УБТЗ ХНН-ийн дохиолол холбооны салбарт хамгийн бага албан тушаалаас нь эхлэн Замын орлогч дарга хүртлээ олон жил үр бүтээлтэй ажиллаж, саяхан Гавьяат холбоочин цолоор шагнуулсан Монгол Улсын зөвлөх инженер Ч.Цогтбаяртай ярилцлаа. Тэрбээр, УБТЗ-ын холбоочдоос төрсөн анхны гавьяат цолтон болж буй аж.
-Луу жилийн босгон дээр Монгол Улсын Гавьяат холбоочин хэмээх эрхэм хүндтэй цол хүрсэн танд баяр хүргэе. Шагнал гардах үед юу бодогдож байв?
-Баярлалаа. Энэ ташрамд нийт төмөр замчдадаа сар шинийн мэнд дэвшүүлье. Төрийн өндөр шагнал гардахад төмөр замчид маань л хамгийн түрүүнд бодогддог юм билээ. 90 нас хүрч байгаа ээж минь их баярласан. Шагнал авахаа ээждээ дуулгаад “Та очиж хэрэггүй, гэртээ байж байгаарай. Би тан дээр өөрөө ирнэ” гэсэн чинь “За” л гэсэн. Гэтэл ээж хэдийнээ ирээд хадаг сүү барьчихсан бөөн баяр угтдаг юм. Би УБТЗ-д төмөр замчин холбоочин гэх үндсэн мэргэжлээрээ эхлэн 38 жил ажиллаад гавьяаны амралтаа авсан. Анх сургуулиа төгсөөд Сайншанд дахь Дохиолол холбооны III ангид механикчаар томилогдож, арван жил ажиллах хугацаандаа шат ахисаар ангийн дарга нь болж байлаа. Уг нь, тухайн том өртөөний дарга нь зангилаан дарга байдаг шүү дээ. Гэтэл яагаад ч юм Р.Раш дарга намайг зангилааны даргаар томилж байлаа. Хот руу иртлээ зангилааныхаа аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сайхан байсан. Ингэж л төмөр замын мэдлэг, туршлагыг хуримтлуулж эхэлсэн. Удирдлагын үнэлэлт, итгэл найдварыг нь алдахгүйг хичээдэг байсан. Миний хувьд холбоочид дундаасаа УБТЗ-ын удирдлагын багт 15 орчим жил ажиллажээ. Тодруулбал, Төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга, улсын ерөнхий байцаагч гэдэг албан тушаалыг найман жил хашсан. Мөн Тээврийн хяналтын алба, Дохиолол холбооны алба, Техникийн бодлого, зураг төслийн төв зэрэг байгууллагад ажиллаж байлаа. Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн олон сайхан ахмад буурал, үе үеийн удирдлага, хамтран ажилласан үеийнхэн, одоо төмөр замаа авч яваа залуу үеийн удирдлага, мэргэжилтнүүддээ баярладаг даа.
-Гавьяаны амралтдаа гараад юу хийж байна даа?
-Баянгол дүүргийн Ахмадын хороонд ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байна. Төмөр замчид дундаа өсөж өдий хүрсэн хүний хувьд нийгмийн өөр нөхцөлд орж, нийслэл, дүүрэг, хорооны ахмадуудын үгийг сонсоход Монгол Улсын ахмадууд ихийг хийжээ. Түүнийгээ хойч үедээ өвлүүлэх, залуусаа зөв хүмүүжилтэй, сэтгэлтэй, боловсролтой болгохын төлөө зүтгэдэг юм байна. Хаана ч очсон төмөр замчин ахмадууд байх юм. Тухайн хороо, зөвлөлдөө нэр хүндтэйг нь хараад бахархдаг.
-Төмөр замчин холбоочин мэргэжлийг та анх яагаад эзэмшив. Хэн нэгэн хүн нөлөөлж байв уу?
-1977 онд Ажилчны районы Сонгино дахь X сургуулийн аравдугаар ангийг онц дүнтэй төгсөхөд надад дотоодын дээд сургуульд шалгалтгүй элсэх эрх олгосон юм. Тэгтэл аав маань “Аав нь ЗХУ-ын Ленинградад Галын техникийн дунд сургууль төгссөн. Тиймээс миний хүү орост сурвал яасан юм” гэж санал тавьсан. Тэгээд МУИС-аас хуваарь авахдаа Орост сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлтэл орос хэлний шалгалт авсан. Ингээд үеийн нөхөдтэйгөө Ленинград хотын Политехникийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэл ангид орж, улмаар тус хотынхоо Төмөр замын тээврийн инженерийн дээд сургуульд Автоматик телемеханик холбооны инженер мэргэжлээр элссэн. Үнэндээ би техникийн инженер болно л гэсэн зорилго байснаас төмөр зам уу, авто зам, эсвэл нисэхэд үү гэдгийг бодоогүй. Тэр үед Улсын дээд, дунд, тусгай боловсролын хороо гэж байлаа. Энэ хорооноос намайг төмөр замын дээд сургуулийн инженерийн хуваарь авч сурсан болохоор 1984 онд төгсөж ирэхэд шууд УБТЗ-д хуваарилснаар төмөр замчин болсон юм.
-Тантай хамт сурч төгссөн хүмүүсээс төмөр замд олон хүн орсон уу?
-Дохиолол холбооны албаны даргаар ажиллаж байсан Д.Сүхтөмөр агсан байна. Мөн Замын дарга асан Л.Пүрэвбаатар, Тээврийн хяналтын албаны дарга байсан Н.Адъяа, Дохиолол холбооны II ангид инженерээр ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл нар байна. Бид нэг анги. Тухайн үед УБТЗ-д Дохиолол холбооны дөрвөн анги байсан юм. Биднийг төгсөж ирэхэд нэг нэгээр нь хуваарилж билээ.
-Таныг говьд томилогдож очиход нөхцөл байдал ямар байв?
-Одоогийн залууст цахилгаан очрын систем гээд яривал ойлгохгүй байх. Цахилгаан очрын систем, гар сумтайгаар хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулдаг байсан. Ахлах механикч Н.Лувсандорж гэж хүн намайг тосож авсан. Механикч болоход ангийн дарга Б.Чимэдбаатар гэж асар их туршлагатай хүн “Чи анхны төгсөж ирж буй инженерүүдийн нэг. Чамд их ирээдүй бий. Одоо Сайншанд өртөөг цахилгаан төвлөрүүлэлтэд оруулах бэлтгэл ажлыг хийж байгаа” гэж танилцуулсан. Тэгэхэд жижүүрийн пост гээд нэг давхар барилгыг МУИС-ийн оюутнууд барьсан байсан. Өнөөгийн өртөөний жижүүрийн байшин шүү дээ. Дотор нь тоног төхөөрөмж тавиад удаагүй. Орос цэргүүд цахилгаан төвлөрүүлэлтийг хийх гээд тухайн үеийн УС-15-ынхантай ажлаа эхлүүлж байсан. Орос мэргэжилтэн В.И.Полянцев бид хоёрыг ангийн дарга “Та хоёр ангийн нэрийн өмнөөс энэ орос цэргүүдтэй хамтраад үүнийг байнгын ашиглалтад оруул” гэж үүрэг өгсний дагуу ажилласаар 1984 оныхоо арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж байлаа. Ингэж л шинэ систем нэвтрүүлэх анхны том ажилдаа гар бие оролцсон. Оны дараа нь албаны ерөнхий инженер Б.Батмөнх гуай очиж надаас шалгалт аваад хэсэг хариуцсан ахлах механикч болгож билээ.
-Таны эхнэрийг бас хойно хамт сурсан гэж сонссон. Та хоёр оюутан байхдаа танилцсан уу?
-Тиймээ, намайг дөрөвдүгээр курст ороход манай хүн нэгдүгээр курст очиж байсан юм. Бид хоёр танилцаад Ленинградад найз нөхдөөрөө хүрээлүүлээд оюутны байрандаа гэрлэж байлаа. Том охин Ц.Алтанцэцэг маань тэнд мэндэлсэн. Оюутан найзууд охиныг минь харалцана, хамтарч хоол ундаа хийж, юу байгаагаа хувааж идэцгээнэ. Сайхан байж дээ.
-Гэрлэхдээ аав, ээжүүдээ аваачиж байв уу?
-Үгүй, зөвхөн найзууд л байсан. Хүүхдээ бид хоёр Ленинградын хүүхдийн ордонд бүртгүүлж байлаа. Дараа нь аав, ээжийгээ урилгаар аваачиж охиноо дасгасан. Учир нь, эхнэр төгсөх болоогүй учир охиноо ээж, аавдаа авчирч харуулах гэж буй нь тэр. Зуны амралтаар ирээд арван сартай охиноо үлдээгээд буцаж билээ.
Би эхнэрээ хоёр жилийн дараа төгсөхөд нь Сайншандаас буцаж хотод ирнэ гэж бодож байсан юм. Гэтэл манай хүн миний араас очсон. Тэгээд л бид хоёр Сайншандад арван жил ажиллаж амьдарсан даа. Эхнэр бас холбооны мэргэжлээр төгссөн. Бидний мэргэжлийг СЦБ, холбоо, радио гэж гурав ангилдаг шүү дээ. Дээрх манай төгсөлтийн хэд гэхэд л Д.Сүхтөмөр радио, Л.Пүрэвбаатар холбоо, Н.Адъяа, Д.Түмэндэмбэрэл бид гурав СЦБ-гээр сурсан. Сайншандад ажиллах хугацаандаа ангийн хэмжээнд цахилгаан төвлөрүүлэлт, хагас автомат хориглол, радио холбоо, АТС гээд олон зүйл үе шаттай шинэчлэгдсэн дээ.
-Сайншандад байх үед чинь ардчилал гарч, зах зээлд шилжиж, ганзагын наймаанд хүмүүс цувж, хөл хөдөлгөөн ч асар их болж байсан биз?
-Ёстой бужигнаж байсан үе шүү дээ. Өмнө нь, хилийн уулзалтаар явахад хилийн цаана цэргийн хоёр, гуравхан машинаас өөр юмгүй байдаг байлаа. Гэтэл зургаахан сарын дараа гэхэд л зах үүсэж, дүүрэн хүн бужигнаж эхэлсэн. Эрээн үүсэж буй нь тэр. Ер нь, манайхан л Эрээнийг байгуулсан гэхэд болно доо /инээв/. Би ч бас юу дутах вэ, амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд амралт чөлөөт цагаараа ойр зуур наймаа хийж л явлаа. Ардчилал гарснаар бүхий л тогтолцоо, нийгэм өөрчлөгдсөн. Дорноговьд олон намын систем хөгжиж, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат Г.Вандандагвыгаа залуус бид дэмжин гаргаж байлаа.
-Та Сайншандаас хотод ирээд ямар ажилд томилогдож байв?
-Дохиолол холбооны албаны Лабораторийн ахлах инженерээр ирж, төдөлгүй дарга нь болсон. Тэндээсээ Тээврийн хяналтын албаны төвийн хэсэглэл хариуцсан ахлах байцаагч болж арван сар, дараа нь орлогч дарга нь болж байлаа.
-Улсын ерөнхий байцаагч гэж та түрүүн ярилаа. Тийм албан тушаал төмөр замд байсан юм уу?
-Тиймээ, Засгийн газрын тогтоолоор Улсын ерөнхий байцаагчийнх эрх олгодог байсан юм. Дээр үед хяналтын системийг салбар яамандаа хариуцдаг. Тиймээс төмөр замын тээврийн Улсын ерөнхий байцаагч гэдэг нь шинэ хуулиар батлагдаж, тэр хүн нь УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга байх ёстой гэж заасан. Анхных нь Ц.Сандууз дарга, хоёр дахь нь би. Надаас хойш энэ цолыг олголгүй, зөвхөн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга гэх болсон. Учир нь, МХЕГ байгуулагдаж, УБТЗ дотоодын хяналттай болж байлаа. Харин одоо МХЕГ-ыг татан буулгаж буцаагаад яам яамандаа хяналттай боллоо.
-Төмөр замын тээврийн тухай анхны хууль гарахад та бүхний оролцоо их байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Анхны шинэ хуулийн төсөл хийж батлахад Р.Раш, Ц.Сандууз дарга нар, тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд их үүрэг гүйцэтгэсэн. Мөн хуулийг дагасан дүрэм, журмуудыг боловсруулахад манай үе үеийн хяналтын байцаагч нар мэдлэг чадвараа харамгүй зориулсан. Одоо энэ хууль гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдлаа. Хууль хэрэгжиж эхлэхээр Монгол Улсын төмөр замын салбар орчин үеийн жишгээр илүү сайн хөгжинө гэж харж байгаа.
-Таныг болон таны үеийн Замын удирдлагуудтай шугам замаар хамт явахдаа ажиглахад төмөр замчидтай харилцах харилцаа, үүрэг даалгавар өгч буй нь залуу дарга нарынхаас арай өөр юм шиг санагддаг байлаа. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан тухайн ажилтныг зэмлэсэн ч давхар урам, илүү их хичээх итгэл өгч байдаг?
-Олон хүнтэй ажиллана, арга эвийг нь олно гэдэг амаргүй л дээ. Гэхдээ тухайн ажилтанд яг юуг бодуулах вэ гэдгээ л мэддэг байх хэрэгтэй. Түүнээс биш нэг асуудал гарахад аашилж зандарч, айлгаж ичээж, дарамталж болохгүй. Ер нь, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад байцаагчийн үүрэг асар өндөр. Байцаагч туршлагатай, бүх зүйлийг мэддэг, судалгаатай, ёс зүйтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Хэн нэгэн алдаа дутагдал гаргасан тохиолдолд тухайн хүнтэй маш нарийн тулж ажиллах ёстой. Юунаас болов, шалтгаан байна уу гэдгийг олж тогтоох нь чухал. Харин үнэхээр үүргээ биелүүлээгүй бол зохих ёсны хариуцлага тооцож таарна. Маш сайн байгааг нь шагнаж, урамшуулах хэрэгтэй. Ажил хийж буй хүнд “Танд баярлалаа” гэж хэлээд амжилт хүсэх нь их том шагнал болдог. Миний үед төмөр замыг удирдаж, залуустаа үлгэр жишээ болж, хамт ажилласан олон сайхан хүн бий. Р.Раш дарга, В.В.Магдей, Д.Жигжиднямаа агсан нарын орлогчоор ажиллаж байлаа. Бүх асуудлыг зөв тал руу нь шийддэг хүмүүс гэж би хүндэлдэг. Мөн ОХУ талаас нэгдүгээр орлогч байсан А.Е.Черных, В.М.Гернего, И.В.Милостных нартай удирдлагын түвшинд хамтран ажилласан. Үнэхээр мундаг хүмүүс. Орлогчоор нь биш ч удирдлагад нь ажил үүрэг гүйцэтгэсэн В.Отгондэмбэрэл, Т.Очирхүү, Г.Сэрээнэндорж, Л.Пүрэвбаатар дарга нар байна. Мөн үе үеийн албадын дарга нартай маш сайхан хамтран ажиллаж байлаа.
-Төмөр замд 38 жил ажилласан хүний хувьд та өөрийгөө дүгнэвэл бодож санасан бүхнээ хэрэгжүүлж чадсан болов уу. Ер нь, олон хүнийг удирдах арга барилд залуу дарга нараа та хэр сургасан бол?
-Би шударга байхыг л эрхэмлэдэг. Энэ миний гол зарчим. Аливаа юманд шударга, ёс зүйтэй байхыг байцаагч нар болон холбоочин дүү нартаа захидаг байсан. Хамтран ажилласан залуус маань ч тийм байж чадсан гэж боддог. Ер нь, шударга гэдэг нь зүгээр л нэг хэлэх нэр биш. Ямар ном, дүрэм, журамтай юм. Асуудлыг тухайн хүн ганцаараа шийддэггүй. Нээлттэй ярилцаж, асуудлын үнэн зөвийг олж шийдвэрлэх нь зүйтэй. Холбоочин хүний хувьд холбоо гэдэг нь төмөр замын ажил үйлчилгээ, аюулгүй байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, голлох удирдлагын систем. Тиймээс ямар ч нөхцөлд холбоочид худлаа хэлж болохгүй. Байгууламж нь найдвартай, хэвийн ажилладаг байхыг залуусаасаа ахмадаа хүртэл ойлгож, эзэмших ёстой. Ер нь, төмөр замын ерөнхий курс гэж мэргэжлийн аль ч сургуульд заадаг. Бүх инженер ерөнхий курсийн мэдлэгтэй төгсдөг. Тэгээд аливаа өртөө, зөрлөгт жижүүр, холбооны механикч, замынхан, эрчим хүний монтёр, машинч, туслах машинч, вагончид гээд бүгд нэг ажлын төлөө хамтран ажилладаг шүү дээ. Тиймээс нэг нэгнийхээ ажил мэргэжлийн онцлогийг ойлгож, суралцдаг. Бүгд төмөр замын нэг л дүрмийг мөрдөж, нэг л удирдлагад захирагддаг болохоор тэр. Төмөр замын гол мэргэжлийн алба, хэлтэс, байгууллагын удирдлага, Замын орлогчийн албан тушаалд жинхэнэ төмөр замын мэргэжлээр багаас нь мерит зарчмаар буюу шат дамжин ажилласан хүн л томилогдох хэрэгтэй гэж боддог. Ажлаа мэддэг хүн л хамт олныг зөв удирддаг юм. Энэ нь, мэргэжлийн онцлог. Улс төр аж ахуйн ажил хоёрыг салгах ёстой.
-Таны бодлоор салгаж чадаж байна уу?
-Бидний үед тодорхой хэмжээний ажлуудад даргын зөвлөл нь олон нийтийн байгууллагатай хэлэлцээд тухайн мэргэжлээсээ хүн томилдог байлаа. Дээр хэлснээр мерит зарчмаар гэсэг үг. Зарим албан тушаалд хүнийг бодлогоор ч бэлтгэдэг байсан. Гэвч одоо төмөр замын гол мэргэжлийн зарим байгууллагад шууд томилогдож байна. Энэ нь тухайн залуусын буруу биш байх л даа. Хамгийн гол нь ажлынхаа гол нөхцөлийг мэдэхгүй, ойлгоогүй байдаг. Зүгээр л нэг албан тушаал ахивал болно гэсэн бодолтой нь харагддаг юм. Гэхдээ тэдэнд үеийнхэн нь болон ахмадууд нь үргэлж зааж, зөвлөлдөж, нээлттэй ярилцаж, хамтран ажиллавал асуудал маш хурдан цэгцэрнэ. Нөгөө талаар залуучуудын байгууллага үеийн үед төмөр замд гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Нэг үе тасарсан ч сүүлд шинэчлэн байгуулагдсан нь сайшаалтай. Салбартаа нэр хүндтэй, чадвартай залуусыг бэлтгэн гаргаж байна. Энэ эрч хүчээ алдаж болохгүй. Дээр нь ахмадын болон эмэгтэйчүүдийн байгууллагатай маш сайн нягтарч хамтран ажиллах хэрэгтэй.
Түүнчлэн, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт гэж маш чухал байгууллага. Саяхан газ ачиж явсан машинтай холбоотой ямар том осол гарав. Төмөр замаар түүнээс хэд дахин илүү тэсэрч дэлбэрэх аюултай тээвэр явж, түүнийг нь цэрэгжүүлсэн хамгаалахынхан хамгаалдаг. Тиймээс энэ хүмүүсээ жил бүр бодлогоор гадагш нь ээлжээр сургалтад явуулж, орчин үеийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй.
-Тийм шүү, тантай санал нэг байна. Ингэхэд таны төрөлх нутаг гэвэл аль аймаг вэ. Хүүхэд нас тань хаана хэрхэн өнгөрөв?
-Аав, ээж, өвөө, эмээгийн нутаг гэвэл Баянхонгор. Харин би Улаанбаатар хотод төрж, 1964 онд нагац ах, өвөө хоёроо дагаад Баянхонгорт очсон. Ер нь, өвөөгийн эрх хүүхэд л дээ. Нэгдүгээр ангид орох үед өвөө минь бурхан болж, аав ээж араас нүүж очсон юм. Ингээд аймагтаа тавдугаар анги төгсдөг жил манайх буцаж хот руу шилжсэнээр X сургуульд орсон. Хүүхэд насаа дурсвал Баянхонгорт Шархүү гэж багш байлаа. Сүүлд гавьяат болсон. Тэр багшаар хэсэг хүүхдүүдтэй хамт хөл бөмбөг заалгаж, дөрөвдүгээр ангидаа аймгийн стадионы нээлтийн тоглолтыг хийж, их урам авч билээ. Харин Улаанбаатарт ирээд чөлөөт бөхөөр хичээллэж I зэрэгтэй болсон. Мөн үндэсний бөхөөр есдүгээр ангидаа Ажилчны районы Хөдөлмөр нийгэмлэгийн аварга болж байлаа. Пионер сурагчдын спартакиадаар Спортын ордонд төрийн далбаа барьсан Х.Баянмөнх аваргыг дагаад алхаж явснаа дурсахад сайхан байна. Ажилчны район гэж А үсгээр эхэлсэн, дээр нь энэ районы хоёр тамирчны бага нь учраас би 15-16 настай хүүхдүүдийн эхэнд алхаж, тэмцээнд оролцож байсан юм. Оюутан байхдаа биеийн тамирын хичээлийг секцэд яваад л аргална шүү дээ /инээв/. Бөхийн багш маань гэвэл Х.Намшир. Мөн Хөдөлмөр нийгэмлэгт Зэндмэнэ гэж мундаг ах байлаа. Жүдогийн МУГТ Жамсран миний дээд насны тамирчин. Би энэ хүнийг дагаж бэлтгэл хийнэ. Хэрэв Орос руу сургуульд яваагүй бол тэднийгээ дагаад спорт хөөх л байсан болов уу гэж боддог юм.
-Та тэгсэн бол гавьяат холбоочин биш, гавьяат тамирчин болох байж дээ?
-Би чинь Монгол Улсын Биеийн тамир спортын тэргүүний ажилтан шүү дээ /инээв/. Сайншандад ажиллаж байхдаа зангилааны наадамд хоёр удаа зодоглосон удаатай. Гэвч нэг, хоёр давахаас илүү гараагүй /инээв/.
-Дүү нарын чинь зарим нь төмөр замчин гэв үү?
-Аав, ээжээсээ бид гурван хүү, гурван охин төрсөн. Том охин дүү их эмч, удаах нь авто тээврийн инженер, бага нь бизнесмен. Эрэгтэй том дүү Улаанбаатар татах хэсэгт туслах машинч, машинчаар ажиллаад тэтгэвэртээ суусан Ч.Мягмарсүрэн. Бага нь Сайншанд депод машинчаар ажилладаг Ч.Цолмон. Энэ дүүгээ “Чи Сайншандад очиж ажилла” гээд л явуулж байлаа. Одоо хүү нь ч тэнд машинч болсон.
-Та өөрийн гэр бүлээ танилцуулбал?
-Эхнэр Л.Нэргүй маань Дохиолол холбооны III, II ангид ажиллаад гавьяандаа гарсан. Том охин маань нөхөр, дөрвөн хүүхэдтэйгээ АНУ-д амьдардаг. Хүү Ц.Чинзориг “Рейлком” төвд системийн ахлах инженерээр ажилладаг. Бага охин Ц.Мөнхцэцэг Дохиолол холбооны II ангийн хүний нөөцийн менежер. Ах нь ач, зээ арав хүрээд байна. АНУ-д байгаа том зээ саяхан 18 нас хүрлээ. Тун удахгүй өндөр өвөө болгох биз /инээв/.
-Дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье!
М.Наранболд