Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболдтой тус албаны өнгөрсөн оны амжилт бүтээл, шинэ оны ажил төлөвлөлтийн талаар ярилцлаа.

 

-Төмөр замчид 2023 онд ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтоолоо. Энэ өндөр амжилтад хүрэхэд юу нөлөөлөв гэдгээс яриагаа эхэлье?

 

-Сүүлийн жилүүдэд тээврийн хэмжээ их өсөж байна. Өнгөрсөн жил 30.1 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн ч 32.4 сая тоннд хүргэж давуулан биелүүллээ. Үүнд орон нутгийн ачилт, буулгалт, экспортын болон транзит ачаа гээд бүгдийг манай төмөр замчид чадах дээд хэмжээгээрээ тээвэрлэлээ. Өнгөрсөн жилийн 12 сарын хоногийн дундаж нь гэхэд 93 мянга орчим тонныг тээвэрлэсэн байна. Нарийвчлаад үзвэл орон нутгийн тээвэр 12 сая 493 мянга 900 тонн буюу 109.6 хувиар биелсэн. Үүнд уурхайгаас цахилгаан станцууд руу тээвэрлэдэг нүүрс өндөр жин дардаг. Өмнөх жилтэй нь харьцуулахад орон нутгийн нүүрс тээвэрлэлт 20 хувиар өссөн. Энэ нь, манай улсын эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Өнгөрсөн арванхоёрдугаар сард бид Шивээ-Овоо өртөөнд уурхай болон цахилгаан станцуудын удирдлагуудтай уулзалт хийсэн. Тэд ч хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа юм билээ. Бид Багануур, Шивээ-Овоогийн хоёр уурхайгаас гэхэд л хоногт хатуу зурмагийн 10 галт тэрэг аялуулж байна шүү дээ.

 

-Өнгөрсөн онд экспортын ачаа их нэмэгдэв үү?

 

-Тиймээ, 128.65 хувиар биелсэн. Энэ нь, 2022 онтой нь харьцуулахад 28.65 хувиар давсан үзүүлэлт. Экспорт бол Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг тээвэр. Тиймээс энэ тээврийг илүү ихээр, саадгүй явуулахад бид онцгой анхаардаг. Энэ онд ч экспортын тээвэрт онцгой анхаарна. Хувийн вагон эзэмшигчидтэй хамтран ажиллаж энэ ажлыг зохион байгуулна. Импортын тээврийн хувьд өнгөрсөн онд 117.8 хувиар биелсэн. Энэ нь, улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нефть, барилгын материал гэхчлэн тээвэр ордог. Энэ мэтчилэн бид ачилтыг ч давуулан биелүүлсэн шүү дээ. Давуулан биелүүлэхийн тулд вагоны эргэлтийг түргэтгэж ажилласан.

 

-Өртөө, зөрлөгүүдийн өргөтгөл шинэчлэлтийн ажил ч төлөвлөгөө давуулан биелүүлэхэд нөлөөлсөн болов уу?

 

-Тэгэлгүй яах вэ. Бид өмнөх жилүүдэд өртөө, зөрлөгүүдийн замыг өргөтгөх, сунгах ажлуудыг шат дараатай хийсэн нь тээврийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм. Цаашид ч бид өргөтгөх ажлаа үргэлжлүүлэн хийхгүй бол дээд хүчин чадалдаа тулж байна. Тухайлбал, Замын-Үүдийн өргөн, нарийн царигийн өртөө, мөн ШАА-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

 

-Энэ жил хэдэн сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөв?

 

-31.8 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Тиймээс энэ төлөвлөгөөг биелүүлэх, болбол давуулахын төлөө төмөр замчид маань шат шатандаа хичээж, ажлаа зөв төлөвлөж ажиллах нь чухал байна. Он гарсаар нэгдүгээр сарын байдлаар 2.9 сая орчим тонн ачаа тээвэрлэлээ. Сар бүр тогтмол ийм хэмжээтэй тээвэр хийнэ гэж үзвэл оны эцэх гэхэд 34 орчим сая тонн ачаа тээвэрлэхээр дүр зурагтай байна. Өмнө нь, өвлийн улиралд, мөн баяр ёслолын өдрүүдээр ачаа тээвэр багасдаг байсан. Одоо бол аль ч үед ялгаагүй ачаа тээвэр жигд явдаг боллоо. Ер нь, зарим улс орны дайн, ковид цар тахлаас шалтгаалаад тээврийн шинж чанар, нөхцөл байдал өөрчлөгдсөн. ОХУ-аас Европ руу явдаг байсан ачаанууд явахаа болилоо. ОХУ өөрийн экспортыг нэмж, мөн БНХАУ-аас худалдан авдаг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өссөн. Энэ бүхэн нь манай улсаар дамжин өнгөрөх ачаа нэмэгдэх сайн талтай. Үүнтэй холбогдуулаад бид галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх ажил зохион байгуулах зайлшгүй шаардлага үүссэн. Жишээ нь, өнгөрөн арваннэгдүгээр сард Эрхүү хотод болсон гурван улсын хурлаар Замын-Үүд-Эрээний хилээр галт тэрэг солилцоог нарийн царигаар хоногт найм, өргөн царигаар 15 ба түүнээс дээш гэж тохирсон. Энэ хурлаар Замын дарга болон Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан нар зохион байгуулалтын зөв оновчтой асуудлуудыг тавьсны үндсэн дээр бид нэлээд зүйлийг шийдүүлж чадсан. Ер нь, бид Замын-Үүдийн нарийн царигаар 10 ба түүнээс дээш галт тэрэг солилцох зорилт тавьж байгаа.

 

-Ачаа тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд вагоны парк хангалттай юу?

 

-УБТЗ нийт 2918 вагонтой. Вагоны парк хуучирсан, хүндрэл их байна. Уурхайгаас станцууд руу нүүрсний тээвэрт 1773, Эрдэнэтийн зэсийн баяжмалд 400 вагон нь явдаг. Энэ нь хангалтгүй үзүүлэлт шүү дээ. Тиймээс Замын даргын шийдвэрээр “МТЗ” болон Дархан төмөрлөгийн үйлдвэрээс хагас 120, тавцант 50 вагон түрээсэлсэн. Мөн 22 компанийн хувийн эзэмшлийн 6755 вагон манай зам дээр явдаг. Дээр нь, 19 компани ОХУ-аас 1396 вагон түрээслэн явуулж байна. Үндсэндээ экспортын тээврийн дийлэнх хувийг эдгээр компанийн вагоноор гүйцэтгэдэг гэсэн үг. Ер нь, хилээр болон дотоодын бусад төмөр замаар солилцож байгаа гээд үзвэл УБТЗ-ын вагоны хоногийн парк 14 мянга болж байгаа. Энэ бол нэлээд өндөр тоо. Үүнтэй холбоотой зүтгүүрийн хэрэгцээ их байна. Хоногт өдрийн цагаар 56, шөнө 55 илчит тэргээр барьж буй ч илүү нэмэх шаардлагатай. Хоногийн парк 61 илчит тэрэг байвал тээврийг бүрэн зохион байгуулах боломжтой гэж тооцсон. Тээвэрлэх ачаа их байгаа нь сайхан. Харин түүнийг зөв оновчтой зохион байгуулах нь л чухал. Ерөнхий хорооны шийдвэрээр УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлж ОХУ-аас таван илчит тэрэг авахаар болсон. Тиймээс эдгээр зүтгүүр ирвэл ажил харьцангуй гайгүй болох байх.

 

-Цаашид зайлшгүй өргөтгөж сунгах ямар өртөө, зөрлөг байна вэ?

 

-Өргөтгөл шинэчлэлт хийхгүйгээр төлөвлөгөөг үргэлж давуулан биелүүлнэ гэдэг амаргүй. Тиймээс бид Цомог зөрлөгийг Олон-Овоо өртөөтэй хос замаар холбохоор төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, Олон-Овоо өртөөний Б парк болгох юм. Тус өртөөнд манай экспортын нүүрсний гол цөм байрладаг шүү дээ. Дээрх бүтээн байгуулалтыг хийснээр экспортын ачилт нэмэгдэнэ. Мөн Оорцог-Энгэр зөрлөгийг өргөтгөх шаардлагатай. Энэ зөрлөг урд хэсэглэлийн багалзуур нь. Богино замтай учир урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг зөрүүлэх боломжгүй байдаг. Эдгээр ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна. Цаашид мөн Чойр өртөөний хүлээн авах, явуулах замыг хоёроор нэмэхгүй бол хүчин чадал нь давсан. Түүнчлэн, Сайншанд өртөөний өргөтгөлийг хийж байж Замын-Үүд-Эрээний галт тэрэг солилцоог илүү нэмэгдүүлнэ. Үндсэндээ Замын-Үүд бол хилийн өртөө гэдэг утгаараа зөвхөн галт тэрэг л солилцох ёстой. Гэтэл тэнд бид тэгш, сондгой чиглэлийн галт тэргийг найруулж, ачиж буулгадаг. Энэ ажлыг нь Сайншанд өртөөнд хийгээд бэлэн галт тэрэг л хилийн өртөө рүү явуулах нь зүйтэй юм. Замын-Үүдийн нарийн царигийн өртөө цахилгаан төвлөрүүлэлтэд холбогдоогүй, гар ажиллагаатай шүү дээ. Ийм өртөөнд ГТХАБ-ыг бүрэн хангана, дээр нь тогтмол найман галт тэрэг авна гэдэг амаргүй. Гэвч манай төмөр замчид тээврийн ажлыг гүйцэтгэхийн тулд яаж ийгээд л найман галт тэрэг авч байгаа. Тэгэхээр нарийн царигийн өртөөг нэн яаралтай цахилгаан төвлөрүүлэлтэд холбох шаардлагатай. Замын удирдлагууд шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн.

 

-Сүхбаатар өртөөнд Б парк барих тухай яригдаж байсан. Энэ ажил хэзээ биеллээ олох вэ?

 

-Сүхбаатар өртөөгөөр 2023 онд хамгийн дээд тал нь 11 хос галт тэрэг солилцсон. Тус өртөөнд 2019 онд өргөтгөл хийсэн. Өнөөгийн байдлаар бид илчит тэрэг болон ачааны эргэлтийг түргэтгэх замаар галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх боломжтой. Харин цаашид нэмэгдэх ачаагаа тооцвол зайлшгүй Б паркийг барих хэрэгтэй. Гэхдээ энэ онд төлөвлөөгүй.

 

-Бид импорт, экспортын ачааг нэмэгдүүлнэ л гээд байгаа. Гэвч Улаанбаатар хот дахь терминалуудын хүчин чадал нэмэгдсэн үү?

 

-Яг үнэн. Улаанбаатар хот дахь чингэлгийн терминалуудын хүчин чадал маш бага хэвээрээ байна. Ковидын үед урд хөршид хуримтлагдсан ачааг яаралтай татахад багтаах зайгүй болж байсан шүү дээ. Үүнээс шалтгаалж вагон эргэлт удааширдаг. Замын-Үүдээр ямар ч галт тэрэг, хэчнээн ч их ачааг хүлээж аваад нааш нь явуулж болж байна. Хамгийн гол нь Улаанбаатарт ирсэн хойно нь чингэлгээ авч чаддаггүй. Тиймээс бид Амгалан дахь Ачиж буулгах талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ ажлыг 2024 онд хийхээр төлөвлөсөн. Талбайг нь засаж, краны хүчин чадлыг нэмэгдүүлэх сул орон зай тэнд бий. 

 

-Хавар болохоор барилгын материалын тээвэрлэлт эрчимждэг шүү дээ. Энэ тээвэрт хэр бэлтгэлтэй байна вэ?

 

-Энэ сарын 5-нд цементийн үйлдвэрийн удирдлагууд болон БХБЯ-ны холбогдох ажилтнуудтай уулзаж цементийн тээврийг оновчтой, түргэн шуурхай, хүндрэл багатай зохион байгуулах талаар ярилцсан. Бид бүлгээр нь буюу бүтэн галт тэргээр нь хатуу ниткид оруулж явуулах нь зөв юм гэсэн шийдэлд хүрсэн. Тээврийн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Ер нь, бид үйлчлүүлэгч байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх үүднээс орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр тээврийг түргэн шуурхай зохион байгуулах программуудаа хөгжүүлж байна. Мөн тээврийн төлбөрийг заавал манай тооцооны хэсгүүдэд очилгүй зайнаас түргэн шуурхай хийх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

-УБТЗ ганцаараа нэг үе монопол байсан бол одоо төмөр замын олон компани бий боллоо. Удахгүй хэрэгжих шинэ хуульд бүгд нэгдсэн зурмагтай, мөн УБТЗ-ын гол замаар хэний ч зүтгүүр чөлөөтэй явж, ачаа тээвэрлэж болохоор тусгасан. Үүнтэй холбоотойгоор бусад төмөр замтай хамтран ажиллах бэлтгэл ажлаа хангаж байна уу?

 

-Одоохондоо хуульд тусгасан байдлаар шууд шинэчлэгдээгүй байна л даа. Ер нь, Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах агентлаг байх ёстой. Тэр нь хараахан байгуулагдаагүй байна. Энэ агентлаг нь галт тэрэгний нэгдсэн хөдөлгөөний зурмагийг баталж, бид түүнийг нь мөрдөж ажиллах ёстой. Гэхдээ ЗТХЯ, ГТХЗНТ-ийн удирдлага дор төмөр замууд хоорондоо солилцох ачааны хэмжээ тохирох хурлаа өнгөрсөн сард хийсэн. Тухайлбал, УБТЗ-ын Ерөө өртөө “БТЕГ”-ын Цагаан-хаалга өртөөгөөр энэ онд “БТЕГ”-оос 3.5 сая тонн ачаа, Дархан Төмөрлөгийн үйлдвэрээс 900 мянган тонн ачаа хүлээн авна. Энэ нь төмрийн хүдрийн тээвэр шүү дээ. Мөн Зүүнбаян-Хулангийн шандын төмөр замаар 800 мянган тонн медлинг хүлээн авч, мөн ижил тонн нефтийн бүтээгдэхүүн, уул уурхайн тэсэлгээний бодис өгөхөөр тохирсон. Удахгүй олон улсын ачаа, галт тэрэг солилцооны хурал болно. Хилийн гарцуудаараа ачаа солилцох хэмжээгээ тохирно. Манай улсын экспорт, импорт, транзит тээврүүд яригдаж олон асуудал шийдэх учир энэ хуралд ач холбогдол өгнө.

 

-СИРДП-Е системийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ер нь, тээврийн өсөлтөд энэ систем хэр их нөлөө үзүүлж байна вэ?

 

-Энэ бол маш сайн систем. Гэхдээ манай өртөө, зөрлөгүүдийн замын хүчин чадлаас хамаарч зарим газар хүндрэл учирч байна. Энэ системийг Замын хойд болон Толгойтоос Чойр хүртэлх хэсэгт ашиглахад оновчгүй байгаа. Харин Чойр, Сайншандаас Замын-Үүдийн хэсэгт л ашиглавал оновчтой байна. Тэр хэсэглэлийн өртөө, зөрлөгүүдийн зам парк харьцангуй өргөн, урт болсон. Улаанбаатараас урагшаа галт тэрэг мөрдөж гаргахаар урдаас ирж буй сондгой чиглэлийн урт бүрэлдэхүүнтэй галт тэрэгтэй зөрж чадахгүй болчихоод байгаа юм. Үүнээс шалтгаалж өртөө, зөрлөгүүд дээр зөрлөг хүлээж зогсох хугацаа нэмэгддэг. Зогсолтгүй зөрүүлнэ гээд сондгой талдаа богино галт тэрэг явуулбал бидэнд ашиггүй. Цаашид Замын хэмжээний хүчин чадал багатай өртөө, зөрлөгийг өргөтгөсөн тохиолдолд СИРДП-Е системийг бүрэн ашигласнаар тээх, нэвтрүүлэх хүчин чадал 30 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгаа бий.

 

-Нэг хэсэг галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд Эрээн-Жининь хоорондын замаа өргөтгөх шаардлагатай гэдэг асуудлыг манайх урд хөршид тавьж байсан шүү дээ. Харин одоо тэд манайхыг замаа өргөтгө, сунга гэдэг шаардлага тавьж байна уу?

 

-Тиймээ, Замын дарга Х.Хэрлэн БНХАУ-ын төмөр замын удирдлагуудтай уулзан экспорт, импорт, транзит ачаагаа нэмэгдүүлэх талаар ойлголцсоноор хятадууд Эрээн-Жининь хоорондын өртөө, зөрлөгийн тоог нэмж, хүчин чадлаа ч сайжруулсан шүү дээ. Эрээн өртөөний ачаа боловсруулах чадварыг дээшлүүлсэн. Эрээн-Замын-Үүд хооронд ч нэлээд өргөтгөл шинэчлэлт хийлээ. Ер нь, хоёр тал галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлье гэдэг дээр санал нэгдсэн. Үүний үндсэн дээр галт тэрэг солилцоо нэмэгдлээ. Манай талд ч Замын-Үүдийг, цаашлаад бусад өртөө, зөрлөгүүдээ өргөтгөх, замаа сайжруулах шаардлага тавьж байна. Бид ч төлөвлөгөөний дагуу энэ ажлаа хийгээд явах нь зүйтэй. Ер нь, манайх Ази-Европыг холбосон хамгийн дөт зам. Хамгийн дөт замаар транзит тээвэр явуулах сонирхол аль алинд нь өндөр байдаг. Захиалга ч их өгдөг. Тиймээс бид зөв зохион байгуулалтыг хийж, хүчин чадлаа дээшлүүлэх л шаардлагатай байгаа.

 

-Нөгөө талаар бид өртөө, зөрлөг сунгах, чингэлгийн талбайгаа томсгох, зүтгүүр нэмэхээс гадна гол замынхаа засвар шинэчлэлтийг давхар хийж байж л ачаа тээврийн хэмжээг илүү нэмэгдүүлж чадах байх. Энэ талд таны бодол?

 

-Тэгэлгүй яах вэ. Суурь бүтэц сайн байж л бид аюулгүй тээвэр хийнэ шүү дээ. Энэ жил 27 км замд их засвар хийхээр болсон. Уг нь болдог бол жил бүр тогтмол 70-80 км замд их засвар хийгээд явбал гэж боддог.

 

-Ер нь, тээврийн үйл ажиллагаа зохион байгуулахад тулгамдсан олон л асуудал гардаг байх. Энэ талаасаа танилцуулбал?

 

-УБТЗ-ын 32 өртөө салбар замтай ч 27 өртөөнд ачилт, буулгалтын ажлыг идэвхтэй гүйцэтгэдэг. Нийт 349 салбар зам байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 289. Маш өндөр тоо байгаа биз. Дархан, Аршаант, Толгойт, Улаанбаатар, Чойр гэхчлэн томоохон өртөөдөд салбар зам нь үндсэндээ модны мөчир шиг л болсон. Тэр олон салбар зам руу сэлгээний тэргээр вагонууд тавьж өгнө гэдэг амаргүй. Маш их хугацаа ордог. Дээр нь, нийгэм эдийн засгийн байдалтай холбоотойгоор нэн тэргүүний биш ачаагүй болсон. Шатахуун, дизелийн түлш, барилгын материал, хүнс, гурил болон гурилан бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, ургац, станцын нүүрс, эм эмнэлгийн бүтээгдэхүүн... гээд бүгд нэн тэргүүнд хийх ёстой тээвэр болсон. Үүнийг хүмүүс сайн ойлгодоггүй. Манайх хамгийн чухал л гэдэг. Дээрх 27 өртөөнд сэлгээний 34 илчит тэрэг ажилладаг. Улаанбаатарт тав, Толгойтод, Замын-Үүд 1, 2-т тус бүр гурав, Сүхбаатар, Дархан, Чойрт тус бүр хоёр гэх мэт ажиллаж байна. Сэлгээний илчит тэрэгнүүд ГТХАБ-ыг хангахын тулд төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлэгтэй буюу гар сумтай газруудад зогсож замнал шалгах ажиллагааг хийдэг. Тэгэхээр хоёр, гуравхан вагон ордог зарим салбар замд сэлгээний тэрэг хүрч амжихгүй тохиолдол гардаг. Энэ бүхнийг хөдөлгөөнчид цаг наргүй ажиллан зохион байгуулж байна. Ер нь, хотын захиргаа терминалуудыг Улаанбаатараас гаргах бодлого барьж буйг би хувьдаа дэмжиж байгаа. Харин хотоос гадна барих терминалуудыг 50, 100 вагон нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай байгуулах хэрэгтэй. УБТЗ-ын суурь бүтэц Монгол Улсын нийгэм эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байгаа. Төмөр замаар үйлчлүүлдэг байгууллагын тоо таван жилийн өмнөхтэй харьцуулахад зургаа дахин өссөн. Үүнээс шалтгаалж өртөөдийн боловсруулах, тээх нэвтрүүлэх хүчин чадал дээд цэгтээ тулсан. Тиймээс шинээр салбар зам барих аж ахуйн нэгжүүд байгаа бол хоёрын хооронд богино зам битгий бариарай гэж хэлье.

 

-Хөдөлгөөнчдийн хувьд ажлын байрны тогтвор суурьшил ямар байна вэ?

 

-Төмөр замчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах талд Замын захиргаанаас оновчтой олон шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна шүү дээ. Төр засагт тулгамдсан асуудлаа зөв ойлгуулснаар олон төрлийн тарифаа нэмүүллээ. Үүний үндсэн дээр цалингийн шинэчилсэн систем бий болгож, ажилласан жилийн тэгш ойгоор нь урамшуулал олгож, сурч боловсрох талд нь ч олон дэмжлэгийг бий болголоо. “Говийн төмөр замчин” хөтөлбөр ч ач тусаа их өгч байна. Нийгмийн асуудлыг нь олон талаар нь дэмжиж буй болохоор төмөр замчдын шилжилт хөдөлгөөн багассан. Гараад өөр төмөр зам руу явсан хүмүүсээс ч эргэн ирж байна. Тиймээс Замын захиргаа үйлдвэрчний байгууллагатай хамтран цаг үеэ олсон олон ажлыг зохион байгуулж буйд нь бид талархалтай байгаа.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

М.Наранболд