Зүүнхараа өртөөний дарга Ц.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасанд баярлалаа. Танай өртөөний ажлын үзүүлэлтийн талаар яриагаа эхэлбэл зүйтэй болов уу?
-Баярлалаа. “Ган зам” сонины нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Замын захиргаанаас 2022 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх” жил болгон зарласныг та бүхэн мэднэ. Тухайн оны тэргүүн зорилттой холбогдуулан манай хамт олон А-01 тоот тушаалын зорилтыг хэрэгжүүлэн гологдол, осолгүй, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ачааны бүрэн бүтэн байдлыг ханган галт тэрэгний зурмагийн тасалдалгүй ажиллаж ирлээ. 2022 онд бид төлөвлөгөөт үзүүлэлтийг 103-157 хувиар биелүүлэн ажилласан.Үүнээс ачилт 671 вагон 32035 тонн ачаа ачихаас 703 вагон 34901 тонн ачаа ачиж 105 хувийн биелэлттэй, буулгалт 1061 вагон буулгах төлөвлөгөөтэйгөөс 1669 вагон буулгаж 157 хувийн биелэлттэй, ОНВСЗ 25.14 в/цагаас зогсолтыг 7.64 в/цагаар багасгаж нийт явуулалт 303349 вагон 103 хувийн биелэлттэй ажиллалаа.
- ГТХАБ болон ХАБЭА-г хангах чиглэлээр ямар нэг хүндрэл гарч байна уу?
-Бид сар, улирал бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд нь ямар нэг хүндрэл асуудал гаргахгүй байгаа гэж ойлгож болно. ГТХАБ болон ХАБЭА-г хангахад хувь хүний үүрэг хариуцлага маш чухал. Ажилтнуудыг үүрэгжүүлж, хариуцлагажуулж, дүрэм журмаа хэрхэн мөрдөж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж ажиллаж байна. Байгууллагын зүгээс ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, гадна ажилладаг ажилтнуудын норм, формын хувцас хангалтад онцгой анхаарал хандуулах зэргээр тус бүрд нь төлөвлөгөө гаргаж, түүнийхээ хэрэгжилтэд дүгнэлт хийж байгаа. Мөн шинэ залуу ажилтнуудыг сургаж, дадлагажуулах тал дээр анхаарч байна.
-Оны эхний ерөнхий төлөвөөс ажиглахад цаашид ачаа тээврийн хэмжээ өсөх хандлага байна уу?
-Төмөр зам бол ачаа тээвэрлэж орлого олдог байгууллага. Сэлэнгэ аймгийн Мандал суманд хувиараа бизнес эрхлэгчид болон хамгийн том харилцагч болох “Спирт бал бурам” ХХК-тай уулзалт зохион байгуулж төмөр замын тээврийн үйлчилгээний төлбөр тооцоо болон цаашид төмөр замаар тээвэр хийх, буулгалтыг нэмэгдүүлэх талаар уулзалт зөвлөгөөн хийсэн. Үйлдвэр дагаж тээвэр өсөн нэмэгдэх боломжтой байдаг. Энэ ч утгаараа Баруунхараа өртөөний “Майнд Тэч” ХХК ургамлын тосны үйлдвэрээс экспортын ачилт хийхээр бэлтгэл ажлаа базаагаад байна. Өнгөрсөн онд Баруунхараа өртөөнөөс гадаад экспортын ачилтыг амжилттай хийсэн. Зүүнхараа өртөөний хувьд ачилт багатай, явуулалт ихтэй өртөө.
УБТЗ-ын Зүүнхараа зангилаа нь Мод боловсруулах үйлдвэр, Ачааны вагон засварын депо гэсэн хоёр том үйлдвэртэй. Монгол Улсын архи, спиртийн хамгийн том үйлдвэр болох “Спирт бал бурам” ХХК байдаг. Архи, лонх, бөглөө зэргийг ачдаг байсан бол сүүлийн үед автомашинаар зөөдөг болсноор ачилт буурсан. Ачилтыг нэмэгдүүлэх талаар тус компанитай удаа дараа уулзалт зохион байгуулан ажиллаж байна.
-Зүүнхараа өртөөний хувьд 2023 он ямар онцлогтой жил болох вэ?
-Энэ оны тэргүүн зорилт “Менежментийн нэгдсэн тогтолцоог баталгаажуулах жил”-ээр зарласан. Тус зорилтын хүрээнд байгууллагын үнэт зүйлс болсон ажилтнууд руу чиглэсэн олон ажлыг төлөвлөн ажиллаж байна. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх томоохон ажлууд төлөвлөсөн. Тухайлбал, Зүүнхараа зангилаанд ипотекийн зээлээр 40 айлын орон сууц барихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн өртөө, зөрлөгийн байруудад их засвар хийлгэх, Зүүнхараа вокзалын дотор засвар хийх, гадна орчныг тохижуулах, ажлын байрны эрүүл ахуйг сайжруулах зорилгоор өртөө, зөрлөгт био 00 суурилуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
-Өртөөдөд ч шинэ залуу ажилтнууд хүч түрэн орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор танайх ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Залуу шинэ боловсон хүчнийг дэмжих зорилгоор карьер төлөвлөлтөд анхааран ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлэх чиглэлээр гурван ажилтныг инженер, техникчийн эчнээ ангид суралцуулж байна. Мөн өөрийн хүсэлтээр хөрвөн ажиллах чадвартай болгохоор гадаад болон дотоодод төгссөн инженерүүдийг мэргэжил дээшлүүлэх чиглэлд анхаарч байна. Урд, хойд хөршийн төмөр замтай хамтарч ажиллах тал дээр Замын хэмжээнд учир дутагдалтай байна уу даа гэж бодох юм. Хөдөө орон нутагт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин дутмаг. Сонгон шалгаруулалт зарлахад инженер, техникч нар ирдэггүй. Өртөө, зөрлөгт ажиллах нөөц ажилтан байхгүй, нөхцөл байдал хүнд байна.
-Энэ хүндрэлийг шийдвэрлэхийн тулд дунд болон урт хугацааны бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байх?
-Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатарын санаачилгаар Мандал сумын Ерөнхий боловсролын II сургуульд төмөр замын чиглүүлэгч сургалттай лицей анги нээхээр төлөвлөсөн. Одоогоор анги танхимыг засаж, тохижуулж байна. Орон нутгаас боловсон хүчин бэлтгэх нь маш чухал, цаг үеэ олсон ажил болж байгаа. Тус сургуулийг цаашид байнга дэмжин, хамтарч ажиллана. Ирээдүйд боловсон хүчнээ орон нутгаасаа хангах боломж бүрдэж байгаа гэж бодож байна.
-Байгууллагын удирдлагын хэмжээнд санхүүгийн хувьд болоод эрх мэдлийн хүрээнд өмнөхөөсөө хумигдмал болчихлоо гэж ярих нь бий. Энэ талаар таны байр суурь?
-Замын хэмжээнд санхүүгийн байдал хүнд байгааг хаана хаанаа ойлгоно. Гэхдээ зайлшгүй хийх ажилд хөрөнгө мөнгө суулгаж өгөх хэрэгтэй байна. Өртөөний ИТА удирдах ажилтнуудын компьютерууд бүгд үзүүлэлт муу, гацаж, хуучирсан. Шинээр солих саналыг жил бүр өгдөг боловч төлөвлөгөөнөөс хасагдчихдаг. Мөн камержуулалтын асуудал хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад шийдэгдэхгүй маш олон жил болж байна. Хуучин камерууд нь эвдэрч, шаардлага хангахаа больсон. Камержуулалтын асуудлыг шийдсэнээр аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, болсон үйл явдлыг дараа нь шүүж харах, ХАБЭА, ХАБ-аар хяналт тавих зэрэг ач холбогдол ихтэй. Нэгдсэн нэг бодлогоор дэмжихгүй байна. Санхүүгийн үндсэн хөрөнгийг актлахад маш хүндрэлтэй, удаашралтай явагдаж байна. Нэг үг, үсэгнээс болж буцаагдаж, жил болгон акт бүрдүүлдэг боловч хэзээ ч актлагддагүй. Энэ тал дээр Замын хэмжээнд анхаарах хэрэгтэй байна.
-Орон нутагт бүр тодруулбал танай хэсэглэлд ажиллаж байгаа залуу боловсон хүчинд ямар бэрхшээл тулгамдаж байна вэ?
-Хүний нөөцийн бодлогын хувьд одооны залуучууд цалин мөнгө их хардаг болсон. Ямар ч байгууллага одоогийн байдлаар ажил горилогчийн саналд нийцсэн цалин өгөх боломжгүй. Өнгөрсөн жил Монгол Улсад төмөр зам барих уралдаан болсон гэж боддог. Манай төмөр замчдаас цалин мөнгийг нь харж шинэ төмөр замын төсөл рүү маш ихээр орсон. УБТЗ өнгөрсөн хугацаанд зорчигч тээврээс хүлээсэн алдагдлаа ачаанаас олсон орлогоороо хааж ирснийг хэн хүнгүй мэднэ. 16000 төмөр замчинтай нүсэр том бүтэцтэй учир огцом цалин нэмэх боломжгүй болохоор мэргэжилтнүүдээ алдаад байна уу гэж харж байна. Мөн алслагдсан өртөө, зөрлөгийн ажилтнуудаа анхаарах хэрэгтэй. Дэлгүүр хоршоо байхгүй, халуун усгүй, түлээ нүүрс түлж, тав тухгүй амьдарч байгаа учраас зөрлөгт очиж ажиллах боловсон хүчин хомс, олдохгүй байна. Зарим зөрлөгийн ажилтнуудыг төв суурин газраас унаагаар зөөж ажилд нь ирүүлж, буцааж гэрт нь хүргэдэг болох хэрэгтэй байна. Жишээ нь, Зүүнхараа хэсэглэлийн Бэрх зөрлөгийнхнийг Зүүнхараагаас автомашинаар зөөх бүрэн боломжтой.
-Шинэ төмөр замын төсөл руу явсан хүмүүс буцаж ирж байна гэх. Танайд ийм тохиолдол гарав уу. Хувийн хэвшил хэдийгээр цалин өндөртэй ч тэр нь урт хугацааных бус, ажил амьдралын нөхцөлд нь олон жилийн үйл ажиллагаагаар бэхэжсэн УБТЗ-аас харьцангуй сул гээд дутагдалтай тал ч бас байдаг бололтой юм?
-Шинэ төмөр зам руу орсон 3-4 хүн одоо буцаж ажилдаа ормоор байна, боломж байна уу? гэж асуусан. Шинэ төмөр замын боловсон хүчнүүдийн 90 хувь нь УБТЗ-аас орсон. Цалин хөлс өндөр амлаад одоо буурч байгаа сурагтай. Зөвхөн нэг чиглэлээр буюу нүүрс зөөхөөр зориулагдсан төмөр зам учраас нүүрс гэдэг баялаг барагдана. Дараа нь ямар ачаа зөөх вэ гэдэг нь бүрхэг байна. Ойрын 10 жил нүүрс зөөгөөд дуусах байх гэдгийг судлаачид ярьж байсан. УБТЗ бол 74 жилийн түүхтэй холимог тээвэр хийж тогтвортой ажилладаг учраас урт удаан ажиллах нь тодорхой.
-Таны хувьд УБТЗ-д олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа шалтгаан, хүчин зүйл нь юу вэ?
-Би 1991 онд төмөр замын техникум төгсөөд Баруунхараа өртөөний жижүүрээс ажлын гараагаа эхэлж байлаа. Одоо 32 дахь жилдээ ажиллаж байна. Хуучин, шинэ ззалуу ажилтныг шат дараалуулан ажиллуулах зарчмаар явж ирсэн. Төмөр замын ажлын зовлон, жаргалыг сайн мэддэг болохоор тогтвор суурьшилтай ажиллаж болдог гэдгийг мэдэрсэн. Хүчин зүйл гээд байх зүйл байхгүй дээ. 1991-2021 оныг хүртэл ганц УБТЗ байлаа. Одоо ч хэд хэдэн төмөр замтай боллоо. Би Зүүнхараа хэсэглэлд бүх ажлыг хийж үзсэн. Тухайн үедээ цалин мөнгө боломжийн, ажиллах нөхцөл харьцангуй тайван, хамт олны уур амьсгал сайхан, хүнийг дэмжиж сургах тал дээр ахмадууд маань их зааж зөвлөдөг байлаа.
-УБТЗ-д явагддаг олон шатлалт хяналт шалгалт нь нэг талаараа ажилтнуудыг залхаадаг гэж үзэх нь бий. Та шугам замд олон жил ажиллаж басхүү байцаагчийн ажлыг олон жил хийсний хувьд энэ талаар илүү оновчтой дүгнэлт хэлэх болов уу?
-Би ДНЧ буюу хэсгийн байцаагчаар Тээвэр зохион байгуулалтын албанд 11 жил ажилласан. Төмөр замаар тээвэрлэж байгаа нэг галт тэрэгний өртөг маш өндөр байдаг.
Олон хүн сахилгын арга хэмжээ авагдаж, ажлаас халагдаж цалин мөнгөө хасуулж байсан. Анхаарамж дээр км зуутыг тодорхой бичээгүй хоосон анхаарамжийн маягт өгсөн. Өчүүхэн зүйлээс маш том осол гардгийг байнга сануулж байх хэрэгтэй. Байцаагч хүн хүнийг загнаж, зандрах биш, гарч болох эрсдлийг тухайн хүнд ойлгуулах нь чухал байдаг.
Өртөө зөрлөгийн жижүүрүүд унтаж, галт тэрэг барих асуудал их байсан. Суудлын галт тэргэнд ойролцоогоор 600-800 хүн зорчдог. Өвчин, зовлонтой хүмүүс янз бүрийн шалтгаантай иргэд үйлчлүүлдэг тул зорчигчийг цаг хугацаанд нь хүрэх газарт нь түргэн шуурхай хүргэж өгөх хэрэгтэй. Амь насыг хамгаалах нь бас чухал асуудал юм. Нэг өртөө зөрлөгийн жижүүр шөнө ажил дээрээ унтвал тэр чиглэлийг нам зогсоох жишээтэй. Тэр бүгдийг ойлгуулах, байнгын хяналт тавих нь байцаагчийн үүрэг. Жилээс жилд гологдол зөрчлийн тоо буурч байна. Эрсдлийг зөв тодорхойлж, эрсдлийг удирдаж, шат шатны ажил удирдагчийн хараа хяналтыг сайжруулах чухал шүү.
-Өнөөгийн нөхцөлд УБТЗ бэлтгэгдсэн боловсон хүчнээ тогтвор суурьшилтай байлгахад хамгийн оновчтой шийдэл нь юу байж болох вэ?
-Товчхон хэлэхэд сайн цалинтай байж ажиллах орчныг сайжруулна. Хэдэн жилийн өмнө төмөр замчдын цалин Монгол Улсдаа гуравт орж байсан удаатай. Одоо Монголд өсөөгүй ганц зүйл төгрөгийн ханш байна. Төмөр замын цалин жилдээ 10 хувь нэмэгдэж байгаа боловч юмны үнэ өдрөөр, цагаар өсөж байна. Сайн цалин, сайхан орчин бол боловсон хүчнийг тогтоох гол нөхцөл байдаг.
-Өнгөрсөн жил хойд хэсэглэлд анхны алсын удирдлагатай 183 дугаар км зөрлөгийг байнгын ашиглалтад хүлээн авсан. Үүний үр дүн танай өртөөний ажлын үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Өнгөрсөн оны хоёрдугаар сард 183 дугаар км зөрлөгийг байнгын ашиглалтад хүлээн авсан. Галт тэрэгнүүд хойд хэсэглэлд зөрлөг хүлээж олон минут зогсдог асуудал байхгүй болж, нэвтрүүлэх чадал нэмэгдсэн. Баруунхараа өртөө III зэрэгтэй болсон. Нэг ажлын байр нэмэгдсэн. Олон явуулалт нэмэгдэж, олон талын ач холбогдол өгч манай ажилд маш сайнаар нөлөөлж байна.
-Түнш компаниуд авто замаар ачаагаа тээвэрлүүлж байна гэдгийг та дээр дурьдлаа. Хүссэн ч, эс хүссэн ч хувийн хэвшлүүд зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа аль нь хямд, аль түргэн шуурхай вэ гэдгийг л сонгоно. Тэгэхээр энэ өрсөлдөөнийг хохиролгүй, үр ашигтайгаар давж гарах арга зам юу байж болох вэ?
-Тээврийн салбарт авто тээвэр маш хүчтэй түрэн орж ирж байна. Төмөр замын давуу тал нь тээврийн тариф хямд, найдвартай гэдгээрээ онцлог. Сул тал нь хүлээн авагчид вагоныг хүлээлгэж өгөх хугацаа урт байна. Зүүнхараагаас Улаанбаатар руу архи ачаад явахад гурав хоногийн дараа хүлээн авагчид очиж байна. Яагаад удаж байгаа шалтгаан нь сэлгээний зүтгүүр хүлээнэ, зам нь чөлөөтэй байх эсэх гээд олон шалтгаантай. Автомашинаар Зүүнхараагаас ачаа ачихад таван цагийн дараа очдог. Ялгаа гарч байна. Энэ байдал мөддөө арилахгүй байх. Улаанбаатар, Толгойт өртөө хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Амгалан өртөөнд хагас дов, салбар замууд нэмж барих, сэлгээний 2-3 зүтгүүрээр ажиллуулах, хүчин чадлыг нэмэх зэргээр Улаанбаатар, Толгойтын ачааллыг бууруулж болох байх. Дээр нь нэмж “Богдхаан” төмөр замын төслийг эхлүүлж, Улаанбаатар, Толгойт, Амгалангийн транзит ачааг явуулдаггүй болгож, цэгцлэх хэрэгтэй байна. Алсдаа энэ бүгдийг хийвэл ачаа нэмэгдэх бүрэн боломжтой.
Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
ЯРИЛЦСАН Б.ДЭЛГЭРХИШИГ