Саяхан бид Сайншанд Техник үйлчилгээний газарт “Уншигч-редакцийн уулзалт” хийх үеэрээ тус газрын ахлах үзэгч Ц.Амарсайнтай ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулж байна.
-Та энэ ТҮГ-таа хэдэн жил ажиллаж байна?
-Би 1992 оны есдүгээр сарын 7-нд Сайншандын ТҮГ-т вагон зэхэгч нүүрсчнээр ажилд орж байлаа. Тэр үед дарга нь Д.Жамъянпунцаг, нягтлан нь Н.Насантогтох гэдэг хүн байсан. Би ажилд орохдоо галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг зүйлийг мэддэггүй, зөвхөн вагонд сууж л үзсэн хүүхэд байсан. 2004 онд Ж.Өлзийбаатар гэдэг хүнд шалгалт өгч вагон үзэгч болсон. Энэ хүн урд хэсгийн байцаагчаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан. Ж.Өлзийбаатар байцаагч надад “Ажлыг сайн хийж амжилтыг ардаа гаргана шүү. Би чамд тавдугаар зэрэг өглөө” гэж билээ. Ж.Өлзийбаатар байцаагч, албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар болон олон сайхан ахмадтай хамтран ажилласандаа талархдаг. Ер нь, вагон үзэгч хүн галт тэрэг, вагоны аюулгүй байдлыг хангаж, дутагдлыг арилгах ёстой. Тухайн вагоны үл тохирлыг илрүүлж чадахгүй бол дутагдал, гологдол гарна. Энэ нь ямар ч аюул, сүйрлийг дагуулж болзошгүй шүү дээ. 2006 оноос хойш вагоны парк шинэчлэгдэж байгаа учраас дутагдал, гологдол гарах нь гайгүй болсон. 1990-2006 оны хооронд дутагдал, гологдол давтамжтай гардаг байсан. Жингийн цуваа шиг олон галт тэрэгний судсыг нь барьдаг хэдэн вагончид маань галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахад бүхий л сэтгэлээ зориулдаг хүмүүс шүү дээ.
-Анх төмөр замд ажилд ороход юу нөлөөлөв?
-Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынх, эцэг эхээс есүүлээ. Ээж маань намайг төрүүлээд гурав хоноод бурхан болсон гэдэг. Тиймээс намайг аавын ахынд өргүүлсэн юм билээ. Өргөж авсан аав ээж маань “Хүүгээ төв бараадуулна” гээд 1989 онд Сайншандад шилжин ирж, би 1991 онд наймдугаар анги төгссөн. Тэр үед Сайншандын ТҮГ-ын нярав Н.Насантогтох гуайнх манай хамар хашааны айл байлаа. Тэр хүн өмнө нь манай ТҮГ-ын дарга байсан гэдэг. Манайх олон үхэр, хонь малтай. Н.Насантогтох гуайнх ч бас мал хуйтай. Манай хоёр ойр дотно. Өглөөд нэгнийдээ сүү өгнө, сар шинээр идээ ундаа, хэвийн боовоо бариад л хоёр гэрийн хооронд явцгаадаг байсан. Ээж минь хүүгээ ажилд оруулмаар байна гэтэл Насаа ах “За би энэ хүүгээ ажилд авна” гэдэг юм. Тэгээд яваад очтол ТҮГ-ын дарга Д.Жамъянпунцаг гуай “За ажилдаа ор доо” гэснээ баримт бичиг үзээд “Энэ хүүхэд чинь насанд хүрээгүй юм байна, ажилд авахгүй” гэлээ. Би 17-той байсан л даа. Тэгсээр нэг юм зөвшөөрч “За яах вэ, гурван сарын хугацаатай ажилд вагон зэхэгчээр авъя” гэсэн. Ээж “Ээ хүү минь, төмөр замын ажил чанга шүү. Гурван сарын хугацаатай орно гэдэг чиний яаж ажиллахаас шалтгаална. Жинхлэх үү, үгүй юу гэдгийг чинь харна гэсэн үг. Миний хүү хичээгээрэй” гэж билээ. Ингэж л би төмөр замчин болсон. Тэр үед Улаанбаатар-Замын-Үүд хооронд одоогоор ярихад 275 дугаар галт тэрэг долоохон вагон явдаг байлаа. Долоон вагоныг усаар зэхдэг. Улаанбаатар-Замын-Үүд-Эрээний 22 дугаар галт тэрэг 10 вагон явна. 23 дугаар галт тэрэг олон улсынх, тэрийг бас усаар зэхнэ. Тэгээд 04.50 цагт миний ажил дуусдаг. Ажлаа тараад хойшоо Малчны байр руу алхчихна. 75 настай хөгшин ээж минь “Нохой хуцаад л байлаа. Би хүүгээ ирж байгаа болов уу гэж бодоод...” гэсээр угтдаг сан. Ажилд орчихсон 17 настай хүүхэд ээжийнхээ өвөрт унтдаг байлаа. Би ээжийнхээ хажууд байхдаа их зүйлийг сурсан, бас их ч юмыг мэдэрсэн. Энэ нь одоо ч миний амьдралд их туршлага болжээ гэж боддог.
Би аав, ээжийгээ үргэлж дурсан санадаг. Аав маань Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нэгдэлд насаараа няраваар ажилласан. Миний ах нар одоо ч Баяндэлгэр сумандаа амьдарцгааж байна. Миний нэг ах Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт Цэрэндоржийн Амгалан гэж нэр хүндтэй эмч хүн байлаа. Би айлын хамгийн бага нь.
Сурсан, дассан газар сайхан юм даа. Амьдралын аз жаргалыг хүн өөрөө хөдөлмөрлөж байж л бий болгодог юм байна. Хөдөлмөр хүнийг хүн болгож, хөдөлгөөн эрүүл болгодог юм байна даа.
-Таны өдрийн ажил хэрхэн эхэлж, ямар үүргийг гүйцэтгэдэг вэ?
-Өглөөний ээлжийн манай групп 07.30 цагт цуглаад 20.00 цагт ажлаас буудаг. Шөнийн ээлжээс ажлаа хүлээн аваад полняркт орж, ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, ажлын байрны хөдөлмөр хамгаалал гээд аюулгүй байдлын зөвлөмжийг 15 минутад багтаж аваад галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Ээлжиндээ зургаан вагон үзэгчтэй. Группээ дотор нь хойд, урд гэж хоёр хуваана. Урд, хойд группт тус бүр гурван вагон үзэгч ажиллана. Ахлах вагон үзэгч нь ээлжийн өрөөндөө хяналт шалгалт хийж, өртөөний жижүүрүүдтэй харилцаж, галт тэргийг хамгаалалтад аваад зам парк дээр ажиллах аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас группийн ахлах гэдэг нь галт тэргийг угтан авах, үдэж гаргах, вагончид зам парк дээр аюулгүй ажиллах нөхцөлийг ханган ажиллаж, ажлаа зөв зохион байгуулах үүрэгтэй.
-Жилээс жилд нэвтрэн өнгөрөх галт тэрэгний тоо нэмэгдэж байна. Үүнийг дагаад вагон үзэгчдэд ирэх ачаалал ч ихэссэн. Тиймээс ачааллыг бууруулах үүднээс үзлэгийн технологийг шинэчлэхэд танай алба болон Вагон ашиглалтын депогоос багагүй ажил хийдэг юм билээ. Харин тэр шинээр нэвтрүүлсэн технологи, дүрэм журам нь вагончдын ажлыг хөнгөвчилж чадаж байна уу?
-Галт тэргийг ирэх, явахад нь бүрэн үзлэг хийдэг. Мөн ээлжинд явж амжаагүй галт тэргийг дараагийн явуулах ээлж нь дахин бүрэн үзлэг хийдэг. Мөн ачилтын хоосон вагоныг урд нь үзсэн эсэхээс үл хамааран дахин ачилтад бэлтгэх бүрэн үзлэг хийдэг технологитай тул нэг вагонд олон дахин үзлэг хийдэг байсан. Үүнээс шалтгаалан зарим вагон үзэгч нар урд хийсэн, дараа нь хийх үзлэгт найдаж вагонд чанаргүй үзлэг хийснээс үл тохирлууд гардаг байлаа. Эдгээр ажлын давхардлыг бууруулах зорилгоор “Галт тэрэг, вагонд хийх техникийн үзлэг, үйлчилгээний загвар” гарч, үүний дагуу ТҮГ-ын технологийн горим шинэчлэгдсэн нь вагон үзэгч нарын хийдэг үр дүн багатай хөдөлмөрийг хөнгөвчилсөн. Энэ нь галт тэрэг өртөөнд ирээд явах нийт үзлэг, засварын хугацааг бууруулсан, вагон үзэгч нарын бүтээмжийг нэмэгдүүлсэн тул ажилтнууд баяртай байгаа. Миний ойлгож байгаагаар галт тэрэгний бүх үзлэг засварын хугацаа буурснаар их хэмнэлт гарах юм билээ.
-Нэг ээлжиндээ хэчнээн галт тэрэг хүлээн авч, ойролцоогоор хэдэн вагон үздэг вэ?
-Нэг ээлжийн 12 цагийн хугацаанд тэгш чиглэлдээ дунджаар 8-9 галт тэрэг хүлээн авдаг. Эдгээр галт тэрэгний зарим нь 55, 60, 71 вагонтой орж ирнэ. Тэгэхээр хоногт 3200 орчим вагон үзлэгт орж, хилээр нэвтрэх эрхтэй болж байна гэсэн үг. Ер нь, Замын-Үүдээс Улаанбаатар, Сүхбаатар хүртэлх энэ урт замыг туулж яваа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах үүргийг вагон үзэгч нар биелүүлэн ажиллаж байна.
-Өртөөний есөн зам дүүрэх тохиолдол хэр их байдаг вэ. Тийм үед вагон үзэгч хүрэлцэхгүй тохиолдол гарна биз?
-Өртөөний зам дүүрэх тохиолдол байлгүй яах вэ. Хүн хүч хүрэлцэхгүй учраас л хоёр группээр явдаг байсан. Хоёр группээр явсан ч зарим нэг галт тэргийг үзэж чадалгүй хаях тохиолдол гардаг. Тэгээд дараа нь эргэж үздэг. Шинэ технологи мөрдөгдсөнөөр ирсэн галт тэргийг цаг алдалгүй халууны үзлэгт оруулах болсон. Галт тэрэгний үзлэгийн давхардсан ажиллагаа буурснаар ээлжийн вагон үзэгч нь гурав хүртэл галт тэргэнд зэрэг ажиллах боломжтой болсон шүү.
-Нэг цувааг хэдэн минут үзэх нормтой байдаг вэ?
-Ер нь, үзлэгийн хугацаа тухайн галт тэрэгний вагоны тооноос хамаарч ирсэн галт тэргэнд ачилтын вагонтой бол 90 минут хүртэл байдаг. Ачилтын вагонгүй бол 60 хүртэл минут, явах галт тэргэнд 50 минут болж шинэчлэгдсэн.
-Одоо вагон үзэгчээр ажиллаж буй хүмүүс хэр тогтвор суурьшилтай байна вэ?
-Биднийг залуу байхад их хатуу дэглэмтэй байлаа. “Ажлаа хийвэл хий, чадахгүй бол ард чинь ажилд орох өргөдөл бэлэн байгаа шүү” гэдэг байсан. Одоогийн залуустай тэгж харьцаж болохгүй. Z үеийнхэн тэс өөр. Миний хүү, охин хоёр ч энэ үеийнх. Ер нь, залуус хүнээс үг сонсох, хүлээж авах талдаа тиймхэн болсон. УБТЗ-аас гадна төр, хувийн хэвшлийн олон төмөр зам бий боллоо шүү дээ. Тиймээс болохгүй бол өөр төмөр зам руу орчихно гэдэг сэтгэхүйтэй байна. Гэхдээ манай байгууллагын хувьд харьцангуй тогтвор суурьшилтай байгаа. Хүний амьдралд алдаа оноо байлгүй яах вэ. Бид залуусаа зөв чиглүүлж, сургах нь л хамгийн чухал.
-Та ямар шагнал, урамшуулал хүртэж байв?
-“Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Хүндэт төмөр замчин” тэмдгээр шагнуулсан. Байгууллагын аваргаар гурван удаа шалгарч байлаа. 1992 оноос одоог хүртэл ажиллах хугацаандаа гологдол, дутагдалгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, олон сайхан хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь миний бахархал юм даа.
-Таны гэр бүлийн хүнийг бас төмөр замчин гэж сонссон. Аль байгууллагад ажилладаг вэ?
-Миний хань Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, М.Түмэнбаяр гэдэг бүсгүй бий. Бид 1995 онд танилцан гэр бүл болоод 1997 онд том хүү маань төрсөн. Эхнэр маань Зорчигч тээврийн төвд явуулын кассираар ажилладаг. Хүү А.Адъяабаатар маань ХААИС-ийг бараа түүхий эдийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын болон Сайншандын Номин сүлжээ дэлгүүрт ажиллаж байгаад одоо хотод бизнес эрхэлдэг. Охин маань МУИС-ийн хууль эрх зүйн ангийн оюутан.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.
Г.Энхбаатар