчнаар авсан. Төдөлгүй Эрдэнэт депод очиж ажиллаж байгаад туслах машинч, улмаар машинч болсон. Миний хүү маш сайн ажилласан. “Хүндэт төмөр замчин” болж, “Алтан гадас” одон зүүсэн шүү. Том хүү маань төмөр замчин бололгүй Эрдэнэт үйлдвэрийн гал унтраах ангид ажилд орсон. Үр хүүхдүүд сайхан явах жаргал юм. Ач нар, ач нарын хүүхдүүд гээд олон болж байна. Хөгшин бид хоёрын хоол хүнсийг хүүхдүүд бэлтгээд л аваад ирнэ. Эмнэлэг явах, хот орох гэвэл хэн нэг нь машинаар аваад явна. Сайхан байнаа. Хөгшин минь ч эмч болохоор асаргаа сайтай хүн шүү дээ би.
Эхнэр А.Маруся:
-Эмч хүний хувьд хөгшнийхөө эрүүл мэндэд анхааралгүй яах вэ. Залуудаа гэрэл зураг угаахад нь тусалж, нойтон зургийг нь хатааж өгдөг байлаа. Тэгэхээр миний хөдөлмөр бас тухайн үеийн сонин хэвлэлүүдэд шингэсэн байгаа биз /инээв/. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр хааяа зураг дарчихна. Миний хань анх танилцахад л их тохитой залуу байсан. Яг л хэвээрээ өтөлж байна даа. /А.Маруся эмээ хананд өлгөөстэй, хөдөө монгол гэртэй айлыг тал бүрээс нь авсан гэрэл зургийг үе үе ширтэн суухыг ажигласан тул ямар зураг болохыг асуувал/ Аав ээж минь малчин хүмүүс байлаа. Энэ аавын минь гэр. Бид хоёр нэг очиход Дорж тал бүрийнх нь уулсыг оруулан зураг дарж байсан. Тэгээд сүүлд жаазлаад өлгөсөн юм. Энэ зургийг харахаар хүүхэд байсан үеэ, аав, ээжийгээ маш тод санадаг /нүдэнд нь нулимс мэлтэлзэв/. Өндөр уулстай, сайхан нутаг байгаа биз. Ганга цагаан эрэг, Шарилант гэдэг газар. Өвөө, эмээгийнх ойрхон энэ хавьцаа нь /хуруугаараа зургийн зах руу заан/ байсан. Нэг л мэдэхэд өөрөө 84 хүрсэн эмгэн боллоо. Эцэг эхээс би гурвуулаа, нэг дүү маань Эрдэнэтэд бий. Амьдрал их хурдан өнгөрөх юм даа... гэв.
-Дэлгэрэнгүй сайхан хууч хөөрсөн та хоёртоо баярлалаа. Зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөл дэвшүүлье!
Ч.Дорж:
-Баярлалаа. Би бараг 30-аад жил ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан. Бидэнд зааж зөвлөх талаар бүх сэтгэлээ гаргаж, итгэл өгч чаддаг сайн хүмүүс байлаа. Зовлон жаргалаа хуваалцаж ирсэн анд нөхдийнхөө ач тусыг нь хариулж чадахгүй ч гавьяаг нь мартаж үл болно. Мөн төмөр замынхаа тулгыг тулалцаж, галыг нь асаалцаж, хүчин зүтгэж явсан үе тэнгийн нөхөд минь ихэнх нь тэнгэр болжээ. Тэднийхээ үр хүүхэд, үе үеийн төмөр замчдад өвгөн ах нь сайн сайхныг хүсье. Ахмад бидэнд халамж анхаарал үргэлж тавьдаг татах хэсгийн удирдлага хамт олон, Ахмадын хорооныхондоо баярлаж явдаг даа. Энэ дашрамд сониныхоо үе үеийн сэтгүүлч, уншигчдадаа 65 жилийн ойн мэнд хүргэе. Та бүхний минь цог хийморь нь бадарч, аз жаргал, баяр хөөр, урам зориг, сайхан бүхэн цогцлон бадарч байх болтугай.