Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ сарын эхээр Хөх хотноо болсон хилийн төмөр замуудын ачаа тээврийн хэмжээ тохиролцох ээлжит хурлын үр дүнгийн талаар яриагаа эхэлье?
-БНХАУ-ын Хөх хотод энэ сарын 2-6-нд болсон хилийн зөвлөгөөнд УБТЗ ХНН-ийн удирдлагын баг амжилттай оролцож, ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр зам, БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай 2025 онд тээвэрлэх ачаа, зорчигч тээвэр, технологийн ажлууд, галт тэрэг солилцооны талаар тохиролцлоо. Оролцогч талууд хамтын ажиллагаагаа цаашид улам нягтруулах, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, хилийн төмөр замуудын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар асуудал дэвшүүлж хэлэлцсэн. Өнгөрсөн онд ОХУ-ын Эрхүү хотод болсон хурлаар бид галт тэрэг солилцоог Сүхбаатар-Наушки өртөөгөөр хоногт 10 хос, Эрээн-Замын-Үүд хооронд өргөн царигаар хоногт 15 ба түүнээс дээш, нарийн царигаар найм ба түүнээс дээш хос галт тэрэг солилцох түүхэн шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрээ бид Хөх хотноо дахин баталгаажуулсан. Энэ бол УБТЗ-аар тээвэрлэгдэх ачааны хэмжээнд шууд нөлөөлдөг гол үзүүлэлт юм. Мөн энэ удаагийн зөвлөгөөнөөр хамтарсан логистикийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг тээвэрлэлтэд нэвтрүүлэх тухай, Замын-Үүд-Эрээн хооронд нарийн царигийн хоёр дахь гол замыг холбох асуудлыг амжилттай шийдвэрлэж чадсан. Энэ бол нарийн царигаар БНХАУ-аас манайх руу өгөх галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онц чухал нөлөө үзүүлэх ажил юм.
Мөн Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлж хүлээн авах, явуулах замын тоог нэмэх, одоо гар ажиллагаанд байгаа зам сумыг цахилгаан төвлөрүүлэлтэд холбох, нарийн царигаас өргөн цариг руу шилжүүлэн ачих терминалын хүчин чадлыг 3000 чингэлгээр нэмэгдүүлэх тухай Хөх хотын төмөр замын даргатай манай Х.Хэрлэн дарга хуралдаж тохиролцож чадсан нь УБТЗ-ын хөгжилд нөлөөлөхүйц түүхэн шийдвэр болсон. Хөрөнгө оруулалтыг БНХАУ-тай хамтарч шийдвэрлэхээр тохиролцоог хийсэн нь өндөр ач холбогдолтой юм.
Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын мэдээлэл солилцох журмын дагуу тээврийн бичиг баримтуудыг хөрш төмөр замууд цахимаар солилцох асуудлыг мөн хэлэлцсэн. Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлэх ба ОХУ-тай хэд хэдэн галт тэрэгний тээврийн бичиг баримтыг цахимаар явуулж туршсан. Цаашид БНХАУ-тай цахим тээврийн бичиг баримтыг солилцохоор ярилцсан.
-Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах тухай өмнө нь яригдаж байсан. Энэ тухай танаас асуумаар байна?
-Тиймээ, үндсэндээ уг асуудлын хүрээнд УБТЗ-аар тээвэрлэгдэх ачааг 2030 онд 50 сая, 2050 онд 91 сая тоннд хүргэхээр зорилт тавьсан. Өмнө нь, ингэж БНХАУ, ОХУ-тай ачааны хэмжээг тодорхой тохиролцож чаддаггүй байсан. Х.Хэрлэн даргаар удирдуулсан баг энэ удаад хоёр хөрш төмөр замынхаа удирдлагуудтай ийм тохиролцоог хийсэн нь маш том амжилт юм.
Дээрх том зорилтын хүрээнд БНХАУ-ын Жининь хотоос Эрээн өртөө хүртэлх суурь бүтцийн тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Хөх хотын төмөр зам хариуцах, бид Замын-Үүдээс Сүхбаатар өртөө хүртэлх гол замынхаа техник эдийн засгийн үндэслэл тооцооллыг гаргахаар Замын даргын тушаалаар төслийн нэгж байгуулан ажиллаж байна. Харин Дорнод Сибирийн төмөр зам Улаан-Үдээс Наушки хүртэлх гол замын тээх нэвтрүүлэх хүчин чадварыг сайжруулахаар ажлаа зохион байгуулаад явж байгаа.
-Манай хувьд ч суурь бүтцийн тээх нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлууд бий байх?
-Гол замын тээх нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлыг тасралтгүй хийж байгаа. Тухайлбал, Шаргын-Овоо-Замын-Үүд хоорондын хос замыг барьсан нь тухайн хэсгийн тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж байна. Мөн Замын-Үүд-Эрээн хоорондын нарийн царигийн хоёр дахь гол замыг барих ажилтай холбогдуулаад саяхан Замын даргын томилсон комисс газар дээр нь ажиллаж, Хөх хотын төмөр замын удирдлагуудтай нарийн царигийн хоёр дахь зам барих цэгээ тохирсон. Энэ бол маш чухал ажил. 2025 онд нарийн царигийн хоёр дахь замыг холбохоор төлөвлөж байна. Мөн Хангай зөрлөгийг өргөтгөсөн, энд хоёрдугаар замыг сунгах, 3, 4, 5 дугаар замыг шинээр барих энэ ажлыг хийж дууссан.
Яг одоо та бид хоёрыг ярилцаж байхад (2024.09.19-нд) Цайдам зөрлөгийн өргөтгөлийн хүрээнд гуравдугаар замыг барих ажил ид өрнөж байна. Мөн 36 дугаар зөрлөгийн өргөтгөлийг хийж байна. Манай гол замын хамгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал багатай хэсэг Чойр-Сайншандын хоорондын зам 36 дугаар зөрлөгийг өргөтгөснөөр дээрх хэсгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал тодорхой түвшинд сайжирна.
Мөн Баян-Хайрхан хоорондын замд их засвар хийж байна. Энэ ажил арваннэгдүгээр сарын 11 гэхэд сүүлийн цонхоо хийгээд өндөрлөх юм. Замчид аравдугаар сард замын их засварын цонхыг долоо хоногт гурван удаа авч, хүйтрэхээс өмнө ажлаа дуусгах хүсэлт тавьж байгаа. Хөдөлгөөнчид бид замчдынхаа ажлыг дэмжээд долоо хоногт гурван удаагийн их засварын цонхны ажлыг зохион байгуулахаар хамтран ажиллаж байна.
-Ойрын хугацаанд өргөтгөх шаардлагатай өөр өртөө, зөрлөг бий юу?
-Оорцог-Энгэр, Энхтал зөрлөгийг яаралтай өргөтгөхөөр төлөвлөж байгаа. Оорцог-Энгэр зөрлөгийн замын хамгийн урт нь 78, Энхтал зөрлөгийн хамгийн урт зам нь 61 томъёолсон вагоны багтаамжтай, гол замын хамгийн богино замтай хоёр зөрлөг.
Галт тэрэгний хөдөлгөөний дөрөвдүгээр круг бол үндсэндээ ханасан зурмагийн хэмжээнд очсон. Энэ бол байж болох бүх боломжийг ашиглан галт тэрэгний хөдөлгөөнийг явуулж байна гэсэн үг. Тэнд ямар нэгэн байдлаар галт тэрэг саатах үед ар араасаа галт тэрэгүүд ханарч зогсох эрсдэл үүсэх гээд байдаг. Дөрөвдүгээр кругт Оорцог-Энгэр зөрлөг байрладаг. Оорцог-Энгэр зөрлөгөөр урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэргийг зөрүүлж өнгөрүүлэхэд хүндрэл үүсэхээс гадна өгсүүрт байрладаг учраас хүнд жинтэй галт тэргийг зогсолтгүй явуулах ёстой. Ямар нэгэн байдлаар, технологийн алдаа гараад урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг зогсож зөрүүлэхэд байрнаасаа хөдлөхөд хүндрэл үүсэх эрсдэлтэй.
Энхтал зөрлөгт мөн ялгаагүй урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг зөрүүлэхэд хүндрэл үүсдэг.
Үүнээс гадна Олон-Овоо өртөө Цомог зөрлөгийн хооронд холбох зам барих зайлшгүй шаардлага бий. Энэ нь галт тэрэгний хөдөлгөөний дөрөвдүгээр круг дээр байрладаг экспортын нүүрс ачдаг ачилтын чухал өртөө. Холбох зам барих нь Олон-Овоо өртөөний экспортын ачилтыг гүйцэтгэхэд тодорхой түлхэц болно гэж тооцоолж байгаа. Замын захиргаанд Олон-Овоо-Цомог хооронд хос замыг барих саналыг тавиад байгаа.
-Гуравдугаар улирал дуусахад цөөн хоног үлдлээ. Тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд хэрхэн биелж байна вэ?
-Оны эхнээс есдүгээр сарын 19-ны байдлаар төлөвлөснөөс 838 630 тонноор илүү ачааг тээвэрлээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 632 200 тонноор илүү ачаа тээвэрлэсэн. Өнгөрсөн онд замын их засварын ажлууд байгаагүй. Мөн Улаанбаатар-Хөх хотын зорчигчийн галт тэрэгний аялал сэргээгүй байсан гэж бодоход энэ бол чамлахааргүй амжилт. Тээврийн төлөвлөгөө 103.7 хувийн биелэлттэй явж байна.
Түүнчлэн, есдүгээр сарын 19-ны байдлаар 16 738 100 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 101 хувиар биелүүлээд байна. Гэсэн хэдий ч тээврийн ажилд тулгамдсан асуудлууд байна. Жишээ нь, УБТЗ-ын гол замын өртөө зөрлөгүүдтэй холбогдсон экспортын ачилтын 50 томоохон терминал салбар зам бий. Үүний ердөө 20 нь гаалийн хяналтын талбайгаар зарлагдан экспортын ачилт хийдэг. Найман салбар зам гаалийн хяналтын бүсээр зарлагдахаар холбогдох материалаа ГЕГ-т хүргүүлсэн байгаа. Үндсэндээ 50 терминалын 30 нь гаалийн хяналтын бүс биш.
Энэ байдал ачилтын төлөвлөгөөнд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Бид гаалийн дүрэм журмыг ойлгож, салбар замуудад хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах хүрээнд бид зохих шаардлагыг тавьж байгаа. Үүний зэрэгцээ Гаалийн ерөнхий газар, Сангийн яам, Зам тээврийн яаманд УБТЗ-ын ачилтын төлөвлөгөөнд нөлөөлж байгаа зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр тодорхой хүсэлтийг тавьсан. Үр дүнд нь зарим салбар замуудад, тухайлбал Чойр өртөөний зарим салбар замуудад ачилт хийхийг зөвшөөрсөнд баяртай байна.
-Энэ жил гол замын таван шинэ зүтгүүр авсан нь ачаа тээврийн төлөвлөгөөг биелүүлэхэд нөлөөлсөн байх?
-Тийм шүү. Тээврийн ажилтай холбоотой тооцоо судалгаа хийгээд хоногийн зүтгүүрийн паркийг 57-д барьж байгаа. Үүнд Замын удирдлага болоод Зүтгүүрийн аж ахуйн албаны дэмжлэг маш их бий. ОХУ-аас таван шинэ зүтгүүр худалдаж авснаар зүтгүүрийн паркийг өнөөгийн түвшинд барих боломж бүрдсэн.
Үр дүнд нь тээврийн тоон болон чанарын үндсэн үзүүлэлтүүд болох ачилт буулгалт, галт тэрэгний жин, зүтгүүрийн бүтээмж, вагон эргэлт, хэсгийн хурдны төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж байна.
Тодруулбал, галт тэрэгний дундаж жинг126.6 тонноор нэмэгдүүлж чадсан. Хүнд жинтэй галт тэргийг аялуулж байна. Айраг өртөөнөөс Замын-Үүд хэсгийн хооронд 6200 тонн жинтэй галт тэргийг хоног болгон төлөвлөн явуулж байна. Мөн Толгойтоос хоног бүр дөрвөөс багагүй галт тэргийг 6000 тонн жинтэйгээр аялуулж байгаа нь галт тэрэгний дундаж жингийн үзүүлэлтийг ахиулахад нөлөөлсөн. Энэ үзүүлэлт 103.9 хувиар биелээд байна.
Хэсгийн хурдыг 100.2 хувиар биелүүлж байна. Энэ бол зүтгүүрийн паркийн бэлэн байдал, хөдөлгөөнчдийн зохион байгуулалтаас цэвэр хамаардаг үзүүлэлт. Ялангуяа, галт тэрэгний диспетчерийн хөдөлгөөн зохион байгуулалтаас хамаардаг. Үүн дээр өртөөдэд галт тэргэнд хийгдэх технологит ажиллагаа ч нөлөөлдөг.
Дараагийн гол үзүүлэлт вагон эргэлт. Бидний ажлын парк үндсэндээ 8734 вагонтой байна. Вагон эргэлтийг 4.4 хоногоор төлөвлөж, төлөвлөгөөг 100 хувиар биелүүлэн ажиллаж байна.
-Хилийн өртөөдийн галт тэрэг солилцоо төлөвлөсөн хэмжээнд хүрч байгаа юу?
-Бид БНХАУ-ын Хөх хотын төмөр замын Эрээн өртөөтэй хоногт 15 ба түүнээс дээш галт тэрэг солилцохоор тохиролцсон. Хоногийн дундаж галт тэрэг солилцоог 16-д барихаар ажиллаж байгаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, мөн Эрээн өртөөний хүлээн авах чадамжаас хамаараад зарим өдөр бид 15 галт тэрэг өгч байгаа. Өнгөрсөн долоо хоногийн дунджийг аваад үзэхэд Эрээн өртөөтэй хоногт дунджаар 16 галт тэрэг солилцсон. Энэ бол тээврийн ажилд маш том түлхэц өгч байгаа. ОХУ-аас бид хоногт дундажаар 7.8 галт тэрэг хүлээн авч байна.
Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад ОХУ-аас хүлээж авсан галт тэрэгний тоог 12, хүлээлгэн өгсөн галт тэрэгний тоог 10-аар тус тус нэмэгдүүлсэн байна.
-Манайд хамгийн ашигтайд тооцогддог дамжин өнгөрөх галт тэрэгний тоо хэр өсөлттэй яваа вэ?
-Оны эхнээс дамжин өнгөрөх 2282 чингэлгийн галт тэрэг аялсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 250 галт тэрэг илүү аялуулаад байна. Дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг манай төмөр замд валютын орлого бүрдүүлдэг тээвэр.
-Нефть, дотоодын нүүрс зэрэг улс орны стратегийн чухал ач холбогдолтой тээврийг нэн тэргүүнд зохион байгуулах үүргийг төмөр замчид хүлээдэг. Эдгээр тээврийг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Бидний хамгийн чухалд тооцдог тээврүүд яах аргагүй мөн. Манай улсад орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүний бараг 98 хувийг Наушки-Сүхбаатарын хилийн боомтоор хүлээж авдаг. 2022 онд хоногт дунджаар 88 вагон нефть хүлээн авч байсан бол 2023 онд 92 вагон, энэ оны байдлаар хоногийн дундаж 110 вагон болж өссөн. Энэ нь манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Тэр дундаа дизель түлшний хэрэглээ өссөн нь манай улсын уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжин өргөжиж байгаатай шууд холбоотой.
Монгол Улсад бууж байгаа нийт нефтийн бүтээгдэхүүний 72 хувь нь Толгойт өртөөнд буудаг. Тус өртөөний нефтийн бүтээгдэхүүний буулгалтын явц сүүлийн үед хүндэрч байна. Бид Ашигт малтмалын ерөнхий газар, Уул уурхайн яаманд буулгалтын ажлыг яаралтай зохион байгуулах тухай албан бичгүүдийг хүргүүлсээр байна.
-Нефтийн бүтээгдэхүүний буулгалтын явцад ямар хүндрэл гарч байна вэ?
-Шалтгаан нь маш энгийн. Буулгалтын салбар замуудын хүчин чадлаас хамаарч байна. Цаашлаад салбар замд буусан нефтийг шатахуун түгээх станцууд руу зөөх зөөврөөс бас хамаардаг. Зарим импортлогч өөрийн гэсэн салбар замгүй, эсвэл буулгах савны хүчин чадал нь бага гэх зэрэг асуудлууд манай ажилд нөлөөлж байгаа юм.
-Дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврийг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Өнгөрсөн оноос орон нутгийн нүүрсний тээвэр өмнөх оноос 15 орчим хувиар өсөх тооцоо гарсан. Ер нь, жилээс жилд өссөөр байна.
Өнгөрсөн 2023 оны орон нутгийн нүүрсний тээврийг 2022 онтой нь харьцуулахад 15 орчим хувиар нэмэгдсэн. Ерөнхийдөө, Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайгаас цахилгаан станцууд руу тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээ өсөж байна гэсэн үг юм. Мөн УБТЗ-ын суурь бүтцийн дагуу байрладаг хот тосгон, суурин газар мэдээж манай төмөр замчид нүүрсээ төмөр замаараа татан авдаг. Өнөөдрийн байдлаар уурхай, ДЦС-ын нүүрсний нөөц өвлийн их ачааллын үед Дулааны II цахилгаан станц 18, Дулааны III цахилгаан станц 14, Дулааны IV цахилгаан станц 17 хоног, Дархан ДЦС 15, Амгалан ДЦС 40, Эрдэнэт ДЦС 20 хоног, Эрдэнэт ГОК 21 хоногийн тус тус нөөцтэй байна.
-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлуудыг хийж байна бэ?
-Манай албаны хэмжээнд өвлийн бэлтгэлийн хүрээнд ажлаа төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлээд явж байна.
Тухайлбал, галт тэрэгний хуваарийг өвлийн графикт шилжүүлэх, галт тэрэгний зурмагт өөрчлөлт оруулах саналаа Зам тээврийн яаманд хүргүүлсэн. Дулааны цахилгааны станцуудын вагон хангалт, нөөцийг бүрдүүлэх, тээврийг зохион байгуулах талаар Эрчим хүчний яам, ДЦС, уурхайдтай хамтарсан хурал зөвлөгөөнийг өнгөрсөн сард хийж, тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Ургац тээвэрлэлтийн ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, одоогийн байдлаар 2213 вагон 125.995 тонн тээвэрлэсэн байна.
Мөн албаны хэмжээнд шинээр ажилд орсон, ажлын байр өөрчлөгдсөн 1841 ажилтанг “Анхны өвөлжигсдийн сургалт”-д хамруулсан. Шинэ ажилтнуудад таних тэмдэг бүхий нормын хувцас, хамгаалах хэрэгслийг бүрэн олгосон. Салбар нэгжүүдийн машин, механизмуудыг өвөлд бэлтгэх сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, улирлын засвар, үйлчилгээг хийх зэрэг ажлуудыг эртнээс бэлтгэн зардлын гүйцэтгэлээр 1.995.787.000 төгрөг зарцуулсан. Үндсэндээ нийт 11 ажил хийхээр төлөвлөгөөнд тусгаснаас есөн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, хоёр ажил 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй, нийт ажлын гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Б.Гүнжинлхам